Мэдээ.МН Б.Гэрэлмаа / Энтертайнмент 2019.02.18 СУРВАЛЖЛАГА: 11 жилийн хугацаанд 50 улсын 800 аялагчийг гэртээ ирүүлсэн Ж.Бэгзсүрэнгийнд зочиллоо
Үүргэвчээ үүрээд дэлхийн улсуудтай танилцах аялалд гарч, эдийн засгийн байдлаас үл хамааран адал явдал эрэлхийлэн аялагчид байдаг. Ийм аялагч очиж буй улсдаа тохь тухтай байхаас илүүтэй, тухайн улсын соёл уламжлал, амьдрал ахуйг нь нүдээр үзэх гэж айлд хоноглох хүсэлтэй байдаг хэрэгцээнд үндэслэн аялагчдыг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг вэбсайтууд олон болжээ.
Бэгзсүрэнгийнх ийм вэбсайтыг хэрэглэж Монголоор дайран өнгөрч буй эсвэл Монголыг зорин ирж буй аялагчдад гэртээ ирэхийг зөвшөөрч, тэдэнд энгийн нэг Монгол айл 5 ханатай гэртээ ингэж амьдардаг, бидний хоол унд, тоглоом наадгай, ахуй байдлаа танилцуулдаг. Үүнийхээ төлөө аялагчдаас мөнгө авахгүй, харин эргээд олон төрлийн мэдээлэл, итгэлцэл хайр, амьдралын олон хэв маяг, шинэ содон зүйлсийг бэлгэнд авна. Ийм амьдралын энэ хэв маягийг тэрээр #ХООСТАЙЛ хэмээх шинэ нэр томъёогоор нэрийдэж, боломжтой сонирхсон Монгол айлуудыг
хоостайл болоосой хэмээн уриалж буй.
Ингээд бид хоостайл Бэгзсүрэнгийнхийг зорилоо. Өглөө эрт ажилтай тул 07:00 цагт уулзахаар цаг товлосны дагуу Дарь Эхэд байх тэдний гэрт ирвэл, тэднийхэн бүгд босчихсон тус тусын ажлаа хийцгээж байна. Гэргий Б.Мөнгөнсоёмбо нь галаа түлж, цай чанаад гэрийн дотор дулаан байлаа. Мөн тэднийд хоёр Франц аялагч ирчихсэнтэй нь тааралдав. Охид нь 13, 15 настай мөртлөө Француудтай англиар яриад ойлголцчихож байна. Тэдний гэрийнхэн хөгжилтэй, дулаахан уур амьсгалтайгаар биднийг ийн угтаж авлаа.
Ж.Бэгзсүрэн:
-Юуны өмнө тантай хоостайл гэж юуг хэлээд байгаа талаар ярилцъя. Та манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
-Англиар host family гэдэг үгийг Монголчилж "хоостайл" гэж нийлүүлж, эсвэл “хоост айл” гэж бичиж байгаа. Орчин цагт техник технологи нэвтрэхийн хэрээр тухайн улсын хэлэнд шинэ үг орж ирдэг шүү дээ. Тиймээс үүнийг энэ чигээр нь нэр томъёо болгон хэрэглэж, ойлгоосой гэж хүссэн. Монгол хүн өөрийн амьдарч буй орон гэрийг элдэв хачир чимэггүйгээр шууд музей болгож байгаа үйл явц гэж тайлбарлаж болно. Тэр айлын тогоо шанага, тавилга хэрэгсэл гэх эд зүйлсээс гадна хоорондын харилцаа, яриа, хийж буй үйлдэл бүгд үзмэр. Түүнийг гадаад хүн үзэх гэж ирнэ. Тиймээс өөрийн гэрийг гадаад хүмүүст үзүүлэх боломжийг олгосон айлыг би хоостайл гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ хоостайл болъё гэвэл танайх заавал Монголынхоо уламжлалт ахуй, соёлыг өдөр тутамдаа хэрэглэгдэг байх ёстой. Жишээлбэл, танайх аягаа долоодог байж болно, сүү цагаан идээ, хоол бэлтгэх технологио мэддэг байх, наад зах нь монгол тоглоомуудтай байх ёстой. Хэрэв нэг оюутан "Манай аав ээж хөдөө байдаг, би өөрөө хотод боловсрол эзэмшихээр ирсэн, аав ээжийнхээ гэрийг хоостайл болгож гадаад хүмүүсийг хөдөө ахуйд аваачъя” гэж бодвол заавал жуулчны компанид хандах бус, та өөрийн гэрийг хоостайл болгоод, зөвөөр ойлгоод авч ашиглаж болно л гэсэн үг. Үүнийг манайхаас ч юмуу, хэн нэгнээс хуулбарлаад байгаа юм биш. Хүн өглөө босоод цай уудгаа тэр айлыг дуурайж байна гэж ярьдаггүйтэй адил адилхан л амьдралын хэв маяг шүү дээ. Тиймээс хостайлын хэв маягийг та өөрийн хөдөөний эсвэл хотын гэртээ бий болгож болно.
