ХоостАйл гэж юу вэ сэдэвт илтгэл

Хоост Айл (хоостайл, host ail, host family) гэж юу вэ

2019.9.28 Хэнтий аймаг Норовлин сум. "Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо" анхдугаар чуулганд танилцуулсан илтгэлээсээ сийрүүлж бичив.

Сайн байцгаана уу,
Хэнтий аймгийнхаа энэ сайхан суманд Сүхбаатар аймгийн иргэн Бэгзсүрэн би анх удаа ирлээ. Та бүхэнтэй танилцаж, энэ нутаг усны түүх, 13-р зууны үеийн хууль цааз, бичгийн их хүмүүн Шихихутугийн олдсон газар, их түүхийн дурсгалт газрууд, үдээс өмнөх илтгэлүүдээс аялал жуулчлал, байгаль хамгаалах олон чухал мэдээлэл авч, Норовлин-иргэдийн оролцооны илтгэлээс та бүхэн сэтгэл нэгдэж, улам авъяас чадвар, ажил үйлсээ өрнүүлж байгааг сонсоход маш их таатай байна, баярлаж байна.

Ингээд өөрийн гэртээ явуулдаг үйл ажиллагааг танилцуулъя.
Хоост Айл гэдэг холбоо үг нь англи үг, монгол үг холилдсон шинэ нэршил юм. Хоост гэдэг нь англи хэлний эзэн гэсэн утгатай, юмандаа эзэн болох гэсэн утгатай үг. Айл гэдэг нь Монгол хэлний айл, өрх гэр гэсэн үг. Англиар бол family гэсэн үг. Өрхийн эмнэлгийг family hospital гэж нэрлэдэг, түүн шиг гэсэн үг.

Энэ нэрийг яагаад санаачлах болсон, ямар үйл ажиллагааг сүүлийн 10 гаран жил хийж байгаагаа та бүхэнд жишээ татан ярьж танилцуулах юм.
Дундаас нь асуух зүйл гарвал одоо сайн тэмдэглэж аваад, дараа нь асуугаарай гэж хүсч байна. Баярлалаа. Анхаарлаа хандуулна уу.

ХоостАйл гэдэг нь гэртээ гадаад улсын аялагчийг ирүүлдэг айл байгаа юм.
Тэр аялагч нь таны тухай, гэрийн чинь тухай интернэтийн тусгай вэбээс уншиж мэдээд, сонирхол хүслээ илэрхийлж цахим шуудангаар харилцдаг. Мөн та ч тантай харилцаж байгаа аялагчийнхаа танилцуулгыг уншиж мэдээд, зөвшөөрөх эсэхээ хариулах тул хэн, хаанаас, ямар хугацаагаар ирэхээ урьдчилан мэддэг, тохиролцдог гэсэн үг. 3 цаг, 1 хоногоор, бүр 28 өдрөөр ирэх тохиолдол байдаг. Онцлог нь таны гэрт, гадаад хүнээр ам бүл нэмэгдэж ирэх юм шүү.

Яагаад аялагчийг гэртээ ирүүлэх нь хэрэгтэй байдаг, яаж ирүүлэх вэ гэдгийг мэдэж авцгаая.



Энэ зурган дээр 2019.8.2 өдөр Сингапур залуус Tim, Peisin, Ming нар манай гэр бүлд ирээд 4 цаг зочлоод, оройн хоол хамтдаа хийж идээд, тэгээд монгол мах, арвайн гурил, таана хөмүүлээр амталсан бууз, шөлтэй хоол, битүү шөл зэргийг хийж идээд, бид нарыг ингэж хоолоо хийдгийг хараад, өөрсдөө ногоо хэрчих, гурил элдэх зэргээр хоол бэлтгэхэд оролцоод, гэр доторх ахуй соёлтой танилцаж, дурсгал болгож зураг бичлэг хийж аваад, баярлалаа, баяртай гээд явсан тохиолдол байгаа юм.

Миний энэ 10 гаран жил гэртээ гадаад хүмүүс ирүүлж байгаа нь бол нэг өдөр шийдэж олсон зүйл биш, Дэлхий ертөнц дээр олон хүмүүс ийм ажлыг хийдэг, байдаг л зүйл, гол нь Монгол хүн Монгол ахуй соёлоо бодитоор нь үзүүлж, зөв таниулж өгч чадна гэж  бодсон тул идэвхитэй байж, ажил болгосон гэсэн үг. Монголчууд биднийг зочломтгой ард түмэн гэдгийн учир нь бид бүх хүнс хоолоо өөрсдийн гар, хөдөлмөрөөр хийж чаддаг, чаддаг зүйл учраас хэр хэмжээгээр нь хүмүүсийг дайлж чаддаг, ажил хөдөлмөрийн үр шимээрээ бахархаж чаддагтай холбоотой.


