#МонголХүнс Малын дотор мах


"ҮРИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ СУДАР"-аас
... 5-10 насанд хүүхдийг 5 цул, дотор гэдэс идүүлж сургах хэрэгтэй. Анхандаа танихгүй эвгүй амт байдаг учраас хүүхэд дургүй байж болно. Гэхдээ нэг хоёр удаа шөлнөөс амсуулж алгуур дадааснаар идүүлж сургана. 
Насанд хүрсэн хүмүүст ч гэдэс дотор идэж чаддаггүй нь буй. 
Гэвч чихрийн шижинтэйгээ үлдэх үү, эрүүлжих эсэхээ тунгаатугай.
Гүзээ, дотор мах идэж өссөн хүүхэд, гүзээ иддэггүй хүүхдээс илүү бага чихрийн шижин өвчинд нэрвэгдэнэ.
 Том болоод буруу дадалтай болчихгүй л бол чихрийн шижин үүсэхгүй.
Залгиурын шүүрэлт булчирхайн хорыг гадагшлуулахын тулд бөөр идэх шаардлагатай. Мөн бие доторх элэгний хорт бодисуудыг шимэгдүүлэн гаргахын тулд уушги идэх шаардлага буй.
 Зарим нэг ханаагүй тосон бүтцүүдийг биедээ авахын тулд хошного, гургалдай иддэг. 
Мөн эдгээрийг идсэнээр ходоод гэдэсний тэсвэржих чанар нэмэгддэг. 
Умс хитай, таахай, засааг идэж өөрийн эр хэмийг агсуулдаг. 
Хүүхэд ханиад хүрэхэд уушигны борц, уушги чанаж өгч шөлийг уулгах, эдийг идүүлэх засал буй. Энэ нь уушгины цэлхэн өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч эрүүлжихийн үндэстэй. 
Элэг идсэнээр цус төлжин сайжирч, цусаа даган элэг тэнхэрдэг.
 Ийм арвин ашиг тустай тул Монгол хүүхэд малын дотор гэдэсний ашиг шимээ хүртэж өөрийн биеэ эрүүлжүүлж байх учиртай. .....

2)
Хумбагарын Батмэнд нийтлэл

Гүзээн бууз. Хонины гүзээг жижиг хяраад сүүлтэй холиод бууз хийхэд ямар сайхан гээ. Сахар болон нойр булчирхай, ходоод доторт машид сайн. Бас муу сархинаг буюу салбан сархинагаар бууз хийж идвэл мөн л авь адилхан үйлчилгээтэй. Хуучны хөгшчүүд гүзээний үс хусахаар мал барагддаг гээд зэгсэн дургүйцдэг байв. Угаасаа гүзээний үсэнд хамаг амин дэм нь оршдог тул үстэй нь зооглох учиртай. Гүзээний үс хоол боловсруулах эрхтэнд машид сайн гэдэг. Бас хий ядаргаанд бол бүр заалттай. Хүндээр өвдөж удаан хэвтсэн хүнийг тэнхрүүлэх гэж гүзээний шөл уулгадаг шүү дээ. 

Үсий нь хуссан гүзээ, үстэй гүзээ хоёрын үстэй нь илүү амттай шүү дээ.! Тэгэхээр нэг юм хэлээд байгаа биз?! Идсэн ууснаа гайхуулах гэсэнгүй. Та нөхөдтэйгээ хуваалцах гэж энэ. Гүзээн буузыг анхандаа би бас мэддэггүй байжээ. Манай нутгийн уугуул нэгэн сайхан "уяач" ахтай хамтарч гүзээн бууз хийж идсэнээр амтанд нь орчихов. Тэгээд өөрийн гараар хийж үзлээ. Амт чанар гэж сайхаан сайхан.👍 

Нэгэн зүйл сануулья. Гүзээ бол маш удаан болдог эд. Тиймээс машид жижиг хярах хэрэгтэй. Тэгээд бүр 25-30 минут орчим жигнэх! Нэгэн бол ердөө болсон гүзээгээр бууз хийх. Малын дотор гэдэснээс гүзээ уушги хоёр их удаан болдог тул хамгийн түрүүн хүйтэн усан дээр хийдэг. Тэгээд хамгийн сүүлд тогооноос гаргадаг.

