***
Эх: Бөө
Аранзал ган тулганыхаа аманд шар тос амсуулж домнодог
Арслантай бор авдрынхаа цуурганд хүрэл цүү чагталж домнодог
Алдуул малынхаа тэгш заяаг аяганд хоргол хөмөрч домнодог
Асгасан цагаан сүүнийхээ буяныг магнайдаа адислаж домнодог
Үүднийхээ сахиусыг нохойгоор мануулж домнодог
Хойморийнхоо буяныг бурханаар сахиулж домнодог
Эмтэрхий шаазанд цай аягалдаггүй зовлонгоо хүнээс харамлаж домнодог
Эсгэсэн торгонд толбо суулгадаггүй гоёлоо бусдаас нууж домнодог
Сайхан өвгөдөө нутаглуулахдаа босгондоо мод гишгэж домнодог
Сайны ерөөл хүсэхдээ тотгондоо мэс хавчуулж домнодог
Давхил холын харгуйд дөрөөндөө сүү мялааж домнодог
Далны хуудасны махаар дөрвөн үйлийг гэтэлж домнодог
Би домогт итгэдэг Монгол
Бид домын шившлэгтэй Монголчууд
Лусын нүд гэмтчихнэ гэж морио бэлрүүгээ аргамжиж домнодог
Лхамын цангаа тайлагдана гэж тотгондоо мөс залж домнодог
Хасын тамга сэвтчихнэ гэж сүлдний гал асааж домнодог
Хосын заяа ээдчихнэ гэж бөгжний хээ ижилсүүлж домнодог
Болохгүй чимээ үргээж хүүхдийнхээ бойтгонд хонх зүүж домнодог
Бор амьдралын сэв арилгаж үрсийнхээ айдасыг ширгэлж домнодог
Хөлд нь хий орчихвол өвсөөр чөдөр зангидаж домнодог
Сэтгэлд нь сэв суучихвал өргөлөөр хүсэл дуудаж домнодог
Энэ төр болохгүй бол эцгийнхээ малгайгаар сүлд дуудаж домнодог
Эр хүн болохгүй бол эхийнх нь хөхөөр хийморь хурайлж домнодог
Тангад ном мэдэхгүй ч тарнитай сахиус зүүж хар хүчийг домнодог
Тавилан төөргөө мэдэхгүй ч нүүдлийн зүг тооноо залж цагаан хүчийг домнодог
Би домогт итгэдэг Монгол
Бид домын шившлэгтэй Монголчууд
Овооны чулууг хормойноос нь өргөж өөдлөхийн цээрийг домнодог
Огт үгүй хоосоны цээрийг олзонд боож домнодог
Хар шөнөөр цагаан идээ гаргахгүй гэж хатавчиндаа ус дусааж домнодог
Харьд мордогсодод улаан нүгэл үзүүлэхгүй гэж цагаан хадаг очирлож домнодог
Эрлийн хүний төөрөлдөөг 41-н чулуугаар домнодог
Элээсэн амьдралын гэмийг 108-н эрхиэр домнодог
Эгэл нандин биеийг 9-н эрдэнийн чулуугаар домнодог
Энэ тавилангийн төөргийг ерөөлийн цэнхэр хадгаар домнодог
Арц гангийн үнэрээр гэрийн зэв арилгаж домнодог
Адуу малын хэвтрээр газрын хий үргээж домнодог
Арвайн чинээхэн биеэ би аргалын галаар домнодог
Алгын чинээхэн орчлонгоо би ассан дөлөөр нь ариулдаг
Би домогт итгэдэг Монгол
Бид домын шившлэгтэй Монголчууд…
Telmen Telmen
***
ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН ДОМОГ
Эрт урьдын цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй, хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.
Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй, "Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна" гээд голжээ. Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна.
Харин Аж богд, "Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа" гээд,
- Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ.
Гоо бүсгүй, "Алинтай нь ч суухаа больё, зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя" гэж боджээ.
Аж богд сэрээд,
-Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув.
-Буцсан гэхэд,
-Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.
Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл, хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал, Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ.
Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн,
- Уул уултайгаа уулздаггүй. Харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ.