Нэг талаас миний хүүхэд насанд миний аав ээж хамт ажилладаг Орос найзуудыгаа гэртээ дагуулж ирээд, цай хоол хийж дайлаад, хууч хөөрөөд, тэгээд ирсэн Орос хүмүүс нь хүүхдүүд биднийг өхөөрдөөд гоё цаасан боодолтой, гоё амттай орос чихэр зэргийг өгч байсан энэ дурсамж ХоостАйл-ыг эхлүүлэхтэй холбоотой шүү дээ гэж би хожим бодсон.

Мөн хүүхэд насанд, 80, 90-ээд онд бид зуны амралтаараа дандаа хөдөө явдаг байсан байгаа. Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрж өсөөд, тэнд 10 жилийн сургууль сурч байгаа бид Сүхбаатар аймгийнхаа Наран сум, Дарьганга сум, эсвэл аймгийн төвөөс 10-аад км зайтай Дунд шанд, Эхэн шанданд нутаглаж байгаа гөеө, ах дүүгийндээ зуны амралтаараа очиж хонь хурга, үнээ тугал, морь уях зэрэг ажилд оролцож, туслаад намар хичээл орохын өмнө гэртээ ирэхдээ уут уутаар нь ааруул, ээзгий, мах шөлтэй буцдаг шүү дээ. Энэ бол үнэндээ бид нар тэгж нэрлэдэггүй л байсан болохоос, гөеө, хамаатан гэдэг хоостайлд очсон гэсэн санаа байгаа юм.

Хожим компьютерийн чиглэлээр мэргэжил төгсөөд, Улаанбаатар хотод Нацагдоржийн номын санд ажиллаж байхдаа ажлын шугамаар АНУ-д 2 удаа, мөн олон газарт явсан байдаг. Тэгээд гадаад оронд онгоцоор очоод, зочид буудалд буугаад, хөтөлбөрийн дагуу сургалтандаа суугаад буцаад ирэхэд сэтгэл дундуур нэг зүйл байдаг байсан. Тэр нь бол би энэ орон нутгаас нэг ч хүнийг таньж мэдсэнгүй, ядаж Нарантуул шиг зах худалдааны төвөөр нь орж үзсэнгүй, арай хямд үнэтэй боломжийн дурсгал худалдаж авах юмсан гэж хүсдэг байсан.
Мөн энэ улсад намайг тосоод авах таньдаг гадаад хүн байсан бол мөн сайханаа гэж боддог байлаа.

Тэгэхээр энэ болгоны цаана ХоостАйл гэж өнөөгийн яригдаж байгаа зүйлийн үндэс байжээ.


Миний амьдралд тохиолдсон мартагдахгүй нэг үйл явдал 2008 оны 7-р сарын 8нд болж, Нацагдоржийн номын сангийнхан бид номын сангаа чөлөөт сонголттой болгох өөрчлөлтийг Монгол улсад анх удаа хийж байв. Дандаа номын санчаас унших номоо авах бус, уншигч өөрөө ороод номоо сонгож авдаг болгох үйлчилгээний шинэ зохион байгуулалт хийж байхад Андрью гэдэг Америк залуу ажил дээр ирж, би энэ залуугаас анх гадаад хүнийг гэртээ ирүүлж болдог вэб сайтыг, тэр couchsurfing гэж вэбийг мэдэж аваад, өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Тэр жил Сүхбаатарын талбайн дэргэд намын байр шатаж, 7 сарын 1-2 байх, Монгол улсад тийм айхавтар онцгой үйл явдал болж байхад миний гэрт бас ийм мартагдахгүй, 11 жилийн дараа та бүхэнд өөрийн туршлага мэдлэгээ хуваалцах хүртэл үргэлжлэх тэмдэглэлт үйл явдал тэр үед болж байжээ.

Энэ хугацаанд 50 улсаас 1000 гаруй гадаад найзууд манай гэрт ирчихээд байна. Өөрөө би гэртээ гадаад хүмүүс ирүүлэхээс гадна, 2010 онд Америк ажлаар явахдаа Америкийн couchsurfer хэрэглэдэг айлуудтай холбоо бариад 2 ч айлд очиж үзэж байсан, зүгээр юм байна лээ. Монгол хүн Монголынхоо ахуй, байгалийн зурагтай ил захидал аваад, хэдэн шагай аваад очиход тэр айл маш их баярлаж байсан.
Тэр хүн амьдралдаа нэг ч удаа Монгол хүнтэй уулзахгүй байж болох байтал би тэр хүний амьдралд мартагдахгүй дурсамж, сэтгэгдэл үлдээсэн гэж боддог, одоо ч гэсэн хааяа нөгөө хүнтэй интернэтээр харилцаад баяртай байдаг. Тэр хүн надад зөгийн аж ахуйн тухай ном бэлэглэж байсан, би хэрэглэж үр дүнг нь гаргаагүй болохоос, одоо ч номын шүүгээнд хадгалагдаж байдаг.

Мөн 2016 оноос гэргий бид хоёр Дэлхийгээр аялдаг болсон байгаа, аяллаа Шагайтай үүргэвч гэж нэрлэж, Монгол ахуй соёлоо аяллын замд хүмүүст таниулж, гадаадын хоост айлд очдог болсон байгаа.

