Уриалга: Монгол ардын хөлөгт тоглоомоо үр ачтайгаа тоглон наадаж, хүмүүжил төлөвшлийн ХАРИУЦЛАГА (хариу цацлага)-ыг өөртөө аваарай.
9 даваа богцын бүрдэл
□ 90см диамертэй даавуун богцын
өнгөн талд 9 хөлөг
ар талд Алаг мэлхийн өрөг
□ Хөлөгт тоглоомд хүү болгож хэрэглэх 12ш шагай
□ Гарын авлага
□ Арга зүйн сургалтын 50% хөнгөлөлттэй эрх
□ Арга зүйн сургалтын 50% хөнгөлөлттэй эрх
□ Шагай, хүү хийх уут
Зөвлөмж
Эхлээд өвөө эмээ, аав ээж, ах эгч нь зааврын дагуу тоглоорой. Дараа нь үр ачдаа тоглоомын зааврыг хэлж өгч, өөрөөр нь тоглуулна.
1-р хөлөг дээр тоглож хэвшсэний дараа 2-р хөлөг дээр гэх мэтчилэн дарааллын дагуу 9 хөлөг дээр тоглоорой.
Тоглоомын заавар бичлэгийг YouTube видео сан (@beesoymongols)-аас үзэж суралцаарай.
Хөлөгт тоглоомд хүү болгон хэрэглэж байгаа шагайг амандаа хийж болохгүйг хүүхдэд урьдчилан анхааруулна.
Тоглоомын богцыг гараар угааж даавууг агшихаас сэргийлнэ.
Богцоо тойруулан товчилж, эвхэж хураана.
Лавлах утас: 99861326, 89661326, 96070315 Бэгзсүрэн
9 даваа богцын хөлөгт тоглоомууд
1-р хөлөгт тоглоом
10 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Чүү чамай
Хэрэглэх хүү: 9ш шагай
Тоглогчийн тоо: 1
Тоглох журам
1. Хөлгийн 10 буудал дээр 9 хүүгээ тоглогч өөрөө тавина. Аль нэг буудал хүүгүй үлдэнэ.
2. Хүүг сонгож шулуун зураасны дагууд хажуугийн хүүг давж идээд дараагийн нь хоосон буудалд тавина. Давж идсэн хүүг хөлгөөс авна.
3. Хоосон нүдийг давж хол байгаа хүүг идэхгүй. Зэрэгцээ хоёр хүүг зэрэг давж идэхгүй.
Ийм журмаар хөлөг дээр бие биенээ идэх боломжгүй болтол иднэ. Хэрвээ 1-ээс олон хүү хөлөг дээр үлдсэн бол 9 хүүгээ тавьж дахин тоглоно.
Тоглогчийн зорилт
Хөлөг дээр 1ш хүү үлдээх арга замыг олж нээх.
Анхааруулга: Тоглож байгаа хүний хажуунаас зөвлөж хэлж, анхаарлыг нь сарниулж болохгүй
Жишээ:
Тоглогч нь 9 хүүгээ 2-10 дугаартай буудалд байрлуулж, 1 дугаартай буудалд хүү тавихгүйгээр бэлтгэсэн байна.
Дараах 3 нүүдлийг хийсэн
Зураг 1.
6-р буудлын хүүг сонгож бариад, 3-р буудлын хүүг давж идээд, 1-р буудалд хүүгээ байрлуулжээ.
Зураг 2.
10-р буудлын хүүг сонгож бариад, 8-р буудлын хүүг давж идээд, 6-р буудалд хүүгээ байрлуулжээ.
Зураг 3.
9-р буудлын хүүг сонгож бариад, 6-р буудлын хүүг давж идээд, 3-р буудалд хүүгээ байрлуулжээ.
