ХоостАйл. Шагайг гадаадын аялагчдад хэрхэн танилцуулж, бэлэг болгож өгөх талаар


Цуглуулсан шагайгаараа гадаад хүнтэй тоглох, тоглосныхоо дараа 4 шагайг бэлэглэхэд тэд баярлаж хүлээн авдаг. Монгол орны тухай дурсамж яриа, мөн дараагийн аялалдаа хүмүүстэй харилцах хэрэглэл, тоглоом болж байдгийг аялагч хүмүүсийн дурсамж ярианаас бид олж мэдсэн.


Биднийг бага наснаас ясаа мөлжих, шагайг цуглуулах, шагайгаар яаж тоглодогыг өрх айлын хүн бүр зааж сургаж байсан нь өнөө цагт ач тусаа өгч, гадаад хүмүүст харуулах чухал зүйл, түүх соёлыг ярьж танилцуулах сэдэв,
улмаар бэлчээрийн мал аж ахуйтай амьдралын онцлог, давуу талыг ярилцах, амьдралын үнэ цэнээ ухаарах хэрэгсэл болж байгаад би баярладаг.


Гэргий бид хоёр 2016, 2018 онуудад Шагайтай үүргэвч аялал хийж, Казакстан, Орос, Украйн улсын иргэдтэй уулзаж шагайг үзүүлж, ярилцаж явахад зөвхөн Казак хүмүүс “асык” буюу шагайгаа хэрэглэж тоглодог нь ажиглагдсан.

Иймд гадаад хүмүүст шагай гэдэг ховор, шинэ зүйлийг зааж өгөхдөө дараах дэс дараатай байвал илүү ойлгомжтой, сонирхолтой, мөн Монголчуудын амьдралдаа ул суурьтай ханддаг, хэрэглээний өв соёл болж чаддаг:

1. Энэ юу вэ, юу гэж бодож байна вэ гэж асуух
2. Амьтны зөвхөн арын 2 хөлөнд, шаант ясны нарийн үзүүрт байдаг шимт цул яс
3. Эртний Европын улсуудад шагайгаар тоглож байсаныг харуулах музейн үзмэр, археологийн мэдээлэл (мартагдсан зүйл болохыг нь харуулна)
4. Шагайтай холбоотой Монголчуудын түүхэн болон орчин цагийн мэдээлэл
5. 4ш шагайгаар яаж тоглож болохыг заана
6. Монголын дурсгал болгож 4ш шагайгаа бэлэглэнэ



Гэртээ гадаад хүмүүсийг 10 гаруй жил ирүүлж байгаа бид, Монгол ахуй соёлын илэрхийлэл болсон шагайгаа тоглож, ажиглаж, шагайн тухай олж уншсан зүйлсээ бодож тунгааснаараа дээрх зөвлөмжийг санал болгож байгаа ба одоо дэлгэрүүлэн танилцуулъя.

1)  Энэ юу вэ, юу гэж бодож байна вэ гэж асуух

Гадаад хүндээ цөөн ширхэг шагайг гартаа барьж эсвэл ширээнд тавьж дэлгэн, нааш ир гэж анхаарлыг нь хандуулж, энэ зүйл юу болохыг мэдэх үү  (my friend, do you know this, what is this for you) гэж асууна.
Хамгийн хөгжилтэй нь гадаад хүмүүс шагай гэдэг энэ цул ясыг ямар нэг амьтны шүд, эсвэл нурууны яс байх гэж хариулдаг.
Та мэдэхгүй байгаа ямар ч хүнийг инээж шоолж, мөн мэддэггүй юм уу гэсэн өнгөөр үг хэлж гомдоож болохгүй шүү.
Гадаад найзынхаа хариултыг сонссон та одоо “this is a knuckle bone, we call it shagai” гээд танилцуулга, тоглоом заах ажлаа үргэлжлүүлнэ. Цаасан дээр shagai, шагай гээд бичиж өгвөл тэр хүн зөв уншиж, хэлж сурахад дөхөмтэй болно.