Нэгэнт ийм туршлага бидэнд хуримтлагдсан учраас ярьж танилцуулах нь зөв гээд TEDxUlaanbaatar 2017 үйл явдалд оролцож ХоостАйлынхаа талаар анх удаа тайзан дээрээс 1000 үзэгчдэд "Дэлхийн гийчид Монгол гэрт" илтгэлээ тавьж, өнөөдөр тэр бичлэг Youtube дээр байдаг.


Аялал жуулчлалын талаарх мэдлэг мэргэжлээ дээшлүүлье гээд 2017 онд Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудыг ажлын байраар хангах, энэ талын мэдлэг мэргэжлийг олгох үнэ төлбөргүй 5 хоногийн цуврал сургалт Нийслэлийн иргэний танхимд болоход би 1000 гаруй залуусын нэг болж, сургалтуудыг бичиж тэмдэглэж, тэр олон судлаач багш нарын соёл урлагийн их сургууль, аялал жуулчлалын чиглэлийн, өнөөдрийн чуулган дээр илтгэл тавьж байгаа шиг судлаач багш нар хичээл заахад миний хийсэн нэг зүйл бий, тэр бол би тэр хүмүүсийн хэлсэн үг бүрийг бичиж авч байсан. Яагаад тэгдэг вэ гэвэл, энэ сургалт болоод өнгөрөнгүүт надад дэвтэр үлдээд, би тэр дэвтрээ дахин эргүүлж уншиж, тэр хүн юу гэж хэлж байлаа гэж санахад хэрэг  болдог, тэгээд би маш сайн бичиж авдаг. Өнөөдрийн лекцийг хүртэл сайн бичиж авч байгаа, та бүхнийг цаашдаа бас, ер нь хүн юмыг сайн бичиж авбал үлдэх юм нь тэр байдаг юм байна гэж хэлэх гэсэн юм. Нэг ийм ухаалаг, эрдэмтэй хүний хэлсэн "Хурц ухаанаас мохоо харандаа илүү"  гэж үг байдаг.

Ингээд 2008 онд эхэлсэн гэртээ гадаад хүн ирүүлэх арга замыг ашиглаж эхэлсэн маань, ноднин 2018 онд 10 жилийн ой болж, үүнийгээ тохиолдуулан ХоостАйл гэж ярьж эхэлсэн, ингэж ярих хэрэгтэй юм байна, үүнээс санаа зовох хэрэггүй юм байна, илүү мэргэжлийн болгоё гэж анзаарч, ярьж, илүү олон ТВ, мэдээнд орж байгаа. Энэ дашрамд Норовлин сумын, энэ онцгой нэр юм байна лээ, сумын засаг дарга, танай хамт олон анхаарал тавьж, миний оролцсон Танайд хоноё нэвтрүүлэг, бусад нэвтрүүлгийг үзсэн байна, төслийн багт санал тавьж, Бэгзсүрэн гэдэг тэр хүнийг урьж, нутгийн олон түмэндээ гэртээ гадаад хүн ирүүлдэгийг нь яриулъя гэж хүсэлт гаргаж, энэ төслийн баг хамт олон саналыг хүлээн авч шийдэж, би энэ нутаг оронд анх удаагаа ирсэндээ баяртай байна.


Америк залуу 2008.7.8 өдөр хэлж өгсөн тэрхүү couchsurfing.com вэб бол гэртээ ирүүлсэн хүнээс хонуулсаныхаа төлөө мөнгө авдаггүй онцлогтой, тэр хүн манайд 3 хононо уу, 30 хононо уу би мөнгө авахгүй, гэхдээ энэ нь үнэ цэнэгүй гэсэн үг биш, тэр хүн нэг юм идэж таараа, гуанз руу орж иднэ үү, би хэлдэг юм, чи гуанзанд орж идэхийн оронд манайд идэл дээ, тэр мөнгөөрөө манайд хэдүүлээ мах авъя, ногоо авъя, одоо жимс гарчихсан байна жимс авъя, манай эхнэр ийм гоё хоол хийдэг гээд тэр хүнээр би мах, ногоогоо авахуулчихдаг, тэгээд манайд юу байна, нийлүүлээд сайхан хоол хийгээд идчихээр, та 7000 төгрөг үнэтэй махыг тэр болгон авдаггүй бол гэрт чинь гадаад хүн ирэх үед аваад байх боломжтой гэсэн үг, энэ мэтчилэн хэн хэндээ ач тустай, маш их үнэ цэнэтэй харилцаа үүсдэг гэдгийг би ойлгосон. Тийм ч учраас энэ вэбээ одоо хүртэл хэрэглэсээр байгаа.

