Монгол хүн, Монгол хүмүүн

Амар мэнд үү,
Хүн гэмээ Тэмээ гэдгэрээ, Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа гэдэг ардын зүйр үгнээс харахад үр хүүхэд,  ач зээгээ хүн болгон хүмүүжүүлэхэд их л ухаан зүтгэл хэрэгтэй.

Монгол хүний талаар нийтлэлүүдийн цуглуулга

***

ОНГОДЫН ХҮҮРНЭЛ \Аянгат\

Эр хүн гэдэг чинь!!!!!
Гэрийнхээ гаднахыг засдаг юм.
Уул ус бүтэн байна уу?
Унд хүнс элбэг байна уу?
Урд хойтох амгалан байна уу?
Учирах нэг нь тухтай байна уу ?
Удам судар минь ариун байна уу?
Урагшлах зам тэгш байна уу? гэж түүнийгээ хамаарч түүнийгээ засдаг.

Эм хүн гэдэг чинь !!!!!
Гэрийнхээ дотрыг засдаг юм.
Эд агуурс бүрэн байна уу?
Эзэн эрх нь тэгш байна уу?
Эрдэм мэдлэг нь өвлөгдөж байна уу?
Энхрий үрс нь тэнхлүүн байна уу?
Эр нөхөр нь байна уу? сайн уу? гээд
Хаанаа жолоодож явдаг Хатан Тэнгэрүүд юм шүү дээ.
Нэг хүмүүн үүнийг бултыг нь даахад хэцүү. Тиймээс ачаагаа чадлаар нь хуваагаад шударга ёсоор хандаж урагшилдаг юм хэмээн Ува Онгод хэлэв.


***
Өшөөг өршөөж тайл
Өрөөлийг муулж үйлийн үрийг нь өөртөө бүү зангид

Шүүмжийг сөгдөн ав. 

Буйдаа дүүр. Бугуйлдаа мэрэгш. 

Бусдаас өөрийгээ лавла, буруу зөвөө тань.

Ханилгаатай яв. Харц дээгүүр алх. Хальтирсан ч хаттай босож сур. 

Буурлуудын үг бузгай шүү. Мэргэдийн үгийг мэгдэн дага. Өвгөдийн сургаалийг өчиггүй мөрд. 

Залуусаа зандарч биш залж яв. 

Замиланг аргадаж туул. 

Залуураа бүү алд. Замаа бүү гээ. 

Засагт биш заяагаа түшиж амьдар. 

Төрийн сүлдээ дээдэл. Түмэн олноо багтааж хайрла. 

Гангар шиг Гоё яв. Гараг эрхэст ивээгдэж яв.

Голомт нутагтаа оройлж яв. 

Гомдлоор голоо бүү зур. Мартаж сур, манхайж яв. 

Магтаалд бүү мансуур!

Монос цэцэглэнэ, модод гөлөглөнө. 

#Төрсөннутагтүшихөв

эх: Natsag Dulamsuren


***

2026.3.18
Эх: Tsast Sunderee

Дээд ТНГР-с заяат Монгол эр хүн та...

Бүсгүй хүний дэргэд хаан нь байг
Бүдэг одны хажууд сар нь байг
Бүлээн энэ орчлонгийн нар нь байг
Бүрэн энэ улсын эзэн нь байг.

Эр хүн
Оргил өндөр уулсын салхи нь байг
Оршихуйн их үнэний учиг нь байг
Олонтой энэ амьдралын гал нь байг
Омог төгөлдөр Монголын сүлд нь байг.

Эр хүн
Бүслүүрт энэ ертөнцийн ухаарал нь байг
Бүргэд дүүлэх халилд зориг нь байг
Бүдэрч боссон үрсийнхээ аав нь байг
Бүтэн энэ Монголын сүр нь байг.

Эр хүн
Энгэр зөөлөн ээждээ үр нь байг
Эрсхэн хатуу аавдаа бахархал нь байг
Эндүү андуу хагацалд нулимс нь байг
Эгэл энэ Монголын түшиг нь байг.

Эр хүн 
Охид эмсийн харцанд шүтээн нь байг
Оломгүй нүүдлийн замд итгэл нь байг
Оготор энэ тавилангийн зүг чиг байг
Оосор бүчгүй Монголын зүрх нь байг

Эр хүн
Сэрж боссон түүхийн илд нь байг
Сэрүүн намрын найранд дуу нь байг
Сэлгээ нь үгүй тэмцэлд ялалт нь байг
Сэхүүн энэ Монголын сэтгэл нь байг

Эр хүн
Уяралт сайхан ханьдаа хайр нь байг
Унаж, боссон амьдралд хатуужил нь байг
Урт холын анддаа нөхөр нь байг
Удамт энэ Монголын амь нь байг

Эр хүн
Дээлтэй их шастирын оюун нь байг
Дэндүү их жаргалын цулбуур нь байг
Дээвэрт энэ Монголын голомт нь байг
Дэлхийг зориод мордсон жолоо нь байг
                    Мөнхрөх болтугай...

***

Монгол хүн Монголоороо байгааг нь мэдэрч явах сайхан байна. Монголоороо байна гэдэг нь зөвхөн монгол хоолоо идэж, Монголоороо ярьж буй төдий хэрэг биш, харин монгол мөн чанартай буйг хэлж буй юм. Ингээд 6-7 жилийн өмнө бичсэн нэгэн нийтлэлтэйгээ онлайн дээр санамсаргүй таарч, чирээд ирлээ. Манай эрэл үргэлжилсээр...
.
БИД ЯМАР ИХ ӨӨРЧЛӨГДӨӨ ВЭ!!!
      (МОНГОЛОО НЭХЭЖ БУЙ МОНГОЛ)
                           Нийтлэл: Б.Номинчимэд
    1970-аад оны сүүлчээр юмдаг, манай нутгийн нэг айлд зочилсон хүн гэрийн эзэнтэй сүрхий ам зөрөөд, гарч явахдаа гэрийнх нь хошлон бүсийг тас тас огтолж орхиод явчихжээ. Үүнийг сонссон эмгээ маань “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” хэмээн халаглаж байсансан. Өширхөл, хонзогнолоо тайлж байж санаа амардаг зан бол, тэр тусмаа энэ мэтээр хорлонтой, ёсон бусаар тайлна гэдэг бол олиггүй өчүүхэн хүний явдал юм. 
Эмгээгийн “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” гэсэн үгний цаана Монгол хүн ийм болчимгүй, муухай, аргаа барсан юм хийх ёсгүй юм гэсэн сэтгэлгээ байна. 

