Дундын хадгаламжийн бүлэг яаж ажилладаг вэ

Дэлхийн зөн Монгол байгууллагын дэмжлэгтэй Төгсөлтийн аргачлал-600 төсөлд БЗД-ийн 8, 12, 19, 21, 24-р хороодоос 500 өрх, СХД-ийн 24-р хорооноос 100 өрх сонгогдон хамрагдаж, нийт 38 дундын хадгаламжийн бүлэгт 510 өрх  зохион байгуулагдсан байдаг. Манай 21-р хороонд 6 дундын хадгаламжийн бүлэг 2018 оны 3-р сараас ажиллаж эхэлсэн.

Дэлгэрэх өргөө дундын хадгаламжийн бүлэгт 17 өрх айл нэгдсэний нэг нь манайх.
Манай энэ бүлгийн 1 жилийн ой 2019 оны 3-р сард болох үед бичсэн тэмдэглэл бий.

Ингээд би дундын хадгаламжийн бүлгийн нэг удаагийн хурал хэрхэн явагддаг талаар танилцуулъя:

1. Бүлгийн гишүүд хуралдаа цуглана.
Хадгаламжийн хайрцаг хадгалагч, 3 түлхүүр хадгалагчид, бүлгийн дарга, нарийн бичиг, 2 мөнгө тоологч нар хуралдаа хариуцлагатайгаар ирсэн байх. Хуралдаа биеэр ирэх боломжгүй гишүүн нь бүлгийнхээ дарга руу хувьцаа худалдан авах мөнгө, нийгмийн сангийн мөнгөө шилжүүлсэн байх нь хурлаа таслаагүйд тооцогддог.

2. Нарийн бичиг бүлгийн хурлын дэвтэрт бүлгийн гишүүдийн дугаарын дагуу ирц бүртгэж, 50%-аас дээш байж хурал эхэлсэнийг бүлгийн дарга мэдэгдэнэ.

3. Хайрцаг хадгалагч, түлхүүр хадгалагч нар хайрцгийг нээж, тооны машин, шугам, тамгалагч, бүлгийн гишүүдийн дэвтрүүдийг нарийн бичигт гаргаж өгч, хадгаламжийн ууттай мөнгийг тоологч, нийгмийн сангийн мөнгийг хариуцан тоологч нар ууттай мөнгүүдийг гаргаж өгнө.



4. Мөнгө тоологч нар тус тусын ууттай мөнгүүдээ тоолж, эхний үлдэгдлийг тэмдэглэж авахын зэрэгцээ, өмнөх хурлын төгсгөлд тоолж дүгнэсэн дүнтэйгээ тулж байгааг бүлгийн гишүүдээр хянуулна.

5. Бүлгийн 1-р гишүүнээс эхлэн бүх гишүүд өөрийн дугаараар хадгаламжиндаа хэдэн хувьцаа авах мөнгөө, нийгмийн сангийн мөнгөө өгч байгаагаа бүлгийн нийт гишүүддээ тод дуугаар хэлж, мөнгөө харуулж, мөнгө тоологч нарт өгнө. Энэ хувьцааны тоог тухайн гишүүний дэвтэрт тамгалж тэмдэглэх ажлыг нарийн бичиг гүйцэтгэнэ.



6. Бүх гишүүн хувьцаа худалдан авч, дундын хадгаламжийн сандаа мөнгөө нийлүүлж дууссангуут, өнөөдрийн хурлаар нийт хэдэн хувьцаа авсан, нийгмийн санд нийт хэдэн төгрөг нэмэгдэж байгаа дүнг гаргаж, тулгана.

7. Бүлгийн дарга удирдаж, дундын хадгаламжийн сангаасаа зээл авсан гишүүд хүүгээ төлөх, эсвэл зээлээ эргэн төлөх зэргийг хянаж, бүлгийн гишүүний дэвтэрт төлсөн мөнгийг олгосон зээлийн хуудсанд бичиж, тамгална.


8. Зээлийн хүү, төлөлтийн дүнг тооцож, дундын хадгаламжийн сангийн нийт үлдэгдлийг тоолж тулгана.