Тэгэхэд нь гоо бүсгүй:
- Би даанч яав даа?! Миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юмсанжээ. "Ээж хайрхан уул" үүссэн домог ийм болой.
Эх: Tuvshin Jargal
2026.3.22
***
БӨӨГИЙН ДОМОГ
Дархадын их бөө Баглаан заргачийн хүү Арилдий зайран дээдэс баячуудын адуу малыг булаан авч ядууст түгээдэг сайн эр байжээ. Түүнийг баривчлан шийтгэх гэсэн боловч Арилдий бөө бүргэд шувуу болон хувирчихаад баригдаж өгөхгүй байв. Энэ бөө тамхи их татдаг учир тамхины утаанд амархан баригдах болно гэж төлгөчийн хэлсэнээр түүнийг хундсын Улаан хад гэдэг газраас баривчлан аваад, Улиастайд хүргэж эзний зарлигаар цавчин алах гэтэл бөөгийн хүзүүг сэлэм даахгүй байжээ.
Тэгэхээр нь бөө, -Та нар намайг хороож чадахгүй. Миний амийг ээж хамгаалаад байна. Намайг бүү зовоо. Би ээжийгээ явуулчихъя. Та нар тэгээд цавч гээд шивштэл хоёр мөрнөөс нь хоёр бүргэд гараад нисэн одсоны дараа цаазаар авчээ. Энэ үеэр Арилдий бөөгийн ээж Баглаан удган бөөлж “Ганц хүүгийн минь алдын төдий биеийг нууж чаддаггүй яасан хангай вэ” гэж хундсын Улаан хадыг аянгаар бут ниргүүлээд, Улиастайн манж сайдыг алах гэж онгодоо явуулсан боловч онгод нь сайдыг хорлож чадахгүй эргэж ирээд Баглаан удганы дөрвөн мөчийг эвхэртэл татуулав. Удган Далайням гэгчийн тусламжтайгаар онгоддоо өргөл засал хийж сэргээд хүргэн хүү жөгд ясны хар зайрангаар сайдыг алуулах болжээ.
Гэтэл бас л хар бөөгийн хонхинуур Улиастайд хүрэлгүй харин хадам ээжийнх нь зүүн мээм рүү орчихжээ. Баглаан удган хүргэнийхээ хонхинуурыг таниад чи үүнийгээ ав гэжээ. Хар бөө хонхинуураа аваад “Чи ингээд төөрөлд” гэж хэлээд амыг нь хадаад хаячихжээ. Үүнээс болж хар бөөгийн ганц хүүгийн хоолой бөглөрч, эхнэр Амаажий нь боож үхэв. Аргагүйн эрхэнд хар бөө хонхинуураа хадсан хадаасыг мулталж хүүгийнхээ амийг аварсан гэдэг.
Эх: Tuvshin Jargal
2026.3.22
***
🔥ГЭРИЙН ЭЗЭНД АРХИ ЭРГҮҮЛЭН БАРИХ БОЛСНЫ УЧИР
💦СЭРЖИМ ӨРГӨХ ЁС
✨ЯДАМ ХУРУУНЫ ДОМОГ
Дээр үед нэг хаан, мэргэч төлөгч хүнээр өөрийнхөө хувь тавиланг үзүүлж гэнэ. Мэргэд мэргэлээд хэлж: «Та зүгээр сайн сайхан явна. Харин 45 насандаа л нэг их цөвтэй байна» гэжээ. Хаан түүнээс хойш олон жил өнгөрсний дараа 45 нас хүрч нөгөө мэргэчдээ хүрч очиж «Над ямар цөв барцад байна? Түүнийг зайлуулах арга байна уу?» гэдэг байна. «Та үхнэ дээ» гэж.
Хаан улам сандарч «Үхэхгүй байх арга байна уу?» гэж. «Үхэхгүй байя гэвэл хулгай хийвэл л амьд гарч магадгүй дээ» гэж гэнэ.
