Жил бүр ургадаг баялаг - ноос - Эсгий

эсгий олбог


Эсгийг юунд яаж хэрэглэж байна вэ?
Гэрийн эсгий, эсгий гутал гэдгээс өөр зүйлийг хараагүй өссөн миний хувьд

эсгий малгай
эсгий олбог
эсгий пальто, гадуур хувцас, улавч
эсгийн бөмбөлөг, гоёл чимэглэл
эсгийгээр ороосон саван
хөлөгт тоглоомын эсгий хөлөг

эсгийгээр хийж бүтээж байгаа олон бүтээлүүдтэй танилцаж байна.

Гэрийн эсгийг яаж ус нэвтэрдэггүй болгох талаар

дараах хууч яриаг сонсож байсан.

- Эсгийг зузаан хийдэг байсан
- Тулганд гал түлдэг байсан тул эсгийнд утаа шингэж хатуурдаг
- Ямааны тослог сүүгээр тослодог байсан
Та ямар хууч яриаг сонсож, туршиж байсан вэ?

Нүүдэлчин Монгол 2022 үйл явдлаас яриа

Гэрийн эсгийг хийхдээ адуу, үхрийн хөөврийг хольдог байсан талаар Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын настан хуучиллаа:

Эсгий урлагийн үнэгүй онлайн сургалт "Ujin Brand" /Багш С, Саран/ фасебуук бүлгээс хуулбарлав

Эсгий бол нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын салшгүй нэг хэсэг.
Монголчуудын соёл, ахуй, зан заншил, байгаль орчинтойгоо шүтэлцэн амьдрах ухаан, ертөнцийг үзэх үзэл гээд бүхий л зүйл эсгийнд шингэжээ.
- Эсгий урлал нь өөрийн гэсэн ёс горим, цээртэй. Эртнээс нааш монголчууд эсгийг ариун зүйл гэж үзсээр ирсэн.
Шинэ эсгийн дээр шинэ бэр буулгаж авна. Хүүгийнхээ зүүдийг аргадах үнэг, овгийн шүтээн онгодоо хүртэл эсгийгээр урладаг.
- Эсгий хийж байгаа газар согтуу хөлчүү хүн, хэрүүл тэмцэл гаргахыг цээрлэдэг.
Холоос ирсэн хүн эсгий хийж буй газар шууд очдоггүй ёстой. Замын цээрээ арилгаж айлд орж, цай идээ амссаны дараа эсгий хийх газар очдог. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг. Энэ нь нохой эсгий рүү сарьж бузартуулахаас сэргийлсэнийх юм. Нөгөө талаас нохойн үс ширэлдэх, эсгийрэх чанараар сул болохыг анзаарчээ. Энэ бүхэн нь ноосны амин чанарыг таньсан ардын билиг ухаан юм

Яс чанар сайтай Дэлгэрцогтын цагаан ЭСГИЙ

Эсгийг үйлдвэрийн аргаар хийдэг хүмүүс бүтээгдэхүүнээ "Уламжлалт аргыг илүү боловсронгуй болгож" гэж тодотгодог ч яг уламжлалт аргаар хийсэн эсгийнээсээ чанарын хувьд дутмаг байдаг. 

Эсгий хийх уламжлалт аргаа дагаад эсгийний соёл ч яригддаг. Нэг ёсондоо манай үндэстний нэг дархлаа, ялгарал мөн юм. 

Тиймээс уншигч та энэ удаагийн сурвалжлагаас технологиос гадна монгол уламжлал, ёс заншлыг унших болно

Монголчууд айл гэр болох нь төр ёсны их үйл хэмээн бэлгэддэг. Тиймээс эсгий хийх нь төрийн эд хийж буй учраас билэг ерөөл дүүрэн ёсоор ханддаг заншилтай. Тэгвэл яг энэ уламжлалыг хадгалж, яс чанар сайтай “шүд” шиг цагаан эсгий үйлдвэрлэгч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Ширээс”- хоршоог энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа онцолж байна. Уг үйлдвэрийн эсгий сумандаа төдийгүй аймаг орон нутагтаа алдартай бөгөөд захиалга нь тэр даруйдаа дүүрдгийг онцлох нь зүйтэй.

• Брэндийн нэр: Дэлгэрцогтын цагаан эсгий
• Үүсгэн байгуулагч: С.Жаргалсайхан
• Үүсгэн байгуулсан он: 2004 он
• Холбогдох утасны дугаар: 99739932

-ЭСГИЙ ХИЙХЭД ЭМ ХОНИНЫ НООСЫГ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ-

Эсгий хийх соёл хийгээд, уламжлалаа алдахгүйн тулд “Ширээс” хоршоо эрт дээр үеэс өв залгамжлагдсан жаягийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг.