Мөн тэр үед билээ. Сумын төвийн Худалдаа бэлтгэлийн ангид бараа татаж явсан ачааны машин зам зууртаа онхолдож, бараа нь газраар нэг цацагджээ. 
Сүрхий бэртсэн жолоочийг замын тэрэг цааш нь аймгийн төв рүү авч явсны дараа сумаас комисс томилогдож, өнөөх талын нэг тарсан бараа таваарыг нь тоолж, бүртгэх, данс бичигтэй нь тулгах ажил хийхээр явсан юм. 
Гэтэл тэрхэн жаахан эзгүй чөлөөнд бас нэг замын нөхөр өнөөх бараанаас нэлээдийг хусчихсан байсан гэдэг. Хулгайлсан хэрэг л дээ. “Чоно борооноор, муу хүн дүйвээнээр” гэдэг л юм болохгүй юу. Тэр комисст явсан аав маань эргэж ирээд энэ явдлыг ихэд эгдүүцэн ярьж, өнөөх завшигч нөхрийг “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэж дамаа загнаж байсныг санаж байна. 
Бусдын зовлон, бэрхшээл, цаг зуурын үймээн сиймхийг ашиглан өөртөө ашиг завшаан авах нь зүй бус явдал. Хөгийн муу хүмүүс л ийм зүйлийг үйлддэг. 
Аавын “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэсэн үгний цаана хэн нэгний зовлон бэрхшээлийг далим болгон өөрт ашиглах нь Монгол хүнд байж болшгүй явдал гэсэн сэтгэлгээ бас харагдана. 
1990-ээд оны эхээр юмдаг. Саахалтын ах эмээгээсээ үлдсэн хуучны эхнэр хүний толгойн мөнгөн хэрэгсэлийг аймгийн төвийн нэгэн дарханд аваачиж, өөртөө найман талт усан гинжтэй, соёо цохилуур зэрэг тамхины хэрэгсэл хийлгэж билээ. Гэтэл сар ч болоогүй байтал өнөөх мөнгөн соёоных нь үзүүр гэнэт улайрч, шаргалтаад иржээ. 
Гайхсан ах хутганыхаа мөрөөр шудраад үзвэл гуулиар хийгээд мөнгөөр бүрчихсэн байсан гэдэг. “Гууль нь цухуйна” гэдэг жинхэнэ бодит утгаараа болсон нь тэр. 
Тэгээд хуурамч соёо цохилуураа аваад, ажил явдал болгон аймаг орж, өнөөх дархандаа үзүүлтэл “Би таны өгсөн мөнгийг л хайлуулж хийсэн дэг. Гуулиар хийгээгүй. Энэ миний хийсэн хэрэгсэл биш байна” гэж гүтгээд огт хавьтуулсангүй. 
Үүнийг сонссон нутгийн хөгшид тэр дарханыг “ЯАДАГ МУУ МОНГОЛОО АЛДМАР ВЭ?” хэмээн гайхан шогширцгоож байсансан. 
Энэ үгний цаана бусдыг хууран мэхлэх, завших, гүтгэх зэрэг муу явдал хийдэг хүн бол МОНГОЛ хүнийхээ язгуур шинжийг алдчихсан, МОНГОЛ ХҮН биш болчихсон гэсэн үзэл санаа ханхална. 
Өгөөмөрийн талд мотоциклоор бөхөн хөөж бахардуулаад, амьдаар нь эврийг нь тайрч аваад явчихсан хэрэг гарч, хөгшид “Тэр лавтай монгол хүн биш дэгээ” гэлцэн халаглаж байсансан. 
Булаг шандын усанд цагаан идээ оруулах, шинэхэн зүлэг ногоон дээр хөөтэй тогоо тавих, унаа морио хазаартай нь услах гэх зэргээс болж хөгшдөд “Боль чи, Монголоо алдмар минь” хэмээн зандчуулж явав. 
Ер тэр цагт хөгшид болчимгүй, бусцар зүйл хийсэн нэгнийг “Монгол хүн байна даа, ийм ч юм хийх гэж” хэмээн харуусан халагладаг, ёсон бус муухай явдалтай хүнийг “Монголоо алдмар” гэж загнан ширүүлдэг нь олонтаа байсансан. 

Энэ үг бараг хэлц үг шахуу байж... Өнгөрдөг цагаан сараар, цагаан хуучраагүй байхад тавгын идээнийхээ ул боовыг хог дээр гаргаад хаячихсан явдал болж, нүүр хуудаснаа хэдэн мянган хүн эгдүүцэн дургүйцэж буйгаа илэрхийлж байв. 
Тэгэхэд ойрд сонсогдоогүй “Монгол хүн байна даа, арай ч дээ” гэсэн өнөөх халаглал мэр сэр харагдаж билээ. Уншигч та хөгшдийн энэ хэлцээс нэг зүйлийг тод анзаарсан байх гэж найдна. Энэ бол Монгол хүний үнэлэмж юм. Үнэхээр монгол хүн л юм бол, 
     - Муу аргаар өш хонзонгоо тайлдаггүй байх нь, 
     - Хэн нэгний зовлон, золгүй тохиолыг ашигладаггүй байх нь, 
     - Хуурч мэхэлдэггүй, муу ов залиар хүнийг хохироож, ашиг завшаан олдоггүй байх нь, 
     - Байгаль дэлхийдээ өр зөөлөн сэтгэлээр ханддаг байх нь гэх мэт гаргалгаа эдгээр жижигхээн жишээнүүдээс харагдана. 
     Ардын ахуй амьдрал, зан үйл, явдал суудал, хууч түүх, судар ном, хэлц ярианаас сэргээн харваас энд дурдагдаагүй өөр олон сайхан чанар монгол хүнд бас бий. Үүнд:  Нэг нэгэндээ ээл түшигтэй, нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй, эв найртай амьдарч ирсэн байх юм, 
Монголчууд бид. “Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа хувааж” явдаг сэтгэлгээ бий. 
Хатуу ширүүн байгалийн эрхшээл, гэнэтийн огцом өөрчлөлт, хувирал дор аж төрдөг нүүдэлчид тэр хатуу ширүүнийг хамтын ухамсар, тус дэмийн хүчинд даван гарахаас өөр ямар ч арга нөхцөлгүй юм. 
Эс бөгөөд бүгд мөхөх болно. 
Тиймээс Монгол хүнд тусч чанар заавал байх ёстой зүйл гэж үздэг, тусч бус хүнийг “монголоо алдсан” гэж үздэг байжээ. 

Самуун цаг зуурт Монголчуудын энэ язгуур шинж нь бүдгэрэн, буурайж ирэхэд өөр хоорондоо тэмцэлдэн, өрөөл бусдын эрхшээл дор ортлоо ядарч явсан түүх бий. Гэхдээ тэр нь цаг зуурынх болохоос яс язгуурынх биш юм. 
 Тусыг зөвхөн тусынх нь тулд бүтээдэг, хариу харам, барьцтай тус болохыг цээрлэдэг байж. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь цагийг нь олж тус болсон бол хэрэг бүтлээ гэж үздэг, ач тус болсоноо эргэн сануулж, энд тэнд гавьяа мэт хөөрөн явахыг муу муухай, зүй бус явдал гэж үздэг байжээ. 

Тус дэмийг нь хүртсэн тал нь ч “Ачийг ачаар” гэдгийг ямагт марталгүй санаж, талархан явах бөгөөд боломж, шаардлага гарваас ач тусыг нь хариулах, бүр нугалж хариулахыг эрхэмлэдэг байж. “Тусыг усаар” хариулах нь энэ насны цөв хэмээн ихэд цээрлэнэ. 

“За бол ёогүй” гэдэг. Хэлсэн ярьсандаа хүрдэг итгэлтэй, найдвартай чанарыг ихэд эрхэмлэдэг байж. 
     Монгол эр хүн бол хэлсэн, санасандаа заавал хүрдэг гэсэн тогтсон ойлголт бидний өвөг дээдэст гүн шингэсэн байжээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үг зүгээр нэг толгой холбосон хэлц биш, зан суртхууныхаа үнэ цэнэт талыг томьёолсон нь болно. Овилгогүй, ойворгон зан араншинтай хүнд таагүй ханддаг, ноён нуруутэй төлөв түвшин хүнээ хүндэтгэдэг, тэднийхээ үг зөвлөгөөг авдаг, буруу гачуу зүйл хийвэл тэднээсээ жийрхэг дөлдөг байж. 
Зусарч, бялангач занг жигшин зэвүүцдэг, тийм хүмүүсийг ангийн адаг үнэгтэй зүйрлэдэг байжээ. Хөдөөгийн Пэрлээ абугайн бичсэнээр “Тал нутгийн эзэд үнэг шиг зусардаж явснаас баатрын ёсоор үхсэн дээр” гэдэг сэтгэлгээтэй. 
 