Ингээд би гадаад хүнтэй уулзах тоолондоо тэр хүмүүсээс олон зүйлийг сурч мэдэж авч байсаны нэг нь 2011 онд унадаг дугуйгаар аялдаг хүмүүсийн ашигладаг warmshower.org вэб сайтыг мэдэж авсан. Энэ вэбийг ашиглан унадаг дугуйгаар Дэлхийгээр аялдаг франц, итали, австрали, испани хүмүүстэй танилцсан байна. 60 орчим насны 2 Франц хүн, 55, 57 насны байх, унадаг дугуйгаар Франц орноосоо гараад, Францын нэг жижигхэн тосгон амьдардаг гэсэн, манай Норовлин сум шиг л ийм жоохон, тэр 2 Франц хүн Францынхаа тосгоны талаар ярьна гээд л, та бүхний хувьд бол Норовлин сумынхаа талаар ярьна гээд л унадаг дугуй унаад гарсан байгаа юм. Монгол орноороо бүтэн тойроод, дараа нь Дэлхийгээр тойроод 12 жил аялаад, очсон орон болгондоо өөрийн сумын талаар, нутгийн талаар ярьдаг, тийм 2 аялагч хүн манайд энэ warmshower вэбээр харилцаж ирсэн юм. Тэгээд би бахархаж, бид аялах хэрэгтэй юм байна, нутгаасаа гарч үзье, нүдээ нээе, юм харъя үзье. Дандаа л би чадахгүй мэдэхгүй гээд суугаад байх биш, бүр тэмээгээ унаад ч явж болох юм байна лээ, морин тэрэгтэйгээ ч явсан ч болох юм байна лээ, хүмүүс дугуйтай аялаад болж байхад гэж бодсон. Тэгээд бид аялдаг болсон.

Хөдөө орон нутгийн та бүхэнд маань мал ахуй, бэлчээрийн мал ахуйтайгаа, үүнээсээ амьдрал ахуй, бүх зүйлээ, баяр хөөрөө авч байгаа та бүхэн бол workaway.info вэбийн учрыг олж, хужрыг нь тунгаавал их сайн. Энэ бол гэр орны ажилд тань туслаад, мөнгө төлөхгүйгээр хамт хооллож, амьдардаг, гэр бүлийн шинэ гадаад гишүүнтэй болох боломж энэ байгаа юм. Өнөөдрийн анхдугаар чуулган дээр ажиглаж байхад залуучууд маань сургууль, дээд сургуульдаа явчихаад байна, аав ээж, гэр бүлийн арын албыг хариуцаж байгаа хүмүүс үлдчихээд байна, та бүхэнд хүн хүч хэрэгтэй бол гадаад аялагч хүмүүс танай гэрт ирж болно. Энэ workaway систем вэбийг ашиглаад, гэхдээ энд анхаарах зүйл бий, хараад байхад Хөвсгөл нутаг, аялал жуулчлал хөгжиж байгаа бүсүүдэд их хэрэглэдэг юм байна, тэгэхдээ энэ вэбийг сайн ойлгож, тэр хүнд Монгол ахуй соёлоо үзүүлэх гэж байгаа гэдгээ үргэлж бодож байх хэрэгтэй, түүнээс бус гар хөлийн үзүүрт зарах гэж байгаа биш.

2017 оноос бид Airbnb вэбийг хэрэглэж эхэлснээр, манай гэр бүлд мөнгө төлж гадаад хүмүүс ирдэг болсон. Тус вэбээс манайхыг жуулчид сонгож хараад, нэг хоногт 8-10 доллар төлж захиалгаа баталгаажуулахад надад мессеж ирж, зөвшөөрөл авдаг. Энэ компани нь үйлчилгээний шимтгэл хураамжаа аваад 8 орчим долларыг бидэнд дансаар илгээдэг.

Мөн 2018 оноос эхлээд гэртээ, манайд өдөр, оройн хоолоо идэх гэж traveling spoon вэб сайтаас манай мэдээллийг үзээд, төлбөр тушааж захиалгаа өгч гадаад хүмүүс ирдэг болсон байгаа.
Хүн аливаа ажлыг өдөр бүр хийх нь амжилтыг бий болгож байна. Яг л малчин түмэн маань өглөө саасан сүүгээ боловсруулахгүй бол гашилчихна гэдгийг мэднэ, тийм учраас тогоогоо угааж байгаад сүүгээ хөөрүүлээд эхэлдэг, манай Сүхбаатарынхан бол сүүгээ хөөрүүлнэ, дараа нь таргаа бүрнэ, аарцаа шахна, айргаа бүлнэ, шимийн юмаа гаргахаар тогоогоо нэрнэ, хуруудаа тавина гээд бүх л юм, тэрийг өдөр бүр л хийхгүй бол сүү гашилчих гээд байгаа шүү дээ ер нь бол, тэгэхээр өдөр бүр хийж байж ирэх хаврын хүнстэй болж байгаа, энэ сайхан ач тусыг бид нар бодож бясалгаж зөв хийвэл боломж зөндөөн байна.


