Мөн бидэнтэй хоол хүнсний уламжлал шинэчлэлийг нь ярилцах, хоол хийхэд оролцох, заримаас нь суралцаад улмаар өөрсдийн амьдралдаа сайхан дурсамж, эрүүл хэв маяг бий болгох хүсэл мөрөөдөлтэйгээр гадаад хүмүүс Монгол орноор аялж явдаг.
Тийм ч учраас гэртээ цөөн (1-3) гадаад аялагч хүнийг ирүүлж байгаа #ХоостАйл нь орчин цагийн үйлчилгээний газрын хоол хүнсээс арай л өөр, Монголын уламжлалт хоолны
онцлог, соёлоо таниулна гэж зорих хэрэгтэй болдог.
Үүний зэрэгцээ хоолны амт чанар, хүний биед үзүүлж байгаа эерэг, сөрөг тал, таргалалт буюу биеийн илүүдэл өөх, хувь хүний мэдлэг, өдөр бүрийн хэвшлээс хамаарсан нийгмийн халдварт бус өвчнүүдээс сэргийлэх зэргийг эрдэмтэн мэргэд, судлаач мэргэжилтэнүүд сануулж, ярьж танилцуулсаар байдаг зөвлөх мэргэжилтэнүүдтэй харилцаж, хэвлэл мэдээллийн нэвтрүүлэг, сургалтанд ойр байж, гал тогоогоо мэдлэгтэйгээр барих хэрэгтэйг манайх гэртээ гадаад хүмүүс ирүүлж байгаа 10 гаруй жилийн туршлагаасаа харж мэдсэнээ танд танилцуулъя.
Дараах сургалтын агуулга нь 2019.4.21 өдөр манай гэрт зохион байгуулагдсан
Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
сэдэвт сургалтанд танилцуулагдсан. Сургалт яаж зохион байгуулагдсан тухай.
Гадаад хүн нь ямар улсынх вэ гэдгээс, мөн тухайн хүний өөрийн онцлогоос хамаарч өглөөний цай уудаг эсэх, ямар цай бэлтгэж амт, үнэр, ашиг тусаар нь дурыг нь хүргэх, "Өглөөний хоолыг өөртөө", "Өглөөдөө хаан хүн шиг зоогло" гэх мэт сургаал үг ямар учиртайг ярилцах, мөн Монгол ахуй, улирал цаг уурын онцлог, орон нутгийн байгалийн нөөц, хөдөлмөр шингэсэн ямар өглөөний цай байж болохыг бодолцож, аль болох өглөөний цайгаа урьдчилан бичгээр зөв танилцуулж, сонголт өгч үйлчлэхэд анхаарах хэрэгтэй.
Зарим гадаад хүмүүс өглөөдөө кофе уух дуртай, жимс идэх дуртай, юу ч хамаагүй иддэг, зарим нь бүр өглөөдөө юм идэх дургүй гэх мэт олон янз байдлыг та гадаад хүмүүсээс олж харах ба тэр хүний энэ байдал нь тухайн хүний дадал хэвшил тул хүндэтгэн үзэж, хар кофе, жимс зэргийг байлгаж, үйлчилбэл тэд яг л гэртээ байгаа шиг байна гээд маш их баярладаг.
2-р гурилаар хийсэн талх боов, тосонд хайраагүй гамбир, гурилыг нь өөрсдөө элдэж хийсэн өөх тос багатай шөлтэй хоол, мах ногоо холимог бууз, тосонд хайраагүй хуушуур, гурвалжин будаатай шөл зэрэгт ямар ч орны хүмүүс дуртай байдаг.
Монголын хоол зүйч, тогооч, хүнс судлаач мэргэжилтэнүүдийн ном, нийтлэлүүд, тэр дундаа Монголын тогооч нарын холбооны тэргүүнээр олон жил ажилласан, Монгол улсын зөвлөх инженер, доктор, профессор Ж.Октябрь (1952-2015) гуайн бичсэн ном, сурах бичиг, "Монголчуудын хүнс, хоол" 2012 онд хэвлэгдсэн ном, "Тогооч нар мэдлэг, чадвар, сэтгэл гурваа нэгтгэж хоол хийгээсэй" зэрэг нийтлэл бичвэрүүдийг уншиж хоолыг амттай хийхээс илүү, хүний эрүүл мэндэд ашиг тустай байдлыг нь эхлээд анзаарч үзээрэй. Монголд аялж ирсэнээрээ, танайхаас олж мэдсэн хоол хүнсний талаарх мэдлэг, зөв хэвшилд хөтлөгдвөл таны ач тусыг энэ гадаад хүн үргэлжид дурсахаас аргагүй болов уу.