Монголчууд бол их энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, өрөвч уяхан хүмүүс юм. Бас найрсаг тусч, өгөөмөр чанар бол монгол хүний үндсэн имидж, нэрийн хуудас нь байв. Энэ талаар Оросын алдартай судлаач Н.М.Пржевальскийгаас эхлээд XVIII, XIX зуун болон XX зууны эхэн үед Монгол орноор аялсан жуулчид, судлаачид бүхэн толгой дараалан бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээ, баримт татвал барагдашгүй ихийг бичиж болох билээ. 
Хаалга үүдэндээ цүү цуургагүй байсан явдал мөн саяханых даа. Хаа холын нүүдэлчдийг цай идээгээ бариад угтдаг байсан заншил өчигдөрхөнийх дөө. 
     
Аминч, бэртэгчинг зан, хувиа бодсон явцуу сэтгэлийг, Биеийн амрыг харах, бэлэнчлэх, Бусдыг хуурч мэхлэх, Авах завшихийг эрхэм болгох зэргийг жигшин цээрлэдэг, Би-гээ ихэд бодсон, бусдыг үгүйсгэн дорд үздэг хүмүүст таагүй ханддаг байж. Овилгогүй дээрээ шуналтай, далд давхар санаатнаас бол ихэд жийрхэн цээрлэдэг, “дотор санаатай, дотуур тамиртай муу хүн” гэдэг, Эе эвийг эвдэгч, хов жив зөөгч, яс хаягч, ярдаг, хахир зантай хүнд таагүй ханддаг байж... 
     
Монгол хүн нэгнийхээ алдаа эндэлд улай үзсэн хэрээ мэт баярлан баясах биш, харин харуусан халагладаг байж. Амжилт бүтээлд нь хорсон жөтөөрхөх биш баясан баярладаг байж... Ядарсан, сул доройдоо ихэрхүү дээрэлхүү зан авир гаргах, тэр ч бүү хэл харж халамжлахгүй байхыг монгол хүний явдал биш гэж үздэг байж. 
“Муу муудаа, муна гадсандаа” гэж томъёолдог... Эд хөрөнгөөр баярхах, хий хоосон сагсууран сагсалзахыг ч элэглэн шоолно. “Шинэ баян цээж өвчтэй”, “Адаг баян эд хөрөнгө” гэх мэт. Байгаль орчиндоо ухаалаг, ээлтэй хандах, эсрэгцэн эзэмших бус зэрэгцэн зүй зохистой зохицож орших арга ухаантай байх... 

Ахуй амьжиргааны үндэс болсон эрдэнэт мал сүргээ эрхэмлэн дээдлэх бүхэл бүтэн цогц үнэлэмж, ёс уламжлалтай гэх мэтчилэн ардын дунд уламжлагдаж байсан зан суртхууны хандлагуудыг шүүж үзвэл хар аяндаа хатуу бат тогтсон, ихээхэн ул суурьтай бүхэллэг цул цогц ойлголтын хэлтэрхий, үлдэгдэл болох нь харагдана. 
Яг л эртний маш нарийн бүтэц зохион байгуулалт бүхий хот балгадын туурийн нэгээхэн хэсэг мэт... 
      
Эндээс үзэхэд Монгол хүний үнэлэмж хичнээн өндөр байгаа вэ??? 
Бидний өвөг дээдэс өөрсдийгээ ямар эрхэм сайхнаар үнэлж, дээдэлдэг байгаа вэ??? “Монгол хүн” гэдэг ойлголт ямар их үнэ цэнэтэй байгаа вэ??? 
Энэ бол ямар ч үндэстэнд хэзээ ч байж л байдаг хойч үедээ сэтгэл дундуур ханддаг өвгөд хөгшидийн үглэл, гоморхол, тунирхал биш. 
Харин ч өнө эртнээс улбаатай Монгол түмний ёс журам, зан суртхууны цогц системийн үлдэгдэл, санамж болно. Монголчууд нэн эртний ард түмэн. 

2200 гаруй жилийн өмнө Хүн гүрний их хаан Модун Төрт улсаа байгуулснаар нүүдэлчдийн Монгол төрийн үүсэл тавигдсан гэж үздэг тал бий. Гэвч Модун хаанаас ч өмнө нүүдэлчдийн улсад Төр байсан. 
Модун хааны эцэг Түмэн ч төрт улсын хаан байсан ба тэр мөн эцэг дээдсээсээ төрт улсаа өвлөн авсан байдаг. Модун хаан харин нүүдэлчдийн үндсэн хуульт анхны хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. 
Зарим эрдэмтдийн үзэхээр Төв Азийн нүүдэлчдийн хаант төрийн түүх 2000 мянганаар зогсохгүй, манай тооллын өмнөх X зууны эхээр үүссэн хятадын Жоугийн төрт улстай нас чацуу гэх нь ч бий. 
Юутай ч манай өвөг дээдэс нүүдэлчид лавтайяа 3000 орчим жилийн өмнөөс төрт улсыг байгуулж ирж... 
Баруун тийш ойн гарч, хүчирхэг Ромтой зиндаархаж, европ дахинд боолын эрин үеийг халж, феодалийн дундад зууныг эхлүүлсэн Хүн гүрний хүнчүүд өөрсдийгөө Төв Азийн Их Хүн гүрний үргэлжлэл, хаадын хаан алдар цуут Аттила өөрийгөө Модун хааны залгамжлал гэдгээ сайтар мэддэг байсан гэдэг. 
Чанчун бомбын гарын туслах Ли Жичаны тэмдэглэлд өгүүлэхээр Чингис хаанаас Чанчун бомбод илгээсэн зарлигийн захидалд “...зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүй, энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой” гэсэн мөрүүд буй юм. 
Модун шаньюйгаас Чингис хааны үе хоорондох зай даруй 1400 гаруй жил. Энэ урт цагийн түүхийн улбааг, Шаньюйн улс буюу Хүн улсыг өөрсдийн дээдэс гэдгийг XIII зууны үеийн монголчууд сайтар мэддэг байсны баталгаа нь энэ болно. 
     
XIII зуунд монголчуудын бүтээн босгосон дэлхийн эзэнт гүрний оршин тогтнохуйн үндэс нь цэрэг зэвсгийн, техник технологийн, арга стратегийн давамгайлал, хамгийн чухал ёс зүйн, үүрэг хариуцлагын давуу тал байлаа. Чухам тиймдээ л Монголын эзэнт гүрэн бүхний сэтгэлийг татсан, олон соёл, шашин, үзлийг тэгшээр хөгжүүлсэн, орчин цагийн даяарчлалын эх суурь болсон ер бусын шинж төрхтэй эзэнт гүрэн байсан хэрэг. 
Г.В.Вернадский бичихдээ “Чухамхүү эзэнт гүрний үзэл санаа л монголчуудын ... ялан дийлсэн оюуны онцлог шинж байсан юм. 
Монголын их хаад бүх нийтийн энх амгалан, олон улсын тогтвортой байдлыг бий болгох тов тодорхой зорилготойгоор дайн тулаан хийж байсан бөгөөд эл зорилгоо биелүүлсний дараа хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх нь хүн төрөлхтний аюулгүй байдлын үнэ цэнэ болж байлаа” гэжээ. 