Дээр дурдсанаас ч олон вэбүүдийг Дэлхий дээр хэдэн сая хүн хэрэглэж, үр ашгийг хүртдэг. Дэлхийн 200000 хотод 12 сая хүн 550000 үйл явдлыг хамтдаа зохион байгуулж, нэгдэж нягтарч бүлгийн зохион байгуулалтаар хийж, couchsurfing вэбийг хэрэглэж байгаа тоо баримтаар харагдана.
Бид ийм их боломжоос олж мэдээд, уншиж судлаад, нэг нэгнээсээ асуугаад, мэддэг чаддаг хүнээрээ заалгаад хэрэглэх нь чухал болчихоод байгаа учраас та бүхэндээ ярьж байна.

Ер нь хоостайл гэж нэрлээд байгаа, гэртээ гадаад хүмүүс ирүүлэх гээд байгаа айл нь дараах зүйлсийг өөрсдөө шийдэж байдаг:
- Гэртээ хэн гэдэг ямар хүсэл мөрөөдөлтэй гадаад аялагчийг ямар хугацаагаар ирүүлэхээ харилцаж тохирно.
- Тэгээд Монголчуудын суу ухаан гээд байгаа, Монгол хүний ухаан, ажил хөдөлмөр, амьдралаа хөнгөн аргаар үзүүлж, мэдрүүлнэ.
- Тэгэхдээ тэр айл ганцхан аялал жуулчлалд найдаж болохгүй, та нарын нөгөө, аялал жуулчлалын үндэс болсон өдөр тутамд хийдэг ажил чинь та нарын үнэ цэнэтэй ажил ахуй чинь хэвээр байна.

Ер нь бол мэддэг чаддагаа харуулаад гэрээсээ хийх, ийм сайхан ажил бол хоостайл юм.
Өөрийгөө таньж мэдэх, нээж хөгжүүлэх гэж байгаа айл шүү, би ер нь юу хийж чаддаг юм, хэнд юугаар үйлчилж чадах вэ гэдгээ мэдэх гээд, Монгол ёс заншил, Уран дөш уулынхаа тухай юу мэддэгээ мэдэж авах, гадаад хүн надаас асуухад нь ул суурьтайхан тайлбарлаад хэлчихдэг, мэдэхгүй байгаа бол мэдэж аваад, дараагийн хүнд илүү сайн тайлбарлахыг тэмүүлдэг, одоо хурдхан шиг мэдээд энэ хүнд хэлээд өгье гэдэг зүтгэл юм.

Хэлний бэрхшээл, ажил нэмэгдээд уцаарлах, мэдэхгүй чадахгүй зүйл гарах болгонд за за болъё болъё гээд байвал бидэнд юу ч байгаад нэмэр байхгүй, тэр сайхан сүү цагаан идээ байгаад ч нэмэр байхгүй, энэ сайхан байгаль дэлхий байгаад ч нэмэр байхгүй, гол нь байгаа зүйлээ ойлгож таниад, яаж гадаад хүмүүст эв дүйтэйхэн таниулж, мэдүүлэхээ илүү сайн бодож, байгаа зүйлдээ урамшиж, мэдэхгүй зүйлээ сурч мэдэх нь  аялал жуулчлалд төдийгүй тухайн хоостайлд нэмэртэй юм.

ХоостАйл болсон бол дагаж мөрдөх журам байгаа. Хоол хүнс элбэг дэлбэг, дандаа л баярлаж наргисан, хамаа намаагүй, замбараагүй байж болохгүй гэсэн анхааруулга байна. Ямар ч зүйлд дүрмээ тогтоон, мөрдөж ажиллана гэж нэг зүйл бий, тэгж байж та бүхэнд амжилт ирнэ. Миний гэр бүл 10 жил туршлага сууж, арга эвийг олсоны хүчинд өнөөдөр та бүхэнд ярьж хэлэх зүйлтэй болсон гэдгийг дахин хэлье. Та нарын хувьд 10 жил хүлээх хэрэггүй, туршлага мэдлэгтэй ярилцах хүмүүсээсээ суралцах хэрэгтэй.