Хоол бэлтгэх орчин ахуй нь цэвэр, гал тогооны хэрэгсэл чанартай, хор аюулгүй байхад анхаарч, ус хадгалах зориулалтын сав, болж өгвөл Монгол ахуй онцлогыг илтгэж модон, зэс, гууль, мөнгөн сав, шанага, аяга хэрэглэх, зэвэрдэггүй, буцалгаж халааснаас болж химийн урвалд ордог хуванцар, хайлш материалтайг нь хэрэглэхгүй байх чухал.
Мөн аяга, халбагаа угаахдаа химийн бодис ихтэй угаагчийг ашиглахгүй байх, аль болох зочин хүндээ өөрт нь аяга, халбага оноож өгөх, бүр бэлэглэж ч болох юм, түүнийгээ угааж цэвэрлэхийг нь өөрт нь хариуцуулчих хэрэгтэй.
Гадаадын улс оронд хориглосон угаагч шингэн, хуванцар материал, хэрэгслэлийг ашиглаж байвал нь бидний үнэ цэнийг муутгаж, муугаар ярих болно гэдгийг бид анзаарсан.
Мөн хоол хүнс бэлтгэж байхдаа үс гэзгээ боох, зориулалтын малгай өмсөх, хуруу хумсаа будаагүй байх, гар хуруун дээр яр шарх, арьсны гэмтэлгүй байх зэргийг онцгой анхаарч, гадаад хүнээ хоол идэхээс өмнө гараа угаахыг сануулсан бичиг, гар угаалтуур дээр Монголд хийсэн органик саван, хувийн алчуураа хэрэглэхийг зөвлөх гээд бодолцож үзэх, урьдчилан бэлтгэх, хэлж мэдээлэх зүйлс байдаг.
Гадаад хүн хоол хийхэд чинь туслая, хамжих хүсэлтэй байна гэвэл өмнөх нөхцлийг хангаж, юуг ямар хэмжээтэй хэрчих, яаж элдэх зэрэг юунд оролцуулах гэж байгаагаа эхлээд өөрөө хийж үзүүлээд, гадаад хүнээрээ 1, 2 удаа хийлгэж туршуулж, дахин өөрөө хийж үзүүлж, яг л хүүхэддээ зааж өгч байгаа шиг хандаж, дахин 1-2 удаа хийлгээд, баярлалаа гээд, зургийг нь авч өгч, дуустал нь оролцуулах шаардлага байхгүй. Энэ үйлдэл нь л тэр хүн амьдралдаа нээлт хийсэн мэт үнэлэгдэж, баяр хөөртэй болгодог шүү.
Бэлчээрийн мал ахуй, мах сүүгээ өөрсдөө бэлтгэж боловсруулдаг арга технологи нь бидний хувьд бол энгийн зүйл, гадаад хүмүүсийн хувьд шинэ зүйл учраас үнээ ивэлгэх, дэлэн хэд шувтрах, сүү самрах, тараг бүрэх, ааруул зүсэх, айраг бүлэх, ээзгий ширгээх, өрөм хайлах зэргийг цаг улиралтай нь холбон тайлбарлах, идээ цагааныхаа онцлог зөв хэрэглээг тайлбарлах, зарим арга технологи нь зөвхөн энэ улирал цагт байдаг та азтай байна гэх мэт аялж байгаа урам зориг, итгэлийг нь бататгаж өгдөг.
Хоолны орц мах ногоо, гурил нь гадаад улсад бол ихэнхдээ үйлдвэрийн аргаар боловсруулагдаж, хагас бэлэн бүтээгдэхүүн болчихсон, цаад үйлдвэрлэгч, худалдагч нь үйлдвэрлэл, чанарын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан тул аюулгүй гэж үздэг тул танайх махаа хаанаас авдаг вэ, ногоогоо хаана яаж тарьсан вэ гэхчилэн асуух, эсвэл түүхий сүү амсах, зуурсан гурилнаас амсах гэх мэт бидний хувьд болохгүй гээд бодчихсон зүйлийг хүртэл гадаад хүмүүс сурсанаараа хийх гээд байдаг. Тийм үед нь ойлгож харилцах, хоолны орц түүхий эд материалаа зөв танилцуулж, илэрхийлэхэд суралцаарай.
