Монголын нийтийн номын сангуудыг Иргэдэд Хураамжтай үйлчилж өөрийн төсвийн орлогоо бүрдүүлнэ гэх

Өнөөдөр BookBridge Foundation байгууллагын вэб хуудастай танилцлаа.

 Мөн миний гарт энэ байгууллагын “Номын гүүр” ба Хамтрагчийн хоорондын “Номын асар”, “Номын гэр”, “Номын өргөө” байгуулах 3 төрлийн гэрээ монгол хэлээр байна.

Энэ бүхэнтэй танилцаж дуусахад үнэхээр сайхан эхлэл тавигджээ гэдгийг мэдлээ.

1.    Монгол, Германы Скаут хүүхэд, залуус 2005 оноос хойш хоорондоо зочилж, Монгол улсын Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хөдөө орон нутгийн хүүхдүүдэд англи хэл дээр ном хэвлэл дутмаг байдгийг анзаарч, Номоор дамжуулан боловсролыг нь дэмжих талаар харилцан ярилцаж, улмаар судалж, ажил хэрэг болгон, өнөөдрийн байдлаар нийт 56000 номтой 4 teaching libraries-ийг байгуулж, ажиллуулж байгаа юм байна. Цаашдаа 10 ийм номын санг байгуулах
зорилттой ажиллаж байгааг уншлаа.

http://www.facebook.com/bookbridge

http://www.bookbridge.org/Bookbridge__Building_Bridges_with_Books/Blog/Blog.html хуудаснаас үйл ажиллагаа хэрхэн өргөжин тэлж байгааг мэдэж, тэдэнтэй холбоо барьж, хамтран ажиллаж болно.

2.    Энэхүү BookBridge Foundation-аас хамтран ажиллах Монголын иргэн, байгууллагатай хийх гэрээндээ “Хүүхэд залуучуудад номыг үнэгүй ашиглуулах бололцоог чөлөөтэй олгоно” гэсэн заалт байгаа нь Монгол улсын Нийтийн номын сангууд 1990-ээд оноос хойш алдчихаад, дахин олж авч чадахгүй байгаа зарчим билээ. Дэлхий дээр нийтийн номын сангууд татвар төлөгчийн мөнгө буюу Улсын төсвөөс санхүүжин үндсэн үйл ажиллагаа болох Иргэнийг мэдээллээр хангах, мэдээлэлжсэн иргэнийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаагаа төлбөр хураамжгүй явуулдаг байтал Монголд та нар үйлчилгээ үзүүлж байгаа тул хураамж ав, тэр хураамжаараа өөрийгөө санхүүжүүлээд яв гэдэг зарчим баримталснаар өнөөдөр Нийтийн номын сан нь сонгодог утгаа алджээ.

Иргэд хаана очиж ямар мэдээллийг хэрхэн цуглуулж авахаа мэдэхгүй, тэр ч байтугай Номын санд сууж ном унших цаг зав байхгүй гэж ярьдаг, Нийтийн номын санг Ном сууж уншдаг газар, Хүүхэд залуус нь номын санд гэрийн даалгавар, хичээлээ л хийх гэж ирэхээс Өөрийгөө хөгжүүлэх чөлөөт орчин гэдгийг таньж мэдэлгүй, улмаар Номын санчид нь 1980 оны сэтгэлгээгээр ажилласаар байгаа нь маш харамсалтай байна.

Англи хэл дээр http://bookbridge.org вэб хуудас, монгол хэл дээрх хамтран ажиллах гэрээг уншиж байхад зарчмын ялгаатай байж магад гэсэн ойлголтуудыг тодруулах хэрэгтэй юм байна гэж бодлоо.

1.    Англи хэл дээрх мэдээлэлдээ бичсэн Teaching libraries гэдэг нэр томъёог ойлгож судлах, миний ажилладаг Хотын нийтийн төв номын сан буюу public library –аас ямар үйл ажиллагаагаараа ялгаатайг ухаарч ойлгох цаг нэгэнт болжээ.

www.google.com-оос teaching library or public library what is a difference гэж хайж үзэхэд ялгааг нь олж илрүүлэх нилээн вэбүүд гарч ирж байна.

2.    Монгол хэл хэл дээрх гэрээнд Номын сангууд гэж бичсэн байгаа нь бидний мэддэгээр Дүүрэг, Аймаг, Сумдад байгаа нийтийн номын санг хэлээд ч байгаа юм шиг, ЕБС-ийн номын санг хэлээд ч байгаа юм уу, эсвэл иргэн би хувиараа номын сан байгуулж ажиллуулахыг хэлээд байна уу, тодруулах л ойлголт байна гэж бодлоо.

За ямартай ч гэсэн BookBridge Foundation-ны үйл ажиллагаа нь 1990 оноос хойш Монгол улсад англи хэл дээрх 500000 номыг хандивласан Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөр, үйл ажиллагаа /http://asiafoundation.org/program/overview/books-for-asia-in-mongolia/-аас илүү өргөн цар хүрээтэй, хүүхэд залуус хүртээмжтэй төдийгүй, үйлчилгээг удирдан явуулж байгаа багш, номын санч, идэвхитэй залууст мэдлэг мэргэжил, ажлын ур чадвар дээшлүүлэхэд нь туслах, хамтран ажиллах сайхан эхлэл тавигдаж байгааг мэдээд их баярлалаа.

