Би 45 нас хүрч байна. Төрсөн өдрийн бодол санаа


Өнөөдөр бид 45 нас хүрч байна.
Өнөөдөр бид аав ээжийнхээ гэрт, гарт 21 жил, өөрийн гэр бүлийг эхлүүлээд 24 жилийн амьдралыг бүтээжээ.


Юуны өмнө иргэний үнэмлэхээ шинэчлэн авна
45 нас хүрсэнээс 1 сарын дотор амжиж бүтээх чухал ажил бол иргэний үнэмлэхээ шинэчлүүлэх. Хороо дээрээ очоод Улсын бүртгэгч ажилтанаас энэ үйлчилгээг авдаг юм байна.
Манай 21-р хорооны интернэт сүлжээ нь доголдоод байгаа гэнэ, иймд дүүргийн иргэний бүртгэл дээр очиж,
- иргэний үнэмлэх шинэчилж авах анкет авч бөглөөд,
- Голомт банкны үйлчилгээгээр иргэний үнэмлэхний 15000 төг, үйлчилгээний 3300 төг дансанд тушааж баримт авчирч
- иргэний бүртгэлийн ажилтан нь хуучин иргэний үнэмлэхийг хүчингүй болгож, цээж зураг авч компьютерт оруулж харуулж, мөн 10 хурууны хээг шинээр бүртгэн баталгаажуулж, хэвлэж гаргасан хувийн мэдээллийн үнэн зөвийг нягтлуулж гарын үсэг зуруулаад,
- 15 хоногийн дараа Хорооноосоо очиж шинэ иргэний үнэмлэхээ аваарай гэж байна.

Эндээс харахад, элдэв 100, 200 төгрөгийн нэмэлт хураамжгүй, цээж зургаа авахуулаад ир гэх зүйлгүй болжээ. Офицерын ордоны зүүн талд ажиллаж байгаа Голомт банкны салбарт очиж мөнгө дансанд тушаахад нэмэлт хураамжгүй юм байна. Кино үйлдвэрийн тэндэх Голомт банк 1000 төгрөгийн хураамжтай байдаг шүү гэж банкны мэдээллийн ажилтан тайлбар хэлж байсан.


Он тоолол, цаг хугацааны талаарх бодол

Би 1976 оны 12-р сард төрсөн (эхээс унасан) тул Луу жилтэй гэж тооцон, ярьж бичиж өссөн. 
Монголчууд цагаан сараа сүү цагаан идээний шим дэлгэрсэн намрын улиралд тэмдэглэж, шинэ жилээ эхлүүлдэг байсан гэдгийг түүх судлаачид ярьж бичсээр байгааг сонирхон уншиж танилцдаг. Энэ үүднээс миний төрсөн жил Могой болж өөрчлөгдөж байна.

Өдөр хоногийг тоолж хэмжиж, насаа хэлж ярилцдаг. Монголчууд эхийн хэвлийд бойжих 9 сарыг 1 нас гэж тооцохын зэрэгцээ үр тогтохоос өмнөх 6 сарыг хүртэл 1 нас гэж тооцож хүүхэд төрөхдөө 2 настай төрдөг гэж үздэг байсаныг Зөв үү Тав уу подкастаас сонсож байсан. 


Эргэн тойрны хүмүүстэйгээ ярилцаж тэднийхээ хүсэл, бодолтой танилцах

Ээжтэйгээ утсаар ярьлаа. Би 3кг 400гр төрсөн гэнэ. Ээж минь ууган хүүгээ яаж ямар хүн болоосой гэж хүсэж бодож байсан, хүү болон бэрийнхээ амьдрал ахуйн талаар ямар бодолтой байдаг, бид мөн амьдралаа ямар бодол ухаарлаар бүтээж байгааг хэлж ойлголтоо нэгтгэж, санаа амар байхад тэмүүлж байгаа.



Үеийнхэнтэй амьдралын тухай ярилцах цаг болжээ
    Аймгийн засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Яам тамгийн газрын мэргэжилтэнүүд гээд миний үеийнхэн ажил хөдөлмөрийн өндөр хариуцлагыг авч ажиллаж байна. Тэдний дотоодод байгаа нийгмийн зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлийн талаар ярилцах юмсан.

    Их эмч, цагдаагийн хурандаа гээд эрхэлсэн ажилдаа мэргэшиж чадавхижсан найзууд ажил мэргэжлээ үр ачдаа өвлүүлэх бодолтой байдаг болов уу, яадаг бол.