9. Зээл авах хүсэлтэй гишүүдийн өргөдлийг нэг, нэгээр хүлээн авч, бүлгийн нийт гишүүдэд тухайн өргөдлийг уншиж танилцуулна. Өргөдөлд хэдэн төгрөгийн зээлийг ямар зүйлд зарцуулах, ямар орлогоосоо хэдий хугацааны дараа эргэн төлөхийг дурдсан байх шаардлагатай ба эхнэр, нөхөр хоёр хоёулаа гарын үсэг зурсан байвал зохино.
Нарийн бичиг өргөдөлд бичигдсэн зээлэх мөнгөний хэмжээг, нийт худалдаж авсан хувьцааны тоо буюу мөнгөн дүнг 3 дахин өсгөсөнөөс хэтрээгүй эсэхийг шалгаж, өргөдөл дээр хувьцааны тоог тэмдэглэл хийж, олгохыг зөвшөөрөв гэж бичиж гарын үсэг зурна. Мөн мөнгө тоологч мөнгө олгов гэж бичиж гарын үсэг зурна. Гишүүний дэвтэр дээр зээл олгох хуудсанд нарийн бичиг бичилт хийж, зээл авч байгаа гишүүнээр гарын үсэг зуруулна.

10. Нийт олгосон зээлийн дүнг гаргаж, дундын хадгаламжийн дүнтэй тулгаж, хадгаламжийн мөнгөө улаан уутанд нь хийж, хадгаламжийн хайрцагтаа хийнэ.

11. Нийгмийн сангаас бүлгийн гишүүн өрхөд тусламж үзүүлэх эсвэл бүлгийн үйл ажиллагаанд зарцуулах эсэхийг бүлгээр ярилцаж, шийднэ.

12. Нийгмийн сангийн үлдэгдэл мөнгийг тулгаж, цэнхэр уутанд хийж, хадгаламжийн хайрцагтаа хийнэ.

13. Хадгаламжийн хайрцагтаа шугам, тамгалагч, гишүүдийн дэвтэр, 2 ууттай мөнгө зэргээ хийсэнийг нягталж, цоожлоод, түлхүүр хадгалагч нарт түлхүүрийг хүлээлгэж өгнө.

14. Бүлгийн дарга дараагийн хурал хэдний өдөр хэдэн цагаас хаана болохыг бүлгийн нийт гишүүдэд зарлана.

15. Дундын хадгаламжийн бүлгийн хурал өндөрлөж, бүлгийн гишүүд хоорондоо ярилцах цаг гарна.



Дэлхийн зөн Монгол байгууллагаас бүлэг ажиллахад шаардлагатай төмөр хайрцаг, 3 цоож, тооны машин, шугам, тамганы тос, тамга болгож ашиглах баллуур, гишүүн бүрийн хувьцааны бүртгэл, зээл олголтыг бүртгэх дэвтэр зэргийг бэлтгэн бүлэгт гардуулж, бүлэг хэрхэн ажиллах журмын төсөл танилцуулж, сургасан.
Бүлгийн ажиллах журмын загвар дээр өөрсдийн журмаа боловсруулж, бүлгийн дарга, нарийн бичиг, хайрцаг хадгалагч, мөнгө тоологч нараа сонгож, бүх гишүүд дүрмэндээ гарын үсгээ зурж баталгаажуулан, анхны хадгаламжаа үүсгэж байсан тэрхүү анхны хурал 2018 оны 3-р сард БЗД 21-р хорооны Иргэний танхимд явагдсан түүхтэй.


Өрхийн төсвөө компьютер дээр хөтлөж, тооцоо бүртгэлийг төрөлжүүлэн нийлбэр дүнг хялбархан гаргах, их багаар нь эрэмбэлэх, сарын нийлбэр дүнгээр нь харьцуулж харах гэх мэт үйлдлүүдийг компьютерийн програм ашиглаж хийхэд зөвлөж туслах ажлыг миний гэр бүл хийнэ. Сонирхож байвал Өрхийн төсөвч цэсэнд байгаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Comments