-Хоост айл байхын давуу талыг та юу гэж тайлбарлах вэ?
-Хоост айл болсноор өөрийн гэр орноор бахархах сэтгэлтэй болно. Магадгүй хоост айл ямар нэгэн буруу зуршилтай бол түүнийгээ засах хэмжээнд хичээдэг давуу талтай. Жишээлбэл, ихэнх аялагчид архи ууж, тамхи татдаггүй, тэд үргэлж усанд ордог, тэд үргэлж инээмсэглэдэг. Тиймээс өөрийн орчинд байдаггүй сайн зүйлсийг тэднээс оруулж ирэх боломж нь хоост айл болсноор бий болдог. Хэрэв гэрт зочинтой байхад эхнэр нөхөр хоёр муудалцвал хэзээ ч уурлахгүй шүү дээ. Уурлах зүйл байсан ч түүнийг эерэгээр харж, асуудлаа шийдчихдэг. Энэ мэт маш олон давуу тал байдаг. Тэднээс хэлний мэдлэгээ дээшлүүлнэ, улс орнуудын талаар мэдээлэл сонсоно, эерэг сайн хэвшлээс нь өөртөө авч шингээнэ. Бид ч мөн буцаагаад Монгол хүний сайхан чанаруудыг харуулж, өв соёлоо сурталчилж байгаа юм. Тиймээс Монгол айлууд энэ үгийг ойлгож, хоорондоо ярилцаж үзээсэй гэж хүсч байна. Хамгийн энгийнээр хоост айлыг ойлгоё гэвэл би гадаад оронд очвол яах вэ? гэж бодож үзэх хэрэгтэй.
-Та өнгөрсөн жил TEDxUlaanbaatar үйл явдалд орж илтгэл тавьсан шүү дээ. Нийгмийн онцлог санаа, бүтээлтэй хүмүүс оролцдог энэ үйл явдалд та юу ярьсан талаараа товч мэдээлэл өгвөл?
-Тийм ээ, би “Монгол айл дахь зочны дэвтэр” нэртэй илтгэл тавьсан. Бид сүүлийн арван жилийн турш гадаад хүмүүсийг гэртээ ирүүлээд, тэр хүмүүсээрээ сэтгэгдлийг нь бичүүлж авдаг. Одоогоор манайд долоон дэвтэр байна. Үүнээс харж байгаад бидний санаанд илүү их үлдсэн болон тэдний туршлагаас амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлүүдээс ярьсан.
Манайд ирсэн нэг Япон залуу Улаанбаатар хотын марафонд л зөвхөн оролцохоор зорьж ирсэн байх жишээтэй. Тэр залуугийн дэвтэр дээр бичиж үлдээсэн тэмдэглэлээс “Бид ер нь яагаад гүйдэггүй юм, энэ залуу Монголд зөвхөн гүйхийн тулд ирж байхад” гэж бодсоноос хойш марафонд оролцдог болсон байх жишээтэй.
Өөр нэг бодлыг өгсөн зочин бол цүнх дүүрэн тоглоомтой Бельги зочин. Цүнхэндээ хувцас хунар бусад хэрэглэлээс илүүтэй төрөл бүрийн тоглоом хийж үүрээд өөр өөр улс оронд айлуудад очоод тоглоомоо дэлгэн, гудамж , зочид буудал, очсон айлдаа гээд хаана ч байсан хамаагүй тэр тоглоомыг тоглож буй хүмүүсийн яриа, баяр хөөрийг бичиж авдаг радиогийн сэтгүүлч байсан. Тэр хүн манайд ирээд бидний шагайгаар тоглож буй дуу авиаг бичиж аваад явах үед “бид монгол тоглоомнуудаа суръя, сэргээж хэрэглэе” гэж бодох болсон. Ингээд би Нацагдоржийн номын сангийн ажил дээрээ тоглоомын өдөрлөг зохиож байсан.
Мөн Архангай аймагт байдаг Тэрхийн цагаан нуурыг тойрч аялсан Франц хүмүүс бид энэ байгальд дахиж заавал ирнэ сэтгэгдлийн дэвтэрт бичсэн байдаг. Энэ санаан дээрээс
Монголд аялахаар ирсэн хүмүүс дахин ирнэ шүү, тэр үед нь бид байгалиа тэр чигээр нь хадгалан авч үлдэх хэрэгтэй байна, бидэнд туслаарай гэдэг санааг хэлсэн.
-Танайх ямар вэбсайтаар дамжуулан аялагчидтай харилцдаг юм бэ?