Өнөөдөр ч эхэлж болно. Юу хэрэгтэй вэ гэвэл,
- аялагчийг зөвхөн гэртээ ирүүлдэг, хажуудаа илүү гэр барих хэрэггүй нь миний туршлага. хүн бүр өөрөөр ойлгож, өөрөөр хийж болно. тэр хүмүүст ямар ололт амжилт гарахыг мэдэхгүй. би зөвхөн өөрийн туршлагаа хэлж таниулж байгааг үргэлж анхаараарай.
- Интернэт, компьютер ашиглана. Гар утсанд тань интернэт байдаг бол түүнийгээ ашиглаж, вэб хуудас, програмын апп-аа суулгаж бүртгүүлж, харилцаагаа эхэлнэ.
- Гадаад хүнийг гэртээ ирэхийг зөвшөөрөх учраас гэр бүлийн бүх хүмүүс ойлгодог, зөвшөөрдөг байх чухал. Цай ундаар дайлах, гэр доторх зохион байгуулалтаа хийхээс эхлээд эхнэр хүний үүрэг их. би ганцаараа хийх гээд байгаа зүйл биш. хамтдаа хоол бэлтгэж идэх учраас тогоо шанага барьж байгаа хүмүүс, хэн хоолондоо оролцох вэ гэдэг чухал. тэгэхгүй ганцхан эхнэр л хоолыг бэлтгэнэ гэх биш, нөхөр өөрөө оролцох хэрэгтэй.
- ямар вэб сайт хэрэглэхээр сонгосон нь маш чухал. Манайх шиг 5-6 вэбийг зэрэг хэрэглэсэн ч болно.
- Монгол ахуй соёлоо ярьж хөөрч, таниулах гэж байгаа учраас, буруу зүйл хийчихлээ, Монгол ахуй соёлыг чинь мэдэхгүй хүн ирсэн учраас уурлаж болохгүй, нөгөө газар тавьсан уурга дээгүүр хөндлөн гишгээд гарвал энэ муу гадаад хүн гэж болохгүй шүү, учир нь тэр хүн мэдэхгүй байгаа гэдгийг үргэлж бодож байх, харин сайхан тайлбарлаж өгөх юм бол, ирэхээс нь өмнө тайлбарлана уу, алдсан хойно нь тайлбарлана уу, таны л ухаан тэр бол.
гадаад хүнтэй харьцаж байхад уурлаж бухимдаж болдоггүй юм. тэгэх юм бол тэр хүн наанаа юм хэлээгүй ч, цаанаа эх орондоо очоод Монгол хүн ууртай, нөхөрсөг биш гэж ярих болно.
- гадаад хүн гэдэг бол таны хувьд шинэ  хүн, шинэ ном учраас тэр хүнээс юм суралцах хэрэгтэй. би тэдний хүчинд гэр орондоо маш их өөрчлөлт хийсэн байдаг.
гадаад хүн чинь тэндээ амьдрал ахуйтай. жишээлбэл, Швейцарийн 60 гаруй настай хүн манайд 1 сар байсан. тэр үед швейцар өвөө гэж дууддаг болсон. Швейцар орон, байгалийн сайхантай, өндөр хөгжилтэй оронд ямар татварын систем үйлчилдэг, тэнд газар, байшингаа, аж ахуйгаа зардаггүй, тэнд түрээсэлдэг, би өвлөж авсан үндсэн хөрөнгийг ганцхан түрээсэлдэг, одоо бид газар өмчлөх, бэлчээрийн хууль яригдаж байгаа үед та бүхэн мэдлэгтэй, судлаач хүмүүстэй харилцаатай байх хэрэгтэй. юуг зарж болохгүй вэ гэдэгт. бид нар 0,05 га газраа зараад байгаа, би үүнийг Швейцар өвөөтэй уулзсан цагаас ойлгож, бодож, зарж болохгүй юм байна, зарахыг хориглосон, түрээслэх хууль байж болохыг ойлгосон. энэ их ялгаатай ойлголт. та бүхэн энэ талаар, нэгэнт иргэдийн оролцоо, хууль эрх зүйн сэдэв яригдаж байгаатай холбоотой нэмээд ярьчихлаа. ер нь гадаад хүмүүсээс бид их зүйл сурч авдаг, хог хаягдалтай холбоотой гэх мэт.


Ер нь тэгээд зочин хүнээ угтаж аваад, үдэн гаргах нь Монгол ёсоо, тэр уламжлалт соёлоо хадгалж байхад учиртай.
Үргэлж бидний бодох зүйл бол сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг сургаал бол ХоостАйлд маш их хамаатай. Заавал ХоостАйл гэлтгүй, Монгол хүн бүр энэ үгийг боддог байх, намайг хүүхэд байхад аав ээж хэлдэг байсан, би л тоодоггүй, ухаж ойлгож амьдралдаа хэрэглэдэггүй байсан байх, одоо л бодож байна. Монгол айлын талаар зураг хөрөг авна, интернэтэд бичнэ, тиймээс дандаа л сайхан инээд хөөр, амьдрал ахуй цэцэглэж л байх хэрэгтэй. Өөрсдөө хүртэл бичлэг хийж авч үлдэж байх хэрэгтэй, энэ их чухал. та нар тэрнээсээ харагддаг байна. ер нь гэр дотроо тамхи татах, архи уух нь байж болохгүй зүйл юмаа,  гадаад хүнтэй хүнгүй үүнийг болих хэрэгтэй, түрүүн хог хаягдлын илтгэлээс тамхины иш байгальд маш их хог болдогыг хараад, дотроо би чинь тамхи татдаггүйгээрээ өөртөө бахархаж байлаа. Та нар ч гэсэн тамхи татдаг бол эрс шийдвэртэй алхам хийгээд, эко аялал жуулчлалаа хөгжүүлье, тамхигүй Норовлин болцгооё, архигүй Норовлин гээд явах хэрэгтэй байх. Өөр хүмүүс худалдаж авч болох юм, дэлгүүрт чинь байж болно. гол нь сумынхан авдаггүйгээрээ л ялгарах юм. хэцүү байж болох ч, гэхдээ эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гээд Монгол ардынхаа зүйр үг байдаг даа.

