Аяллын хөтөч, тайлбарлагч дадлагажуулах сургалтанд Монгол тоглоом - Шагайг ашиглах нь сэдвээр туршлагаа хуваалцлаа


Travel Buddies https://www.travelbuddies.info компаниас хүсэлт хүлээн авч, дараах танилцуулга мэдээллээ илгээсэнээр 2019-4-6 өдөр Гадаадын аялагчдад шагайг хэрхэн танилцуулж, аялалдаа 4 шагайг ашиглах талаар туршлага мэдлэгээ хуваалцлаа.

= = =
Travel Buddies компаниас ирсэн хүсэлт


...  хөтөч тайлбарлагчын сургалтанд танай байгууллагаас бид монгол тоглоом тэр дундаа шагай тоглохыг заалгах хүсэлтэй байна. Хөтөлбөрийн дагуу 4 сарын 6-ны өдөр 13-14 цагийн хооронд Монгол тоглоомын хэсгийг төлөвлөсөн байна. Бидний сургалтанд манай байгууллагын 30-40 Англи болон Франц хэлтэй 1-5 жилийн туршлагатай хөтөч тайлбарлагч нар оролцоно.
Шагайн тоглоомын ач тус, филисофи, тоглоомын дүрэм болон түүхтэй нь бас заавал сонирхолтой байх (хүүхэд болон том хүнд заах тайлбарлах нь өөр байж бас болно яагаад гэвэл зарим хөтөч  хүүхэд, гэр бүлтэй аялалд явдаг). ...

= = =
Миний танилцуулга хариу имэйл

1. Шагайг хэрэглэгч, аялагч, #ХоостАйл-ыг танилцуулагч Ж.Бэгзсүрэн

1976 онд Сүхбаатар аймагт төрсөн. Шагайгаар морь уралдуулж, шагай няслаж, шагай таалцаж өссөн.
Компьютерийн програм зохиогч мэргэжилтэй, энэ мэргэжлээрээ Улаанбаатар хотын нийтийн төв номын санд ажиллаж байхдаа АНУ-ын засгийн газрын тэтгэлэгээр 2005 онд Америкийн номын сангуудтай очиж танилцах үедээ номын сангийн үйлчилгээнд төрөл бүрийн тоглоомууд ашиглагддаг болохыг харсан.
2006 онд хүний хөгжлийн Яруу сэтгэгч сонинтой хамтран Хотын төв номын сан дээр яс, төмөр, модоор хийсэн Үндэсний тоглоомын үзэсгэлэн-үйлчилгээг зохион байгуулсан.
2008 оноос couchsurfing, warmshower, workaway, airbnb зэрэг вэбүүдээр Улаанбаатар хотод ирж байгаа гадаадын аялагчидтай харилцаж, гэртээ ирүүлж байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй орны 800 гаруй аялагчдыг гэртээ ирүүлж, Монгол гэрийн амьдрал ахуйтайгаа танилцуулан, мөн шагайн тоглоомоос зааж сонирхуулж, шагайг бэлгэнд өгдөг болсон.
2016, 2018 онд Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Минск чиглэлд "Шагайтай үүргэвч" аяллыг хийж, аяллын 23000км замд болон очсон хост-айлаасаа шагайг мэдэх эсэхийг нь асууж, танилцуулж, тоглодог болсон.

Сүүлийн 10 гаруй жилд хуримтлуулсан шагайтай холбоотой туршлага, мэдээллээ танилцуулах, зааж сургах хүслээр,
Монгол улсын аялал жуулчлалд Шагайтай аяллын хөтөлбөрийг бий болгох зорилгоор,
-  Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery дээр Шагайтай аялагч үйл явдлыг аялагчдад зориулан зохион байгуулж байна. Аяллын 5-10 хүнтэй багийнхан урьдчилан тохирсон цагтаа ирж, Монгол ургамлын цайгаар дайлуулж, шагайтай холбоотой слайд үзэж мэдээлэл аваад, шагайн тоглоом заалгаж, сурч мэдсэнээ сорьж, шагнал авах боломжтой хөтөлбөр юм.



2. Шагайны тухай

Шагай нь Хүннү гүрэн (МЭӨ 200-аад он), Эртний Грек, Ромын үед ч ямар нэг байдлаар хэрэглэгддэг байсан нь Монголын Үндэсний түүхийн музей болон бусад музейд хадгалагдаж байгаа олдворуудаас харж болно.

Өнөөдөр бараг л Монголчууд бид шагайгаар тоглож, шагайг хэрэглэж байна. Учир нь бидний өвөг дээдэс, аав ээж нар бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалан үлдсэнтэй, мөн шагайгаар олон (80 орчим) тоглоом тоглож болдогтой холбоотой.

