БАЙГАЛИЙН САВ ШИМ ЕРТӨНЦИЙН ТУХАЙ МЭДЛЭГ, ЗАН ҮЙЛ, тэнгэр шинжих, сар од мичид тохиол




НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ 
2025 оны 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Найлах дүүрэг, Тайж хайрханы бэлд болно. 

"БАЙГАЛИЙН САВ ШИМ ЕРТӨНЦИЙН ТУХАЙ МЭДЛЭГ, ЗАН ҮЙЛ"-ийг цувралаар танилцуулж байна. 
 

ТЭНГЭР, ЭРХЭС, ЦАГ АГААР ШИНЖИХ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ 


БСШУС-ЫН САЙДЫН ТУШААЛААР (2019.11.29, А/759) МОНГОЛ УЛСЫН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛИЙН “БАЙГАЛИЙН САВ ШИМ ЕРТӨНЦИЙН ТУХАЙ МЭДЛЭГ ЗАН ҮЙЛ” АЙН НЭГДҮГЭЭРТ БҮРТГЭГДСЭН. 

Монголчууд эрхэлж буй нүүдлийн мал аж ахуй, түүнийг дагасан бэлчээр нутаг дахь амьтдын үйлдэл, зан үйл, байгалийн үзэгдэлд тулгуурлан тэнгэр, эрхэс, цаг агаарыг шинжиж ирсэн. 

Хугацааны хувьд өдрөөр, улирлаар, жилээр шинждэг. 

🌤Нар сар, од эрхэсийн орчил, шинж байдлаар шинжих (шинийн хоёрын сараар хаврыг, нар жаргах байдлаар маргаашийн байдлыг)

🌨Ургамлын төрөл зүйлд тулгуурлаж шинжих (зундаа цагаан цэцэг их ургавал өвөлдөө цас их унана; царван, шарилж, үнэгэн сүүл их ургавал цас ихтэй жил болно)

💨Байгалийн үзэгдлээр шинжих (үүл хойшоо нүүвэл тэнгэр задарна, салхи өмнөөс урьвал борооших) 🌧

❄️Амьтдын үйлдлээр шинжих (хулгана хөеөгөө далд хураавал цас их орно, зуд болно, ил хураавал цас багатай, урин болно)☀️

❄️Бага насны хүүхдийн үйлдлээр шинжих (өдөр унтаад байвал шуурга болно, гараа ээгээд, дээл хувцсаа давхарлаж өмсвөл хүйтэн болно гэх мэт)

✅Илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Байгалийн түүхийн музейн "Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг зан үйл өртөөнд саатан морилоорой.

***

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ 

"БАЙГАЛИЙН САВ ШИМ ЕРТӨНЦИЙН ТУХАЙ МЭДЛЭГ, ЗАН ҮЙЛ"-ийг цувралаар танилцуулж байна. 

БЭЛЧЭЭР, ӨВС УРГАМАЛ, УС ШИНЖИХ МЭДЛЭГ УХААН
БСШУС-ЫН САЙДЫН ТУШААЛААР (2019.11.29, А/759) МНГОЛ УЛСЫН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛИЙН “БАЙГАЛИЙН САВ ШИМ ЕРТӨНЦИЙН ТУХАЙ МЭДЛЭГ ЗАН ҮЙЛ” АЙН ХОЁРДУГААРТ БҮРТГЭГДСЭН. 

🌅Бэлчээр нь байгалийн унаган төрхөөрөө буй үржил шимт хөрс, өвс ургамал бүхий мал сүрэг адгуулан идээшлүүлэх эдэлбэр газар юм. Бэлчээр нутгийг өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэж улирлаар хуваан, дотор нь их, дунд, адаг гэж гурав ангилан зохистой ашигладаг. 

Бэлчээрийг сонгохдоо таван хошуу малын алинд нь ямар ургамал тохиромжтойг харгалзана. Үүнд: 
🐴🐑🐐Хонь, ямаа, адуу, сарлагт аль нарийн ургамал, соргог үнэр амт бүхий тачир боловч нягт өвс ногоо тохиромжтой, 

🐂Үхэрт сахлаг нарийн өлөн, суль гэх мэтийн өндөрлөг өвс,

🐫Тэмээнд өндөр, өтгөн, бүдүүн борог гашуун модорхог, навч нахиатай өвс ногоо тохиромжтой гэдгийг эртнээс таньж мэддэг байжээ. 