-Бид 11 жилийн өмнөөс couchsurfing.com сайтыг хэрэглэж ирсэн. Мөн warmshowers, workaway.info вэбүүдийг хэрэглэдэг. Харин “TEDxUlaanbaatar”-т оролцоод завсарлагаанаар нь оролцогч үзэгчидтэй ярьж байхдаа Airbnb.com гэж сайт байдгийг мэдээд хэрэглэж эхэлсэн. Airbnb сайтаар ирж байгаа аялагчид мөнгө төлдөг. Ингэхдээ нэг хоногийн 10 доллар орчим байдаг бөгөөд манайх тухайн зочиноо тосч авах, үдэж гаргах, мөн хоолыг нь хариуцдаг. Ингээд ирсэн зочид сайтад байх манай бүртгэл дээр сэтгэгдлээ бичиж үлдээхэд нь сайтаас "супер хост" гэсэн өргөмжлөл бүхий тэмдэгт байршуулдаг. Манайх тийм айл болчихсон яваа.
-Энэ 11 жилийн хугацаанд танайд хэдэн жуулчин ирж, буув. Тэдний дунд дахин ирсэн хүн байдаг уу?
-Дахин ирсэн хүн цөөхөн. Харин өөрөө ирээгүй ч найз нөхөд, аав ээжийгээ явуулсан нь бий. Ер нь хүмүүс Монголд дахин ирэх их сонирхолтой. Учир нь Монголыг Чингис хааны үеийн түүхээр нь л төсөөлж анх ирээд, орчин үеийн хот, барилга байшин, тээвэр унаа болон хүний гар хүрээгүй хөдөөгийн байгаль зэрэгцэн оршдог өвөрмөц байдал сэтгэлийг нь татдаг.
2018 оны эхэнд манайд нэг Франц залуу ирсэн. Тэр залуу статистик тоо баримтанд их дуртай гээд, манай зочдын дэвтрийг нэг бүрчлэн шүүж, ирсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт, улс орон, тоог нарийн бичиж гаргаж өгсөн. Үүнээс харахад манайх 50 орноос 450 удаагийн зочин хүлээж авалтаар 800 гаруй хүнийг гэртээ ирүүлсэн байдаг. Ганц нэгээрээ аялахаас гадна, гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө ирдэг тохиолдлууд олон.
-Анхны зочин хүлээж авсан дурсамжаасаа эргэн санавал. Тэр хүнтэй хэрхэн танилцаж байв аа?
-Анхны зочин Америк залуу Эндрью Жудкинс байсан. Тэр миний ажиллаж байсан Нацагдоржийн номын сангийн уншигч хүүхдийн гэрт ирсэн байж, тэр хүүхэд “Манай Америк найз гэр хороололд очиж үзэх хүсэлтэй байгаа юм байна, та гэртээ аваачиж болох уу” гэж асуусан. Ингээд тэр хүнтэй анх номын сан дээр уулзаж, ярилцсан. Америк залуугаас би яаж энэ уншигч хүүхэдтэй танилцсан юм бэ гэж асуутал “Би couchsurfing сайтаар дамжуулан танилцсан” гэж хариулахаар нь вэбсайт руу орж үзээд аялагч хүмүүсийг орон нутгийн хүнтэй холбодог юм байна гэдгийг олж мэдсэн. Энэ нь надад маш их таалагдсан учраас тэр дор нь бүртгүүлэхэд Эндрью их гайхаж байсан. Гэтэл би номын сангийнхаа ажлаар олон улс оронд явж үзэж, сургалтанд сууж байсан. Нөгөөтэйгүүр тэр гадны орнуудад очоод зочид буудалд буугаад хөтөлбөрийн дагуу явдаг ч надад энэ улсад ирснийх тэр улсын хүнтэй танилцаж, гэрт нь очиж үзвэл сайхан байх байхдаа гэх бодол байдаг байсан. Тэр утгаараа хэрэгцээ шаардлагыг нь ч ойлгож бүртгүүлсэн нь тэр. Эндрью манайд хоёр хоносон байдаг.
Харин яг энэ вэбээр харилцаж манайд ирсэн анхны айлчин бол Шотлондаас ирсэн Крис Монахан гээд цөмийн физикээр суралцаж буй оюутан байсан. Би тэр залууг анхны зочин, нөгөөтэйгүүр оюутан хүүхэд гэдэг утгаар нь Буянт-Ухаа дээрээс тосч авна гээд өглөө Дарь-Эхийн гэрээсээ үүрээр дөрвөн цагийн үед дугуйтайгаа гараад жийж байлаа. Амралтын өдөр байсан болохоор автобус их орой явах гээд байдаг, гэтэл тэр хүүхдийн онгоц 06:00 цагийн үед буух байсан болохоор эхнэр бид хоёр догдлоод л анхны хүнээ тосохоор тэгж яарсан. Энэ бүхэн минь надад хэзээ ч мартагдахгүй, сайхан дурсамж.