Энд дурдагдаж буй “... хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх”-ийн цаана ямар нэгэн үнэт зүйл, үзэл санааг тойрон нягтарсан итгэл үнэмшил, зарчим байсан нь нэн тодорхой. 
Их Эзэнт гүрний үед Монгол хүний ёс зүй гайхамшиг болж байсныг түүх гэрчилнэ. 
Өгөөдэй хааны үед хааны харуулд гарч байсан монгол цэрэг унтаж орхижээ. 
Харуул унтах нь шууд алах ялтай байж. Унтсаныг хэн ч харсангүй, мэдсэнгүй. 
Мөн түүнээс болж ямар нэгэн хэрэг зөрчил ч гарсангүй байна. Гэтэл өнөөх цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын ялруу сайн дураараа очжээ. Өөр газар хэзээ ч ийм зүйлийг олж харахгүй байсан тухай үйл явдлыг нүдээр үзсэн хүн бичиж үлдээсэн. 
Энд өнөө цагийнхан бол хичнээн оролдовч тэнэглэл гэхээс өөрөөр тайлж үл чадах үүрэг хариуцлагаа гүнзгий мэдэрсэн ухамсар, аминаас нь үнэтэй зарчим, итгэл үнэмшил байсан хэрэг. 

Монголчуудын эвсэг найрсгийн талаар Плано Карпиниас эхлээд гайхан шогширсон нь олон. Тэр бичихдээ “Монголчуудын эв найртай нь гайхалтай. Тэд нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, тэрсэлдэх, зодолдох нь бүү хэл дуугаа ч өндөрсгөж харилцах нь үгүй. Дээрэмчин, хулгайч гэж үгүй учраас үнэт эдлэлийн хайрцаг, агуулах, гэр оронд хэзээ ч цоож цуурга үгүй” гэж бичиж үлдээсэн. 
Рашид-ад-Дин “Судрын чуулган”-даа, Жувейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-дээ Монгол хүний ёс зүй, үнэ цэнийн талаар гайхамшигтай жишээ баримтуудыг нэг бус бичиж үлдээсэн байдаг. Нэгэн үе хүчирхэгжин, нэгэн үе сарнин буурч байсан ч энэ урт удаан хугацааны түүхийн туршид нүүдэлчдийн дунд бүрэлдэн бий болж, хатуу тогтсон ёсзүйн үнэлэмж, үнэт зүйлсийн бүхэл бүтэн цогц бий болсон гэдэг нь нэн тодорхой юм. Ер тохиолдлын бус хүчирхэг гүрэн улсын суурьт чухам тийм ёсзүй, үнэт зүйлсийн цогц заавал байж таардаг. 

Хүн гүрний үеэс бий болсон энэ цогц үзэл, хандлага дараа үеүдэд ч бүрмөсөн тасарчихсангүй, уламжлагдаж ирсэн. 
Өөрөөр хэлбэл 3000 орчим жилийн түүхтэй төрт улсуудыг байгуулж явсан үндэстэнд өөрийн дотоод үзэл хандлага, ёс зүйн цогц систем гарцаагүй байж таарна. 
Түүхч Г.Гонгоржав энэ талаар нарийн судалж, олонтаа бичсэн дээ. 
Сүүл үед С.Нарангэрэл гуай ч хөндөн бичиж байгаа. Гадаадын эрдэмтэд ч үүнийг анзааралгүй өнгөрсөнгүй. 
     
Монгол хүний эдгээр үнэлэмжид эрдэм мэдлэг, чадварын талаасаа ёсзүйн утга агуулга нь илүү түлхүү байдаг нэг онцлог бий. 
Байгалийн эрхшээл дор аж төрөн оршдог нүүдэлчид - байгалийн түгээмэл хуулийн дор төрт ёс, ахуй байдлаа цогцлоодог, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, итгэл үнэмшилтэй, нүүдлийн онцгой ахуй соёлтой. 

Байгаль бол хамгийн ёс суртхуунч мөн чанартай оршдог, ямар нэгэн засдаг хуурамч, зусарч, ашигч завшаанч, өчүүхэн дорд эрх ашгийг эрхэмлэх хандлага үгүй гэж нүүдэлчид /бид/ үздэг. 
Энд байгаль гэдэг нь зөвхөн хүрээлэн буй байгаль орчин төдийгөөр хязгаарлагддаггүй, ил болон далд орших бүхий л орчлон ертөнцийг илэрхийлж буй. 
Чухам бидний дээдсийн тэнгэр шүтлэгийн эхлэл энд бий. 
Байгаль өөрөө хүний ертөнцөд байх ёс суртхууны хуулийн мөн чанар, хэм хэмжээ нь. 
Тиймээс байгалийн хууль бол хүний ертөнцийн бүхий л хуулийн язгуур анхдагч, суурь юм гэсэн үзэл санаа эндээс урган гарна. 
Монгол хүний үнэлэмжид ёсзүйн тал илүү түлхүү байдаг нь энэ суурь үзэлтэй холбоотой. 
Өөрөөр хэлбэл, хүний нийгмийн оршихуйн суурь нь ёс зүй, ёс суртхуун болно гэсэн гаргалгаа, үзэл хандлага болно. 
Харин “Хэн хүчтэй нь сул доройгоо барьж иддэг ширэнгийн баларлаг хууль” хэмээн байгалийн хуулийг хэт өрөөсгөлөөр харьшуулан, хялбаршуулан ойлгож тайлбарладаг үзэл нь байгалийн оршихуйн дотоод зүй тогтлыг, билэг талыг нь сайтар мэдрээгүй суурин иргэншлийн зүгээс гаргасан төөрөгдөл. 
     
Говийн ганц шанд усан дээр ямар ч амьтад биеэ биеэ барьдаггүй юм. “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өнөөгийн бидний өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшилээс үүдэл гарвалтай биш юм. 

Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. 
Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. 
Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий. 

Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. 
Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно. “
Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно. 
Ашигч, завшаанч, залтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг. Яах аргагүй цус холилдсон эрлийз атлаа монголчуудын эрхэмлэдэг ёсзүйн хэм хэмжээг зөрчихгүй, үнэт зүйлийг эвдэхгүйгээр барахгүй харин ч баяжуулж байдаг хүмүүс бий. 

Ялангуяа утга зохиол, урлаг соёлын салбарт олны хайр хүндлэлийг хүлээсэн нэр цуутай эрлийз хүмүүс цөөнгүй... 
Тэднийг ад шоо үзэх нь ер үгүй. Харин монголчуудын өөрсдийгөө үнэлдэг хэм хэмжээг зөрчдөг, монголчуудын хувьд ёсзүйгүй этгээдийг бол хэдий хэдэн үеэрээ монгол боловч “эрлийз”-ээр тодруулан, гадуурхдаг. Тэгэхээр эрлийзийн асуудал бол угтаа үнэхээрийн эрлийзжсэн, цус холилдсонд ч биш, Монгол хүнд байх учиртай тэрхүү язгуур шинж чанараа алдсан, эсэхэд байх шиг ээ. 
     
Япон самурайд “Бушидогийн ёс” хэмээх ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц систем бий. 
Өнөөдрийн хүчирхэг Япон улсын хөгжлийн нэгэн тулгуур хүчин бол “Бушидо” мөн юм гэдгийг тэр нийгмийг нарийн ажигласан судлаачид хэлдэг. Бушидог мэдэхгүйгээр япон орны хөгжлийг тайлбарлах боломжгүй, Бушидог мэдэхгүйгээр Япон хүнийг таних боломжгүй. Бушидо бол япон хүний дээд эрхэмлэл. 

Үзэн ядалт, үл тэвчих үзлээр буцалсан Палестиний элсэн цөлд цөөхөн хэдэн Еврейчүүд төрт улсаа цоо шинээр бүтээн босгохдоо чухам Еврей хүний эрхэм дээд үнэт зүйл, үзэл санаа, эв нэгдэл дээр суурилсан байдаг. 
2000 жилийн турш эх оронгүй тэнүүчилж, хаа газраа гадуурхагдан, алуулж, хядуулж явсан еврейчүүдийг мөхүүлчихээгүй авч үлдсэн тэр их тэсвэр тэвчээрийн шавхагдашгүй эх ундрага нь өөрсдийгөө “Бурхнаас сонгогдсон цор ганц үндэстэн” гэдэгтээ бат итгэсэн итгэл, иудейн шашиндаа суурилсан ертөнцийг үзэх үзэл, өөрсдийгөө үнэлэх асар өндөр үнэлэмж, үнэ цэнэ нь юм. 