Тэр байтугай Финлянд залуу нутагтаа үнээний ферм, үйлдвэрийн савлагаатай сүүг уухлаар хамаг бие нь улайгаад загатнаад байдаг гээд манайд сүү уухгүй гэхлээр нь манайх өөрийн саасан сүүгээ хөөрүүлээд, жаахан амтлаад үз гэж хэлж, туршиж үзэхэд харшил нь хөдлөхгүй байгааг харж мэдээд, манайд байх хэд хоногтоо сүү, тарагны амтанд орсон жишээ байдаг.
Мусульман шашинтай улс орны хүмүүс нь халал (halal) аргаар буюу цусыг нь маханд нь шингээхгүйн тулд юүлж авдаг аргаар бэлтгэсэн махыг иддэг онцлогтой.
Мөн цагаан хоолтон (vegetarian), ногоон хоолтон (vegan) гэх мэт мэдлэг, биеийн байдал, орчин нөхцлөөс хамаарч тухайн хүний сонгосон, зорьсон онцлог зүйлс байдаг тул хэн гэдэг, хэдэн настай, ямар шашин шүтлэгтэй, хүнс хоолондоо ямар шаардлага тавьдаг хүн ирэх гэж байгааг урьдчилан харилцаж мэдэх нь маш чухал. Ийм бэлтгэл хангах нь танай гэр бүлээр дамжуулан Монгол орны талаарх сэтгэл ханамжийг дүүрэн авч үлдэх, баярласан гадаад хүн таны үйлчилгээний тухай талархсан санал сэтгэгдлээ бичих, нутагтаа очоод гэр бүл, найз нөхөддөө дурсан ярихад гэх мэт өндөр ач тустай байдаг.
Бэлтгэсэн хоол хүнсээ идэж эхлэхийн өмнө тэр бүр бидний хэвшүүлж чадаагүй, амттай сайхан хоол идэж байгаадаа талархах, сэтгэл зүйгээ бэлдэх үг болох "Сайхан хооллоорой" гэдэг үгийг англиар (enjoy your meal) болон олон улсын түгээмэл үгээр (bon appetit) нь хэлэхийг давтаж үзээрэй.
Хооллох үедээ давс, ургамлын тос, цуу, кетчуп гэх мэтийг хоолондоо нэмэхийг санал болгох, өөрсдөө нэмээд гоё байна гэж эрхий хуруугаа гаргаж харуулах, тайван биш идэх, шүлсээ үсэрч байгааг анзааралгүй чанга инээж хөхрөх, тамхи татах, архи задлах гэх мэт гадаад хүмүүсийн тоохоо больсон, тэр улс орондоо эдгээр зүйлсийг хүний эрүүл мэндэд ач тусгүй гэдгийг суралцаж, өөрсдөө хэрэглэхгүй хэвшсэн байдлыг бид харуулж байдгаа хазаарлах хэрэгтэй болдог шүү. Тийм эрүүл хэв маягт бид өөрсдөө дагаж суралцахаас хойш битгий суугаарай.
Бид гадаад хүмүүсээ хоол хийхэд оролцуулж, мөн тэдний хийе гэсэн хоолыг хамтарч хийх үедээ хэрэгтэй зүйлийг мэдэж авсандаа баяртай байгаагаа ярилцаж амжаарай. Хоол хүнсийг бэлтгэхдээ технологийн алдаа буюу түүхий эдээ буруу боловсруулж, буруу хэрэглэж байгаа алдаа гардагыг анхаарч байдаг. Жишээлбэл ургамлын тосыг хиншүү үнэрттэл нь буцалгахад тосонд хортой бодис үүсдэг, хоолыг бэлэн болж аягандаа хийхийн өмнө давсаа хийж тааруулдаг, томатны нухаш - кетчупэнд стандарт биш томат хэрэглэхээс гадна олон тогтворжуулагч, амт оруулагч хиймэл бодис нэмдэг, масло, маргарин хоёрын ялгаа гэх мэт.
