Star TV HD "Talk With Me - Ж. Бэгзсүрэн" Бидний #Шагайтайүүргэвч 2018 аяллын талаар

Talk With Me нэвтрүүлгийн Youtube цахим орчны дэлгэцийн хуулбар

Хөтлөгч:  Сайн байцгаана уу, “Тalk with Me” нэвтрүүлгээ тухлан сууж үзнэ үү. Би хөтлөгч Питер Биттнер байна. Манай өнөөдрийн зочдоор Бэгзсүрэн болон түүний гэргий  Мөнгөнсоёмбо нар оролцож байна.

Тэд саяхан Төв Азийн улсуудаар хоёр сарын турш аялал хийгээд ирсэн байна.
Ж.Бэгзсүрэн нь олон улсын аялал солилцоо болон Монгол соёл, зан заншлыг дэлхий дахинд хуваалцах хүсэлтэй зүтгэлтэн юм.
Тэрээр эхнэр Б.Мөнгөнсоёмбын хамтаар сүүлийн 10 жилийн хугацаанд хэдэн зуун гадаадын аялагчдыг гэртээ хүлээн авч зочлуулсан байна.
Саяхан тэд бүтэн хоёр сарын турш төв Азийн орнуудаар шагайтай, үүргэвчтэй аяллыг хийгээд ирсэн юм.
Бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та хоёртоо маш их баярлалаа.

Зочид:  Баярлалаа

Хөтлөгч:  Юунаас хэрхэн урам зориг аван та хоёр энэхүү 2 сарын турш гадаадын таван улс орноор болон Монголынхоо нутгаар аялал хийх болов?

Зочид:  Биднийг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж мөн
хоёр дах удаагаа оролцох боломжийг олгосон танай хамт олонд болон танд баярлалаа.
Бид яагаад энэхүү аяллаа хийхээр  болсон вэ? гэдэг талаар танд товчхон танилцуулъя.

Нэгдүгээрт бид гэртээ гадаадын аялагчдыг хүлээн авдаг болоод 10 жил болж байна. Энэ ойгоо тэмдэглэн өнгөрүүлье, мартагдашгүй дурсамж үлдээе гэж бодсон.
Дараагийн шалтгаан бол Минск хотод зохиогдон байгуулагдсан олон улсын сургалт, шинжлэх ухааны шинэ ололт амжилтуудтай танилцаж суралцах зорилго байсан.
Харин үндсэн шалтгаан бол өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг Монголын соёл, уламжлалт хэрэгслийг аялалдаа ашиглах байсан юм.

Хөтлөгч:  Тийм байна, та бүхэнд олон чухал шалтгаан байжээ.
Та хоёр монгол ахуй соёлтой гадаадын хүмүүсийг биечлэн танилцах боломжийг олгож байдаг тань надад их таалагдсан. Та бүхэн couchsurfing зэрэг солилцооны онлайн системийг ашиглан олон зуун аялагчдыг гэртээ ирүүлсэн.
Энэ аяллаараа зорилгоо өөрчилж, өөрсдөө аялагч болж гадаадын хоостайлуудад очиход ямар ялгаа мэдэрсэн вэ?

Зочид:  Тиймээ, гэргий бид хоёрын хувьд энэ аялал нь гадаадад хийсэн хоёр дах аялал боловч хол зам туулж ихийг үзсэн анхных нь  байлаа.
Бид ирсэн зочдод Монголын амьдрал, гэртээ яаж амьдардгаа харуулдагыг зорьдог. Аялагч байхын хамгийн том ялгаа гэвэл, аялагч хүмүүс ямар эр зориг, хүчтэй юм вэ гэдгийг өөрсдийн аяллаас бид ойлгож авсан. Учир нь тэд амьдралаа, хэвийн нөхцөл байдлаа өөрчлөхийг хүссэн байдгийг мэдэрсэн.

Хөтлөгч:  Тийм шүү, аялахад ихээхэн эр зориг хэрэгтэй байдаг. Ялангуяа замын машинуудад сууж аялна гэдэг бол том зориг.
Беларусын Минск хот хүрээд буцаж ирэх энэ урт хугацаанд хичнээн жолооч та хоёрыг унаандаа суулгаж авч явав?

