Хувийн аяганы соёлын элчин сайд Personal bowl culture Ambassador

"Хувийн аяга нь хүнийг амьтанаас ялгаатай болгодог" Ж.Бэгзсүрэн

2018 он Шагайтай үүргэвч аялал
Бид мөнгөн аяга, зэс аяга хаана ч авч явж хэрэглэдэг


Өрх гэрт хүн бүхэн өөрийн аягатай байдаг нь насанд хүрсэн хүмүүс ходоод, гарын нян вирусээ хүүхэд багачууддаа, бусаддаа дамжуулахгүй байхын үндэс байжээ.

Мөн хувийн аягандаа эзэн болсоноор угааж цэвэрлэхээ өөрөө хариуцаж, тараг, тосыг долоож бүрэн хүртэх, ааруул ээзгий, хишгээ аягандаа хадгалах гээд хүнс хоолтой байх үндэс байжээ.

Аав ээж нь бор хоолонд орох нь дөхсөн үр хүүхэддээ модон аяга тагш бэлтгэж, ямар уут саванд аягаа хадгалахыг нь зааж хэлснээр өөрийн өмчтэй болох мэдрэмжийг өгч, 13 насны дом баяр дээр нь зэсээр бүрсэн, эсвэл шинэ аяга, аяганы даалинтай нь бэлэглэж, хожмоо хурим найр дээр нь уран дарханы хийцээр бэлэгдэл дүүрэн, мөнгөөр бүрсэн, хос аягыг өвөө эмээ, аав ээж нь бэлтгэн бэлэглэдэг байжээ.

Ингэж хаа явсан газраа хувийн аягаа авч явж, хэрэглэдэг нь эрүүл ахуйг дэмжсэн, эмх цэгцэд сургасан, амьдралын үнэ цэнийг бүтээдэг шилдэг шийдэл - ёс уламжлал болжээ.


Монгол орныг зорин ирсэн гадаадын аялагч, жуулчин хүмүүст энэхүү ахуй соёлоо таниулж ярьдаг байсан ч мэдлэг, хэрэглээ, хэвшил болж чадахгүй мартагддаг байсаныг 2025 оны 3-р сараас Нүүдлийн соёлын төв - ХӨХ ОТОГ -ийн гадаад хүмүүсийн өдрийн аяллын хөтөлбөрт зэс аяга бэлэглэж эхэлснээр, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Манай гэрт зочлон ирсэн #айлчин найз нартаа хувийн аягатай байхын давуу талыг ярьж таниулж,  зэс аяга худалдан авахыг нь дэмжиж, Хувийн аяганы соёлын Элчин сайд болоорой гэж ерөөж, хүсдэг боллоо.


Ийм хэмжээнд хүрэхийн тулд бид өөрсдөө 
Хүүхэд байх цагаас хүүхэд бүхэн өөрийн аягандаа хоолоо иддэг, тараг ууж, аягаа долоодог байсаныг өнөө цагийн гарын ариун цэвэр, ходоодны эрүүл ахуй, шүлсээ залгихын ач тус, хог хаягдал багатай амьдрахын тулд хэрэглэж байгаа зүйл нь олон дахин, удаан хэрэглэгддэг чанартай байх, аягатай холбоотой ёс заншил, зүйр сэцэн үгс буюу аман хуулиудыг тунгаан бодож, гадаадын аялагч нарт тайлбарлан таниулж ирлээ.

Хувийн аягатай байхын 10 ач тус

  1. Аяга нь хүний өмч хөрөнгө ямар байх хэрэгтэйн жишээ
  2. Аяга нь түүний амьдралын дурсамж, зарим үед эцэг өвгөдийн нь түүх дурсамж
  3. Аяга нь хоол хүнсний амт чанарыг өөрчилдөггүй байх, хоол хүнсийг сэтгэл дүүрэн, эм мэт хүртэх боломж
  4. Аяганы гадаргуу нь гар, шүлс ходоодны нян бактерыг агуулдаг тул  эрүүл мэндээ хамгаалах хэрэглэгдэхүүн
  5. Аяга нь тухайн хүний эрчим энерги, ходоод гэдэсний эрүүл мэндийн толь болох чанартай
  6. Аягаа долоох нь хоол хүнсээ бүрэн хүртэж, нэмж идэхгүй, дүүрсэний дохио
  7. Аягаа долоож цэвэрлэх нь ус, бусад зүйлсээр угааж ариутгаснаас илүү сайн цэвэр болгож, аяганы дотор талыг хурдан хатааж, нян вирус үржих боломжгүй болгоно
  8. Аяга долоох үед хоолой, хэлний булчин, зүрхний эрүүл мэндийг дэмжсэн дасгал болно
  9. Аягаа долоох тусам шүлс ихээр, олон төрлийн шүлс ялгаруулах дохио болж, уг шүлсээ залгиж идсэнээр амны хөндийн шүлтлэг орчинг дэмжиж, шүдийг цэвэрлэх, хоол боловсруулалтыг дэмжинэ
  10. Хувийн аяга нь таныг амьдралдаа хариуцлагатай ханддаг хүмүүн гэдгийг илэрхийлж чадна


Урьдын ахмадууд нь модны үндсэн бор тагшинд хүнсээ хүртээд, чулуунд аяганы амсрыг нэг удаа үрдэг байсан гэж Базар ахаасаа бид 2015 оны 2-р сард сонссон. Ингэж тагшаа ирмэгээс нь маш бага хэмжээгээр багасгаж, нас өндөрсөхийн хэрээр хүнслэх хэмжээгээ тохируулдаг ухаан байжээ.


Comments