Чүү Чамай хөлөгт тоглоомын арга зүйгээс
2-р хөлөгт тоглоом
(бэлтгэх байдлыг харуулав)
25 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Тооно
Хэрэглэх хүү: 12 шагай
Тоглогчийн тоо: 2
Бэлтгэх байдал
Нэг тоглогч 6 шагайгаа хониор нь дээд, нөгөө тоглогч 6 шагайгаа ямаагаар нь доод зэргэлдээ 6 буудалд байрлуулна. (дээрх зургийг харна уу).
Тоглогчийн зорилт
Нөгөө тоглогчийн 6 хүүгийн анхны байранд өөрийн 6 хүүг түрүүлж аваачиж байрлуулах
Тоглох журам
Хониор хүү тавьсан нь эхэлж нүүнэ.
Нүүхдээ зураасны дагууд нэг, нэг буудлаар нүүнэ.
Хэрэв шулуун зураасны дагууд зэргэлдээ буудалд аль нэг тоглогчийн хүү байгаад цаадах зэргэлдээ буудал хүүгүй байвал түүнийг давж нүүж болно.
3-р хөлөгт тоглоом
(бэлтгэх байдлыг харуулав)
12 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Үүд
Хэрэглэх хүү: 8 шагай
Тоглогчийн тоо: 2
Бэлтгэх байдал
Нэг тоглогч нь 4 цагаан хүү (хонь шагай)-г тотгонд, нөгөө тоглогч нь 4 хар хүү (ямаа шагай)-г босгонд өрнө.
Тоглох журам
Цагаан нь эхэлнэ. Хүүг зураасны дагууд, зэргэлдээ сул буудалд хаашаа ч сул буудал руу нүүнэ.
Тоглогчийн зорилт
Тоглогчдын аль нэг нь нөгөөгийнхөө нэг буюу хэсэг хүүг бусдаас нь таслан, тэдгээрийн нүүвэл зохих бүх талын замыг өөрийн хүүгээр хаахыг эрмэлзэнэ. Ингэж хаасан нь хожино.
Хаагдсан нь хаагдаагүй өөр хүүтэй байвч хожигдоно.
4-р хөлөгт тоглоом
10 зам, 9 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Тулга
Хэрэглэх хүү: 8 шагай
Тоглогчийн тоо: 2
Тоглох журам
Хоёр тоглогч нь 4, 4 шагайгаар тоглоно. Эхлээд цагаан (хонь шагай), дараа нь хар чулуу (ямаа шагай)-г ээлжилж нэг нэгээр хөлгийн дурын 8 буудал дээр тавьж гүйцнэ.
Нэг өнгийн чулуу цувраа 3 буудал (зам)-д байрлахыг жиргэсэн гэж нэрлэдэг.
Жиргэсэн бол нөгөөгийн жиргээгүй (жиргээгүй чулуу байхгүй бол жиргэсэн) чулууг хөлөг дээрээс авна.
Жиргээ үүсгэж нөгөө тоглогчийн нэг чулууг хөлгөөс авахын төлөө дараагийн тоглогч нь өөрийн чулуугаа зураасны дагуу зэргэлдээх буудалд нүүнэ.
Энэ мэт жиргэж тоглосоор байтал тоглогчдын аль нэг нь хожих найдваргүй болж бууж өгөх буюу хоосорч хожигдоно.
5-р хөлөгт тоглоом
14 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Тугал туух
Хэрэглэх хүү: 4 шагай
Тоглогчийн тоо: 2
Хэрэглэгдэх зүйлс: үнээ, тугал, морьтой 2 хүүхэд
(морьтой 2 хүүхдийг 2 шагайн морь буултаар, үнээг шагайн хонь буулт, тугалыг шагайн ямаа буулт гэж орлуулна)
Бэлтгэх байдал
Үнээг 1-р буудалд, тугалыг 4-р буудалд, морьтой хоёр хүүхдийг 2, 3-р буудалд тус тус өрнө.
Тоглох журам
Нэг тоглогч нь үнээ болон тугалыг, нөгөө тоглогч нь хоёр хүүхдийг барьж, зураасны дагууд хаашаа ч нэг буудал нүүнэ. Эхлээд тугалыг нүүнэ. Дараа нь хоёр хүүхдийн аль нэгийг нүүх мэтээр ээлжлэн нүүж тоглоно. Үнээг нүүхгүй.