Зочид:  Бид аяллын тэмдэглэлийн дэвтэр ашигласан. Энэ дэвтрээ урт аяллынхаа эхний өдөр буюу 6 сарын 17-нд нээсэн бөгөөд биднийг унаандаа суулгасан анхны хүнийг Гансүх гэдэг.
Тэр ах бидний аяллыг эхлүүлсэн. Замдаа түүнтэй сайхан танилцсан.

Хөтлөгч:  Энэ жолоочтой та хоёр хаана уулзсан вэ?

Зочид:  Монос их сургуулийн ойролцоо тааралдсан.

Хөтлөгч:  Тийм үү?

Зочид:  Бид хотын төвөөс автобусанд сууж Монос их сургуулийн ойролцоо очоод тэндээсээ замын машинд суухаар гар өргөж аяллаа эхлүүлсэн. Ингээд Гансүх ах биднийг хараад авч 22-ын товчоо хүртэл хүргэж өгсөн.

Та сая хичнээн хүн унаандаа суулгасан вэ гэж асуусан. Дэвтэртээ хамгийн сүүлд биднийг авч явсан хүний нэрийг тэмдэглэсэн байгаа. Тэр жолоочийг Бадрах гэдэг бөгөөд биднийг Улаанбаатар хотод хүргэж ирсэн.
Тэр бол том ачааны машины жолооч хүн байсан.
Биднийг Өвөрхангай аймгаас Улаанбаатарт хүргэж ирсэн. Үүгээрээ юу хэлэх гэж байна вэ гэхээр,  нийт 144 жолооч бидний аялалд оролцсон гэсэн үг юм.
Энэхүү аялал маань зөвхөн гэргий бид хоёрынх биш, бид аяллын замдаа олон хүнтэй уулзахыг хүсч байсан.
Эцэст нь хэлэхэд 150 гаруй хүн оролцсон аялал болсон. Зарим хүн нэг өдөр, зарим хүн 30 минут бидэнтэй хамт аялж, соёл, мэдээ, мэдээлэл хуваалцан ярилцсан.

Хөтлөгч:  Гайхалтай. Та бүхэн аялалдаа шагай авч очиж Монголын соёл, зан заншлыг гадаадын улсуудад танилцуулж сонирхуулсан гэсэн. Шагай хэрхэн яаж тоглодог талаар танилцуулаач.
Хүмүүс шагайгаар тоглохыг хэрхэн хүлээж авдаг тухай энэхүү уламжлалт тоглоомоос юу сурч мэдсэн талаар сонирхуулаач.

Зочид:  Монголчууд энэ цул ясыг шагай, бидний үндэсний зүйл гэж ярьдаг. Үнэндээ, сүүлийн 10 жилд миний олж мэдсэнээр,  зарим үндэстнүүд, ялангуяа Казак хүмүүс мөн Азийн төдийгүй Европын хүмүүс шагайг мэддэг. Шагайг англи хэлээр "ankle bone" гэхээс гадна "knuckle bone" гэж нэрлэдэг юм байна. Бид шагайг гадаадын найзууддаа үзүүлээд энэ ясыг юу гэдэг вэ, үүнийг мэдэх үү гэж асуухыг хүссэн.
Ингээд олон хүмүүс юу болохыг мэдэхгүй байсан.
Харин зарим Казак, Узбек, Сибирийн хүмүүс хүүхэд насандаа шагайгаар тоглож байснаа дурсаж, энэ ясыг манай хэлээр ингэж нэрлэдэг, өнөө цагт тоглодоггүй, гэрт нь байхгүй талаар ярьцгааж байсан.
Тэгэхлээр зөвхөн Монголчууд бид л өнөөдөр энэхүү уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа болов уу гэж бодсон.
Та шагайгаар 80 орчим тоглоом тоглож болдог гэдгийг мэдэх үү? энэ тухай номонд бичигдсэн байдаг.

