Монголын сэхээтнүүд ээ!
Монголын залуучууд аа!
Монголын ахмадууд аа!
Монголын эх орончид оо!
Эх орон, газар шорооныхоо төлөө үгээ хэлэх цаг чинь болжээ!
« — Хүн ардаа! би та нарт хайртай байсан шүү! Сонор сэрэмжтэй байгтун! » гэсэн Юлиус Фучикийн үгийг санагтун!
. . . Бид тайван цагт, тайван замаар газар нутгийг минь таяг тойруугаар, эздээр нь дамжуулан гартаа оруулах гэсэн харийн санаархалтай тулалдаж байна.
Тэдний санаархлыг цагаан цаасан дээр хар бэхээр баталгаажуулж, хуулиар хэрэгжүүлж өгөх гэсэн холын хорон муу санаатай тулалдаж байна.
Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
Үр ачдаа хүлээлгэж өгнө!
Туг, сүлд, тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу,
Тулсан гал голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан
Үр ачдаа хүлээлгэж өгнө!
Одоо төр нь түмэн мэлмийгээрээ болгоож, түмэн олон минь мэргэн оюундаа тунгааж хэрхэхийг мэдтүгэй!
Уур хилэн ихэд хүрч, уужим тайван байдал алдагдсан тул, энд тэнд үе үе хэлсэн ширүүн үг, хатуу бодлыг минь өршөөн соёрхох буй заа. Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! Ард түмэн ялах болтугай!
1996.12.10
Очирбатын Дашбалбар бээр төр, түмнээ хүндэтгэн ёслов.
. . . Бид тайван цагт, тайван замаар газар нутгийг минь таяг тойруугаар, эздээр нь дамжуулан гартаа оруулах гэсэн харийн санаархалтай тулалдаж байна.
Тэдний санаархлыг цагаан цаасан дээр хар бэхээр баталгаажуулж, хуулиар хэрэгжүүлж өгөх гэсэн холын хорон муу санаатай тулалдаж байна.
Зэвсэг бариад өөд өөдөөсөө дайрахаас илүү хүнд хэцүү, энэ тулалдаанд бид хүчин мөхөсдөж байна. Гэвч бидэнд ухрах газар алга! Ард талд маань эх орон, үр хойч, тусгаар тогтнолын ирээдүйн хувь заяа байна!
Айл бүхний гал голомтонд
Эх орон минь оршиж,
Алс холын уулс бүхэн нь
Манаач болдог юм.
Хил хязгаар нь сэтгэл зүрхэнд багтаж
Эх орон минь шувуудын үүрнээс эхэлдэг юм” гэж бага залуудаа бичиж явсансан.
Аяа, эх орон минь та, тулалдааны цагт зэвсэг минь билээ.
Ариун ерөөл чинь далдаас эгшиглэн ялахын зөн татнам
Аяа, эх орон минь та, ядрахын цагт сүүлчийн тэнхээ минь билээ.
Алтайн уулс чинь үл алдрах ертөнцийн хүчээ надад өгнөм
Аяа, эх орон минь та,” харийн хэл дээр орчуулагдашгүй гуниг минь” билээ
Аяарханаар хуран хурсаар намрын бороо шиг шаагинам
Аяа, эх орон та, амьд явахад цорын ганц шагнал минь билээ
Алтан цох, шөнийн салхи, гол мөрнөөс чинь дээд шагнал надад үгүй
Аяа, эх орон минь та, миний дундаршгүй баян эрдэнэсийн сан билээ.
Аглаг уулс, хөвч их ой, жигүүртэн шувууд чинь орчлонд намайг хамгийн баян болгоном
Аяа, эх орон минь та, миний ирээдүйн тухай төсөөлөл, мөнх тэнгэрийн гэрч билээ
Ард түмэндээ өргөх дууны хөг, шүлгийн номуудын минь нэр билээ
Аяа, эх орон минь та, миний ухаарлын гэрч, өчигдрийн алдааны шүүгч билээ.
Ард түмэндээ өргөх дууны хөг, шүлгийн номуудын минь нэр билээ
Аяа, эх орон минь та, миний ухаарлын гэрч, өчигдрийн алдааны шүүгч билээ.
Ашид өөрийгөө ариутган, эх орон Таныхаа гол ус шиг тунгалаг үлдэхсэн гэж яарнам
Аяа, эх орон минь та, хаврын гэгээн өглөө, зуны үдшийн дуу минь билээ.
Атаатныг дарсан миний өвөг дээдсийн тухай хүрэл номын хуудас билээ… гэж гэгээн залуу насандаа дуулж явсан.
Гэтэл өнөөдөр хайрлаж, шүтэж, дээдэлж явсан газар шороо минь бусдын мэдэлд зах зухаасаа орж эхлэх муухай цагийг үзэх гэж үү?
Монголын сэхээтнүүд ээ!