Гүзээний үс бол эм юм. Гүзээний үсэнд эмийн олон төрөл байдаг гэж үзээд хөгшчүүл бидэнд идүүлэх гэж хичээдэг байв. Гүзээ мулзалж чанах бол монгол хоолны соёл биш. Монголчууд гүзээний үс хусахыг цээрлэдэг байв. Цээрлэх болсон олон шалтгаан бий. Нэгд гэвэл малгүй болдог гэж үзжээ. Буянт мал сүргийн хамгийн их хишиг буян нь оршдог эрхтэн бол гүзээ юм санж. Байгалийн хамаг эрчис шингэсэн өвс ургамал, рашаан усыг монгол бэлчээрийн мал өөрсдөө танин мэдэж олж идэх мэдрэмж өгөгдлөөрөө олж иддэг. 

Бэлчээрийн үй түмэн ургамал бол малын уран амаар орж ходоод гэдсэнд нь боловсроод тарга хүч нэмэж эм болж үйлчилдэг.  Монгол хүн бол бэлчээрийн мал аж ахуйтайгаа хэдэн мяаганаас шүтэн барилдлагатай. Монгол хүнд байгалиас заяагдмал, бүр тэнгэр бурхны бэлэг бол таван хошуу мал. Таван хошуу малынхаа дотор гэдэснээс хамгийн амин дэм нь гүзээнд бий. Мөртлөө бүр гүзээний үсэнд шүү! Гүзээний үсэнд хэдэн зуун төрлийн ургамлаас тогтсон амин дэм шингэдэг, тэр амин дэмийг чанаж болгож идсэнээр хүний гэдэс дотрын бүхий л эд эрхтэн болоод яс, цус мэдрэлийн хамаг өвчнөөс сэргийлдэг жамтай. 

Жаахан байхдаа үстэй гүзээ идэхгүй, муухай баас амтагдаж байна гэж нохойд хаяж өгөөд хөгшин ээждээ зодуулж байлаа. Хөгшин ээж минь хэлэхдээ, 
- Малын буян гүзээндээ оршдог юм. Чи бодоод үзээч! Гүзээтэй тос ямар гээч сайхан үнэр амттай билээ. Гүзээнд даршилсан малын тэжээл ямар гээч чанартайг чи ухаарах болоогүй л дээ. Гэхдээ мэдээд ав хүү минь, гүзээнээс өөр саванд өрөм зөөхий хийж хадгалах, малын мах үүцлэх, малын тэжээл, даршлахад гүзээнд хадгалсаныг огт гүйцдэггүй юм аа. Малын гүзээ бол их өөр чанартай шүү гэж билээ. Гүзээ хэдий их үстэй байх тусмаа тэр малын мах их чанартайг илтгэнэ. 

Зарим жилийн малын гүзээний үс халцгайдуу байх нь бий. Тэгвэл тэр жилийн ургамал шим тэжээл муутай муу жил гэсэн үг. Зарим нутгийн малыг гаргаад идэхээр мөн адил гүзээ нь үс муутай байдаг. Шим муутай байна гэсэн үг. Дээр муу жил гэж цухас өгүүлэв. Муу жил гэж байдаг, хэчнээн бороо устай ч ургац муу, ургасан байлаа нялзуургүй, шимгүй гэсэн үг. Муу жилд хүн малын өвчин дэгдэмхий, хүн, мал, ер аливаа амьтны сэтгэл тогтворгүй, хүний санаанд оромгүй сэтгэл зүрх цочроосон муу муухай үйл хэрэг ердийнхөөс илүү гарамтгай жилийг муу жил гэдэг. Муу жилийн мал хүртэл хотондоо ирдэгггүй, айлын малтай нийлсэн ч ижил сүрэг, хашаа хотоо тэмцэж гүйж ирэх нь үгүй ухаа мэдрэл нь муудчихдаг. 

Монголчууд цэцгэнд цадсан ямаа гаргасны дараа юун түрүүнд гүзээний үсийг шинждэг. Гүзээний үс бол хаврын тарчигт жаахан халцайгаад зуны дэлгэрт ургадаг. Үүнийг малын долоо найман тарга хүчийн нэгэнд тооцогдох гүзээн тарга гэж үздэг. Агь, шаваг, дагш хорж зэрэг хурц гашуун ургамал түлхүү ургадаг газрын малын гүзээ улаан хүрэн бус, хүрэн бараандуухан өнгөтэй байдаг. Гүзээний сэвсийг асгаад усаар зайлж үсийг угаачихаж байгаад чанах нь мэдээж. Гэхдээ бүрэн угааж цэвэрлэхгүй, жаахан сэвс амтагдаж байх төдий тусмаа сайн гэдэг. Сайн муу сархинаг мөн адил өнгөртэй чигээр нь идвэл илүү чанартай. Багад тэгэж хэлээд үл ялиг сэвс амттай гүзээ идүүлэх гэхээр нэлээд дургүйгээр барахгүй жаахан уур хүрдэг байжээ. Гэтэл хамаг амин дэм нь тэндээ оршдог санж. 

