Хүнс хоолыг хүртээх, өрх гэртээ хүнсээ бэлтгэх


Хүнс, хоолыг нас, хүйс, биеийн байдалд тохируулж хуваарилах уламжлалаас

Сүүгээ хөөрүүлж өрөм загсаасан байхад
- шинэ өрөмнөөс галд өргөж, 
- сүүнээс тэнгэртээ өргөж, 
- өрөм нь настан буурал, насанд хүрсэн хүмүүс хүртэж, 
- хусам нь хүүхдэд
- болсон сүүгээр тараг бүрээд орой нь шинэ тараг уух

Бууз жигнэхдээ
- хонин бууз чимхсэн буузанд хонины сүүл нэмж насанд хүрсэн хүмүүст
- дотор гэдэс татсан, бага зэрэг хонины сүүлтэй ороомог буузыг хүүхдэд
- жигнүүрийн доор дэвтээж хоносон яс буцалгаж шөлийг буузтай идүүлэх

Хонины толгой (төөлөө) чанасан
- хуйхыг галдаа өргөж
- тагнайг өсвөр насны охид, идэр насны бүсгүйд
- хэлийг ахмад настан, зочиндоо
- эрүү, чихийг хүүхдэд
- тархийг настан буурал хүртэж

Шийрийг хуйхалж чанаад
- хүүхдэд бүхлээр нь бариулж мөлжүүлж
- шөлөнд нь хөц, шар будаа чанаж хүртэж

Бүхэл мах чанаад
- ахмад бууралд далны яс мах, 
- хүүхдэд хавирга, сээр нурууны яс

***
Эх: Enkhsaikhan Nyamsuren
2026.3.26

Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн “Аавын аяга” гээд их сайхан илтгэлийг сонсож байсан. Аавын аягатай айл, аавд өгдөг, аавын эзгүйд хүүд өгдөг энэ үйлээр хүүхэд олон зүйлийг чимээгүй сурч явдаг. Мах чанаад тавихад аав хүрнэ, огтолж өгнө, багад над мэтэд хутганд хүрэх эрх ч байдаггүй байлаа. Энэ нь аав эрх мэдэлтэй гэхээс илүү бүх хүн тэр маханд хүрч бохирдуулахгүй, зөвхөн нэг гараар маш цэвэр идэх гэсэн утга санаа бас далд байгаа шүү. 

Энэ миний байнга үглэж, амьтан хүний дургүйг хүргэдэг сэдэв. 

- Хүүхдээ хооллох гээд хойноос нь хөөцөлддөг байдал
- Хүүхэд нь хэдэн цагт ч хамаагүй юу хамаагүй иддэг зуршил
- Гэртээ таарсан газраа хоол ундаа тарааж иддэг байдал
- Элдэв амттан, бэлэн гоймонг энгийн хоол унд мэт үздэг байдал ажиглагддаг бол энийг уншаарай. 

Гэрийн хоолны дэг гэж, ээ дээ Монгол ахуйд өнө эртнээс маш нарийн байсан шүү. Одоо л элдэв кинон дээр Монгол гэхээр нь үхэх гэж байгаа юм шиг мах огтлоод, шүлсээ гоожуулаад идэж буйгаар зэрлэг балмад янзаар харуулаад байгаа болохоос үнэндээ тийм бишээ. Дэлхийн талыг эзэлж явах үед Монгол цэргүүдийн хооллох дэг, соёлыг олон бичиг баримтад дурдсан байдаг. Монгол цэргүүд хооллох үедээ чимээ багатай, зөвхөн өөрсдийн аяга тагшийг хэрэглэж, цэвэрхэн идэж уугаад, орчноо маш цэвэрхэн үлдээгээд явдаг гэсэн байдаг. Тэгэхээр гэрээ сахин үлдсэн хэд нь үр хүүхдэдээ бас тэр соёлыг сургаж байсан нь гарцаагүй. 

Гэрт хоол иднэ гэдэг бичиж, тэмдэглээгүй, зөвхөн даган дуурайдаг эмх цэгц байдаг. Хоолны дээж өргөх, аавд, эр хүнд аягалах, мах хөндөх, хүртэх, хэзээ юуг идэх вэ гээд үгүй мөн том зүйл бий. Та гэрийнхээ хүмүүсийн хоол идэж байгаа байдлыг нэг хараарай. 

Хоол хийнэ гэдэг уурлаж, уцаарлаж хийх зүйл биш. Ээжийн сэтгэлээ шингээн хийсэн хоол унд рашаан болох учиртай. Манай хүү өлсөхөөрөө уурладаг гэнэ, ходоодоо захирч чадахгүй хүн амьдралд олон зүйлийг залж чадахаа больдог учир хөгшчүүл ийм хүнд дургүй. Том хүүхдүүд ээж аавд хоол хийхэд тусалж, багачуулд үлгэр дуурайлал авдаг учир магад энэ нь хүүхэдтэйгээ нарийн нандин зүйлээ ярих чухал цаг ч байж мэднэ. 