Монголын залуучууд аа!
Монголын ахмадууд аа!
Монголын эх орончид оо!
Эх орон, газар шорооныхоо төлөө үгээ хэлэх цаг чинь болжээ!
“Хүн ардаа би тан нарт хайртай байсан шүү. Сонор сэрэмжтэй байгтун!” гэсэн Юлиус Фучикийн үгийг санагтун.
Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй нь
Алтан нар мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь,
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөцөлдан наадах долгисыг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан
Үр ачдаа хүлээлгэж өгнө!
Гал, ус, газар шороогоо
Гардаж, авсны учир, бид
Ганц бус, түм түмэн амиараа дүйж хамгаалсан!
Галдан бошигт, ван Магсаржав
Илдээ далайн босооогоороо нөгчсөн эрс,
Идэрхэн насандаа Монголоо аварсан Сүх
Ахиж олдохгүй эх орныхоо эс ширхэг бүхэнд
Алтан амь, хүсэл хайраа шингээсэн!
Эх орон, хойч үеийнхээ төлөө
Энэ бие дээдсийн тангарагийг давтнам.
* * * Жич: Энэ бол миний тулалдаан билээ! Надад үзэг, цаас, түүх, ном, мэргэдийн сургааль, гэрээс, эх орон, газар шороо минь гэсэн чин сэтгэлээс өөр ямар ч зэвсэг алга! Би, өөрийнхөө л чадах бүхнийг хийлээ.
1991-1992 онд шинэ Үндсэн хуулинд “газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй” гэдэг заалтыг өөрийн нөхдийн хамт Ардын Их Хурлын депутат байхдаа оруулж чадсан ч” зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтыг хүчин мөхөсдөж, Үндсэн хуулийн цоорхой гаргуулсандаа харамсавч баршгүй.
Энэ заалтыг шинэ Үндсэн хуулинд хүч түрэн оруулсан хүмүүс өдгөө төр, засгийн эрхэнд дөнгөж гармагцаа, газрыг гадаадынханд түрээслэж, гэрээгээр ашиглуулах халхавчийн дор нууцаар худалдах, эх нутгаа харийнханд эзэмшүүлэх чөлөөтэй үүд хаалгыг нээж өгөх хуулийн төсөд бэлэн боллоо.
Миний бие олонхийн эсрэг хичнээн тэмцэвч яахин хүч хүрэх билээ. Ийнхүү газрын тухай зургаан жил цуглуулсан хэдэн зуун материал, хэдэн арван ном хэвлэлд түшиглэж, хүн ард, жирийн иргэд, төрийн зүтгэлтэн, эрдэмтэд, зохиолч, сэтгүүлч, түүхч, лам хувраг, хуульч олон хүнтэй уулзаж, ярилцаж, олон хоног сар шүд зуун нойргүй сууж, шүлсийг залгин, нүдийг чилээн, шөрмөсийг сунгаж, чадан ядан ноцолдсоор Монголын газрын 2000 гаруй жилийн түүх, өдгөө цагийн дэлхийн нийтийн ороо бусгаа явдал, олон улсын хууль дүрэмтэй болох бүтэхийн хирээр танилцаж, эл 200 гаруй хуудас ил захидлыг арайхийж Та бүхэндээ илгээв.
Зуун зууны түүх, мэргэдийн санаа бодол, эрдэмтдийн судалгаа, ард түмний хүсэл эрмэлзэл, хол ойрын ухаант олны хэлсэн, сонссон, бичсэн, сануулсныг нухсаар, аль болох зохист хэлбэрээр энд тэнд нь шигтгэн найруулсаар, хүнд хар ажлыг өндөрлөж, хүчир хэцүү хуулийн өмнө тулж ирэв.
Газрын тухай 6 жилийн турш хэлж, ярьж, хэрэлдэж, сануулж, шаналж тэмцэн явсны минь ул мөр энэ ил захидалд шингэж, би өөрийн чадах л тулалдаанаа хийж, “хүнд их буугаа” тавилаа. Энэнээс илүүг өчүүхнэн хүн яахин дийлнэ!
Одоо төр нь түмэн мэлмийгээрээ болгоож, түмэн олон минь мэргэн оюундаа тунгааж хэрхэхийг мэдтүгэй! Уур хилэн ихэд хүрч, уужим тайван байдал алдагдсан тул, энд тэнд үе үе хэлсэн ширүүн үг, хатуу бодлыг минь өршөөн соёрхох буй заа. Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! Ард түмэн ялах болтугай!
1996.12.10 Улаан Сахиусны овгийн хөвгүүн Очирбатын Дашбалбар бээр төр, түмнээ хүндэтгэн ёслов."
1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төрсөн энэ их хүмүүн 1999 оны 10-р сарын 16-нд 42 насандаа тэнгэрт хальсан билээ.
Эх: EB Batuk

Comments