Бас нэг анхаарах зүйл, гадаад хүн өөрөө хориглодог зүйлүүд байдаг, гадаад хүн жишээлбэл, та нар мэднэ дээ, казак ард түмэн, мусульман шашинтай хүмүүс нь халал аргаар бэлтгэсэн махыг иддэг, манайхан шиг өрлөж, цус нь махандаа шингэсэн мах иддэггүй, иймэрхүү аялал жуулчлалдаа анхаарах дараа, дараагийн сурах анхаарах зүйлс их байдаг.

Товч хэдэн зурган мэдээлэл харъя. Жишээлбэл, Дэлхийн хүмүүст бид гэрийн хаалгаа нээж байна гэсэн санаа. Хүмүүстэй танилцаж, бие биетэйгээ нөхөрлөх боломж гэр юм байна, ажил дээр бол 2, 3 цаг уулзаж ярилцаад баяртай гээд явна, гэрт бол шөнөжин унтахгүй ярилцсан ч болохоор байна. Энэ завшааныг ашиглаад, Норовлин-иргэдийн оролцоо ТББ-ын хяналтын зөвлөлийн гишүүн Шижирмөнхийнхөө гэрт 2 хонож байгаа, энэ боломжийг олгосон энэ гэр бүл, нутгийн захиргааны хамт олонд баярлалаа. Би өчигдөр сайхан ярилцсан. Тэр айлдаа номын бэлэгтэй ирсэн байгаа. Монгол хүн айлд очихдоо гар хоосон очдоггүй, юу авч очихоо би Дэлхийн хүмүүсээс хараад боддог, мэддэг болсон байна. Номын бэлэгтэй ирсэн, та бүхэн ч авч танилцаарай.


Ер нь Монгол гэр, Монгол ахуй бол Дэлхийн хувьд музей, бүр амьд музей болсон байгаа. Та нар Оросын Эрмитаж гээд алдартай музейг мэддэг, тэнд байдаг үзмэрээс хуулбарыг нь энэ ордондоо тэр тавьсан байна. Алдартай зураг учраас тавьсан байгаа. Тэгвэл Монгол гэр гэдэг бол алдартай музей болсон, үүнийг үргэлж бодож байх хэрэгтэй. Энэ нутаг ус модтой, уул устай болохоор байшин саванд амьдардаг юм байна гэж харж байна, түрүүн аялал жуулчлалын газрын мэргэжилтэний зөвлөж байгааг анхаарч, тэгвэл байшин нь аль болох бетон цементэн биш, модоороо байх, завсрын дулаалга нь цулхай биш, хөвдөөрөө байх, будаг нь хүртэл хиймэл үйлдвэрийнх биш, байгалийн шороон будаг байх гэх мэт анхаарах.
Гэр гэдэг чинь нэгэнт музей тул доторхыг нь тордож байна. Монгол суу ухаанд гэр гэдэг үг нь ирсэн гийчнийг гийгүүлээд, гэгээрүүлээд гаргадаг газар гэдэг ойлголт байдаг юм байна лээ, Манукол академийн Батотгон судлаач нь ном судрын эртний үг, сургаал мэдээллийг өнөө цагийн хэллэгээр тайлбарлаж байгаа.
Манайд ирсэн гадаад хүмүүс, Шинэ Зеланд хүмүүс блогтоо GER гэдэг үгийг Global Education Received буюу глобал боловсролыг олгодог газар гэсэн утгатайгаар нэрлэж бичсэн байсан.


Амьдрал бол аялал юм, амьдралаа та яаж төлөвлөж, мөрөөдөж байгаа юм. Гэхдээ таны өдөр тутамд хийж байгаа зүйл тань таны амьдралыг бүтээнэ гэдгийг санаж, өнөөдөр та 10 тамхи татаж байна уу, та амьдралаа бүтээж байгаа юм шүү, 1 тамхи татна уу, тамхи татахгүй байна уу, үнээгээ саана уу, саахгүй байна уу, би сая наашаа ирж байхдаа эхлээр явж байгаа үнээ тугалыг хараад, яана даа, сүүг нь гашилгаад, ээдмээ хатаагаад ээзгий хийгээд байвал хамгийн үнэтэй хүнс шүү дээ.
#ХоостАйл нэршил дээр нэгэнт аялал хийх гэж байгаа бол технологийг заавал хэрэглэнэ, интернэтийг гар утас дээрээ, вэб сайтыг ашиглаж сурах чухал юм.