Тоглогчийн зорилт
Хоёр хүүхэд барьж тоглосон тоглогч нь тугалыг эхтэй нь нийлүүлэлгүй бэлчээрт буюу 14-р буудалд тууж аваачихыг зорино. Тугал болон үнээг барьсан тоглогч нь тугалаа эхтэй нь нийлүүлэх (2 эсвэл 3-р буудалд ирэх)-ийг эрмэлзэнэ.
6-р хөлөгт тоглоом
13 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Олон санаа
Хэрэглэх хүү: 4 шагай
Тоглогчийн тоо: 3
Хэрэглэгдэх зүйл: ачаа, гурван зоос.
(ачааг 1 шагайн тэмээ буултаар, 3 зоосыг 3 шагайгаар орлуулна)
Бэлтгэх байдал
Энэ тоглоомын хөлөг нь морины чөдөр хэлбэртэй.
Чөдрийн зангилаа буюу хөлгийн төв (13-р буудал)-д ачаа (шагайны тэмээ буулт) байрлуулна.
Тоглогчийн зорилт
1-р тоглогч нь 1-р буудалд, 2-р тоглогч нь 2-р буудалд, 3-р тоглогч нь 3-р буудалд (буюу гэртээ) ачааг авчирах гэж тоглогчид өрсөлддөг.
Тоглох журам
Гурван тоглогч ээлжээр гурван зоос (3 шагай)-ыг орхино. Гурван зоосны хичнээн нь цагаанаар (шагайны хонь, морь буулт) буувал ачааг төчнөөн буудлаар өөрийн гэр тийш ахиулна. Энэ мэтээр тоглож, ачааг өөрийн гэртээ авчирсан нь хожно.
Зоосны хар тал (ямаа, тэмээ) -ыг нүүхэд тооцдоггүй.
7-р хөлөгт тоглоом
16 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Тэрэг
Хэрэглэх хүү: 8 шагай
Тоглогчийн тоо: 2
Тэрэг тоглоход тэрэгний 4 цагаан дугуй, 4 хар дугуй хэрэглэгдэнэ. (цагаан, хар дугуйг шагайны хонь, ямаа буултаар орлуулж тоглоно)
Тоглох журам
Цагаан авсан нь эхэл, хар авсан нь дагалдаж ээлж дараагаараа нүүнэ. Дугуйг нүүхдээ зөвхөн чигээрээ нэг нэг буудлаар давшиж нүүнэ. Дугуйг хушуулдаж, мөн хажуу тийш нүүдэггүй.
Тоглогчдын нэгний дугуй нь нөгөөгийн зэрэгцэж ирсэн дугуй дээгүүр давж идээд, цаад хажуугийн хоосон буудал дээр бууна. Идэш байвал энэ мэтээр чигээрээ, хажуу тийшээ, мөн буцаж хэдээр ч идэж болно.
Эсрэг талын захын дөрвөн буудлын аль нэг дээр очиход “тэрэг” болно. Тэрэг нь чигээрээ, хажуу тийшээгээ буцаж хэд хэдэн буудал алгасаж нүүж идэх эрхтэй болдог.
Тэрэг гарахад хоёр дугуйг давхарлаж тавина (шагайгаар тоглож байгаа бол морь, тэмээ буултыг хэрэглэнэ).
Тоглогчдын зорилт
Тоглогч нь нөгөө тоглогчийнхоо дугуйг аль болох олноор идэж, өөрийн дугуйг аль болох цөөнөөр идүүлэх
8-р хөлөгт тоглоом
35 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Уул талын буга
Хэрэглэх хүү: 26 шагай
Тоглогчийн тоо: 2-оос олон
Нэг тоглогч 2 буга, нөгөө тоглогч 24 нохой барьж тоглоно.