Гүзээг сүүлтэй холиод бууз хийх мөн сайхан шүү! Түүхийгээр нь хийвэл удаан болдог болохоор 30 гаруй минут жигнэнэ. Болсон гэдсэн дотроос гүзээг ялгаж аваад ханчиртай, сүүлтэй хольж бууз хийж идвэл сульдаа өвчинд сайн. Өнөөгийн хэллэгээр бол сахарын өвчин гэсэн үг. Гүзээний үсээр эмийн ургамал хийж байсан гэх яриа ч бий. Дээр үед усны сав ховор үед бол гүзээнд ус хийж зөөдөг байжээ. Ер гүзээг олон талаар ашиглаж хэрэглэж ирсэн, малын хишгийн сав гэж гүнээ хүндэтгээд гүзээний сэвс арилгах үед гүзээгээр хад, мод шавхуурдах, гүзээтэй сэвснээс цээрлэхдээ юман дээр тавьж түрэх, газар дээр чирэх зэргийг зэгсэн цээрлэж иржээ. Заавал хоёр гардаж өргөж аваачаад доторх сэвсийг нь асгадаг. Тэр байтугай гүзээтэй сэвсний дээжээс духандаа хүргэдэг ёстой. 

Гүзээн бууз, болоод гүзээний шөл гүзээний тухай хууч домог яриаг тунамал оршихуй номдоо бичиж өгүүлсэн билээ. Хорт хавдар тусаад эмчлүүлсэн ба хүндэвтэр мэс засал хийлгэж тэнхээ дордсон хүнд гүзээний шөл уулгадаг. Эрт урд цагт дайнд яваад шархадсан цэрэгт сэвстэй гүзээгээр хоол хийж өгдөг байсан гэж хууччуул дурсан ярьдаг. Гүзээний үсийг хутгаар хусаж цэвэрлэхийг хөгшчүүл бүүр үзэн яддаг. Монгол хүн байтлаа, буянт малынхаа гүзээний үсийг хутгаар хусаад буянаа барлаа гэдэг сэн. Гүзээний үс хусаж мулзалж чанадаг уламжлал бол мөн саяханаас тогтсон олдмол заншил шүү! Тэр сайхан амин дэмтэй юмыг идэхгүй мулзалж хаях бол хэтэрхий цамаан, мунхаг заншил. Амны хишиг нь ар дээрээ гарсан явдал болой...! 

Хумбагарын Батмэнд. 2024. 03.25.

3)
ГҮЗЭЭ

Гүзээ нь холбогч эдийн агууламж өндөртэй (коллаген, редуклин). Хүний арьс нь холбоос эдээс бүрддэг. Тиймээс арьсан дахь холбоос эдийн уураг буюу коллагены хэмжээ буурснаар арьс үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг. Тэгвэл долоо хоногт нэг удаа гүзээ, толгой шийр, хуйх идээд байхад арьс үрчлээтэх, хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой аж.

👉Гүзээ бол малын угтвар ходоод учраас ач тус ихтэй. Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг, коллаген нь хүний биед 85%-95% шимэгддэг үлдсэн 5-10% нь хорт бодис хийг өөртөө шингээдэг хүний биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй. 
👉Гүзээнд коллагентай магни оршдог. Магни нь цөсний хүчлийн ялгаралтыг эрчимжүүлж өгдөг ба цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Холестерины хэмжээг бууруулснаар сахрын өвчнөөс сэргийлж болно. Цөсний үйл ажиллагаа дэмжигдсэнээр бодисын солилцоо хэвийн явагддаг. 
👉Мөн манган их агуулагддаг учир бас сахрын шижин өвчнөөс сэргийлнэ. Үстэй гүзээнд В-гийн төрлийн амин дэм, глюкозамин их агуулагддаг учир сайн угаагаад шөлтэй нь хамт хэрэглэх хэрэгтэй. Гүзээг чанахад агуулагдах коллагены агууламжийн тодорхой хувь нь шөлөндөө шингэдэг. Гүзээний салслаг үсийг нь цэвэрлэж хэрэглэснээр коллаген, глюкозамин 5-10%-аар алдагддаг. Глюкозамен нь хүний биед амархан шингэдгээс гадна дархлалын системийг дэмжиж өгдөг.

