Үндэсний цахим шуудангийн хаягтай боллоо



Цахим төлбөрийн баримтын ebarimt.mn систем доторх Үндэсний цахим шуудан холбоосыг хэрэглэн Ж.Бэгзсүрэн би Үндэсний цахим шуудангийн 111046520756@e-mongolia.mn хаягтай боллоо.



Анх имэйл хаяг нээж хэрэглэж эхэлсэн байсан үеэ эргэн санахад

- yahoo дээр 1999-3-3 өдөр хаяг нээж, яахоо мессенжерийн хэрэглэгч байж,
- дараа нь үнэгүйгээр gmail хаяг нээх эрхтэй урилгыг найзаасаа авч, 2007-2-27 өдөр шинэ хаягаа туршиж имэйл илгээж байжээ.  


Үндэсний цахим шууданд 
хувийн имэйл хаягаа нээх заавар нь Youtube дээр нийтлэгджээ.


Үндэсний цахим шуудан
mail.e-mongolia.mn

1GB багтаамжтай, энэхүү вэб суурьтай (web-based) имэйл хаягаа ашиглахад mail.e-mongolia.mn вэбийг хэрэглэж байна.
Нэвтэрч ороод дараах жишээ татсан шиг гарын авлага, заавартай танилцахад энэ имэйл хаягаа имэйлийн програмуудад тохируулан ашиглаж болохыг мөн мэдлээ.


Үндэсний имэйл серверээ хэрэглэхийн давуу тал гэж бий

Гадаадын имэйлээс илүү Үндэсний имэйл серверт холбогдож хэрэглэхийн хамгийн чухал давуу тал нь Монгол улсаас гарах интернэтийн урсгал багасч, дотоодын урсгал нэмэгдэхийн хэрээр Монголын  ISP (интернэтийн үйлчилгээ үзүүлэгч) компаниудын гадаад урсгалдаа төлөх мөнгө багасах сайн талтай гэж олон жилийн өмнө сонсож байлаа.
Энэ ойлголт одоо ч хэвээрээ гэж бодож байна.

Гадаадын байгууллага, иргэдтэй харилцах үед Монгол улсын иргэн гэдгээ харуулсан, мөн Монгол орны амьдралд орчин цагийн технологийн хэрэглээ бүрэн нэвтэрч байгааг илэрхийлэх үндэсний e-mongolia.mn гэсэн домайн нэр дээр цахим шуудангийн хаягтай байна гэдэг маш бахархалтай, итгэл дүүрэн харилцааг бий болгож чадна.

12 оронтой тоогоор нэрлэгдсэн Үндэсний, шинэ имэйл хаягаа хэрэглэж хэвших цаг болжээ!

Бэгзсүрэн миний 111046520756@e-mongolia.mn хаяг руу имэйл илгээж турших :-), мөн вэбийн агуулга шинэчлэхэд, сошиал орчинд мэдээллийн технологийн мэргэжилтэний туслалцаа, хамтын ажиллагаа, дэм тус шаардлагатай болдог бол бичих имэйлдээ хүсэлтээ бичээрэй.


Олон хаягаар зэрэг имэйл илгээх програм

Хотын нийтийн төв номын санд ажиллаж байхдаа 2005 онд зохиож хэрэглэж байсан. Номын сантай ажил үйлс, үйлчилгээгээр харилцдаг хүмүүсийг төрөлжүүлэн бүлэг болгож,  нэгэн зэрэг имэйл илгээхдээ тухайн хүний нэрийг имэйлийн эхэнд оруулж, Хүндэт ... танаа гэж тухайн хүндээ зориулж бичсэн имэйл байдлаар очдог онцлогтой.

Зөвхөн имэйл илгээх үйлдэлтэй энэ клиент програмаа 2020 онд шинэчлэн, хэрэглээнд оруулсан. Сонирхсон хүмүүст танилцуулж болно.


Comments