Хөтлөгч:  Хөөх, тийм үү?

Зочид:  Тийм ээ, гэвч бодит амьдрал дээр манайх гадаад найзууддаа 10-аас олон биш тоглоомыг л зааж чадна.
Өдөр ирэх тусам шагайн хэрэглээний уламжлал гээгдсээр байгааг эндээс харж болно. Бид орчин цагийн амьдралдаа шагайг тогтмол хэрэглэж, тоглож  эхлэхийг хүсдэг.

Хөтлөгч:  Үнэхээр эрхэмлэж үзэх зорилго байна. Урт аялалдаа, хоостайлдаа ямар тоглоом тоглож байв?

Зочид:  Аяллын замдаа тоглох хамгийн энгийн тоглоом бол "Дөрвөн бэрх". Англи хэлэнд шууд утгаар орчуулбал "Four difficulties" гэж болох юм. Шагайгаа орхиход морь, тэмээ, ямаа, хонь гэсэн 4 өөр байрлал буухыг "Дөрвөн бэрх" гэж хэлдэг. Замын унаанд явж байхдаа болон очсон хоостайлууддаа бид шагайн эдгээр байрлалууд мөн шагайн ясыг малын аль хэсгээс гаргаж авдаг талаар хэлж өгч байлаа.
Энэ талаар хүмүүс ямар ч мэдлэггүй байсан. Шагайн ясыг хонь, ямааны зөвхөн ард хоёр хөлөөс авдаг болохыг тайлбарлаж өгсөн.
Тухайн мөчид хэн нь азтай байгаагаа мэдье гээд "Дөрвөн бэрх буугаарай, Аз хийморьтой болгоорой" гэдэг үгийг хэлээд шагайгаа хаяж тоглодог.
Та хаяж үзмээр байна уу?

Хөтлөгч:  Тэгье.

Зочид:  Одоо ч гэсэн азаа үзье. Хөөх, хоёр тэмээ, нэг ямаа, нэг хонь буулаа. Бараг л азтай, нэг л зөрлөө.
Шинэ найзууддаа бид Дөрвөн бэрх бол хамгийн энгийн тоглоом бөгөөд зарим тоглоомыг тоглоход 108 ширхэг, зарим тоглоомд магадгүй 20 ширхэг шагай ашигладаг талаар тайлбарлаж байсан.
Мөн шагайн дотор маш сайн тос байдаг гэдгийг тайлбарлаж байлаа. Биднийг хүүхэд наснаасаа эхлэн шагайгаар тоглож байхад гарын алгаар сайн тос биед шингэж энэ нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байсан.

Хөтлөгч:  Чухал зүйл байна, ялангуяа аялалдаа ашигласан нь хэрэгтэй байжээ.

Зочид:  Одоо ч манай гэр бүл шагайн тосоор өвдөг, гараа тосолдог. Биед их ач тустай сайн тос.

Хөтлөгч:  Сонирхолтой уламжлал байна. Та хоёр аялалдаа хичнээн шагайг  авч явсан вэ?

Зочид:  Энэ талаар чи ярьсан нь дээр байх.
200 орчим шагай авч гарсан. Гэвч Хятад улсын хил дээр амьтны яс учраас хориотой байдаг юм байна. Ингээд ихэнх шагайгаа хил дээр хураалгасан бөгөөд азаар өөр халаасандаа байсан 10 орчим шагайгаа авч гарч чадсан.
Бид аяллаа "Шагайтай үүргэвч" гэж нэрлэсэн байсан бөгөөд  шагайгүйгээр Монголын энэхүү уламжлалаа олонд ярих, энэ аяллын хэрэгсэлгүйгээр аялах боломжгүй байх байлаа.

Хөтлөгч:  Гайхалтай. Аялалдаа та үндэсний сайхан малгайгаа өмсөж явсан байсан. Тэр малгайгаа аяллын туршдаа байнга өмссөн үү?