👉Сүүнд агуулагддаг ноклад кальци их агууллагддаг учир хөхөнд сүү сайн оруулдаг. Кальци хэрэглэснээр шүд цоорох, үс бууралтах, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Хоногт хэрэглэх уургийн 15% нь гүзээ байвал уургаа, коллагентай цуг хэрэглэнэ гэсэн үг. Гүзээг аль болох салслаг бүрхэвчийг хуулж авалгүй хэрэглэвэл илүү үр дүнтэй. Малын гүзээнүүдээс ямааны гүзээ хамгийн их коллаген, глюкозамен, манган, кальци их агуулдаг. Ямаа нь өвсний сортойг шилж иддэг. Гүзээ нь биеийн дархлааг сайжруулах амин хүчлүүд агуулагддаг ба биеэс хортой бодисыг гадагшлуулдаг. Гадаадын орнуудад гүзээгээр шөл хийж, сайн хатаасан бэлдмэл болгон гаргаж хүнсэндээ тогтмол хэрэглэн дархлааны системээ дэмждэг.

Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр ирсэн байна шүү😊
УАУ-ы Хүний их эмч, Сэтгэл зүйч Б.Батчимэг

4)
ЭКО ШИМТ витаминаа хаяад гаднаас БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН УУРАГ ДААВАР авсаар байх уу?

Малаар баян манай орон өөрсдийн шимт хүнс дотор мах хэмээх эрдэнэт хүнсийг хаяж байсан цаг саяхан. Ийм шимт хүнсээ хаяад гаднаас доллараар баахан биологийн нэмэлт бүтээгдэхүүн витамин уураг даавар авч байсан цаг цэглэгдэх мөч ирлээ. Хаана ч царай алдахгүй амьдрах, хамгийн эко хүнс хэрэглэх боломж Монголд бий!

ГҮЗЭЭ САРХИНАГ бол ХАМГИЙН САЙН ХООЛ.

Гүзээ, сархинаг- хамгийн сайн мах

Дотор махнаас хамгийн онцгой нь гүзээ юм. Түүнд уураг 14-15 хувь, өөх тос 4,2 хувь агуулагддаг байна. Бидний гүзээний үс гэж нэрлэдэг хөхлөгүүдэд олон төрлийн аминдэм, эрдэс бодисууд байдаг. Үстэй гүзээ, цоохор сархинаг, салбант сархинаг идвэл дархлаа сайжирч, цус төлжин, яс бэхжиж, арьс үс, хумс уян хатан болдог байна.
Хөхүүл эх гүзээ, сархинаг идэхэд сүү нь эрс нэмэгддэг. Чихрийн шижинтэй бол гүзээ, сархинаг хамгийн тохиромжтой хоол юм.

Хонины салбант сархинагаар нойр булчирхайн өвчнийг эмчилдэг гэнэ. 7 ширхэг салбант сархинагийг сайн угааж цэвэрлэнэ (зумлахгүй). Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Гурав хуваасныхаа нэгийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно. Орой орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь 7 хоног завсарлаад, 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Гам: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээ дууссанаас хойш 2 долоо хоног энэ гамыг үргэлжлүүлнэ.

Салбант сархинаг эмчилгээний эх сурвалж: http://www.assa.mn/, Худалдааны техникумын багш агсан өндөр настан М.Норов