🌿Ургамал, чулуулгийн тогтцоор усыг шинждэг уламжлалт ёс байдаг. 

✅Улаанбаатар хот, Налайн дүүрэг, Тайж хайрханы бэлд болон НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД Байгалийн түүхийн музейн "Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл" өртөөгөөр зочлон өвлөн уламжлагч нарын халуун дулаан яриаг шимтэн сонсож мэдлэгээ тэлээрэй.


***
2025 оны 12-р сарын 04-ны өглөө шинийн 14-ндээ үүрээр сар мичид тохиосон юмдаг уу. Уг нь яг жам ёсоороо бол зул сарын шиний 15-нд тохиох учиртай. Намрын адаг сарын сар мичдийн тохиолго хуучны 16-нд тохиосон. Намрын дунд сар 18-нд намрын тэргүүн сар 20-нд тохиосон гээд тэгш тоондоо тохиогоод явчихлаа. Мичид намрын тэргүүн сардаа анх үзэгдээд 21-нд тохиогоод түүнээс хойш 19, 17, 15 гээд зуны эхэн сарын шиний гурванд гуу мөргөтөл сондгой тоондоо тохиодог жамтай. Жам зөрчих буюу хоног алдаж нэг тохиогоод, онож нэг тохиогоод хэдэн аравныг үдлээ. Ээж минь хэлэхдээ сар мичдийн тохиолго хоног алдах тоолонд мал ахуй, ан гөрөөс араатан, жигүүртэн амьтдын зан байдал хувирч үл ойлгогдох зүйл мэдэгддэг, тэр байтухай хүний мүс чанар, эрүүл мэндэд  хүртэл өөрчлөлт ордог, эмэгтэй хүний сарын тэмдгийн хугацаа алдагдах тохиол ч бий дээ хэмээн ярьдаг байв. Энэ ертөнц чинь бүхэл нэг цөм юм болохоор нөлөөлөл яаж ч үзүүлж болно гэдгээ илэрхийлж буй за! Намрын саруудын тохиолгоор би юу ч бичээгүй таг жиг өнгөрөөсөн. Учир нь зул сардаа жамаа дагаад сондгой тоо руугаа шилжрээд явчхаж магад гээд хүлээзнэсэн санаатай. Зул сарын сар мичдийн тохиолгоор тухайн өвөл, хаврын цаг агаарын ерөнхий байдлыг урьдчилж мэддэг. 

Зураг дээрхээр шинжвэл мичид сарныхаа гэрэл дотор тохиосон шигээ. Аль болох холуур бөгөөд сарныхаа доогуур зөрвөл алсдаа гэмгүй. Сартай ташааралдаж гэрэл тодроо тохиох юм бол зудалдаг л гэлцдэг байсан. Дээр нь өнөө жил мөн л чөдөрлөж тохиогоод явчихлаа. Чөдөрлөх гэдэг нь сар мичид, ховдог эмгэнтэй гурвуулаа яг чөдөр шиг хэлбэртэй болж тохиохыг хэлнэ. Ноднин уржнангийн тохиолгууд мөн ингэж тохиосон. Чөдрөн тохиолгыг тэнгэр хилэнтэй байна, муугийн дохио өгч байгаан тэмдэг, хүн төрөлхтөн цумрах нь их байх нь ээ гэж шинждэг. Ертөнц дээрх од эрхсийн явдал манай дэлхийд, дэлхий дээрх амьд бодь галуудад шууд нөлөөлдөг. Тэрхүү сайн муу аливаа нөлөөллийг Монголчууд эрт дээр үеэс анзаарт тогтоосон юм. 500 орчим жилийн түүхтэй одоогийн шинжлэх ухаан ор сураггүй байхад манай Монгол үндэстэн дэлхий дахинаас халиад гариг эрхэс, ертөнцийн жам, байгалийн ямарваа үзэгдлийг цаг хугацаа алдалгүй нарийн торгон ухааны ураар шинждэг байжээ. Тэгээд ямарваа үйл явдал ажил хэргээ тааруулдаг гайхам сайхан өв соёл ёс заншилтай мэргэн ард түмэн. Тохиолго тохиосны ардтаах цаг хугацаа хэдий хэр болоод тэнгэр яав, салхи шуурга аль хэрхэв, үүр яаж манхайв, тэр үеэр салхи аль талаасаа яаж хөдлөв, мал хэвтрээ солих нь үү, өглөөний наран ямар янзтай мандав, өдөр тийшээ яав, оройдоо ямархан байв, мал амьтны зан үйлд өөрчлөлт орох нь үү, тэгээд ойрын гурван хоногтоо тэнгэр ямархан янзтай байх нь вэ гэх зэрэг машид олон зүйлсийн нийлмэл шинжээр нарийн гярхай ажигладаг шинжээ бий. Энэ бүхнийг орчин үеийн хүмүүст ойлгуулахад бүхэл бүтэн гурван хоног байгаль дээр хичээл заах болж таарна. Чухамхүү ойлгуулж чадах эсэх нь нэн эргэлзээтэй. Зарим тохиолгын дараа мал тогтохоо байчихдаг, нохой хуцаад хэвтэхээ байчих, нэгэн бол хотны нохой гэрт орчих шахаад хаяа хатавч руу шигээд юун хот манахдаа мантай болчих тал ч бий. Ер нь тэгээд байгал ертөнц гээч нь тэр аяараа цаг хором бүрийдээ бидэнд хичээл орж багшилж байдаг. Хуучны улсууд байгаль багшийн тэрхүү сонин сайхан хичээлд машид шамдан онц сайн суралцаж байжээ. Одоо бол цөмөөрөө муу сурлагатангууд болж хувирчээ. 