2) Амьтны зөвхөн арын 2 хөлөнд, шаант ясны нарийн үзүүрт байдаг шимт цул яс

Шагайны уутнаасаа шаант яс гаргаж үзүүлж, хаана ямар байдалтай байрладагыг нь харуулж, үхрийн шагай буюу аргайг хонь, ямааны шагайтай зэрэгцүүлэн сонирхуулбал маш сайн мэдээлэл болно.
Шагайг цуглуулахдаа чанасан шаант яснаас шагайг салгаж, шагайг мах, шөрмөсөөс цэвэрлэж, агаар нэвтэрдэг эсгий эсвэл даавуун уутанд хадгалсан. Заримдаа халгай, модны холтос зэргийг хийсэн усанд шагайгаа хийж тавиад, жаахан буцалгаад өнгө оруулж бэлдэхэд үзэмжтэй болно зэргээ жишээ татан үзүүлж ярьна.
Шагай нь өөрөө байгалийн бүтээсэн хэлбэр дүрс, хүний оролцоогүйгээр ийм хэлбэртэй цул яс бүтсэн болохыг онцлон хэлж, хүмүүс энэ ясны онцлогыг ажиглаж мэдээд арга, билгийн олон зүйлд, жишээлбэл бэлэг дурсгал, тоглоом наадам, буян хишиг хураагч, эмчилгээ домд хэрэглэж, мөн магтаал, дуу шүлэг хүртэл зохиосон байдгийг уншиж мэдсэн байх нь яриаг улам итгэл дүүрэн, сонирхолтой болгодог. Орон нутгийнхаа нийтийн  номын санд очиж шагайтай холбоотой мэдээллийг олж үзэхийг зөвлөе.


3) Мартчихсан зүйл гэдгийг нь сануулж өгнө 

Эртний Европын улсуудад шагайгаар тоглож байсаныг харуулах музейн үзмэр, археологийн мэдээлэл Google-ийн зураг хайлт (images.google.com)-д knuckle bone in ancient europe гэж хайлгахад, шагайгаар тоглож байгаа эртний европ хүмүүсийн зураг, баримал мөн шагайгаар шоо хийж ашиглаж байсан, оршуулгад шагайг хамт хийсэн зэрэг эртний олдворуудын зургууд олдоно.
1950-аад оны үед Австрали улсад сургуулийнхаа хашаанд шагайгаар тоглож байгаа хэсэг сурагчдын фото зураг хүртэл олдоно.
Эдгээр зургуудаар жишээ татан тухайн гадаад хүний өвөг дээдэс шагайг хэрэглэж байсаныг бататгаад, өнөө цагт мартагдсан зүйл болохыг нь сануулж, фермийн аж ахуй, үйлдвэржилт, улс орны хөгжил дэвшил нь худалдааны зорилгоор хуучныг шинэчилж, шинэ тоглоомыг тасралтгүй бүтээж байгаа талаар ярихад сайхан байдаг.

4) Шагайтай холбоотой Монголчуудын түүхэн болон орчин цагийн мэдээлэл
Монголчууд бид бэлчээрийн мал аж ахуйгаа өнөөдрийг хүртэл хадгалан авч үлдэж, мал, малчин, малын ашиг шимийг уламжлалт аргаар боловсруулдаг, хонь малаа өөрсдөө төхөөрдөг, махаа бүтэн ястай нь чанаж хоол хүнсээ бэлтгэдэг зэрэг нь айл бүхэн шагайгаа цуглуулах боломж олгож байгааг ярьна.
Гэтэл хөгжингүй улсуудад магадгүй 200, 300 жилийн өмнөөс аж үйлдвэржилт, эрчимжсэн мал ахуй, газар тариалангийн масс үйлдвэрлэл, ашиг орлого ихтэй бизнес гэсэн ойлголт, судалгааныхаа хүрээнд хөгжих явцдаа малын ясыг бүх зүйлтэй нь өөр амьтны тэжээл болгосон байх.