***
Хонины гэдсийг чанаж идэхэд учир бий!
Ихэнхи айлууд хонины гэдсээ 1 тогоонд бүгдийг нь хийгээд л чанадаг. Хоол лугаа хүртэх бол нэгтгэн чанах буруугүй ч тан мэт хүртэх бол учир бий тухай домч хүний хэлсэнийг доор дурдвал.
~ Та таван цулын шөл ууя гэвэл 5 цул эрхтэнг тусад нь чанах ёстой. 6 сав эрхтэнтэй нь хольж чанахгүй байхад анхаарна уу 
~  5 цулын шөл ядаргаанд сайн, халуун чанартай. Сав эрхтний шөл хий дардаг, эмнэх чадвар сайн.
Тиймээс элэг бөөр, зүрх уушиг, дэлүүг тусад нь нэг савандчанаад хош, ходоод, гүзээ, чацархай тэргүүтэнг тусад нь өөр саванд чанах нь зөв юм.
#Малын дотор гэдэс таны биед ямар ашигтай вэ?
Малын дотор гэдэс буюу цувдай нь төмөр, уураг, кали, кальци зэрэг маш олон эрдэс бодисыг өөртөө агуулдаг байна. Жишээ нь, уураг 15-18 хувь, төмөр 70-80 хувь агуулагддаг учраас долоо хоногт нэг удаа дотор гэдэс идвэл төмөр дутагдлын цус багадалт гэх өвчнөөр өвдөхгүй байх боломжтой гэнэ.
Гэвч “Сүүлийн үед дотор гэдэс тэр дундаа амин дэмийг хамгийн ихээр агуулдаг дэлүү, уушги, сархинаг, элэг зэргийг хүнсэндээ ашиглахаа больсон”* гэж ШУТИС-ын доктор (Ph.d) Б.Майзул хэллээ.
Амьтны маханд агуулагдаж байгаа төмөр, кали, магни зэрэг эрдэс бодисууд хүний биед хэрэгцээтэй хэлбэрээрээ байдаг ба 50 хувь нь таны биед шимэгддэг байна. Харин помидор зэрэг ургамалд агуулагдах төмрийн 3-10 хувь нь л шимэгдэж бусад нь хаягддаг аж. Тиймээс таны биед хэрэгтэй амин дэмүүдийг ихээр агуулдаг дэлүү, уушги гүзээний талаар дэлгэрэнгүй хүргэе.
#Дэлүү (Үхэр, хонь, ямаа)
Төмрийн агууламж маш өндөр байдаг. Дэлүүнд агуулагдах төмрийн үйлчилгээг судлах зорилгоор 2007 онд доктор Б.Майзул, анагаахын сургуультай хамтран цагаан хулгана, туулайд зориудаар цус багадалт үүсгэн 28 хоногийн туршилт хийжээ. Ингэхдээ,
• Эрүүл бүлэг буюу зориудаар цус багадалт үүсгээгүй амьтад
• Зориудаар цус багадалт үүсгэж төмрийн бэлдмэл өгсөн
• *Боловсруулсан дэлүүг хоолтой нь хамт өгсөн**
• Зориудаар цус багадалт үүсгээд энгийн л иддэг хоолыг нь өгч байсан гэж дөрөв ангилсан байна.
Ингээд 28 хоногийн дараа харьцуулж үзэхэд боловсруулсан дэлүүг нэмэлтээр өгсөн амьтан төмрийн хэмжээ нь эрүүл бүлгийнхтэй тэнцэж байжээ. Үүнээс үзэхэд дэлүүнд агуулагдах төмрийн хэмжээ, төмрийн бэлдмэл ууснаас илүү болох нь тогтоогдсон байна.
Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт нэг удаа дэлүү чанаж идэхэд цус багадалттай болохгүй ба төмрийн бэлдмэл ууснаас илүү үр дүнтэй.
#Уушги
Махны 20% нь уураг байдаг бол, уушгины 18% нь уураг байна. Тэгэхээр уушги нь махнаас ялгаагүй уургийн агууламж өндөртэй. Мөн төмөр, кали, натри, кальци, зэс, цайр болон A, D, E, K амин дэмүүдийг маш ихээр агуулдаг. Өвөө эмээ нар “уушги идэхээр дуучин болно” гэж хэлдгийн учир нь цаагуураа амин дэм ихтэй зүйлийг идүүлж сургах гэсэн арга юм шиг ээ.
#Гүзээ
Холбогч эдийн агууламж өндөртэй (коллаген, редуклин). Хүний арьс нь холбоос эдээс бүрддэг байна. Тиймээс арьсан дахь холбоос эдийн уураг буюу коллагений хэмжээ буурснаар арьс үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг гэнэ. Тэгвэл долоо хоногт нэг удаа гүзээ, толгой шийрний хуйх идээд байхад арьс үрчлээтэх, хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Эдгээрээс гадна дотор гэдэсний шөлийг цус төлжүүлэх, төмөр, иодын дутагдлаас сэргийлэх, ядаргаа тайлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Энэ мэтчилэн дотор гэдэсний ид шидийг дурдаад байвал дуусахгүй нь ээ. Тиймээс долоо хоногт нэг удаа, гэдэс дотор, толгой шийр идэж, биеийнхээ эрдэс бодис, амин дэмийг нөхөөрэй.




Comments