-Та бүхэн аялагч зочноо хэрхэн сонгож, зөвшөөрөл өгдөг юм бэ?
-Бидэн рүү аялагчид вэбээрээ дамжуулан харилцдаг. Надад ирсэн имэйлийг нь уншиж танилцангаа сайт дээрх бүртгэлийн мэдээллийг нь уншиж, ямар хотоос, яаж аялаж яваа, хэдэн настай зэргийг нь байж харж байж зөвшөөрөх эсэхээ шийддэг. Голцуу зөвшөөрдөг. Нэгэнт биднийг сонгоод мэйл бичиж байгаа шүү дээ. Гэхдээ ихэвчлэн хүмүүс бүх хүмүүс рүү мэйл явуулчихаад хэн хариу өгсөн рүү нь очино доо гэж боддог, би өөрөө ч гадаадад явахдаа ийм арга хэрэглэдэг. Харин тэр хүнтэйгээ сайн харилцаж, ойлголцож байж ирүүлэх эсэхээ шийдэж байгаа юм. Тэд манайд мөнгө төлж ирдэггүй, миний найз, манай ах дүү ирж байна гэж бодож л тэднийг гэртээ найрсгаар угтаж авдаг. . Манай гэр рүү ийм автобусанд тэндээс суугаад хүрээд ирээрэй гээд л имэйлдээ хариу бичээд заагаад өгчихдөг.
Манай Монголчууд ямар ч тохиолдолд гадаад хүн газрын зургаа, бичсэн бичгээ үзүүлээд юм асуухад найрсгаар сайхан хэлж өгдөг нь тэдэнд их сайхан сэтгэгдэл төрүүлдэг, элгэмсэг, тусархуу санагдсан тухайгаа тэд хэлдэг. Тэд ирэхээсээ өмнө хэд хоног байх, хэрхэн амьдрах, хоол ундаа яах ийхээ имэйлээрээ ярилцчихдаг.
-Та түрүүнд мөнгө авдаггүй гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр аялагчдын хоол хүнсийг та өөрөө гаргадаг гэсэн үг үү?
-Мөнгө авдаггүй. Гэхдээ бид үнэ цэнэтэй хүмүүс. Тухайлбал, би өөрөө гадаад айлд очвол яаж би Монгол хүн гэдэг үнэ цэнээ мэдрүүлэх вэ гэж бодож хичээдэг шиг Франц, Герман, Америк хүн ирээд өөрийн үнэ цэнийг харуулахыг хичээдэг. Тэд айлд ирэхдээ бэлэгтэй ирнэ, заримдаа аялал дуусч байгаа тул энэ майхнаа та нарт бэлэглэе, хэрэгтэй болов уу гэх мэтээр асууна. Өөрөөр хэлбэл, би гэртээ ирж байгаа гадаад хүнээс мөнгө нэхэхгүй, харин ч тэдний хүсч байгаа, мэдэхийг хүсч байгаа зүйлийг өгөхийг хичээнэ. Зарим тохиолдолд бүр мөнгө хэрэглэхгүй аялдаг хүмүүс ч байдаг, олон сар жилээр явж байгаа хүн ч байна. Заримдаа цүнхэн дотор нь бидний идэж үзээгүй, харж байгаагүй хоол хүнс ч явж байна. Заримдаа хүнсний дэлгүүр рүү гүйгээд л хоолонд хэрэгтэй мах, ногоо аваад ирдэг. Энэ бүхнийг хамаатны хүн минь хөдөө орон нутгаас ирэхдээ хишиг, ганзага гээд л аваад ирдэгтэй адилтгаж боддог. Энэ хүнтэй би насаараа амьдрах биш, хамгийн ихдээ 5-6 хоног болно. Энэ хугацаанд нь хоол ундаа эвтэйхэн хамтарч зохицуулаад, тэднийг явахад нь бүтэн сэтгэлээрээ баяртай гэж хэлээд, цаашид холбоотой байж, дотно сайхан нөхөрлөж, аз жаргалын даавраа ялгаруулж байх нь л чухал гэж гэргий бид хоёр боддог.
-Та хоёр бас өнгөрсөн зун аялсан байсан, аяллаа хэрхэн төлөвлөсөн бэ, хоост айлуудаар орж явсан уу?
-Гэргий бид хоёр өнгөрсөн 6-8 сарын хооронд Беларусийн Минск рүү “Шагайтай үүргэвч" нэртэй аяллаа хийгээд ирсэн. Замдаа манайх шиг арав гаруй хоост айлд очсон байдаг.
