Зун, намрын цагт сүүгээ боловсруулж ажил үйлс өрнүүн, бахдалтай амьдралыг бүтээлээ
Өвөр гүнтийн зусланд 2020-5-6 өдөр нүүж ирж, буйраа засан, гэрээ барьлаа.
Дүүгийнхээ санаачилж эхлүүлсэн Creative Camp-ын бүтээн байгуулалтын ажилд оролцон, зуны дэлгэр цагт шилмүүст ойн үнэрт (эфирийн тос) эрүүл агаартай байгалд амьдран, сүү цагаан идээг боловсруулж танилцуулах зорилтууд өвөртлөн нүүж ирсэн.
2007-2016 онуудад Дарь эхдээ сүүн сүрэг маллаж, ашиг шимийг хүртэж байсан учраас сүү, цагаан идээг боловсруулах мэдлэг, туршлагаас гадна тогоо, шанага, сав суулга бүхнээ эндээ, машин дүүрэн ачаа бараа авчирсан.
5 сарын 11-ны өдөр Гүнтийн давааны замаар алхаж, давааны баруун доорхи үнээтэй айлтай
танилцахаар гэргий бид хоёр алхаж явсаар, Амармэндийн гэргий Сараатай уулзаж, тэднийхээс сүү авахаар болж, 20л сүүний сав, 30000 төг-тэйгээ үлдээж, ийм хол алхаж ирсэн та хоёрт гээд 1.5л-ийн ундааны сав дүүрэн сүү өгөхөд нь баярлаж, урамшин гэртээ буцан алхаж ирж байсан.5 сарын 12 өдөр 15л, 5 сарын 22 өдөр 20л, 5 сарын 25нд 25л, 5 сарын 28нд 40л гэхчилэн сүү авч боловсруулж, гэрийн сүү, цагаан идээн хүнсээ бэлтгэж эхэлсэн.
Дараа, дараагийн сүүгээ худалдан авах мөнгийг бэлэн байлгахаар Өвөр гүнтийн зусландаа гарч ирж байгаа айлуудтай танилцаж, тэдний сүү, тараг, өрөмний хэрэглээг чанартай сүү, цагаан идээгээр хангаж үйлчлэх боломжийг олж харж, усны тэргээ сүү, тарагны тэрэг болгож,
6 сарын 11-ны өдрөөс 8 сарын 25 өдөр хүртэл өглөө бүхэн Зуслан болон Хотын айлуудын сүү, тараг, өрөмний захиалга, хэрэглээнд туслаж үйлчилсэн байна.
9 сарын 23-ны өдрийн байдлаар, Амармэндээс 2685л сүүг 2849000 төг-р, Ганболдоос 1005л сүүг 1005000 төг-р худалдан авах эргэлт бүтээжээ. Нийтдээ 3690л сүүг малчин 2 өрхөөсөө худалдан авч, сүү цагаан идээгээ бэлтгэн түгээж, шинэ ногооны шимт хүнс хоолоо бэлтгэжээ.
143 шил өрөм борлуулж, 533 л тараг худалдаж, 1835 л бүхэл сүүг Өвөр гүнтийн зуслангийн 80 орчим айлуудтай танилцан, мөн хотын ах дүүс, танил нөхөддөө захиалгаар түгээж, нийт 4631000 төг-ийн эргэлт бүтээжээ.
Бид өөрийн гэрт сүү цагаан идээтэй зунжиж, зочлон ирсэн ах дүүс, найз нөхөддөө цагаан идээний амт шимтийг түгээхийн зэрэгцээ 778000 төг-ийн орлого бий болсоныг Хөвсгөл МСҮТ-д охиноо суралцуулахаар аялаад ирэх болон хүүгийнхээ сургалтын төлбөр, өрхийн бусад худалдан авалтанд зарцуулжээ.
Сүү, тараг, өрөм түгээж хүргэх нь миний болон хүүхдүүдийн ажил болон хуваарилагдаж, үдээс өмнөх 2 цагийн алхалт болж, заримдаа унадаг дугуйгаар салхи татуулан давхиж бие, сэтгэлээ дасгалжуулж байсан.
Өдөр бүр 2-3 тогоо цагаан сүүнд сэтгэлээ шингээн хөөрүүлж, өрөм тосыг авч, болсон сүүгээр нь маргааш нь элгэн тараг бүрэх ажлыг гэргий маань хариуцан, бид туслаж бэлтгэсэн.
Малчин айлууддаа зочилж, 15 үнээнээс сүү сааль дэлгэрсэн 7, 8-р сард өглөөд 50-60л, оройд 60-70л сүүг саан авч, Улаанбаатар хотод гэрээт дэлгүүр, худалдааны төвд аваачиж өгч, өөрсдөө ч сүү саалиа боловсруулж, сүүний орлогоо амьдрал ахуйдаа зарцуулж байгаатай танилцаж, урамшлаа.
Амармэндийн саалийн 15 үнээг 5 өдөр өглөө, орой саахад нь гар бие оролцож, өдөр бүр 20 л сүүгээр урамшуулагдсан.
Чанартай сүүг 5, 10 литрээр нь захиалан авч сүү хөөрүүлж өрөм загсаах, тараг бүрж идэх буюу цагаан идээгээ зун цагт хүнсэндээ түлхүү хэрэглэж, гэдсээ цайлгаж биеэ дэмжихийг уриалж, хэрэглэгч хүмүүстээ сүүг хөөрүүлэх, тараг бүрэх талаар зөвлөж, манайд ирж тараг бүрж үзэх, сүү самрах боломж байгааг танилцуулснаар 20 гаруй хүмүүс биечлэн ирж суралцсанд таатай байна.
Comments