Таны гэр бүлд ирсэн гадаад хүн дотроо юу гэж бодоод буцвал дээр вэ гэдэг үгийг манайд ирсэн Америк хүмүүс хэлсэн, Бид нутагтаа очоод Монгол орны тухай илүү их судлах болно гэсэн. Бүр видео нь байгаа. Америкийн хамгийн хүйтэн газар Аляскад ажиллаж амьдардаг Даве Кушва нар миний гэрт 2 хоносоны дараа би асууж бичлэг хийсэн. Та нар Монголоос юу ойлгов, ямар сэтгэгдэлтэй буцаж байна вэ гэж асуухад, Монголын талаар бид өмнө нь их мэдээлэлгүй байжээ, Солонгос руу аялсан, Солонгосоос шууд нислэгтэй, ойрхон улс Монгол байсан, тэгээд л бид ирсэн. Одоо буцаж очоод Монгол орныг илүү их судална, танай амьдралаас харахад ямар сайхан орон вэ гэж хариулсан. Энэ хүмүүс хөдөө яваагүй, манайд л 2 хоносон, хөдөөгийн байгалийг үзээгүй, уул ус хараагүй, тэгсэн мөртлөө энэ хүн манай гэрээс энэ мэдрэмжтэй болсон нь сайхан зүйл, би их баярлаж байгаа.


Дараагийн нэг зүйл, #ХоостАйл гэдэг гэртээ гадаад хүн ирүүлж байгаа вэбийг ашиглаад ирүүлэхэд таны тухай бичдэг, тэрийг нь reference гэж англиар хэлдэг, сэтгэгдэл гэж монголоор хэлж болохоор. Та бас тэр хүнийхээ тухай бичдэг, манайд ирсэн зочин тийм ааш араншинтай, тийм тийм юм сураад явсан гэж бичдэг. Та ч бичнэ, тэр хүн ч таны тухай бичдэг, тийм учраас анхааралтай, мэдлэгтэй, соёлтой байж, нэг нь эхлээд бусад нь дэмжээд, нэг нь үлгэрлээд явах нь сайхан.


Уншиж судлах энэ талын мэдээлэл бол их чухал, юм мэдэхгүйгээр юм хийнэ гэж хаана ч байхгүй, сүүгээ исгэж, тогоо нэрэхийг сурахгүйгээр тогоо нэрж байгаа хүн гэж байхгүйтэй  адил хүүхэд залуусынхаа тусламжтайгаар интернэтээс Хоостайлын тухай үргэлжлүүлэн уншиж мэдээрэй. Англи хэлийг бүгд их сургуульдаа үзэж байгаа, чиний сурч байгаа англи хэл чинь бидний ийм ажилд хэрэгтэй шүү гээд хэлж ярилцвал хүүхэд тань зорилготой болж, танд илүү туслах байх.
УБ хотод суралцаж байгаа оюутан залуустаа хоостайлыг танилцуулах лекцийг их дээд сургууль бүхэнд хийе гэсэн хүсэлтэй байдаг, учир нь орон нутгаас аав ээжээрээ дэмжүүлээд очсон оюутан залуус олон зүйлийг сурч мэдэж болно, хоостайл -ийг мэдэх нь хэрэглэж үр дүнг нь шууд хүртэхэд чухал гэж бодож байна. Их дээд сургуулиуд дээр лекцээ уншъя гэж сургуулийн захиргаа руу имэйлээр хүсэлтээ бичээд эхэлсэн.

Яагаад хүмүүс монголд аялаад байна вэ, хэн гэдэг хэдэн настай хүн, монголд аялсаныхаа дараа ямар сэтгэгдэлтэй буцаад байгааг нь яриулж #MongoliaFriend видеог youtube дээр байрлуулж эхэлсэн нь аль болох Монгол ахуй соёлоо таньж мэдэх, аялагч хүнийг бид ойлгоход мэдээлэл болж чадна.

Би 2019 ондоо бүтээлч Монгол хүнээ дэмждэг Creative Mongolia, Бүтээлч Монголчуудын нэгдэл Бүтээлч урлан Creative Gallery-д ажиллаж байгаа, УБ хотод очихоороо зорьж очоод үзээрэй, мөн ФБ хуудсаар нь орж үзэхэд ойлголт мэдээлэл авна.


Та бүхэнтэй танил боллоо, Норовлин сумын ард түмэнд баярлалаа, энд миний утас 99861326, фасебуук хаяг jbegzsuren, Монголын хоостайлууд гэдэг бүлэг байгаа зэрэг нь би зөвлөе, сургая гэсэн зорилготой юм. Норовлин сумын ард түмэн нь ХоостАйл гэдэг зүйл байдгийг мэдэж авч байгаа анхны сум, орон нутгийн иргэд гэж бодож байна. Та бүхэн холч хараа, сэцэн ухаанаа гаргаж, гэрийн хаалгаа Дэлхийн хүмүүст нээх үйлсдээ өндөр амжилт бүтээхийг хүсье.

Энэхүү чуулганд оролцсон тэмдэглэл бичсэнтэй үргэлжлүүлэн танилцаарай.

Мөн эмхтгэлийг бүхэн эхээр нь татаж авах хаяг

2019.09.28
Хэнтий аймаг Норовлин сум
2019 он
http://www.oroltsoo.mn/file/50.pdf


Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга


Comments