Шагай гэдэг энэ тос нүнжигтэй цул ясны бүрэн ашиг тусыг судлаж дуусаагүй, шагайнаас тосыг ялган авч, царцдаггүй энэ тосоор үе мөчөө тослох эмчилгээнд ашигладаг хүмүүс байдаг, мөн шагайгаар 80 орчим тоглоом тоглож болохыг тэмдэглэсэн ном 1950-аад онд бичигдсэн байдаг болохыг танилцуулж болно.
Монгол хүн шагайгаараа тоглох үйл явцдаа сууж сурах, эрэмбэ дараалал, ахмад хүнийг хүндлэх, цэцэн үг яриа цээжилж зөвөөр яриа хөөрөө хийх, нөхцөл байдлыг үнэлэх гэх мэт хүнээр заалгаад сурах боломжгүй, зөвхөн өөрөө л үйлдэн мэдэрч эзэмшдэг 200 гаруй эрдэмд сурдаг болохыг эрдэмтэн судлаачид бичсэн байгаа.

Мөн дараах мэдээллээс жишээ татан яриагаа баяжуулдаг. Монголын нууц товчоо номд Тэмүжин, Жамуха нар 1172 онд гурын шагай, цутгамал шагай солилцон анд найзууд гэдгээ илэрхийлж байсан. Хүннүгийн үеийн археологийн олдворт дүрс зурагтай шагай олдож, энэ дүрс нь хожмоо Чингэс хааны үед тамганы тэмдэг болж хэрэглэгдсэн байв зэргийг дурдаж болно.
Сарны тооллын шинэ жил буюу Цагаан сараар айл бүхэн шагайгаа гаргаж ирж, битүүний өдөр алаг мэлхий өрж тавиад, шинийн нэгний өдөр тоглодог, мөн эрт харанхуй болдог тул өвөлдөө тоглодог, зуны өдрүүдэд сүү цагаан идээгээ боловсруулах их ажилтай тул бараг тоглодоггүй онцлог, зарим тоглоомыг тоглоход 108ш, 30ш гэх мэт тодорхой тооны шагайнууд хэрэгтэй байдаг зэргийг ярьж өгөхөд гадаад хүмүүс Монгол ёс заншил, ахуй соёлын мэдээллийг олж мэдэж байгаадаа их баярлаж, аяллын тэмдэглэлдээ бичиж авдаг.



5) 4ш шагайгаар яаж тоглож болохыг заана

Шагайгаар хуруу гарын дасгал болсон, хурд авхаалж самбаа сорих, тоо цээжлэн ой тогтоолтоо дэмжих, зан харилцаа бие биенээ хүлээх чадвар, зөн билэг билэгдэл, ажиглан таах таалцах гэх зэрэг олон төрлөөр 80 хүртэл тоглоом байдаг нь ямар ч насны хүн ажил амьдралдаа зохицон тоглож болохыг хэлж танилцуулаарай.
Тоглоомыг зааж өгөхдөө аль болох хөнгөн, хялбараас нь, мөн олон төрлийн тоглоом байдгийг харуулах зорилго тавьж, дараах тоглоомуудыг заадаг.


Тоглоом 1. Ижил буулгаад оноо авах тоглоом

4 шагайг зөөлөн орхино. Хэдэн ижил байгааг нь зэрэгцүүлж тавиад, 2 ижил буусан бол 2 оноо, 3 ижил байвал 3 оноо, 4 ижил байвал 4 оноо өгнө. Тоглогч бүр 4 шагайгаа 3 удаа орхиход нийт хэдэн оноо цуглуулснаар нь байр эзлүүлж тоглоно.

Энэ тоглоомын зорилго нь шагайн дүрсүүдийг харуулах, нэрлэж сургах юм.



Тоглоом 2. Морь уралдах

4 шагайгаа зөөлөн орхиж, хэдэн морь буусаныг нь тоолно. Тоглогч бүр 4 шагайгаа 3 удаа орхиж, морь буусаныг тоолж, нийлбэр тоогоо 20-д хүргэхийг зорино.