Хаан тэр оройноо хулгай хийхээр шийдэж хувцсаа сольж өмсөөд хаан эзний мөнгөн сангаас хулгайлахаар мөлхөж явжээ. Тэгтэл бас нэг мөлхөж яваа хүн таарч «Чи хаачиж явна?» гэсэнд «Би хулгай хийхээр явж байна» гэжээ. Ингээд хоёул нийлж хулгай хийхээр хэлэлцжээ. «За маргааш ч хаан санд хулгай орж гэж үймэлдэх байх. Тэгэхэд хаан лав бүх албат иргэдээ дуудаж цуглуулна. Хоёул тэнд уулзаж бие биеэ танья» гээд харанхуйд малгайгаа сольж өмсөөд салжээ. Маргааш нь хаан «бүх албатыг цуглуул» гэж зарлиг бууж, хаан цугларсан бүх албатыг нэг нэгээр оруулж харж гаргаж байтал урьд шөнийн малгай сольж өмссөн хүн нь орж иржээ. Хаан «Энэ өдрийн хэргийг зогсоолоо. Албат нарыг тараа» гэж хэлээд нөгөө хүнтэйгээ битүүхэн уулзжээ.
Бие биеэ «За чи юу гэж хулгай хийгээ вэ?» гэж хулгайч хэлж. «Би ч яах вэ, амь зуухын эрхэнд хулгай хийлээ. Та харин яах гэж хулгай хийв дээ? гэж. «Би ч бас амьд явахын тулд хулгай хийсэн» гэж урьдын явдлыг ярьж: «Тэр төлөгч үнэн хэлсэн үгүйг бүү мэд. Би 45 хүрсэн боловч үхээгүй л байна даа» гэж. Хулгайч хэлжээ: «Үнээн, таны хамгийн шадар түшмэд чинь энэ орой хорлож алах гэж бэлдэж байна. Танд зоог барихаар архийг нэрж арз болгоод, арзыг нэрж хорз болгоод хорзыг нэрж хор болгоод байгаа. Та тэр барьсан архийг нь хараач тулга хоёр луу нь өргөөд гурав дахь хундагыг нь өөрт нь бариарай» гэж хэлжээ.
Хулгайчийн хэлсэн ёсоор орой нь их түшмэлийнх «цай зоогло» гэж урьжээ. Хаантанд дарс барьж гэнэ. Хаан хулгайчийн захисан ёсоор хараач өөд нь цацсан, зандан хараач нь зад үсэрч байж, тулга өөд нь цацсан, ган тулга нь цагаригаараа тас үсэрч гэнэ. Гурав дахь хундагыг «За идээ эзнээ таньдаггүй юм. Энэ гэрийн эзэн та тул танд барья» гээд өгсөнд их түшмэл эрхгүй эзэн хүний үг зарлиг тул барьсан архийг тогтоож тэр дороо үхжээ. Үүнээс хойш баядын нутагт архийг гэрийн эзэнд эргүүлж барих ёс гарсан гэдэг юм.
*. *. *
СЭРЖИМ ӨРГӨХ ЁС
Архитай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс юм. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь,
“хөх тэнгэр амгалан байг”
“хөрст дэлхий амгалан байг”
“хүн зон амгалан байг” гэсэн утгатай.
Сэржим гэдэг нь “алтан хундага” гэсэн түвд үгнээс гаралтай. Хэрвээ хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн, духандаа түрхээд, хортой эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бас дээрх домогтой холбогдоно.
*. *. *
ЯДАМ ХУРУУНЫ ДОМОГ
Ядам хурууны тухай ийм нэгэн домог буй. Монголын нөлөө бүхий том ноёдыг Манжийн хаан найранд урьж, Чингис хааны угсааны том ноёдыг устгая гэсэн далд санаа агуулжээ. Найранд ирэгсдэд хаш эрдэнийн хундаганд хийсэн хортой архи барьжээ. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй найруулсан байсныг Ядам түшмэл мэдсэн байв. Тэрбээр “дээдсийг дагаж ирсний хэрэг юу билээ, би нэг хүртчихэе” гээд хундагаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд хуруу нь хувхай цайж, мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ийнхүү ноёдоо аварсан Ядам түшмэлийн нэрээр гарын таван хурууны дөрөв дэх хурууг “ядам хуруу” гэж нэрлэсэн гэх бас нэгэн домог байх ажээ.
Эх: Tuvshin Jargal
***
Эх: Tuvshin Jargal
***
Эх: Tuvshin Jargal
***
Эх: Tuvshin Jargal
***
Comments