Байгаль шинжих

"Намрын хяруунаар л үхэх юм сан" Настай хүн намрын цагаан хяруунаар өөд болох машид сайн гэж буурлууд ярьдаг байлаа. Тэнхээ дордоод өдрөө хүлээж байгаа хөгшин хүн цагаан хяруу унангуут, 

- За би явлаа, хүүхдүүд минь! гээд л яг нэг баяр наадамд явах гэж буй аятай догдлоод ч байх шиг, ухаан санаа нь хэсэг сэргэж захиасаа захичхаад өнгөрөх тохиол ч бий. Яагаад вэ, яагаад гэсэн асуулт тулгарна.. Та минь ээ! Цас ороогүй, хяруу уналаа шүү дээ❗️

- Пүүхх! Цас орчхож, цас цас л гэцгээх юм. Монгол хэлээ мэдэхгүй мэдрэл муутуудыг яая даа байз❗️Хяруу орлоо гэж ярихгүй, хяруу унах, хяруу буух гэж ярина. Дамаа намрын эхний хярууг "Цагаан хяруу" хэмээнэ. Ихэнх тохиолдолд намрын эхэнд хяруу цаснаас түрүүлж буудаг. Заримдаа хяруу уналгүй шууд цас орох нь бий. Энэ жилийн хяруу аажим унаж байна. Өвөлдөө өнтэй байх нь ээ гэж үздэг. Намрын хяруу эрт унавал цасны тоо хасагдлаа гэж үзнэ. Намрын хяруу эрт буух, намар эрт цас орвол хавартаа эрт ногоо иддэг. Ер нь намартаа хур их буувал ирэх жилийн хаврын шим болдог. 


Цагаан хяруу цагтаа буух гэж бас яриа бий. Эрт аажим буух нь өндөр уулархаг нутгаар авч хэлэлцэхгүй. Алтай хангайн нуруунд бол 08 сарын сүүлээр ч хяруу унаж мэднэ. Тал хээрийн бүс нутаг буюу уул тал нутгийг хамарч буух үеийг баримжаална. Агаарын хэм дунд давхаргадаа хэрхэн нөлөөлөхөөс авч үзнэ гэсэн үг. Тэрхүү дунд давхарга гэхүү халуу хүйтний дундаж уур амьсгал бүхий нутагт, намрын дунд сардаа цагаан хярууны бараа харвал өвөлдөө цасны тоо багавтар байхын дохио гэдэг. Гэхдээ аливаа цаг агаар тэнгэр хангай шинжихэд хоёр, гуравхан үзэгдэл тохиолоор бүрнээ тайлж шинжинэ гэж огтоос үгүй! Машид олон шинжээ хавсаргаж байж дундаас нь нэг тайлал гаргаж ирж хэлбэл тэр ононо. 


За тэгээд бие муутай настай хүн намрын цагаан хяруу үзээд үхэх тухай ярих дуртай. 

- Ээ хүүхдүүд минь! Аав нь намрын сар үзээд л үхчих юм сан. Цагаан хяруунаар явчихвал төрлөө олох нь түргэн, ардах үр хүүхдүүддээ ээлтэй гэлцэнэ. Намрын цагаан хяруу нь хүн ба аливаа амьд бодгалиудад ер бусын хувьсамж өгдөг санж. Тэрхүү хувьсамж нь зөвхөн сэтгэл зүй, дотоод мэдэрхүйд нөлөөлөөд тогтохгүй, генийн мэдээлэлд хүртэл нөлөөлж мэдэх сонин хачин зүйл юмсанж. Хуучны анчид цагаан хяруу буух үеийг анаж байгаад хамар толгой дээр гардаг. Мэргэ төлөг тавьдаг мэргэчид цагаан хяруунаар заавал мэргэлнэ. Дамаа далны шатлагаар мэргэлдэг мэргэ төлөгчид цагаан хяруунаар дал түлж суудаг. Цагаан хяруунаар үхэх, төрөх хоёр машид сайн гэлцэхийн чинад учир болбоос байгалийн жам ертөнцийн оршихуйд их л таацдаг юм байх. 


Хүн байтухай ан амьтад хүртэл цагаан хяруунаас хойш бэлчээрийн байршлаа сэлгэдэг. Өнгө зүсээ хувиргадаг, ааш занг нь сайтар ажиглаж чадвал шал өөр болчихдог. Цагаан хяруу бууж хоносон шөнө аргамжаатай морьд жихэрч хононо. Өглөө морио эмээллэх үеэр эзнийхээ энгэр цээжинд духаа үрэх гэнэ, догшин морь хүртэл эзэндээ эрхэлж маажуулах гэнэ. Тэгтэл хонины номхон морь гэв гэнэт хамар хувалзар нь тачигнаад л эвгүй шиг мордвол булгиж байх жишээтэй. Хашин морь хүртэл амаа авч давхина. Агаар мандлын урсгалаар машид хүчтэй эрчис энерги ирдэг юм болов уу. Тэр эрчим амьд бодгалиудын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. 


Цагаан хяруу унасны дараа хонь мал гаргаж идэхээр малын мах шөлний амт өөр амттай болсон мэт амтагдана. Гал шатахдаа хүртэл чимээ нь өөр болдог. Нэг тийм дүрэлзсэн чимээ. Газрын өнгө өөрчлөгдөнө, газрын өнгө байтухай хотны бууз хүртэл өөр өнгө орчих шиг болдог. Байгалийн үнэр танар ямар тансаг гэж санана! Тэнгэрийн өнгө нэг их юм үзсэн хашир хижээл эр хүний дүр  үзүүлээд ч байх шиг болдог. Өөрөөр хэлбэл аливаа амьтдын оюун санаанд онцгой сэрэхүй мэдрэхүй төрдөг юм шигээ. Байгал орчны болоод сансар огторгуй их цэвэрлэгээ хийж, тэр нөлөөлөл нь хүн ба бусад амьтанд шинэ мэдээлэл өгдөг гэж ойлгож болно. За тэгээд сонин хачин зүйлс сонсохыг хүсвэл 2026 оны 10 сарын 04-нд МҮЭСТО-нд болох ёс уламжлал зан суртахууны тайлбарт соён гэгээрлийн "Заяа дүүрэн Монгол" тоглолтыг ирж үзэцгээнэ үү❗️Утас. 97003300. TICKET.mn сайт, Е-Март сүлжээ дэлгүүрийн "Хэрэглэгчийн төвөөс" тасалбараа авцгаа❗️

Хумбагарын Батмэнд. 2026. 09. 29.



Comments