Энэ тоглоомоор шагайны аль буултыг морь гэдгийг илүү сайн тогтоож авахын зэрэгцээ, бусад буултуудаа давтаж, мөн 5 хошуу малын нэг, Монгол улсын сүлдэнд мөнхлөгдсөн морь нь хийморьлог амьтан гэж тооцогддог, Морь нь Монгол хүний үнэнч нөхөр, нутаг усаа зорин ирдэг зэргийг ярьж уламжлал, соёлоороо бахархдаг.

Тоглоом 3. Дөрвөн бэрх

Тоглогч бүр ээлжээр 1 удаа 4 шагайгаа орхино. 4 өөр буулт буюу 4 бэрх буулгаж, аз хийморьтайгаа харуулна гэж тайлбарлан тоглоно.

Тоглоом 4. Зуун оноо

Шагайны тодорхой хэдэн буултыг оноотой болгож, хүснэгт бэлтгээд, жишээлбэл 1 морь 3 хонь буувал 25 оноо, тоглогч бүр ээлжээр 4 шагайгаа орхиж, оноотой буулт байвал өөрийн оноогоо нэмэгдүүлсээр эхэлж 100 оноонд хүрсэн нь хожино.

Мөн 4 шагайгаараа дараах тоглоомуудыг тоглож болохоор байна: -шагай таалцах, -шагайг гарын алганаас дээш шидэж гарын ар талд тогтоож, дээш шидэж шүүрч авах, -нэг ялгарах шагайг дээш шидэж бусад шагайг нэг нэгээр нь авч, дээш шидсэн шагайгаа тосч авах, -гарын ар талд цувуулан тавьсан шагайг дээш шидээд бууж ирэхэд нь тоншиж авах, -шагай няслах


6) Монголын дурсгал болгож 4ш шагайгаа бэлэглэнэ

Дээрх мэдээллийг өгсөн дараа гадаад хүнд 4 шагай бэлэглэхэд  урамтай сайхан байдаг. Тэд нутагтаа очоод боломжтой бол шагай цуглуулж олон янзаар тоглож, амархан эвдрэх эсвэл байгальд шингэхгүй хуванцар хог болдог, эрүүл мэндэд тусгүй химийн гаралтай будаг, үнэр шингэсэн тоглоомуудаасаа татгалзаж Монгол улсыг дурсан ярих, шагайн тоглоомд биечлэн суралцахаар Монголд дахин ирэх болно.

Гэхдээ дараах тохиолдлуудад хиймэл шагай бэлэглэж болох юм:
- Австрали улс нь хилээрээ ямар нэг ургамал, амьтны гаралтай эд зүйлийг оруулахыг хориглодог тул Австрали улс руу аялж яваа хүмүүс
- Амьтны эрхийг хамгаалж арьс үсээр нь хийсэн хувцас хэрэглэлээс татгалзсан хүмүүс байдаг
- Амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй веган хоолтой хүмүүс


Монгол хүн өөрт байгаа шагай гэдэг онцлог, боломжийг олж харж, мэддэг хэрэглэдэг зүйлээ ойлгомжтойгоор гадаад хүмүүст тайлбарлаж, ашиг тусыг нь Дэлхийд таниулахын тулд гэртээ гадаадын аялагчийг ирүүлдэг ХоостАйл болж хувь нэмрээ оруулцгаая.

4 шагайгаар яаж тоглож болохыг 2020 оны 3-р сараас бичлэг болгон нийтэлж эхэллээ.

Гарын авлагыг боловсруулсан Ж.Бэгзсүрэн
2008 оноос хойш гэртээ 50 гаруй улсаас 1000 гаруй аялагчидыг ирүүлж, гадаад найзууддаа Монгол ахуй соёлоо танилцуулахдаа шагайгаа ашигладаг арга туршлагадаа үндэслэв.

Comments