Үүн лугаа адил, Монгол хүний эрхэм дээд үнэлэмж, үнэ цэнэ нь болсон ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц бидэнд бас бий билээ. 
Бүр хангалттай бий. Өөр хаана ч үгүй, маш өвөрмөц цогц систем болно. Хэдийгээр өнөөдөр бидний ёс зүй байж болох уналтынхаа доод түвшинд хүрчихээд буй ч, “Монгол хүн байна даа, энэ чинь. Арай ч дээ” гэж халаглан харамсаж, монголоо нэхэх дуу хоолой маш сул сонсогддог болсон ч нүүдлийн соёл, сэтгэлгээний төрүүлж буй болгосон энэхүү өвөрмөц ёсзүйн хэм хэмжээний цогц үзэл, систем маань бүрэн эвдэрчихээгүй, биднээс тийм ч их алсран холдчихоогүй байна. 
Боломж байна. 
Манай үндэстний өнөө цагийн өвгөд хөгшид маань бидний багад байсан шиг “Монгол хүн байна даа, тэгдэггүй юм” хэмээн хойч үедээ сануулж, сэрэмжлүүлж, Монголоо цаг ямагт нэхэж байгаасай. Манай үндэстний сэтгэн боддог, эрж хайдаг хэсэг нь энэхүү Монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийг дахин сэргээж, системчлэн бүрэн бүтэн болгоход хүч чадлаа шавхаасай. 

Манай үндэстний зохиолч, уран бүтээлчид, оюуны сан хөмрөг баяжуулагчид жинхэнэ үлгэр загвар болсон язгуурын монгол дүр олныг бүтээгээсэй. 
Манай үндэстний сэхээтнүүд нь монгол хүн гэсэн нэр төр, бахархал, үнэлэмжийг өндөрт өргөн, нийгмээ араасаа дагуулаасай. 
Монгол төр маань анхаарч, хөгжлийн бодлогодоо тусгаасай. 
Тухайлбал, 
     - Монгол хүний үнэлэмжийг тод томруун илэрхийлэн харуулсан, яруу сайхнаар бахдан дуулсан, үндэстнийхээ зан суртхууны тайлал, үлгэр загвар болохуйц дүр бүтээсэн утга зохиол, урлаг, уран сайхныг бодлогоор дэмжих. 
     - Боловсролын системд, ялангуяа дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт монгол хүний ёс зүйн хэм хэмжээ, үнэлэмжийн талаарх үр бүтээлтэй сургалт оруулах. 
     - Ерөнхийлөгчийн тангаргаас эхлээд төрийн алба, эмч, цэрэг, цагдаа, тусгай албаны тангарагт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг илэрхийлсэн, эрхэмлэсэн утга агуулга оруулах. 
     - Төрийн болон хувийн байгууллагуудын боловсон хүчний бодлого, тавих шалгуурт энэхүү монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийн агуулга оруулах гэх мэт...  
     Гудамж зам дээр ч, төрийнхөө ордонд ч ялгалгүй эвлэж ойлголцоод эвтэйхэн зохицчих зүйл дээр эвдрэлцэж уралцсаар хамаг хүч чадал, нөөц боломжоо салхинд тавьж туух нь их болжээ. Нэг нэгнээ дэмжиж туслахаасаа илүүгээр тэрсэлдэж тэмцэлдэх нь их харагдах юм. Ялангуяа улс төрийн талбарт. 
Эрхэм сайхан язгууртэй Монгол хүмүүс маань нэгнээ үгийг муугаар харааж, гутаан доромжлох нь их байх юм. 
Бусдынхаа ололт амжилтад баясдаггүй атлаа алдааг хараад хар хэрээ мэт бархиран цуугилдах нь их болжээ. 
Монгол хүн Монгол хүндээ хамгаас эрхэм байх ёстой байтал харин ч монгол хүн монгол хүндээ хог новш шиг харагдаж, сэтгэгддэг болжээ. Эх нутагтаа бүү хэл харь оронд монгол хүн монгол хүнээсээ хальширч зугтаах нь их болжээ. 
Нэг нэгэндээ ихэрхэж, бардамнаж, цамаархах нь их харагдана. Интернэтийн ард, нэргүй сэтгэгдэл бичээд суухаараа мэдэхгүй чадахгүй юмгүйн дээр хараал зүхлээр тайвширч тайтгардаг, адгийн дорд боолчууд шиг л аашлах юм. Уг нь бид чинь сайны билэгтэй, сайныг түшиж явдаг Монгол түмэн юмсан. 

Шувуун цээжтэй, шувтан ташаатай, шоорон явдалтай, ойр зуурын ашигч, олон үгт, омог түргэн, ойворгон залуус их олон үзэгдэх болжээ. 
Харахад зүс царай нь монгол боловч хахь хол, танил бус сэтгэлгээтэй хүүхэд залуус их олон болжээ. 
Харийн соёлд хараа хяналт, бодлого сэрэмжгүйгээр хандсаны гор л байх даа. 
Монгол эр хүн хэзээ тийм байлаа. Монгол эх хүн хэзээ тийм байлаа. Монгол хүн хэзээ тийм байлаа гэх эмзэглэл харуусал, үл эвлэрэл өдрөөс өдөрт зузаарна. 
Энэ бүхэн бол өнөөх “МОНГОЛОО АЛДАЖ” гээсний л гор, гай. Монголчууд бидний ёсзүйн цогц ихээхэн задралд орж, Монгол хүний үнэ цэнэ гундан буурсны үр дагавар. Та бид Монголчуудаасаа Монголоо маш бага нэхдэг болсны хариу болно. Товчхондоо энэ цаг үеэсээ МОНГОЛОО нэхэл хатуутай нэхэх цаг болчихоод байна даа.
                                                 Б.Номинчимэд

***

НАС УРТАСГАХ ЁС

Монгол эрчүүд 60 насандаа морины гүйдэл дээр гөрөөс намнаж, 70 насандаа эмнэг үрээнд уурга хаядаг. Эмэгтэйчүүд нь 80 настайдаа ч үйл урлаж үс гэзэг нь цайдаггүй, 90 гарсан хүн хөлдүүс үүрч амьсгал давхцахад: 
- Муу төржээ би гээд инээж байсан гэж Чанчибумба "Баруунш жуулчилсан тэмдэглэл" дээ бичин үлдээж.
Түмэн он мянган үедээ монгол түмэн эрх дураар жаргалтай амьдарна гэж бичсэн нь үнэн билээ.