Харин одоо нийтийн номын сангуудтай BookBridge Foundation хамтран ажиллахдаа анхаарах хэдэн зүйлсийг бичье:

-       Монгол улсын 320 гаруй Нийтийн номын сангуудын Жилийн үйл ажиллагаанд шаардагдах төсвийг улсаас 100 хувь өгдөггүй учраас Сумын нийтийн номын сан 1 сая төгрөг, Аймгийн нийтийн номын сан 1,5 сая төгрөг, Хотын нийтийн номын сан 60 сая төгрөг, Хүүхдийн номын ордон ? сая төгрөг, Үндэсний номын сан ? сая төгрөгийг Уншигч бүртгэл, Гэрээр ном олголт, Өрөөгөө түрээслэх гэсэн 3 арга замаар олж, ус дулаан цахилгааны зардлаа гүйцээн төлж, ажиллагсадынхаа цалинг гүйцээн олгодог юм.
Ийм нөхцөлд шинэ 1-2 номын санчийг ажилд авч, Номын гэр, Номын Асар, Номын өргөөг хариуцуулан ажиллуулна гэдэг бол бас л Цалингийн сан хүрэхгүй, энэ жилдээ хүрсэн ч Дараа жил төсөвтөө суулгаж чадахгүйн зовлон байдгийг анхаарч, Сайн дурын гишүүд-дэмжигчдийг номын сан өөртөө хэрхэн татаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургавал хэрэгтэй байх.

-       Хэрвээ Монголын хамтрагч байгууллага BookBridge логотой Номын өргөөнийхөө үйл ажиллагааг хэвийн явуулж, тайлан мэдээгээ илгээхгүй бол өгсөн номуудаа буцааж авна гэж гэрээнд бичсэнийг хараад, Номоос чинь дутсан байвал яах болоо гэж асуумаар санагдлаа. Монголын нийтийн номын сангуудын өнөөгийн практикт бол дутсан номыг Номын санч төлдөг, харин Германы сан яах бол? Гадаадад бол яадаг ч үгүй л гэж би сонссон?

-       Гадаадын сургуулиудад ашиглагдаж байсан номууд Монголд ирж байгааг хараад, номын ариун цэвэр ямар байдаг бол, дээхэн үед бол Номыг ариутгаж, халдваргүйжүүлдэг аппарат байсан гэсэн, Одоо ийм технологийг BookBridge-ийн шугамаар Монголд ашиглавал аль аль талдаа хэрэгтэй гэж бодогдлоо.

-       Герман бол хууль дүрмээ яс баримталдаг улс гэж би ойлгодог, гэтэл Монгол улсын хамтран ажиллагч байгууллага нь ашиглаж байгаа компьютертаа ёс журмын дагуу худалдаж авсан биш хуулбар, хулгайлсан Windows систем хэрэглэдэг нь хамтын ажиллагаанд саад болохгүй байх, энэ мэт хууль бус асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллах бол?

-       Хүүхэд багачуудад зориулж үнэгүй курс дамжаа ба бусад арга хэмжээнүүд зохион байгуулж явуулна гэдэг заалт гэрээнд байгаа нь бас л дээр бичсэн шиг сайшаалтай. Монголд бол заавал нэг хураамж авах гээд байдаг. Ямар сайндаа л сургуулийнхаа математикийн олимпиадад 3-р ангийн хүү маань оръё гэхэд Мандатны 500 төгрөг гээд эрхийг нь боогоод байхав дээ? Сурагчийн үнэмлэх гэдэг пластик картгүй л бол автобусанд 200 төгрөгөөр яв гээд байгаа, харин тэр 2000-3000 төгрөгийн үнэтэй карттай бол 100 төг төлж автобусаар 10-аас дээш настай хүүхдүүд явдаг нь Монголын үнэн.

-       Монголын хамтрагчаасаа хүсэж байгаа дээрх шаардлагууд нь үнэхээр чухал, ийм ч учраас хэрхэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулах дээр нь volunteering, donation, membership, private money гэх мэт ойлголтуудыг санхүүжилтандаа оруулж ирэхийг Монголын байгууллагуудад сургаж, шаардаасай гэж хүсэж байна.

-       Нийтийн номын сангуудын одоогийн үйл ажиллагаанд судалгаа хийж, анхаарлаа хандуулж, аль болох ажлын цагийг уян хатан байлгах, номын фондыг чөлөөтэй байлгах, компьютер, интернэт, цахим ном хэвлэлийг бий болгоход нь туслан хамтран ажиллахыг эцэст нь хүсье.

Монгол улсад олон BookBridge байгуулагдаж, хүүхэд залуусыг номтой холбоосой гэж хүсэж байна.

Амжилт хүсье.
Ж.Бэгзсүрэн

Comments