Тодруулбал өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэнэ. Үүнд, тухайн жилийн зун хяргасан эр хонь /ахрын ноос/, төлөгний уртын ноос, өнгөрсөн намрын ахрын ноос, тухайн жилийн шинэ хурганы ноос хамаарна. Эм хонины ноосыг эсгийнд хэрэглэдэггүй. 2 метр өргөнтэй, 5-6 метр урттай эсгийнд ойролцоогоор 25-30 кг ноос ордог. Эсгий хийх арга ажиллагаа 3 үе шаттай явагддаг бөгөөд эхлээд ноосоо зулна, дараа нь услаад эсгийгээ татах буюу чирч нягтруулдаг /дээр үед азарга, тэмээгээр чирдэг байв/.

Харин одоо зориулалтын тоног төхөөрөмж болон гар хийцийн механик хэрэгслээр ажлаа нугалдаг болов. “Ширээс”- хоршооны үйлдвэртээ ашигладаг машин зарчмын хувьд морь тэмээгээр татсанаас ялгаагүй технологитой. Харин цаг хугацааг хэмнэх хийгээд хүч хөдөлмөрийг хөнгөвчилдгөөрөө онцлог давуу талтай. Эсгийний усалгаанд зөвхөн худгийн усыг хэрэглэнэ.

Нуурын ус нь эсгийг шарлуулдаг учраас хэрэглэдэггүй.

Ингээд тус үйлдвэрийн үүсгэн байгуулагч С.Жаргалсайхантай үйлдвэрлэлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-Уламжлалт аргаар эсгий үйлдвэрлэдэг гэж сонссон. Үйлдвэрийн эсгийнээс давуу тал, онцлог нь юу вэ?

-Эрт дээр үед мориор /говьд тэмээгээр/ эсгийгээ татдаг байв. Харин манайх яг тэр үйл явцыг алдагдуулахгүйгээр үйлдвэрийн аргад шилжүүлж байгаа юм. Нэг талаараа цаг хугацаа, хүн хүчний асуудлыг шийдэж байна гэсэн үг. Үйлдвэрийн эсгийнээс нягтрал илүү, барьцалдмал чанараараа илүү , өнгө цагаан, өргөн хэмжээтэй байдаг. Урт нь зургаан метр, өргөн нь яг л гараар хийсэн эсгийтэй адил хоёр метрийн урттай болдог гэсэн үг.

-Нэг эсгийг үйлдвэрлэхэд хэдий хэрийн хугацаа шаарддаг вэ?

-Машинд оруулсан хугацаа бол хоёр цаг 10 минут орчим болдог. Харин түүнээс өмнө бэлтгэл ажлууд нь их цаг хугацаа авна. Ахрын ноосоо өнгө өнгөөр нь ялгах, сэмлэх, зулах гэх мэт ажилд багагүй цаг хугацааг зарцуулдаг.

-Ноосоо боловсруулахдаа гар аргаар саваадаж байна уу. Аль эсвэл машинаар сэмлэж байна уу?

-Сэмлэх машинаар сэмлэдэг. Боож нягтруулсны дараа 24 цагийн дараа ноосоо задалж зулах болон эсгий хийхэд бэлэн болгодог гэж ойлгож болно.


-СУМЫНХАА 4-5 АЙЛ ӨРХИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАДАГ-

-Суманд үйлдвэр эрхэлж байгаа нь анхаарал татаж байна. Зарим суманд үйлдвэр байхгүйгээс болж олон иргэд ажилгүй байх тохиолдол байдаг. Танайх хэдэн айл өрхийг ажлын байраар хангаж байна?

-Манайх эд ажлын үедээ 4-5 айл өрхийг ажлын байраар хангадаг. Цалингаа цаг тухайд нь олгож, урамшуулсаар өдийг хүрлээ. Анх 2004 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хэрэглэгчдэд нэр хүндээ алдаагүй яваагийн гол утга учир нь манай хамт олны дэм тус гэж би ойлгодог.

-Үйлдвэрлэлийн хүчин чадал болон жилд дунджаар хэдэн эсгий үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг вэ?

-100 гаран ширхэг эсгий үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө 600 гаруй метр эсгий болдог. Эсгийний зузаан зургаан см орчим зулаад 1.5 см зузаантай болж гарч ирдэг.