    Үе тэнгийн үхэр жилтэн гэж дуудагдах нэгэн ходоодны хорт хавдраар 1 жил гаран шаналж, тэмцээд барсангүй, эзэндээ гомдсон эд эрхтэн нь ажиллах аргагүй болж бурханы оронд нь аваад явлаа. Аймаар юм аа, сонсоод байх нь ээ, архи их уудаг байсан гэнэ, өөр ч шалтгаан нөхцөл байгаа л байх.


Амьдралд хийж гүйцэтгэх ажилд үечлэл байна
Амьдралыг хэсэг хэсгээр нь, 10 жил, оюутаны 4 жил, тогтмол цалинтай ажил, хүүхдүүд жаахан байхад, хүүхдүүд сургуульд ороход, хүүхдүүд өсч их сургуульд суралцах үед, хувиараа хөдөлмөрлөх үе гэх мэт 4-5 жилээр нь түүхээ эргэн санахад буцаагаад үр хүүхдээ битгий давтаж амьдраасай гэсэн дараах бодол байна.

- өөрийн гэсэн хонь, үхэр малтай байж, ашиг шимийг нь хүртэхийн зэрэгцээ, малаа маллах ажил үйлсэд оролцдог байх хэрэгтэй
- шинэ төрсөн хүүхдээ 14 хоногтойд нь шөлөнд оруулах зан үйл, мөн хүй дарах үйл, даахь үргээх, 13 настайн алдар нэр өгөх, хожмоо үр хүүхдийнхээ хурим найрыг галын тахилгатай уламжлалт байдлаар нь "Зөв үү Тав уу" подкастын Хувь хүний баяр ярилцлагад дурдсан ёсоор гүйцэтгэвэл үнэхээрийн хүмүүн заяанд төрсөний бахархал гэлтэй.
- Эрхэм баян эрдэм ном, удаах баян үр хүүхэд, адаг баян эд хөрөнгө гэдэг зүйр үгийг мэддэг бол ямар эрдэм номыг сонирхон сурах, гэргий ухаанд шамдаж, эрүүл үр хүүхдийг олж төрүүлэхэд суралцаж, байгалийн жамд нийцүүлэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх зэрэгт эмээ өвөө, аав ээж, ах дүүсээрээ нийлж хамтын хариуцлагаа батжуулах, үр шимээ түгээдэг эд хөрөнгөө таньж хэрэглэх

Ач, зээтэй болсон бол, хүүхдээ хүмүүжүүлэхэд ухаарал, үйлдэл нь дутуу аав ээжд нь даатгах бус, амьдралыг таньсан өвөө, эмээ бид ач, зээ хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд хэрхэн яаж оролцохоо бодож тунгаасан байхгүй бол мөн л хүн биш болж өсөхыг нь гардан хийвэл үр удам залгамжлахад алдаа эндэгдэл гарна гэж ойлгосон. 

Муу зуршил гэж ойлгосон зүйлсээ ярьж таниулах
Хүүхэд наснаас тамхины утаа муухай, архи уусан хүн муухай, ажил хийсэн мөнгөө дэмий зүйлд зарцуулахгүй гэсэн ойлголтууд өнөөг хүртэл хэвээр байгаа.

Өсвөр насанд архи 10 нас, тамхи 5 нас хороодог гэж сонсож, наслах байсан наснаас хороодог юм байна,
эрдэмтэй лам хүнээс архи бол араасаа хийтэй, тамхи бол тамын хийтэй гэж сонсож, эртнээс архи тамхийг хортой гэж анхааруулж судар номонд бичиж байсаныг сонссон.
Хожим тамхи татаж байгаа хүний дэргэд байгаа хүмүүс нь дам тамхидалтанд өртөж илүү их хорддог, архи уусан хүн гэмт хэрэг хийх, гэмт хэрэгт өртөх маш өндөр эрсдэлтэй тоо баримтуудыг хардаг болсон.

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг ТББ-тай хамтран Хороос сэргийлье вэб хуудсыг 2003 онд бүтээж, архи, тамхи, эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийн талаар мэдээллийг түгээж, Тамхинаас гарах Зургаан Зэ-ийн зарчим гэж сонсож, Анагаах ухаанд архи, тамхи нь хүний уураг тархинд нөлөөлж эргэшгүй гэмтэл учруулдаг, сэтгэц мэдрэлийн өвчинд хамаардаг болохыг мэдсэн.


Comments