(бугыг шагайны морь, тэмээны буулт, нохойг шагайны хонь, ямаа буултаар орлуулж болно)
Тоглоход бэлтгэх
2 буга нь 2 талын байцын ам багалзуур дээр, 8 нохойг гол тойрсон 8 буудал дээр тавина.
Тоглоомын зорилт: Бугыг хорьж барих
Тоглох журам: Буга барьсан хүнээсээ эхэлж нүүнэ. Буга нь шулуун замаар нэг нохой дээгүүр үсэрвэл нохойг тоглоомоос хасна. Хоёр нохой дээгүүр үсэрч болохгүй. Зэргэлдээх хоосон буудал руу нүүж болно. Буга барьсан тоглогч нэг үсрэхэд нохой барьсан тоглогч нэг нохойгоо тавина. Нохой барьсан хүн найман нохойныхоо араас бүх нохойгоо нэмж тавьсаар, тавих нохойгүй болсоны дараа л хөлөг дээрээ нохдоо зураасны дагууд зэргэлдээх буудалд нүүх байдлаар бугыг гарцгүй болгож шахна.
9-р хөлөгт тоглоом
81 буудалтай хөлөг
Хөлөгт тоглоомын нэр: Паж
Хэрэглэх хүү: 10 шагай
Тоглогчийн тоо: 2 - 4
Хэрэглэгдэх зүйлс
Пажийн шил гэж нэрлэгддэг 6ш тал бөөрөнхий шил. Пажийн шилийн гүдгэр хэсгийг цагаан, хавтгай талыг хар гэдэг.(6ш шагайг хэрэглэвэл морь, хонь буултыг цагаан, тэмээ, ямаа буултыг хар гэж төсөөлнө)
Пажийн бух 4 байна. 2 хүн тоглоход хоёр, хоёр бух авна, түүнээс олон хүн нэг, нэг бух авдаг. (Бухны оронд өөрт таалагдсан хэлбэртэй шагайг сонгож ямар ч буултаар тавьж болно)
Тоглох журам
Тоглогчид ээлжээр пажийн шилийг орхиод, хэдэн гүдгэр (цагаан), хэдэн хавтгай (хар) буусанаас хамаарч бухаа нүүлгэнэ.
- 5 цагаан, 1 хар буувал
16 дугаартай буудал дээр өөрийн бухыг тавина. Тоглолтын аль ч үед ийм таван цагаан буувал 3 шантай байдаг. Энэ нь ээлжгүй дараалан 3 удаа орхино гэсэн үг, харин шангийн шан гэж байхгүй.
- 5 хар, 1 цагаан
Энэ мэт буувал 2-оор гарна. Энэ нь хөлгийн 2-р буудал дээр өөрийн бухыг тавина гэсэн үг. Тоглолтын аль ч үед ийм 5 хар буувал 1 шантай. Нэг шан гэдэг нь ээлжгүй ахиад нэг орхино гэсэн үг. Харин шангийн шан гэж байхгүй.
- 4 цагаан, 2 хар;
3 цагаан, 3 хар;
2 цагаан, 4 хар
Энэ мэт буувал хичнээн цагаан буусны тоогоор бухыг төчнөөн буудлаар урагш ахиулна.
- 6 хар. Энэ мэт буувал бух нь зургаан буудлаар ухарна.
- 6 цагаан. Ингэж буувал 3 удаа орхих эрхээ хасагдана.
Пажийн шил орхих ээлжээ 3 удаа өнжинө гэсэн үг.
а. 80 дугаартай буудлыг түг гэдэг. Бухаа түгт оруулсан хүн 5 хар эсвэл 5 цагаан буулгаж, 2 эсвэл 16-р буудалд бухаа нүүлгэж түгээс гарна.
б. Нэг тоглогчийн бухын байгаа буудал дээр нөгөөгийн бух бууж ирвэл түрүүчийн бух нь цохигдож гараад, дахиж тоглолтод шинээр оролцоно.