За манайх гэдэг айлд хоол хийнэ гэдэг нь их ажил. Хүн болгон ямар нэг байдлаар оролцох ёстой. Хэн ч хэлээгүй, гэхдээ бүгд мэддэг. Аав хоол хийж байгаа бол ээж хажууд нь угаагаад зогсоно. Хоол хийгээд л эхэлвэл хүүхэд өрөөнөөсөө гараад ирнэ. Хүүхдээ ажилтай, арчаатай хүн болгоё гэвэл хажууд нь арчаатай байхаас өөр замгүй. Хүүхэд сайн хийж чадахгүй ч харсаар байгаад нэг өдөр гэрээсээ явахдаа биеэ даагаад сурчихсан байдаг. Хүн болгон хоол хийх албагүй, чадахгүй ч хамтдаа байх хугацаа гээд хэлчихвэл ойлгоно. 

Хоолоо идэх үед бүх утсыг хол тавьдаг. Зурагтаа унтраана. Хүн идэж буй хоолондоо л анхаарах ёстой. Нүд нэг юм хараад, тархи нэг зүйл үзээд байхад амаар орж байгаа хоол юу ч байгаад нэмэргүй. Хүн чинь мэдрэхүйн амьтан, амталж, харж, үнэрлэж, сонсож, хүртэж байж мэдэрдэг. Нүд, чих, гар гурав утсан дээр байвал хоолоо мэдрэх боломжгүй. Тархи ходоод хоёр чинь найз ш дээ. Салгаж болохгүй. 

Халуун тостой хоол идэхдээ хүйтэн ундаа уувал яадгийг бүгд  мэддэг хэр нь хүүхдүүдийн дэргэд гэрт ингээд сууж байгаа хүнд юм хэлэхгүй байгаа нь хувиа хичээж буйн шинж. Хэн нэг хүн буруу хоолож байвал засч залруулахгүй бол хүүхдүүд дагаж, дуурайна.

Манай хүүхэд харин хоолонд их муу, гэсэн хэр нь гарт нь элдэв юм бариулчихсан байдаг. Зөв цагтаа зөв хоолыг өгөхгүй бол хэний ч хүүхэд хоолоо идэхгүй. Хоол бол хоол гэдгийг бор хоолонд орсон цагаас сургахгүй бол дэндүү оройтох үе ч бий. Манай хүүхэд харин ус ууж чаддаггүй юмаа, гээд aloe jiuce уулгадаг хүнтэй ч таарч явлаа. Хар ус уугаад гэж эмээ хэлдэг байсан ч оронд нь зөвхөн чихэртэй ундаа уу гэж заагаагүй. Агаарын, хөрсний бохирдол ийм их үед ундаагаар угжаад л байвал тэгээд дуус дуус. 

Хүүхдийнхээ биеийн онцлогийг их сайн мэдэж, хоол ундыг өгөхгүй бол болохгүй. Хөдөлгөөнтэй хүүхэд юмаа, тэгсэн өтгөн хатах нь хэцүү. Долоо хоногт нэг удаа л хүндэрч байна, гэсэн ээжтэй таарлаа. Хүүхдэдээ юу өгч байна гэтэл өглөө овьёос сүүтэй, өдөр таарсанг нь гэнэ. Дээр нь хүүхэд нь пиццанд их дуртай гэсэн. Ойлгомжтой, ийм хүнс идээд л байвал том хүн ч өтгөн хатна. Хүүхэд бүрийн биеийн онцлог өөр, одоо бүр янз янзын харшилтай гэх болсон энэ цагт ээжүүд маш сайн анзаарч, хоол ундыг нь тааруулах хэрэгтэй болсон цаг. 

Өдөрт нэг удаа бэлэн гоймон, нэг газтай ундаа уудаг 14 настан батга гараад байна гээд эмнэлэгт очиж байна. Батга бол нүдэнд харагдаж буй эмгэг, гэдэс ходоодонд юу ч болж байж мэднэ. Гэрийн хүмүүсийн хоолны дэг нарийн учиртай. Аав дуртай гээд хийсэн аавын хоолыг иддэг хүүхдүүд ч бий. Эцэст нь эмнэлэгт л найдаад үлдэнэ. 

Хүн бүрийг хөөрхий гээд тойглож хооллох боломжгүй. Гэхдээ гэрийн хоолын зөв дэгтэй бол олон зүйлд санаа зовохгүй болно шүү дээ. 

Эмээ минь орон дээр суугаад хоол идэхээр загнадаг хүн байж билээ. Хүний унтаж амардаг хэвтэр дээр битгий идээд бай, гэнэ. Ямар учиртайг нь хэлж өгөөгүй ч загнаад байхаар бид яаж идэхэв, сандал олдохгүй бол зуухаа тойроод газар сайхан сууж байгаад идчихдэг байлаа. Ухаандаа хаа хамаагүй битгий идээд бай гэсэн л хэрэг. 

Энэ тухай бид ямар ч гоё номноос олж уншихгүй, гагцхүү ахуй амьдралаасаа л сурдаг. Гэрийн хоолны эмх цэгцээс бүх хүний эрүүл мэнд хамаатай учир та гэрийнхээ хоол идэх дадлыг цаг гаргаад анзаараарай. Та бүхэн ч гэсэн өөрийн гэрт хэрэгжүүлдэг сайхан дадал зуршлаасаа нээлттэй хуваалцаарай. Бүгдэд маань хэрэгтэй байна.



***

Comments