Олны хүч оломгүй далай
2022 оны 9-р сарын 26
Сэрээтэр ахын фасебуукээс дараах мэдээллийг хуулбарлалаа
Sereeter Suren
Сэлба хүнс ХХК 2022 онд 10 га талбайд Ramada F1, Hurricein F1 , хүрэн 3 төрлийн байцаа, улаан цагаан лууван, хүрэн шар манжин, сонгино нийлээд 4 га талбайд тариалсан. Мөн өвлийн 10х60 м хүлэмж, зуны 6х40 м нэг хүлэмжин өргөст хэмх, 40 орчим га-д малын ногоон тэжээл тариалсан.
10-р сарын 2-ноос цас орж шөнөдөө -9 градус хүрч хүйтрэх тул 9-р сарын 26-наас 10-р сарын 1-ний хооронд байцаагаа хурааж дуусгахаар боллоо.
Булган аймгийн Сайханы айраг ууж ургац хураалтанд туслан төмс, цагаан-хүрэн байцаа, хүрэн-шар манжин, улаан-цагаан лууван, сонгино, өргөст хэмхээ үнэгүй авах хүмүүс байвал яараарай.
Намартаа олон сайхан ах дүүс, найз нөхөд, ажлын хамт олон, түмэн олны дэмээр л ургацаа хураах юм даа. Олны хүч оломгүй далай гэж үнэхээр сайхан шүү.
Ногоо хураах ажилд оролцож байсан уу?
2020 оны 9 сарын 24 өдрөөс 10 сарын 3 өдрүүдэд байцааг машинаас буулгах ажилд ажиллалаа. Борнуурт тариалсан байцааг шланз, том машинд ачиж Улаанбаатарт авчирч, хөргүүртэй зориулалтын агуулахад хайрцаглан хадгалдаг болохыг Сонсголон дах агуулах дээр ажилласан энэ өдрүүдэд таньж мэдлээ.
Сэлба Хүнс компани нь Төв аймгийн Борнуурт байцаа, бусад ногоог тариалж, мөн өвлийн хүлэмж ажиллуулдаг болохыг Сэрээтэр ахтай танилцаж, ярилцахдаа олж мэдсэн цагаас Хүнсний ногоо хураах ажилд
гар бие оролцох хүсэлтэй болсон.Энэ намар байцааг машинаас модон хайрцаг руу буулгаж, агуулахад хийх ажилд 6 хүнтэй баг бүрдүүлэн 25-30 өдөр ажиллуулах хэрэгтэй байгааг олж мэдээд, гэргий бид хоёр ярилцаад, энэ ажлыг сонирхон хийж үзсэнд баяртай байна.
Монгол хүн хүнс хоолоо өөрсдөө бэлтгэж чаддаг, түүндээ гар бие оролцдог, олон хүний идэвхи оролцоо шаардлагатай ажил үйлсэд сэтгэл гарган зүтгэх чадвартай, мэдлэгтэй байх ёстойг 2012 оноос эхлэн эрүүл амьдралын хэв маягт тэмүүлж, олон улсын тэнцвэржүүлсэн шим тэжээлийн Herbalife Nutrition компаниас суралцах явцдаа ойлгож ухаарсан.
Бид эх орныхоо хөрс шороонд байгаль эхийн шим тэжээлээр тэтгэгдэн ургасан үр тариа, жимс ногоог тариалж ургуулахад нь оролцох, хурааж хадгалахад нь оролцох, мөн хэрхэн шим тэжээллэг чанарыг нь хадгалан хүнс хоол бэлтгэхийг зааж сургахад нь нэн тэргүүнд гар бие оролцох,
Эрүүл амьдрахын үндсэн орчин агаар, ус, хүн, мал, хөрс шороог агуулсан ахуй, соёлоо хайрлан хамгаалж, зохистой хэрэглэснээр үр шимийг нь үеийн үедээ хүртэн эрүүл, аз жаргалтай амьдардаг болохыг Гадаад хүмүүсийг гэртээ workaway.info систем хэрэглэн ирүүлж, ярилцах үедээ мөн ойлгож ухаарсан.
Эх орон, ард түмнийхээ төлөө хүн бүр амьдардаг! болохыг
аав минь биднийг багад Эх орныхоо төлөө үхэхэд бэлэн үү? гэж зэрэгцэн зогссон ах дүү таваас асуудаг, бид ч ямар ч бодол санаагүйгээр Бэлэн! гэж хариулдаг байсан үеийг эргэн санаж,
МУИС-д оюутан болж, 2-р курсдээ намар нь төмс хураалтанд явж байсан зэргээ санаж,
Гэргий бид хоёр жил бүр ургац хураалт, ногоо хураалтын ажилд оролцдог байхаар шийдлээ.
Сэлба Хүнс компанийн байцааны энэ ажил ямар байв?
Бид Сонсголонд байрлах агуулахын хашаанд гэр барьж, гал тогооны хэрэгслэл, хоол хүнсний зүйлс, цахилгааны утас зэргээ аваачиж, эхний өдөр тохижиж авсан. Орой нь байцаа ачсан шланз машинууд хашаанд орж ирж, маргааш өглөөнөөс эхлэн эртлэн босож, цайгаа ууж, байцааг машинаас буулган хайрцаглаж, түүнийг нь өргөдөг по машинаар зөөж, агуулах руу оруулж, нийт ирсэн машин, хэдэн хайрцаг байцаа болж байгааг бүртгэх, байцаагаа хийх модон сараалжин хайрцгийг засаж сэлбэх гэсэн үндсэн ажлууд өдөр бүр үргэлжиллээ.
Ажлын багийн гишүүд солигдох үед шинэ гишүүндээ байцааг гараас гарт дамжуулж буулгах, гэмтсэн, дэндүү жижиг байвал ялгах, болгоомжтой ажиллахыг сануулж сургаж байсан.
Өдрийн хоол хүнстэй, цалинтай, бэлтгэсэн гэрт байрлаж болох, цаашилбал дасгал хөдөлгөөн болж чадах энэ ажил сонирхолтой байж, машиныхаа поорчигийг буулгаснаар модон сараалжин хайрцагийг давхарлаж тавих тоог багасган, байцааг өнхөрүүлэн хурдан буулгах зэрэгт дадлагажин суралцсан.
Comments