Хамгийн эхнийх нь их сонирхолтой. Говь-Алтай аймгийн төвөөс цааш 101 км-т Батсайхан ахынд хоноглосон. Бид нарыг машиндаа суулгасан Говь-Алтай аймгийн Баянуул сумын залуус "Та хоёр одоо орой болчихсон юм чинь энүүхэнд байдаг айлд очоод хоночихгүй юу. Батсайхан гэдэг юм" гэж танилцуулж, зөвлөсөн л дөө. Бид хоёр төв замаас Батсайхан ахынх руу алхаж, гэрээс нь нилээн хол зогсож байгаад, яг л сайхан хуучин уламжлалаар "Нохой хорио, хүн байна уу" гээд хүн гарч иртэл нь дуудсан. Батсайхан ах охинтойгоо хоёулаа, зусландаа гарчихсан байсан нь тэр байж. Ингээд тэднийд нэг хоноглоод, аяллынхаа талаар ярьж байгаад л өглөө нь явсан. Батсайхан ах итгэхгүй, ямар сонин юм бэ, ингээд л юу ч мэдэхгүй газар руу явчихдаг юм уу гээд л, бид хоёрын аялалыг сайхан үгээрээ мялаагаад үдсэн. Цаашаа 6000 гаруй км-ын дараа л Украин улсын Чернигев хотод хоост айлд очиж хоносон, гэх мэтчилэн хүн аяллаа яаж төлөвлөх вэ гэдэг тэр хүний юу мэддэг вэ гэдэгтэй бас их холбоотой л доо. Бид арав гаруй жилийн хугацаанд гадаад хүмүүстэй их зүйлийг ярьж, ойлгож авсан болохоор тэр сонссон их зүйлс, мөн интернэийг ашиглаад сайхан аялаад ирсэн.
-Жуулчид танайхыг сонгож ирж байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ? Нийслэл хот дахь уламжлалт сууц гэр гэдэг утгыг чухалчилдаг болов уу?
-Бид аль ч вэбсистем дээрээ их олон сэтгэгдэл бичүүлсэн хоост айлын нэг л дээ. Тэр утгаараа "Ийм олон сэтгэгдэл бичүүлсэн айл байдаг юм уу" гэж сонирхож, шалгаж ирэх хүмүүс ч бий /инээв. сурв/ Нөгөөтэйгүүр, яах аргагүй монгол гэрт амьдардаг хэв маяг нь ирэх шалтгааны нэг болдог. Хэдийгээр гадуур жуулчны гэрүүд байдаг ч айлд байгаа юм шиг тухтай, дулаахан, гал хөс нь тасрахгүй байна гэж үгүй шүү дээ. Үүгээрээ их ялгаатай. Мөн манайх хоолны тухайд аялагчидтайгаа тохирч чаддаг. Аялагч хүмүүс янз бүрийн хүмүүс байдаг учраас тэдний дунд байгаа цагаан хоол иддэг хүмүүсийг ч хүндлэх хэрэгтэй. Тэд ирээд Улаанбаатарт ийм мах иддэггүй, мах ийм бага хэрэглэдэг айл байдаг юм уу гэж гайхах нь ч бий. Энэ мэтээр манайх тэр хайлтын системд нилээд дээгүүр гарч ирдэг учраас хүмүүсийг сэтгэл ханамжтай байлгаад буцаахсан гэж хүсдэг. Гэхдээ нэг зүйлийг үргэлж анхааруулдаг нь "Тэр хүний өмнө бид хариуцлага хүлээхгүй". Хоост айлын системд аялагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээхгүй тухай дурьдаж өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр, бид тэр хүнд үйлчилж төлбөр аваагүй учраас энэ хүний өмнө хариуцлага хүлээхгүй. Үүнийг гэхдээ буруугаар ойлгож болохгүй, энгийн сайхан ахуйгаа үзүүлээд буцаах нь л бидний болоод тэдний хүсэл, сонирхол. Монголчууд их энгийн амьдардаг юм, бидэнд тийм их хэрэглээ байдаггүй, эд зүйл цуглуулж амьдардаг хүн биш гэдгийг давхар харуулахыг хүсдэг. Тухайлбал, манайх хүн бүр нэг аягатай болохоос биш аяганаас гадна таваг, ийм ч стакан, тийм ч хундага гэж байхгүй. Орчин үеийнхээр бол хаягдал багатай амьдардаг. Орон сууц байшинд амьдарч байгаа хүмүүсийн онцлог мэдээж арай өөр. Гэхдээ тэр хүмүүст бид Дэлхийгээс ялгарах Монгол хүн шүү гэдгээ үргэлж санаарай гэж хэлэхийг хүсдэг.
-Манай Монголчууд ирсэн зочноо цай, идээтэй угтаад авдаг уламжлалтай байсан шүү дээ. Үүний орчин үеийн хувилбар юм уу даа.
-Нээрэн тийм, та их гоёор харсан байна.
