Зэс эрдэнэ

ЗЭСНИЙ ХАЙХАМШИГ
Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан.
Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч “зэслээд өгөөч” гэж гуйж байсан, энэ муу ач хүүг 13 хүрэхэд нь бэлэглэх санаатай юм гэж байсныг мартдаггүй билээ. “Паах, ийм ногоорчихдог аягаар яах юм бэ?” гэж би тэр үед их л дургүйцэн бодож байлаа.
Нилээн хугацаа өнгөрсөн хойно эмээгийн нэгэн зэс таваг ногоорчихсон өнгөтэй байхыг үзээд ярвайж: 
- Эмээ энэ таваг чинь өмхий үнэртэх болчихжээ гэсэн чинь эмээ:
- Ногоорно гэдэг чинь зэс зэвэрч байгаа нь тэр. Зэсийн байвангаар цэвэрлэдэг юм гэснээ нэгэн боодолтой юм гаргаж нөгөө таваг дээр гоожуулаад даавууны өөдсөөр арчиж зүлгэсэн чинь ногоон өнгө нь арилж гялтганасан улаан шар өнгө гарч ирсэн юм.
Би гайхаж:
- Бараг л алт шиг өнгөтэй болчихлоо гэсэн чинь эмээ
- Алт л гэсэн үг шүү дээ. Аранжин зэс гэдэг чинь “улаан алт” юм шүү гэхчилэн ярьсан билээ. Гэвч эмээ намайг 13 нас хүрээгүй, аймгийн төвд сургуульд сууж байх үед “өөд болчихсон” юм, Өнөөх зэслүүлсэн аягаа ч өгч чадаагүй өнгөрсөн хэрэг.
Эмээ тэр жил намайг сургуульд явах үед:
- Зэс аягаа хийлгэж байгаад хавар ирэхээр чинь өгнө гэхэд нь би ярвайж: 
- Зэс аяга муухай ногоорчихдог юм байна лээ гэсэн чинь эмээ:
- Юу гэсэн үг вэ! Зэс аяга шиг сайн аяга байхгүй. Мөнгөн аяга, шаазан аягатай зүйрлэхгүй сайн аяга шүү. Чиний гэдэс дотор чинь жаахан бүлбэгэр шүү. Зэс аягаар юм ууж идэж байвал сайн, Аранжин зэс аяга чинь алтан аяга л гэсэн үг. Алт бол гоё ч гэсэн хар мөртэй, зэс улаан ч гэсэн элбэрэлтэй гэдэг юм.
Гэтэл намайг залуучуудын байгууллагыг удирдах ажилд томилогдох үед “зэс” гэдэг үг чихэнд хадаж “Эрдэнэтийн зэс, молибдений баяжуулах үйлдвэр” байгуулна. Ажиллах залуусыг илгээлтээр ирүүлнэ үү! гэж билээ. “Зэс” гэдэг үг ахин аманд уягдаж бага балчирын дурсгал амилан, эмээгийн зэс сав суулга, зэс аяга, зэс бөгж санаанд орж ирсэн билээ. Тэгээд л “зэс”, “молибдений” тухай ном уншиж, лавламж эргүүлэх болов.
Тэгтэл “зэс” гэдэг шар алтнаас үнэтэй улаан алт гэх утгаар ярьсан эмээгийн үг нотлогдох нь тэp. Нотлогдохдоо бүр шинжлэх ухааны үндэслэлтэй нь ойлгогдов. Зэс бол алт, мөнгө, төмөр, висмут зэрэг эрдэс бодис агуулдаг ихээхэн онцгой чанартай эд ажээ. Тийм учраас эрүүл мэндэд сайн нөлөөтэй олон талын ач холбогдолтой юм байна.
