Газрын сүлд, гал голомтын хамгаалагч сахиус Монгол хоточ нохойд зориулсан ерөөл
Хөх тэнгэрийн доорх
Хүрэн дэлхийн сүлдтэй
Хүчирхэг хоточ нохой минь ээ
Хашаа хотны хаяаг түшиж
Халуун голомтын галын илчийг манаж
Хар сэтгэлийг хааж
Харгуй замыг ариусган сахиж байг
Газрын хийморь чамд шингэж
Галын илч чамд түшиг болж
Гэрийн эзний заяа түшиглэж
Гэрэл буян айлд тогтог
Чиний нүд дөрвөн зүгийг харж
Чиний чих найман зовхист сонор байж
Чиний хуцалт мууг үргээж
Чиний амгалан хэвтэлт сайн сайхныг дуудаж байг
Энэ айлын
Үрс өсөж
Өрх тэлж
Өргөө буурь батжиж
Өлзий буян дэлгэрч
Газрын сүлд дор
Галын голомт дээр
Ган бат амьдрах болтугай.
Хэмээн Монгол домчын ерөөл бат оршиг
2026.03.04
Монгол хоточ нохойг монголчууд зүгээр нэг амьтан гэж үздэггүй газрын сүлд, айл гэрийн гал голомтын харуул, эзэн сахиусын илч онгод хэмээн хүндэтгэн дээдэлж шүтэж ирсэн уламжлалтай.
Ялангуяа Монгол хоточ нохой нь хот айлыг манах төдийгүй
газрын хийморь, эзний заяа, үр хүүхдийн амь насыг сахин хамгаалдаг газрын онгод хэмээн үздэг байлээ.
Монголчуудын ойлголтоор:
Нохой газар орны сайн, муу энергийг мэдэрдэг
Хаалга зүг ширтэн хуцвал “аюулыг хөөн зайлуулж байна” гэж билэгшээдэг
Гал голомтын дэргэд хэвтэх нь “айлд буян тогтож буй”-н шинж
Үхсэн нохойг хүртэл хүндэтгэн оршуулах нь газрын сүлдтэй холбоотой хэмээдэг
Тиймээс нохой бол
зүгээр нэг мануухай биш, харин айл гэрийн амьд сахиус онгод шүтээн юм.
Эх: Bear Baavgai Bear
***
Comments