-Та сая хүүхдүүд минь харж байгаа байх гэж хэлсэн. Нээрэн хоост айл байхад хүүхдүүдэд ямар нөлөөтэй вэ?
Хэнийг ирүүлэх вэ гэдгийг би сонгодог. Гэхдээ гэр бүлээ, хүүхдүүдээ бодож байж сонголтоо хийнэ. Бага охиныг хоёр настай байхад анхны гадаад хүн манайд ирж байлаа шүү дээ. Одоо 13 настай болчихож. Жаахан байхад нь тийм ч их юм бодолгүй зочдоо авдаг байлаа, хүүхэд л бол хүүхэд гэж боддог байж. Уг нь тэр үеэсээ л их сайн бодох ёстой байсан юм билээ. Одоо манай охидын үеийнхэн ирээсэй, авьяаслаг, мэдлэг, боловсролтой хүмүүс ирээсэй гэж хүсдэг. Хэдийгээр харилцаж байгаа хүнийхээ танилцуулгыг бүтэн уншиж байж ирүүлдэг ч заримдаа санаснаар болохгүй тохиолдол бий. Хүүхдүүдэд минь нөлөө үзүүлсэн жишээ татвал, гадаад хэл байна. Байнгын харилцаж дадлага хийдэг учраас анги дээрээ хэлний түвшин өндөр байдаг. Нөгөөтэйгүүр хүмүүстэй харилцаа үүсгэж чаддаг, чөлөөтэй, нээлттэй болсон. Мөн хүүхдүүдэд хөгжмийн боловсрол эзэмшихэд их чухал нөлөө үзүүлсэн аялагч ч бий. Манайд Ямаха хөгжим /цахилгаан төгөлдөр хуур. Сурв/ байдаг байлаа. Гэтэл тэр нэг Франц зочин ирээд манай хөгжим дээр ая дарахад миний хүү яаж сонирхож, ямар их баярлаж харж байгаа харцыг нь би одоо тэр үеийн зурагнаас олж хардаг. Энэ мэтээр хүүхдүүд минь аялагчдын элдэв төрлийн сонирхолтой авьяас сонирхлуудыг үлгэрлэн авах тохиол маш их.
-Одоо танайд байгаа хоёр зочин хаанаас ирсэн бэ?
-Манай энэ хоёр Франц хүмүүс. Нутгаасаа гараад Дундад Азиар жил аялаад манайд ирээд байгаа. Энэ хоёр ахиад жил орчим аялаж байж гэртээ харина. Үргэлжлүүлээд Оросоор дамжаад Солонгос, Япон, цаашаа латин Америк гээд явна гэсэн. Дөнгөж өчигдөр орой ирсэн болохоор дэлгэрэнгүй яриа өрнүүлж амжаагүй байна. Манайд тав, зургаа хононо. Энэ хугацаанд сайн танилцана аа. Энэ залуу нь тоглоомын номын санд зураач, эмэгтэй нь радиогийн дууны инженер хийдэг. Франц улсынхаа төвд жижиг хотод амьдардаг гэсэн.
-Зочидтойгоо ихэвчлэн англиар ярилцах уу?
-Тийм. Соёмбоо бид хоёрын мэдэж байгаа хэл Англи хэл л байна. Арван жилийн сургуульд байхдаа Орос хэл заалгаж байсан болохоор Орос зочидтойгоо жаал жуул оросоор харилцана. Сүүлийн үед Солонгос хэл үзээд байгаа, ойрдоо давтаагүй л сууна.
-Танайд ирсэн аялагчид манай Монголд тулгамдаж байгаа агаарын бохирдол, түгжрэл гэх мэт сэдвүүдийн талаар шууд шүүмжлэлтэй хандаж ярих нь бий юу?
-Шууд ярьдаггүй. Манай гэр болон улсын талаар шууд ярьдаггүй. Энэ бол бид хүүхдүүдтэйгээ сайн ухаан гаргаж, эвийг нь олж байж ярихгүй бол бидэнтэй дотно зүйлсээ хүүхэд хэлдэггүйтэй адил. Тиймээс би яг таны асууж буй энэ асуултыг асуугаад хариултаар нь "Mongolia Friend" нэртэй цуврал видео хийж эхлээд байгаа. Одоо арав гаруйг хийсэн, цаашид улам олон болно. Тэдний ярьсныг эргээд харахад "агаарын бохирдол их хэцүү болсон байна, драгоноос манайх хүртэл хоёр цаг явсан нь байж боломгүй зүйл шиг санагдсан. Та бүхэнд метро барих мөнгө байхгүй бол машинаа тавиад мотоцикль болон дугуй унаач ээ, тэгвэл түгжрэл гайгүй болно, Азийн орнууд тийм байдаг, Монгол орон эдийн засаг нь хөгжөөд тэнд гэр хороолол, энд өндөр байшингууд харагдаад их сонирхолтой, гоё юмаа, тэгсэн хирнээ энүүхэн энд уул ус нь байж байдаг гээд ч ярьдаг. Би гадаад хүмүүсийг гэртээ зочлуулах болсноос хойш арван жилийн дараа л ийм видео хийх ёстой юм гэдгээ ойлгож, эхлүүлээд байна. Одоо үүнийг цахим орчинд хайгаад үзэж болно.