Үүнд:
- Бүйлс булчирхайн хавдрыг дардаг.
- Саа өвчин, мэдрэл тасалдсаныг зэсээр жиндүүлж засдаг.
- Зүрхний цус дутагдахад хүзүүгээ тойруулан зэс зоосоор жин тавьдаг.
- Хамар дотор тал хавдах, хатах тохиолдолд зэс зоосон мөнгөөр нүдний булан, хамрын нахиуд жин тавьдаг
- Дүлийрэхэд зэсээр чихээ бөглөдөг.
- Яршихад зэс хавтангаар дарж боодог.
- Сэлхрээг /хаван/ зэс дардаг.
- Хөх няц болсон газрыг зэсээр даруулна.
- Сормуусны хавдрыг мөн зэсээр дарна.
- Судас хатуурах, шижин өвчинд зэс эм болдог. Нуруун тус газар юмуу зүүн эрүүн дор зэс зоосоор даруулдаг
- Зүрхээр хатгаваас зэс зоосыг омрууны хонхорт байрлуулж гоюу наалтуураар нааж өгдөг байна.
Зэс ийм ид шидтэй юм шиг нөлөөлдөгийн учир нь хүний бие махбодод зэс тун бага тул милиграммын хэмжээний зэсийн нөлөө чухал. Хүний бие махбодод агуулагддаг зэс нь:
- Зүрхний ажиллагааг зохицуулж
- Холестриний түвшинг хязгаарлаж
- Чихэрлэг болон шээсний хүчлийн хэмжээг хянаж
- Ясыг бэхжүүлэхэд туслаж
- Хүний цусан дахь цагаан, улаан бөөмсийг боловсруулахад нөлөөлж
- Хэрэх болон шархираа өвчин, зүрхний өвчин тусахаас сэрэмжлэхэд хэрэг болдог ажээ.
Иймэрхүү өвчнөөр сүүлийн үеийн “хотожсон” залуучууд нэлээн өвдөх болсон байна. Шинжлэх ухааны үндэстэй зэсний ач тус нь хүний бие махбодод ёстой л “сувилагчийн” үүрэг гүйцэтгэдгийг ном судраас ийнхүү олж мэдсэнийхээ дараа бага насандаа эмээгээс сонссон зүйлээ бас эмээ маань голдуу зэс сав суулга, эд хэрэглэлтэй байсны гүн утга учрыг эргэцүүлэн бодож, бишрэл төрж билээ.
Монголчууд хэдэн мянган жилд анагаах ухааны үйлчилгээний сүлжээ ч үгүй аж төрж байсан мөртлөө эрүүл чийрэг, өвчин эмгэг багатай байсан нь монголчуудын бүтээсэн “нүүдлийн соёл иргэншлийн” ач үр байжээ. Зэс эдлэл нь хүртэл өрх гэр, ам бүлийн бэлэн “сувилагч” байсан ажээ.
Харамсалтай нь одоо үед зэсийг тоохоо байж, хааяа нэг айл зэс домбыг зүгээр л хуучны үзмэр болгон гэртээ тавихаас хэтрэхгүй болжээ. Уул нь тэр зэс эдлэл эрүүл мэндийн улаан алт юм шүү дээ.
/Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хэл бичгийн ухааны доктор Л.Түдэв/