Ийнхүү хүний урт наслах нь тэр үндэстэний аж ахуй, соёл боловсрол, байгалийн нөхцөл ахуй түүнтэйгээ уялдсан зан заншил дадал зуршилтай шууд холбоотой.
Аливаа амьтны мөч бойжиж яс хатуурах цагт бойжилт гүйцсэн гэж үзээд тэр хугацааг 5-7 дахин уртасгасан насжилттай гэж нотолсон.
Адуу -5 жил бойжиж 30-40 насалдаг.
Үхэр -4 жил бойжиж 20-30
Тэмээ-8 жил бойжиж 40-50
Хүн - 20-25 жил төгс бойждог тул 100 -175 наслах бүрэн боломжтой юм.
- Уур хилэнг тэвчих
- Эд мөнгөнд шунахгүй
- Архи дарсанд эс нэрвэгдэх
- Өнгө зүсэнд үл шунахайрах нь урт наслахын үндэс гэжээ.
Хилэн хэмээгч ууланд гарсан догшин түймэр мэт, сархад нь уулнаас буусан галзуу барс адил, өнгөнд дурлах нь ясыг хусах хурц хутга мэт насыг охор болгоно.
Эдгээрийг тэвчвэл 70 насандаа нүдний гал буурахгүй, 80 хүрээд нуруу бөгтийхгүй, 90 хүрсэн ч царайнд гэрэл гийж, 100 давсан ч билиг ухаан балрахгүй гэж сударт өгүүлсэн байна 🙏🙏🙏

Ардын Дом


ЗАНДРАХ ХҮРТЭЛ ЗАСАЛ БОЛДОГ

- Зааж сургах, загнаж дугтрах хүнгүй бол замаа л алдана гэсэн үг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг энэ. 
- Хүрэн зүрхний хэмээр хүрд эргэх ч, хүй орчлонг туулахад түшиг дэм, түншээ дэглээ хэрэг болно. 
- Хэм алдахад хэлэх хүнтэй бол сайхан. 
- Аашлах аавтай бол сайхан, элбэрэх ээжтэй байх энэтэй. 
- Эгцэлж хараад хүнтэй мэндэлж сурахаас эхлээд эвтэй найртай амьдрах ёсонг сургаж ирсэн ээж аав, эгч ах нар, эвт нөхөд, эргэн тойрныхон бүгд л багш минь болдог бал бурам адил амт шимтэй. 
- Үг дуулахгүй болохоор үхээрт хорлогддог, өөр ертөнцийнхэнд олзлуулдаг. Огт үг авахгүй юм аа л гэдэг биздээ. Үг авахгүй хүн үхлийн хөндийг туулж үхээрт хорлогдсоноо үхэхдээ л мэднэ өөр арга зам үгүй ээ. 
- Зандрах аавтай ч болоосой, заяах зөв ханьтай ч болоосой, залаад хэлэх ээжтэй ч болоосой, засаад явчих ахтай ч болоосой гэх үнэнд уясан уялга үг юм аа. 
- Өөрийгээ өрөөлөөс асуу гэдэг. Өөрийгээ хүн мэддэггүй өөгүй өндөг мэт санаж явтал, өврөөсөө өөрөө өт цацсанаа ч ухаардаггүй явдаг билээ. 
- Харалган явааг цэгцлэх, хамгаас биеэ өмөөрөгсдийг ойлгуулж эмхлэх хамгийн хэцүү засал юм аа. 
- Гэмээ мэдэж хүн, гэдгэрээ мэдэж тэмээ. Гэр дүүрэн ном уншиж гэгээрэхгүй ээ, гэмээ ухаарч л Гэгээнтэн болно. Хүн бүр гэгээрэх боломжтой.
 
#Төрсөнутагтүшихөв


***

ӨЛГИЙДҮҮЛЭХҮЙН УЧИР

Удтал өлгийдүүлсэн хүүхэд тэвчээртэй хүн болдог. Нуруу нугас ясны зөв хөгжлөөр өсдөг. Хуучин цагт өлгийндөө ээнэгшвэл өнөд амгалан тул чухаг гэжээ. Нэлээд торнитол өдгийддөг байж.  Тэр ч бүү хэл ах эгчийнх нь нэхий өлгийд өлгийддөг байсан юм билээ. Өлгий хийж хүч хүрэхгүй дээ бус, тэр өлгийнд ах эгч нарынх эрчис энерги хуримтлагдсан тул тийн нөлөөлдөг юм. Өлгий нь даамай муудаад ирвэл ахын нь хуучин өлгийнөөс жаахан хайчилж аваад толгойн ар дагцан тушаа хийчихдэг байж. 
Ингэж дээшээх ах эгч нарынх нь үнэр эрчис шингэсэн өлгий нь хүүхдийн ой ухаанд хүртэл нөлөөлснөөр ахаа, эгчээ гэх хүндлэл өөрийн эрхгүй, бүр ер бусаар суучихдаг, бүр хувь заяанд нь хүрч нөлөөлдөг санж. Болж өгвөл нагацаас дамжиж ирсэн нагацын өлгийд өлгийдүүлсэн хүүхэд чулуугаар цохьсон ч үхэхгүй гэсэн эртний үгтэй! Тэгээд мөлхөөд юм түшиж яваад ирмэгц мөн л тэднийх нь өмсөж байсан бойтог, баривч зэргээс өгсүүлээд хувцас хунарыг нь өмсүүлдэг уламжлалтай. 
Нялх жаахан хүүхдэд ах эгч нарынх нь үнэртэй өлгий, баривч, бойтог, хонх хув зэргийг хэрэглүүлснээр муу муухай эрчим ад зэтгэрээс хамгаалдаг домтой. Нэгэн айлын хүүхэд хөлсөж уйлаад болохгүй ядчихсан юмсанж. Нутгийн буурал самган түүнийг нь мэдчихээд, 
- Танай ууган хүүхэд тул, нагац ахын нь өлгий живх, хувцас хунар зэргээс нь өмсгөхийг өмсгөж хучихыг хуч!  Гэжээ. Гэтэл тэр нярайн ээжийн нь дүү нагац ах нь арван хэдэн настай том хүү болчихсон, өлгий живх баривч энэ тэр гэх юм олдоогүй тул өдөр болгон өмсдөг тэрлэгээр нь өлгий хийж өгснөөс хойш тайван сайхан унтдаг болчихсон гэдэг. 
Иймээс нагац хүн гэдэг зээ дүү нарынхаа амь аврах увдистай гэж үздэгээс "ургийн эх нагац, усны эх булаг" гэж үгтэй билээ. Нагац нараа  хүндлэн дээдлэхгүй бол хэт нь амь насанд цөвтэй хэмээн үздэг.  Нагацыг залж авчраад, хонь мал гаргаад хонины дал чанаж өгөөд, далны хуудас махыг нагацын гараас хүртдэг ёстой. Далыг далуулаа гэдэг үг нь болвоос бид өнөр өтгөн олуулаа болцгооно гэж бэлгэдэж ирснийх юмсанжээ. Монгол хүн нагацын хажууд дал барих цээртэй.  
Хүүхдийн ам гэмтэж уйлаад болохгүй бол нагацын морины хазаарын амгайг аманд нь зуулгаж домнодог. Жаахан хүүхэд хахвал нагацын нь нэрээр дуудаад гэр дээр шиддэг ёстой. Хүүхэд хүндээр өвдвөл нагацын оймс дэрдүүлж унтуулдаг.  Хүүхэд бүү хэл том хүн хэрэг төвөгт холбогдож, ажил үйлс хийморь сүлд нь гудайвал нагацын ташуураар ташуурдаж далдын хар эрчмийг үргээснээр хүнд засал болдог учиртай. Монголчууд нагацынхаа нэрээр дуудахгүй, "нагац ах" гэж л дуудна. Олон нагац нартай бол, том нагац, дунд нагац, бага нагац ах гэхчилэн дууддаг ёсон бий.  
Шинээр айл орон болсон айлаас анхны хүүхэд төрмөгц, айлын эхнэр эрэгтэй ах, дүү нарын хэн нэгнийх нь өлгий, бас хувцас хунараас залж авдаг. Ингэхдээ хүүхдээ нагац ахад нь тэврүүлж үнэрлүүлээд, нагац ахын нь гарын алга дээш харуулж баярлуулдаг заншилтай байж. Хүүхэд нь ороодог, тогтдоггүй айл, нагацыг залж авчирж хонуулж өнжүүлээд нагацын нь хөлстэй цамцаар манцуйлснаар хүүхэд тогтдог гэх хууч яриа бий. 
Гагцхүү манай Монголчууд аливаа ёс заншил дом засал зэргийг үгүйсгэхгүй юм гэхэд тоохыг байсанд харамсаад болохгүй юм. Зээ нагацын шүтэн барилдагын таталцлын хууль, жам ёс гэдэг агуу юм шүү дээ. Хүүхдийг нагацаас нь холдуулж хөндийрүүлэх шиг нүгэл үгүй гэдэг. Зарим заримдагууд амьдрал ахуй жаахан дэвжээд, үр хүүхдүүд нь өсөөд ирмэгцээ нагац нараа үнсэнд хаясан шалз шиг орхиод, бид одоо том болцгоосон тул чи бидэнд хэрэггүй гэсэн шиг загнах залуус амьдрал дээр үзэгддэг. Одоо хэр нь болдог л юм. Алс хэт нь хэцүүддэг гэмтэй...!!! Тийм ч учраас 
"нагацыг ная хүртэл нал" гэжээ. Нал гэдэг нь түш гэсэн үг юм ...
Эх сурвалж: Хумбагарын БАТМЭНД

***
2026.3.12

Эсэн тайж: Эхлээд Эр, дараа нь Эцэг байж Хаан болно.