Энэ өвөл баруун зүүн тийшээ арай гайгүй, төвийн бүс хангайдаа жаахан хатуу өвөл болно. Гэхдээ тийм сүртэй биш ээ. Гагцхүү зуншлага муу болсны харгай нөлөөлөөд байна. Цаашид Монголчууд бид хоорондоо үндэсний их агуу гүн сэтгэлгээндээ суралцан Монгол ухааны гайхамшгийг мэдрэн өөр хоорондоо эвлэрч нэгдээд, ухаан санаа эрүүл саруул болцгоож газраа ухахаа болихгүй бол бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд айхавтар хүндэрнэ. Бид өвчнөөс салахгүй, цаг бусын үхэл ч тасрахгүй гэж мэдээрэй! 

Цаашид энэ байдал жаахан үргэлжилбэл хөдөө эзгүйрч мал маллах хүн олдох нь үгүй болохоор шинжтэй дэгээ. Төр улсыг удирдах удирдагч эвэртэн туурайтнуудаа зөв сонгож чадваас хаоин тэнгэр тэтгэж газрын эзэд баярлах болно. Энэ бол жам ёсны үзэгдэл болой! Үүнийг ойлгох сөхөөтэй хүн байгаа гэж итгэнэм. Тэнгэрийн жам хазайх нь ердөө хүний нүгэлтэй шууд холбоотой. Хүн төрөлхтний хар балгаас болж газар тэнгэр хилэгнэдэг. Жам алддагддаг. Хошуу нутгийн захирагч солигдоход, цэрэг мордоход, сургуулийн хүүхдүүд хичээл номдоо явцгаах, их хаван тулсан өндөр настай хүн өөд болоод оршуулахад тэнгэр мууддаг. Тэгээд тэнгэр гийсэн хойноо ч гэлээ ерөнхийдөө зохирох, үл зохирох зэргээс их юм өгүүлдэг. Мөн л нарийн торгон шинжээ яригдана. Сонгуулийн дараа тэнгэр хуйсганах тохиол бишгүй. Сайн удирдагч сонгогдвол байгаль дэлхий ертөнц оршихуйд хүртэл нөлөөлдөг гэвэл итгэхгүй хүмүүс их л олон байх болов уу. Хүнээ байчихсан тэнэгүүд ертөнцийн жам хууль анзаарч тольдохыг мэдэхгүй юм хойно доо. Монгол самуурвал дэлхий мөхнө. Монгол өгсвөл дэлхий ертөнц даяараа сайхан цаг ирнэ. Тэнгэр минь аварч өршөө. Монголчууд минь үтэр гэгээрч сэхээрэх болтухай. 🙏🙏🙏

Хумбагарын Батмэнд. 2025. 12. 05. Шөнийн 12 цаг 50 минут.






Comments