Хооллож дууссаны дараа өөрсдөө аягаа долоож үзүүлж, улмаар би танд аяга долоохын ач тусыг хэлж өгье гээд, аягаа долоож байгаа нь би цадлаа, хоол нэмж идэхгүй гэсэн дохио шүү гээд, цааш нь аягаа долоох үед шүлс ихээр ялгарч, шүлсээ залгиснаар ходоодонд хоол боловсроход их тустай байдаг, хэлээ сунгадаг учраас хэл гэдэг булчин нь зүрхний артерын судасны хананы булчинд сайн нөлөөтэй, сайн дуучид аягаа долоох дасгал хийдэг :-), мөн хоол аягандаа үлдээхгүй байх (no food waste), цэвэрлэсэн аягаа угаахад ус бага орно, хүн бүр өөрийн аягатай тул долоож байгаа юм, өөрийн аягатай байх нь сайн цэвэрлээгүй аягаар дамжих өвчин ирэхгүй, бүр цаашилбал хүн бүхэн өөрийн гэсэн мөнгө, зэс, модон аягатай байхад амьдралынхаа хугацаанд өөр аяга худалдан авахгүй (less consuming) сайн талтай гэх мэтээр танилцуулж болно.
Гэртээ гадаад хүнийг ирүүлэх, гэрээсээ ажил хийх боломжийг гар утас, интернэт технологийн дэвшил илүү ихээр олгож эхэлсэн бөгөөд миний гэр бүл 2018 оноос traveling spoon гэдэг вэбсайтад бүртгүүлж ашиглаж эхэлсэн. Энэ вэбээр хоол хамтдаа хийж идэнгээ Монгол ахуй соёлтой танилцах хүсэлтэй гадаад хүмүүс мөнгөө урьдчилан төлж захиалгаа өгч, тэр хүмүүсийг бид тосч авч, үйлчилгээ үзүүлж, буцаагаад зочид буудалд нь хүргэж өгдөг болчихоод байна.
Бид борцныхоо амт, битүү шөл, ааруул ээзгийний шүүс, сүү, шар сүүгээрээ элсэн чихэр нэмэхгүйгээр амттан бэлтгэх, цай хоолондоо амт шим нэмж баяжуулах таана хөмүүл, халгай буюу байгаль эхийн хишгийг зөв цагт нь хурааж бэлтгэж авч, хатаах, хадгалж авах нь гадаад хүмүүст органик орц найрлагатай хүнс хоолоор үйлчилж чадахын үндэс болно.
Хоолны үеэр болон идсэний дараа анхнаасаа архи уух, тамхи татахыг эрс цээрлэх хэрэгтэй. Үүний оронд ойр орчимдоо алхаж газар үзүүлэх, шагай тоглох эсвэл тухайн хүнээ өөрөө цагаа тааваар өнгөрүүлэх боломжийг олгох нь зөв байдаг.
Гадаад хүн бүхэн шинэ амт, шинэ зүйлд суралцаад, баярласанаа илэрхийлж, баяртай гээд явчихна, харин бид ийм үйлчилгээг тогтмол хийгээд ирэхээр гадаад хүнтэйгээ хамт хооллохдоо хэмжээ, шингээлтээ анзаарч байхгүй бол жин нэмсээр, илүүдэл өөх биед хуримтлагдаж, түүнээс улбаалж өвчин үүсгэх буруу хэв маяг тогтох вий гэдэгт анхаарвал зохино.
Та хоол хүнсийг хүүхэд насандаа хэнийг харж, хэнд туслаж бэлтгэж суралцсан нь өнөө цагийн мэдлэгтэй тань хослож, гадаад хүний амтлаагүй сайхан амт болж хувиран Монгол орныг байгалийн амт чанартай хоол хүнсээр нь мэддэг, зорин ирдэг Дэлхийн хүмүүсийг бүтээхэд хувь нэмрээ оруулж чадна.
Бидний сургалтанд суусан Аялал жуулчлалын компанийн менежер, Boutique Ger үйлчилгээний эзэгтэй нарын сэтгэгдэл
Та бидний өдөр тутмын ухаалаг хөдөлмөр, ажил үйлс нь тогтвортой хөгжил, эрүүл амьдралын хэв маягийн үлгэр жишээ болох болтугай.
#ХоостАйл санаачлагч, сургагч Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо
утас 99861326, 96070315
2020-2023 онд олж таньсан
- Хоолыг жигнэж, буцалж байх хугацаанд Шагай яс, шагайн тоглоом, Уран бэрийн гогцоо богтос ясан тоглоомыг таниулах
- Зочиндоо хүнс хоол дэлгэж, хүртсэн бол дуу өргөдөг боллоо
- Зочиндоо хүнс хоол дэлгэж, хүртсэн бол дуу өргөдөг боллоо
Comments