в. Бух эхлэж гарахдаа 5 хар буюу 5 цагаан буухаас нааш гарахгүй. Хэрэв 5 хар буюу 5 цагааны аль нэг нь бууснаар бух анх гарч, цаашид хөлгийн нүдээр нар зөв тойрон нүүнэ.
г. 5 цагаанаар эхлэн гарч нүүсэн хүн пажийн шилийн цагаан буусныг тоолж нүүдэг, 5 хараар эхлэн гарч нүүсэн хүн пажийн шилийн хар буусныг тоолж нүүх ёс байдаг.
д. 5 хараар эхлэн гарч нүүсэн хүн 5 цагаан буувал бухаа 16 буудал нүүлгэхээс гадна шангаа хараар тоолж бухаа нүүдэг ёс бий.
е. Бух батын бууц дээр мөн түг дээр давхарлавал цохилцохгүй.
ё. Тоглогч бүхний пажийн шил 6 хар буюу 6 цагаан дэс дараагаар буувал хүчингүй болно.
ж. 5 цагаан буюу 5 хар буувч 14 буюу 2 нүүх буудал хүрэлцэхгүй байвал шан гэж 1 нүүнэ.
з. 5 цагаан гурав дахаа буувал түлэгдэж хүчингүй болно.
и. Бух хожлынхоо төвийн (81-р) буудалд орохдоо пажийн шилийн буулт үлдсэн буудлын тоог тохируулж болно
Оюун, хайраа дэлгэрүүлж байгаа та
үргэлжлүүлэн 100 гаруй хөлөгт тоглоомоос суралцаж,
оюуны 9 даваагаа давж богцоо дүүргэхийг хүсэн ерөөе!
1-р хөлөг дээр тоглох өөр нэг хувилбар
(Есөн ухаан)-ыг сураарай.
7-р хөлөг дээр Дөрвөлжин жиргэ, Зэрэгцээ, Хүүхдийн дөрвөлж зэрэг хөлөгт тоглоомыг тоглоорой.
8-р хөлөг дээр Шатран буга, Хорин тав зэрэг хөлөгт тоглоомыг тоглоорой.
Алаг мэлхий
Өрөх дарааллыг баримтлана.
Шоо орхиж, буусан тооны нүдээр алаг мэлхийн эд эрхтэнээс авч, олон шагай цуглуулсан нь аз хийморьтой байна гэж билэгшээж нааддаг.
Алаг мэлхийгээ битүүний орой өрх гэрийн бүх хүмүүс оролцож, олбог эсгий дээр өрж тавиад, шинийн өдөрт тоглож, 9нд хишгийн уутандаа шагайгаа хийнэ.
Эх сурвалж
o Н.Намжилдорж. Монголын (хөлөгт) тоглоом. УБ., 1966
o Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан naadgai.mn
9 даваа богцыг санаачилж, бүтээсэн баг
o Бүтээгчдийн Үндэсний Экосистем creativemongolia.com
o Зураач В.Ундраа
o Бүтээлч, хоост айл БийСоё
Тоглоомуудын бичлэг, тайлбар
Захиалга
Оёмол хөлөгтэй үнэ: 65000 төг, Зурмал хөлөгтэй 34000 төг.
Захиалах утас: 99861326, 89811326, 96070315
9 даваа богцын өмнөх хувилбарууд
2024 онд Алаг мэлхий өрөх 108 шагайны Буурь өрөлтийг оёсон
2021-2023 онд 64, 81 буудалтай хөлөгтэй байсан. Түүнийг 9-р даваа гэдэг байв.
2021 онд ар талдаа алаг мэлхийтэй болсон.
2020 онд Өлзий хөлөгт тоглоомтой байсан.
Монгол ардын хөлөгт тоглоомыг таниулах бусад бүтээлүүд
Даавуун уут, цэцэрлэгийн хүүхдийн богц, хөлөгт тоглоомын сургалтын хэрэглэгдэхүүн гэх мэт дараах бүтээгдэхүүн, бүтээлтэй танилцахыг уръя
Comments