-ӨВӨЛ ХИЙСЭН ЭСГИЙ ТҮҮХИЙРДЭГ-

-Уламжлалаа авч үзвэл зөвхөн зундаа эсгий хийдэг. Тэгэхээр танайх жилийн дөрвөн улирал үйлдвэрлэл явуулж байна уу. Аль эсвэл бусад үйлдвэрийн адил жилийн дөрвөн улиралд зүтгэдэг үү?

-Зундаа л хийдэг. Ноосны зунгаг халуунд илүү задардаг юм л даа. Нягтардаг ч гэж хэлж болох байх. Уламжлал нь тэр байхгүй юу. Одоо зарим үйлдвэрүүд зунгагаа угааж эсгийгээ хийж байгаа нь нимгэн, зарим газраа гэрэлтдэг, сийрэг болгодог байж магадгүй гэж би бодоод байгаа юм. Өвөл сэрүүн орохоор хийсэн эсгий түүхийрч, болцгүй болдог учиртай.

-Үйлдвэрийн аргаар эсгий хийвэл илүү их орлого олж, жилийн дөрвөн улиралд эргэлдүүлэх боломжтой биш гэж үү?

-Мэдээж тийм. Гэхдээ хамгийн гол зүйл нь эрт дээр үеэс уламжилж ирсэн арга технологийг цааш цаашдаа мартуулахгүй байх нь хамгийн гол эрхэм зорилго шүү дээ. Тэртээ тэргүй өөр өөрийн арга техник, хүчин чадалтай үйлдвэр байхад бид тэдэнтэй өрсөлдөхийн тулд илүү чанартай, гол нь уламжлалт арга технологио үеийн үед мартуулахгүй байх нь чухал. Эхний үйл ажиллагаанууд ялгаагүй л дээ. Ганц өөр зүйл нь манайх гурван барваны голд цохиж эсгийгээ боловсруулдаг. Тэр нь морь тэмээгээр татсанаас ялгаагүй гэсэн үг. Харин үйлдвэрүүд том торхон барван дотор боосон эсгийгээ 5-6 ширхгийг хийдэг. Тус торх нь ганцхан тийш эргэдэг. Ингэхээр эсгийнүүд бие, биеэ нүдэж зарим газраа нимгэн болдог талтай. Харин манайх жигд хатуу болдгоороо л олны анхаарлыг татаад байгаа юм.

-Танай үйлдвэрээс эсгий худалдаж авсан иргэдийн сэтгэл ханамж хэр өндөр байдаг вэ. Эсгийний нас гэж бас байдаг шүү дээ?

-Эсгийний насыг тэд, эдэн жил гэж мэдэхгүй байна. Харин хэрэглэгчдийн хувьд танайхаас авсан эсгий урагдсан, цоорсон гэсэн гомдлыг 18 жил ажиллахдаа сонсож байгаагүй. Захиалга өндөртэй, олдохгүй байсаар дуусдаг гэдгийг нутгийн иргэд хэлж чадна. Манай сумын иргэдээс гадна өөр орон нутгаас ч захиалга их ирдэг.


-ТУС ҮЙЛДВЭРИЙН ЭСГИЙ НЭГ МЕТР НЬ 35 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-

-Нэг эсгийг хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ?

- Нэг метр эсгийг 35 мянган төгрөгөөр худалдаалдаг.

-Эсгий хийх үйл явцыг дагаад асар том соёл яригддаг шүү дээ?

-Дээхэн үедээ эсгий хийхдээ багахан хэмжээний наадам зохиодог байж. Бид тийм хэмжээнд хийдэггүй. Гэхдээ долоон сарын эхээр эсгий хийж эхлэхдээ ёс журам, соёлыг алдуулахгүйн тулд тодорхой хэмжээнд цайлцгаадаг. Лам урьж ирэн сан тавиулна. Харин хийлгэж байгаа зарим иргэд маань ёслол төгөлдөр байлгахын тулд мах чанаж, айраг цагаагаа бэлдэж ирдэг тохиолдол байгаа.

-Танд үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилго байгаа юу. Үйлдвэрлэл явуулахад тулгамддаг ямар асуудал байна?

-Манай сум цөөн хүн амтай учраас хүн, хүчний асуудал үүсэх гээд байдаг талтай. Бусдаар хүнд байдалд орсон зүйл одоогоор байхгүй. Үйлдвэрээ өргөжүүлэх тал дээр бодол байгаа. Одоо мөн л уламжлалт арга, технологио хадгалсан арьс шир боловсруулахаар оролдлого хийж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: eguur.mn/352273/
Нийтэлсэн өдөр: 2022-8-13

Comments