Эр байхад есөн мөн чанар, Эцэг байхад есөн мөн чанар байна.
Энэ 18 мөн чанар нэгдэж байж арга билэг ухаан нэгдэж байж ХААН УХААН болно.

Цусан учиг: Үр удам тогтоох чадвартай хүчтэй цустай байх учиртай. Өөртөө ижил цусан, ясан угсаатанг хамаарах ёстой.

Ясан учиг: Эр хүмүн 3 ачиллыг ер мартах учиргүй:
Амь аварсан ач
Амь төрүүлсэн ач
Амийг бүтээсэн ач

Амин учиг: Хүмүн хөрст дэлхий дээр хий, чийг, тоос гэх 3 амин хүчний дунд амьдардаг. Энэ 3 хүчинд гар хүрэх аваас эр хүмүний мөн чанараа алдсан гэж үзнэ. 
1. Шороо бузарлах
2. Ус бузарлах
3. Агаар бузарлах

Сэтгэлийн учиг: Сэтгэл ариун байх учигтай. Эр хүмүн яс, цус, сүнс 3-г биедээ цогцлоож оюун ухаан гээчийг бүтээж, арга болон билигээр аливаа зүйлийг хийж чадна. Учир нь сэтгэл байж хүмүн бий болдог, сэтгэл байж хүмүн бүтээдэг, сэтгэл байж амьдардаг, сэтгэл байж хорлодог. Аливаа үйлийг төгөлдөр хийе гэвэл эд ембүүнээс илүүтэй сэтгэлээ түүнд зориулж итгэлээ бадрааж төгөлдөр сайхны төлөө тэмцэх учиртай. Учир нь би сэтгэл биш бодолдоо захирагдсан. Хийх үед гар салганаж байвал сэтгэл чинь хүсэхгүй байгаа тэмдэг. Сэтгэл бодол хоёр нэгдэхэд хүмүн хүчтэй байна, сэтгэл бодол хоёр зөрөхөд үйлдэл дутна.

Ур тэнцүүлэх учиг: Аливаа зүйлийг хүмүн хийж сурахдаа дадал гэх зүйлийг хэвшүүлэх ёстой. Хэдий тэнгэрээс заяасан хүч чадал байвч дадалаар түүнийг өнгөлж байх учигтай. Эс бөгөөс зэвд дарагдах адил лугаа. Эр хүмүн хичээнгүй байх учиртай.

Үнэн учиг: Эр хүмүн үргэлж үнэнийг ухаалгаар хүртэн байж амьдрах учигтай. Энэ үнэнээр өөрийн үйлийг дэнсэлж дотор нь орж хөглөж байх учиртай. Өөрийн хурдыг, хүчийг, бярыг үнэнээс олж авна. Газар ойчих нь үнэн бол хөлөө бөх болгох учиртай. “Өөдөөгөө шидсэн чулуу эргээд газар унадаг” гэсэн үнэнийг санаж өнөөдөр үйлдэж байгаа бүхнийхээ арыг даах учигтай. Эр хүмүн үнэнээс дутааж, үнэнийг аргалж, үнэнтэй тэмцэж үл болно. 

Чадалын учиг: Чадал байна гэдэг нь чадаж байна гэсэн үг. Чадахын тулд мэрийдэг. Чадсан хойноо даах учиртай, үүнийг эзэн эрх ч гэж нэрлэдэг. Хэр их чадна түүнийгээ хүрт, амаараа бүү түүнээс илүү бол, амаараа бүү түүнээс дор бол. Хэдийг чадах ёстой түүндээ ам үйлдэл хоёроо тэнцүүлэн орших учиртай. Хүмүний чадлыг үржүүлж болох зүйл нь итгэл гэж байна, хайр гэж байна, хувь заяа гэж байна, арга заль гэж байна, оо суу заль буюу дүр үзүүлэх, жүжиглэх гэж байна.

Хүч чадал буюу Эр: Эр гэдэг нь утгын 9-дөх мөн чанар. Удамшилт дээд хүч нь өөрөө эр. Мянган жилийн дараа чиний хийсэн мөр ямар байх вэ гэдэгт эр гэдэг утга нь өөрөө болно.

Эх сурвалж: "Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа" судар

***

И.МӨНХСАРУУЛ: ХАМГИЙН ЭНГИЙН БӨГӨӨД ХҮЧТЭЙ ХИЙМОРИЙН ЗАСАЛ БОЛ УУХАЙЛЖ, ХУРАЙЛАХ ШҮҮ ДЭЭ


         Монгол хэл бол тэнгэрийн хэл. Үг бүхэн учиртай. Үгийн үндэс, эгшиг, авиаг задлаад үзэхэд л өвгөдийн ухаан ундарна.

            Уухай гэдэг нь уудлаад ай саваа дүүргээд ав гэсэн утгатай. Хурай нь хураагаад ай саваа дүүргээд авахын нэр.

            Чангаар дуудвал таны бүхий л эд эс сэргэж, эрчим авна. Хийморь чинь бадарна. Сайн сайхан бодол, хүсэл сэтгэлийн чинь эрчим ний даяар тархаж, нэгэн хэмд шилжиж, тэрхүү эрчмээр таныг дүүргэнэ.

            Уухайлж, хурайлахдаа гарын алгыг дээш харуулан алгуур эгц дээш өргөж хурайлна. Сугаа мөн тэнэгэр байж, газрын эрчим авна. Энэ нь түмэн олныхоо буяныг өргөж байгаа хурайлалт юм. Харин нар зөв тэрүүхэндээ хурайлдаг нь зөвхөн өөртөө өвөрлөхийг бэлэгддэг. Олны сайн сайхны төлөө хурайлж байж, бүх зүйл сайхан бүтнэ. 

           Ингэж зөв хурайлснаар алганы тань хонхроор тэнгэрийн эрчим орж, хөлийн тань улаар газрын эрчим таньд хураагдана.

            Нар, саранд өргөл өргөхдөө ийнхүү хэвшвээс ертөнцтэй та зохирч, агуу их хайрыг мэдэрнэ. Ертөнц амьтайг мэдэрч, та ч өөрөө амилна.

Уухайн дуугаар

Улс Монгол минь сэрнэ

Удам гарвал чинь эрчлэгдэнэ

Бүрэн улс минь бэхжинэ

Бүх л гүрэн нэгдэнэ

Бусдын хайр үерлэнэ ...