Хонь, ямаа, зээр, сүүн сүрэг зэрэг амьтны зөвхөн арын 2 хөлнөөс нь шагай гэдэг энэ цул ясыг авдаг. Иймд ховор зүйлд тооцогдоно. Усанд чанаад, махнаас нь цэвэрлээд заримдаа модны холтос, навчаар өнгө оруулж будаад, тоглоход бэлэн болно. Мөн шагайтай ижил дүрсийг төмөр, хуванцар зэргээр хийж ашигладаг болсон.

Шагайг нөхөрлөлийн бэлэг тэмдэг, буян хишгийг хураан хадгалагч гэж үздэг.
Шагайг атгах үед тос нь арьсанд шингэж эрүүл мэндийг дэмжиж өгдөг.
Шагайгаар няслах, шүүрэх, морь буулгах зэргээр тоглох нь гар, хурууны дасгал хөдөлгөөн болдог.
Шагайгаар таалцах, оноо цуглуулж тоглох зэрэгт ой санамж, оюун ухааныг хөгжүүлэхэд дасгал болно
Шагайг уран сэтгэмж гарган олон байдлаар ашиглаж болох хэрэгсэл гэдгийг бусад хөлөгт тоглоом, бэлэг дурсгал, ахуйн зүйлс хийсэн жишээг танилцуулна.


3. Шагайгаар тоглох энгийн тоглоомууд

- 4 бэрх буюу Аз хийморио сорих - дүрсийг тогтоох
- 4 шагайг цувуулан шүүрэх - ур чадварын тоглоом
- 4 шагайг 3 удаа орхиод өндөр оноо цуглуулах - ижил дүрс буулгах, тоог цээжээр нэмэх, цээжлэх
- 4 шагайгаар 100 оноо цуглуулах - шагайны байрлалын хүснэгт ашиглана, оноог цээжээр нэмнэ
- 2-4 шагайг гарын ар дээрээс шүүрэх тоглоом
- 4 шагайгаар шагай таалцаж тоглох хувилбар

Мэдээллийг слайд болгож авч очно. Нэмж ямар мэдээлэл оруулах хэрэгтэй байна вэ?

Шагайг аялалдаа ашигласан тухай Talk with me нэвтрүүлэгт ярилцлага

Мөн TEDxUlaanbaatar 2017 үйл явдалд Шагайг ойлгож мэдэрсэнээ хэлсэн:

= = =
Ингээд тохиролцсон өдөр болж, би тус компанийн сургалтанд очиж бэлтгэсэн слайдынхаа дагуу дараах санаануудыг илэрхийлсэн:
- Шагай органик зүйл, байгалийн хийц
- Шагай ховор зүйл, амьтны арын 2 хөлөнд байдаг
- Шагайн олдворууд Монголд төдийгүй Дэлхийн олон музейд бий
- Шагайгаар тоглохдоо ижил дүрс хайхаас эхэлнэ
- Шагай 4ш байхад ямар тоглоомууд тоглож болох вэ
- Шагайн энэ тоглоомуудаар ямар хандлага илэрхийлж, Гадаадын аялагчид урам зориг, аялалын сонголт нь зөв байсаныг батлаж сайшааж, Монгол хүний талаарх мартагдашгүй дурсамжийг бүтээх
- Гадаад хүнтэй харилцаж байхдаа мэдэж, анхаарч хичээх зүйлсийн талаар зөвлөсөн.

Шагайн сургалтын презентацийг дараах бичлэгээр үзэх боломжтой:



Шагайгаа аяллын хөтөлбөрт хэрхэн оруулж,
- аяллын замын алжаалыг тайлах,
- аяллыг хөгжөөнтэй зорилготой болгоход яаж хэрэглэх,
- аяллын төгсгөлд 1000 оноо цуглуулсан аялагчиддаа Дурсгалын зүйл гардуулах байдлаар яаж ашиглах талаар дараагийн сургалтыг боловсруулж байна.




Нэмэлт:
2017.5.26-6.2
Аялалын хөтөч-тайлбарлагч, энэ ажил үйлчилгээтэй танилцсан сургалтын тэмдэглэл

Дөрвөн бэрхийн мэргэ
гэж байдаг. Энэхүү мэргэнд ашиглах шагай нь аль болох өөрийн малын шагай байх болов уу, эсвэл хүний мал маллагааны дарамтанд өртөөгүй зэрлэг ангийн шагай байх болов уу гэж боддог:


Comments