***

ЗЭСЭЭР ХИЙХ ЭМЧИЛГЭЭ
Зэс нь: Чангаанз, овъёос, арвай, манжин, тарвас, шош, үхрийн нүд, цагаан идээтэй хоол хүнсэнд агуулагдана.  Хүүхдийн шүдний ургалтыг  түргэсгэхэд  зэс  бөгж, бугуйвч,  хөл гарт нь 1-8 см диаметртэй  1-3 мм зузаан ялтас хэрэглэдэг.  Зэсийг эмчилгээнд нааж тавих, буцалгаж шөлийг уух, зэс аяга сав хэрэглэх, амандаа хүлхэх,  зэс бөгж,  бугуйвч зүүх зэргээр ашигладаг.  Зэс ялтсийн 2 талын гадаргаар нэг нэг өдрөөр нааж хэрэглэсний дараа давстай усанд  5-10 минут буцалгах эсвэл лимоны хүчилтэй усанд хэсэг байлгаад авахад л өнгө ордог.  Гэх мэтчилэн 2 хоногоор хэрэглээд  дахин цэвэрлэнэ.  Мөн 14 хоногт  1 удаа галд улайтган, ариутгаж эмчилгээний идэвхийг сэргээнэ.  Ялтас нь зоос шиг дугуй голдоо нүхтэй байвал илүү эвтэйхэн ялангуяа толгой өвдөхөд хоёр шанаандаа наахад амар байдаг. Өвчин намдангуут өөрөө унаад л ирнэ.  Даралт  ихтэй хүмүүс  хөлнийхөө уланд хийнэ. Үүнийг бол зуйвандуу голоороо 2-3 нүхтэй хийвэл зүгээр байдаг. Нүхтэй хийдэг нь соронзон оронг нь илүү болгох гэж.  Биед наагаад авсан зэсийг харахад өнгө нь хувирч ногоондуу, хархүрэн болсон байвал эмчилгээ сайн хийгдэж байна гэж үзнэ.  Хэрэв хувирахгүй бол байрлалыг өөрчлөх хэрэгтэй.  Зэс ялтас ихэнх тохиолдолд өвчтэй хэсэгт өөрөө даалдчихдаг. Тухайн эмгэг зүгээр болонгуут өөрөө унаад ирдэг.  Зэс тавьж хөхүүлэх эмчилгээг  14  хоногоос  6 сар  хүртэл үргэлжлүүлнэ. Өдөрт 2-10 цаг, шаардлагатай тохиолдолд 48 цаг ч тавьж болдог. Удаан хугацаагаар хэрэглэх үед  пластераар наах эсвэл тусгайлан бэлдсэн боолтоор боовол зүгээр. Зарим үед зэсээ авахад арьс улайж өрөвссөн байвал бүлээн усаар угааж тослоод өрөвсөл намдсаний дараа эмчилгээг үргэлжлүүлнэ. Зэс наахад биеийн халуун буурч, өвчин намдаж, цус тогтоох, нян бактерийг устгах, эрдэс давсны солилцоог идэвхжүүлж,  нойр сайжруулах, төв мэдрэлийн системийг тайвшруулан цусан дахь инсулиний үйлчилгээ, цусны цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг байна. 
ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ:  Зэсийн хөхний үрэвсэл хатуурал өвчин, бамбай булчирхай, багтрал астамын үе, уушигний үрэвсэл, сүръе, уушигны наалданги, уушиг устах, архаг мэнгэр, чихний архаг үрэвсэл, чихээр хатгуулах, булагтах, дүлийрэх, чих шуугих зэрэгт тухайн газарт нь наах ба хамрын дайвар хөндийн үрэвсэл, гомарит  хамрын өвчний үед 2 нүдний хооронд буюу нүдний дор, бөөр давсагны өвчний үед тухайн өвчтэй газарт, бөөр чулуужсан, давсаг чулуутай бол зөвхөн өдөртөө бэлхүүсний бүсэн дороо зэс 2-3 сар тавина. Үе мөчний өвчин, нуруу ууц, радикулет зэрэг өвчний үед  ууц нуруундаа , үе мөчний өвчинд зэс бугуйвч бөгж хэрэглэх, цөсний үрэвсэл, хатуурал,  чулуужилттай үед ,  мэс заслын дараах шарх, ослын үеийн гэмтэл, цээжний няцрал зэрэгт шарх түргэн эдгэнэ.  Аманд яр шарх гарахад зэсийг амандаа 2-3 хоног хүлхэх, хүүхдийн ам гэмтэхэд  зэс  халбага  хөхүүлнэ.  Ходоод муутай, хоолны шингэц муутай  хүмүүс  зэс аяга хэрэглэн хоол ундаа идэж уусны дараа аягаа долоож байвал,  2-3 сарын дараа ходоод гэдэсний өвчнөөс сална.  Зүрхээр хатгаж өвддөг бол эгэмний доод хонхорхойд  8-10 цаг нааж 10 хоноход өвчин намдана.  Хоргүй болон аливаа хавдарын үед тэр хэсэгт зэсээ наах, мөн туяа эмчилгээний үед  өвчтөний цацрагийн хортой үйлчилгээг саармагжуулдаг байна.  Яс хугарсан үед зэсийг хөрөөдөж гарсан нунтагийг  0.1 граммыг сүү цөцгий эсвэл өндөгний шартай хольж 7 хоногт 2 удаа уух ба эсвэл зэс чанаж ууж болно.

Эх: Зэс аяга хуудас

Comments