Уухайн дуугаар

Ургаж чи цэцэглэнэ

Удам чинь таньж

Ураг төрөл чинь эрчлэгдэнэ

Урваж шарвасан бодол чинь цэгцэрнэ

 

Уухайн дуу чинь

Удмыг чинь сэрээдэг юм

Уухайн дуу чинь

Ухааныг чинь цэлмүүлдэг юм

Уухайн дуу чинь

Урдах замыг чинь ариусгадаг юм

Уухайн дуу чинь

Ураг төрлийг чинь ивээдэг юм

 

Уухайн дуугаар удам гарвал чинь сэрж

Уул ус минь та бүхнийг таньдаг юм

Уухайн дуугаар ургамал цэцэгс дэлгэрч

Уудам дэлгэр газар нутаг чинь

Ивээж та бүхнийг хайрладаг юм

Та бүхний уухайн дуугаар

Дагшин газар амилах юм

Та бүхний хурайн дуугаар

Долоон бурхан чинь баясах юм

Та бүхний дагшин дуугаар

Далдын хүч чинь шид болж

Дэлгэр тэнгэрийн бурхад бүхэн

Тэтгэгдэж нэгэнтээ ирэх юм ...

 

Хурайн сайхан дуугаар

Хувь хишиг чинь ирдэг юм

Хурайн сайхан дуугаар

Хүн та сэрдэг юм

Хурайн сайхан дуугаар

Хүрч ирсэн сүнс чинь баясдаг юм

Хурайн сайхан дуугаар

Хөх тэнгэр чинь таалдаг юм

Та бүхний хурайн дуугаар

Дагшин тэнгэр баясах юм

Та бүхний хурай дуугаар

Далдын хүч сэргэх юм

Та бүхний хурай дуугаар

Таван тэнгэр баясах юм

Хурайн дуугаар чинь

Хан тэнгэр та бүхдийг таньдаг юм

Хур усаараа хишиг болгон

Та бүгдэд өгдөг юм

Хайрын тэнгэрийн ачлалыг

Хурайн дуу хөглөдөг юм

Хамтдаа жаргахын ерөөлийг

Хан тэнгэрт уухайн дуу цуурайтуулдаг юм

 

            Уухай, хурай маш хурдан хугацаанд хийх нэгэн төрлийн бясалгал, залбирал юм. Бясалгал гэж баясах галаа олохыг хэлнэ. Баясах гал чинь таны дотоодод буй юм. Таны дотоодыг агуй гэвэл та дотоодоосоо баясах галаа олоод гаргаад ирвэл та агуу болно биз дээ.

Сэтгэлийн амар амгалан

Сэрэмсэр сэрэхүйгээ мэдрэх

Сүнсний өгөгдлөө хөгжүүлэх

Сайхан биеэ энхжүүлэхэд

Дээдэлж дандаа өөрийгөө хүндэтгэ

Дэлгэрүүлж дандаа өөрийгөө баясга

Тоож өөрийгөө баясган магтаж бай

Дотор ухаанаа хүндэтгэн байж хайрлаж бай

Чи өөрийгөө нээхийн тулд бясалгал хийж

Чин сэтгэлээ уудлан өөртэйгөө ярь

Чиний сүнсэнд буусан ариун их хувь хишиг

Чиний л төлөө өөрөө дэлгэрнэ

 

Монгол хүнд бусад ард түмний бясалгалууд тийм ч их зохидоггүй. Буруу бясалгаваас ухамсарын орон гэмтэх, гацаанд орох аюултай. Монгол ахуй тэр чигтээ бясалгал юм.

Уртын дуу чинь бясалгал

Уул усаа харан баясах чинь бясалгал

Уран тансаг биелгээ чинь бясалгал

Уянга хөгтэй хуур цуур чинь бясалгал

Учирч эжийдээ золгох чинь бясалгал

Ухаарч ааваа сонсох чинь бясалгал

Удмын сайхнаа шагших чинь бясалгал

Уудам талаар давхих чинь бясалгал

Унасан хөлгөө магтах чинь бясалгал

Уухай, хурай өргөх чинь бясалгал

Улалзах галаа өрдөх чинь бясалгал

Уярч хайлан уйлах чинь ч бясалгал билээ.

 

Уул, усандаа гараад уужиртал сайхан уухай, хурайгаа өргөчихөд ямар ч бясалгалаас илүү болохыг та ухаарна. Ухаант ардынхаа уртын дууг сонсчих юм бол уудам орчлонгийн сайханд умбаж та сэхээрэх болно.

Уртын дууны шуранхайг

Уужирч сэтгэлээ амрааж сонсоцгоо

Ардын дууныхаа аялгууг сонсож

Алд биеэ хурцлан хөнгөлцгөө

Тэр л сайхан дуунд

Тэнгэрийн хүч нь оршсон байдаг юм

Тэр л сайхан дуугаар

Тэнхээ хүч чинь нэмэгддэг юм

Тэр л сайхан дуугаар

Торох сэв чинь арилдаг юм

Тэр л сайхан дуугаар

Торгон бие чинь зөөлөрдөг юм

Чиний ухаан түүгээр чангардаг юм

Чиний хүч түүгээр ирлэгддэг юм

Чиний хүч түүгээр дуудагдаж байдаг юм

Чиний түүх түүгээр дуурсагдаж байдаг юм

Чи самуурч жаахан шаналаад байвал

Сайхан тэр уртын дуугаа сонсчих

Шивнэж хэлэх үг чинь байвал

Сэтгэлдээ түүнийг буулгаад хэлчих

Чи жаахан гуниад байвал

Ядарч жаахан зүдрээд байвал

Ялдамхан сайхан тэр л аялгууг

Ямагт дандаа сонсчих

Уур чинь үл дүрэлзэнэ

Учиг чамд уярч зөөлөрнө

Ариун их санд чинь

Алт эрдэнэ мэт хишиг буугаад ирнэ

Агуу суу ухаанд чинь

Авралын од шиг гэрэл асаад ирнэ

Монгол хүний нууц нь

Морин хийморьтоо байдаг юм

Монгол хүний нууц нь

Морин хууртаа л байдаг юм

Монгол хүний нууц нь

Магтаал туульсдаа л байдаг юм

Монгол хүний нууц шид нь

Уртын дуундаа л

Уусаж шингэсэн байдаг юм...

Ийм л учраас Монголчууд ахуйдаа гэгээрчихдэг байжээ. Гэгээрснээр амар амгаланд хүрдэг. Бурхан болж оршихуйг авардаг. Амар амгалан оршихуйн зам мөрөөр үр удмаа дагуулсан бидний өвгөд бүгд бурхад.

Монголчууд гайхалтай их сонин ард түмэн юмаа, үр удамдаа л эргэж төрөөд байх юм гэж нэгэн Гэгээнтэн хэлсэн байдаг. Монгол ахуйд Монголоороо амьдарсан бол хэзээ ч төрөл доошилдоггүй юм байна.

Энэ мэтчилэн өвгөдийн ухаанаас уудалж АРСЛАНТАЙ АВДАРНЫ НУУЦЫН ТАЙЛАЛ айлдварыг хийдэг.

***
Эх: Bellessimo Cuore
2026.3.21

Муухай Монгол Хүн


Зуун тавин жилийн өмнө Равжаа хутагт маань муухай монгол хүнийг ийнхүү бичиж байжээ. “Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй. Омог ихтэй, үгэнд дуртай, 
оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ. 
Эв нь өндөг мэт хэврэг. 
Хэрүүлч, хяналтгүй нь суман могой харвах мэт. Аргадвал тэр даруй нялхас мэт баярлах. 
Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгалах. Аашлах нь олон зантай албин мэт. 
Анхандаа бэрээ мэт цохилох. 
Завсартаа тугалган жад мэт шантрах. 
Гуйрамч болбол дайсны боолд зарагдах. 
Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах. Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох. 
Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах. Буцан тусах нь олон, 
бяраа мэдэхгүй хаан шиг загнах. 
Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах. Санаа нь юм бүрийг чадах. 
Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй. 
Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах" хэмээжээ.
Жич:энэ номыг худалдаж авна👇 (Муухай Монгол Хүн Б.Ринчин)


***

***


Comments