-Тэд манай улсын цаг агаарт хэрхэн ханддаг вэ? Сая тухайлбал, -40 хэм хүрлээ шүү дээ?
-Цаг агаарыг л үзэх гэж ирдэг хүн байдаг шүү. Би яг тийм нэг Австрали хүнээс "Танайх их сайхан орон шүү дээ, яагаад Монголд байгаль үзэхээр ирсэн юм бэ" гэхээр "Австрали улс сайхан ч гэсэн танай монгол шиг ийм мэдрэмж өгдөг цаг агаар байхгүй" гэж хэлсэн. Тэнд тогтмол цаг агаартай, манайх шиг биш. Гэтэл манай улсад хавар ирсэн азтай аялагч ганцхан өдрийн дотор дөрвөн улирал үзчихдэг /инээв. сурв/ Бид Монголын эх газрын уур амьсгалыг ойлгож, амьдрал ахуйгаа төлөвлөж явах нь зөв юм билээ.
-Энэ 10 жилийн хугацаанд таны сэтгэлд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээсэн аялагчдынхаа талаар яривал?
-Зөндөө бий. Манай анхны Америк, Шотланд залуусын талаар би өмнө дурьдсан. Гурав дахь зочин гэхэд дэлхийгээр тасралтгүй аялдаг, баавайсан сахалтай Португал хүн байсан. Тэр хүн яагаад надад мартагддаггүй гэхээр Антарктидад их ойрхон далай дотор байдаг халуун рашаан дотор зөвхөн толгойгоо гаргачихсан зургаа бидэнд үзүүлж байлаа. Надад маш сонирхолтой санагдсан. Далай дотор хүртэл халуун рашаан байдаг юм гэдгийг ойлгож, мэдэж авч байлаа. Дөрөв дэх зочид бол Монголд ирэхээсээ өмнө ил захидлын зураг харж байгаад Монгол гэр шиг сууцыг өөрсдөө хийж, түүндээ амьдардаг хосууд байсан. Тэд Францынхаа баруун нутгаар, бороо хур ихтэй далайн эрэгт ойрхон хотод Монгол гэр шиг сууцандаа амьдардаг гэж ярихаар нь би "Гадаад хүнээс Монгол гэрийнхээ сайхныг сонсоод сууж байх гэж дээ" гэж бодоод амьдардаг байсан модон байшингаасаа гарч, эсгий гэртээ амьдардаг болсон. Тав дахь нь Хятадад сурахаар явж буй Швейцарь эмэгтэй байдаг. Оюутан хүн мөнгөгүй гэдэг утгаар биш, нэгэнт тийш явж байгаагийнх замдаа юм үзье гэдэг бодолтойгоор явж байсан. Мартинагийн үлдээсэн ногоо хальсалдаг хутгыг одоо хүртэл манайх хэрэглэж л байна /инээв. сурв/ Мартина тэр өдөр галт тэргэндээ суухаар манайхаас "баяртай" гээд явдаг юм. Гэтэл маргааш нь манайд ахиад ороод ирсэн. Юу болсныг нь асуутал галт тэрэгнээсээ хоцорчихоод Гандангийн ойролцоо зочид буудалд хоночихоод ирлээ гэсээр ирж билээ. Мартинагийн аав ээж хоёр дараа нь манайд бас ирж байсан байх жишээтэй. Одоо сургуулиа төгсөөд олон улсын байгууллагад ажиллаж байна. Үүний дараа манайд нэг өдөр хоёр талаас таван Франц хүн цуглаж байлаа. Хаа байсан Монголд тааралдсан тэд сонин хачнаа яриад л, манайд зулж унтаад маргааш нь явах жишээтэй. Тэр орой тэгэхээр манайх Франц хоол идэж байгаа юм. Энэ мэт. Сүүлд Хаан банкинд мэдээлэл технологийн чиглэлээр ирсэн Вьетнам залуу Туан хөтөлбөр нь дуусангуут манайд ирж нэг хоносон. Дөрвөн одтой зочид буудлаас Монгол гэрт ирлээ гээд өөрийнхөө цахим хуудсандаа бичсэнийг би хараад "монгол гэр чинь тооноор нь мянган од харагддаг мянган одтой зочид буудал" гэж дотроо бодсон. Харамсалтай нь өвөл бид нүүрс түлж гэрээ халаадгаас болоод утаатай болохоор харагдахгүй л дээ. Энэ он гарсны дараа Паул гээд Герман залуу ирсэн. Хүүхэд байх үедээ компьютерт донтоод, аав ээжийнхээ үгэнд орохоо больчихож. Тэр хүнд хэцүү үеэ ялж, давж гарсан түүхтэй энэ залуугийн одоогийн сонгосон амьдрал нь лам болох. Одоо Монголоор дамжаад Мьянмар улс руу явж байгаа. Жил гаруйн өмнө Энэтхэгт очиж бясалгал иог сурсан. Тэгээд л өглөө 4 гэхэд босчихсон орон дээрээ бясалгаад л сууж байх жишээтэй. Дараа нь иогоо хийгээд, цайгаа ууна. Монголд үүсчихээд байгаа хүүхдүүд технологид донтох болсон нөхцөл байдлыг надад өөрийн эрхгүй санагдуулж, энэ залуугаас суралцах ёстой мэт санагдсан. Миний ойлгосноор Паулын бие донтолтоосоо болж их муудаж, амьдрах хүсэл нь түүнийг өөрчилсөн. Тэр залуу эелдэг зөөлөн харилцаж, бага хэмжээтэй чанартай хооллож, бясалгал иогийг өглөө, орой тогтмол хийж хэвшсэнээрээ 32 настай мөртлөө 20-н хэдтэй юм шиг л харагддаг, чийрэг бие, сонирхолтой хүн. Оны сүүлээр Тору гээд Япон залуу ирсэн. Тору ирчихээд хотын төв рүү огт яваагүй. "Танайд байх хугацаандаа Монголын өөр өөр хоол идье" гэсэн. Бид тэр хүслийг нь ч биелүүлсэн. Тэгэхэд, бэлчээрийн малын мах идээд сайхан амттайг нь гайхсан. Орон орны хоол амталж аялдаг тэр залууд Монгол айлын иддэг олон төрлийн цагаан, ногоон, бор хоолууд, гал тогоог гайхуулаад л явуулсан даа. Түүндээ ам бардам байна.
-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Хамгийн сүүлд нь таныг уншигчидтай танилцуулъя гэж бодсон юм. Та одоо хаана ажилладаг ямар мэргэжилтэй вэ?
-Би компьютерын программ зохиодог мэргэжилтэй. Одоогоос 21 жилийн өмнө би энэ мэргэжлээрээ их сургууль төгсөөд, Нацагдоржийн номын санд 14 жил ажилласан. Харин сүүлийн долоон жил гэр бүлийн клуб ажиллуулж, хуваариа бизнес эрхэлж байна. Харин шинэ оноос би дүү нарынхаа ажилд туслаж хамтран ажиллаж байгаа. Монголын онцлох брэндүүдийн нэгдсэн галерей нээж байгаа. Монгол урлаач, бүтээлч хүмүүс эдгээр бүтээл, бүтээгдэхүүнийг хийж байна гэдгийг нэг дор төвлөрүүлнээр байнгын үзэсгэлэн ажиллуулж, иргэдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэх уулзалт, сургалт зохион байгуулж, хүүхэд залуус өөрсдийн үлгэрлэн дуурайх бүтээлч Монгол хүмүүсээ мэдэх, итгэл дүүрэн эх орондоо хамтдаа бүтээж амьдрахад суралцах орчин нь болно. Мөн гэргий бид хоёр хүмүүст эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд нь зориулж хичээл заах, Сүхбаатарын талбай дээр гүйдэг гүйлтийг эхлүүлнэ. Сүхбаатарын талбай бол зөвхөн улс төрийн жагсаал хийдэг, ямар нэгэн тэмдэглэлт баяр болдог талбай биш, өглөөний цагаар хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, ялан дийлдэг хүмүүсийн уулздаг талбай байх юм. Хүмүүс эрүүл идэвхитэй амьдарч буйгаа бусдад таниулж, үлгэрлэж, алдаагаа сургамж болгон бусдад сануулж, уулзаж, бие биедээ урам зориг, итгэл өгдөг байгаасай гэж бид хүсч байгаа.
-2019 онд төлөвлөсөн ажлуудад тань амжилт хүсье.
-Та бүхэнд мөн их баярлалаа. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэдэг шиг хүн хөл нь хөдөлж байх хугацаанд явж л байх ёстой. Аялж байгаа хүмүүсийг сайхнаар хүлээж авч, өөрсдөө ч мөн аялаасай. Аялж болох боломжуудыг олон эх сурвалжаас олж үзээд, мөнгө ихээр зарцуулалгүй, заавал зуныг хүлээлгүй аялаасай. Гадаад, дотоодын аялагчидтай уулзах, интернэтийг аялалдаа яаж ашиглахыг сурч мэдэхийг зөвлөе.
Comments