Зочид:  Одоо би малгайгүй байна. Эсгий малгай маань биднийг амжилттай аялахад маш их тусалсан. Учир нь зам дээр унаанд суухаар зогсож байхад жолооч нар 500 метр,  нэг километрийн зайнаас биднийг олж хараад ямар сонирхолтой хүмүүс явж байна вэ гэж бодоход нь тусалж байсан.
Мөн бид Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг Морин хуураа авч явсан.

Хөтлөгч:  Тийм үү? Та хоёр морин хуураа энэ урт замд үүрч явсан хэрэг үү?

Зочид:  Тиймээ, энэ хоёр хэрэгсэл маань бидний гадаад үзэмж болж байлаа. Энэ нь жолооч нар зогсож бидэнтэй уулзах, юу хийж байгаа юм вэ, яагаад аялж байгаа юм вэ гэж асуух үндэс нь болж байсан шүү.
Харин малгайгаа Оросын Алтайн уулсад явж байхдаа нэгэн машинд мартчихсан. Энэ үйлдлээ санамсаргүй тохиолдол биш байх, энергиэрээ тэнд үлдэх ёстой байж дээ гэж бодоод өнгөрсөн.

Хөтлөгч:  Тийм шүү, хэн нэгэнд санамсаргүйгээр бэлэг болгоод үлдээсэн байж болно.


Зочид:  Яг үнэн.

Хөтлөгч:  Аяллаар гарахад эр зориг хэрэгтэй гэж та түрүүн хэлсэн. Айж түгшиж байсан тохиолдол байгаа юу, ялангуяа мэдэхгүй улсдаа танихгүй хүмүүстэй уулзаж аяллаа үргэлжлүүлэхэд саад бэрхшээл тулгарч байсан уу?

Зочид:  Бид нийт таван улсад очсон. Эдгээр орнуудад Монгол иргэд визгүй зорчдог. Энэ нь манай улс эдгээр орнуудтай сайн харилцаатай, бие биеийнхээ түүхийг мэддэг гэж би ойлгодог.
Мөн сүүлийн 10 жилд манай гэрт ирсэн  айлчин зочдоосоо бид их урам зориг, итгэл авсан. Тиймээс муу хүн гэж байдаггүй, харин муу бодол л муу үр дагавар авчрах аюултай гэж бид итгэдэг.
Тиймээс гэргий бид хоёр аяллынхаа туршид сайн, тусч хүмүүстэй уулзана, тэд бидэнтэй ярилцана, биднийг сонсоно гэж итгэж эерэгээр бодож явсан.
Зарим жолооч нар биднийг нэг газраас нөгөө газарт хүргэхээс гадна бүр гэртээ урьж байсан. Бид тэдгээр айлуудад очоод аягаа долоох Монгол уламжлалын талаар ярих дуртай.
Аяга бол бидний аяллын бас нэгэн чухал хэрэгсэл байсан.
Уламжлалаас харахад аягаа өвөртөлж явах нь гангарч байгаа биш, эрүүл мэнддээ тусалж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл аягаа хүнтэй сольж хэрэглэдэггүй нь эрүүл хэв маяг юм.
Мөн хоолоо идчихээд аягаа долоосон бол аягыг угаах шаардлагагүй байдаг учир нь шүлс нь бактерын эсрэг үйлчилгээтэй гэж бид ойлгодог.

Хөтлөгч:  Энэ талаар би мэддэггүй байлаа. Та хоёр аяллын туршдаа зөвхөн өөрсдийн аягаа хэрэглэж байв уу?

Зочид:  Тийм ээ.

Хөтлөгч:  Өмнө нь амталж байгаагүй ямар ямар шинэ содон хоолыг та хоёр минь замдаа идэж үзэв?

Зочид:  Бид энэ аягандаа л идэж, ууж байсан. Бидэнд өөр аяга хэрэггүй, учир нь аягаа хэрэглэсний дараа долоогоод далд хийдэг байсан. Эхнэр маань аяллынхаа туршид ямар сонирхолтой хоол хүнсийг мэдэж авсан талаараа ярих байх.

Минск хотод биднийг гэртээ байлгасан, хоостайл зураач бүсгүй Янинагийн ээжийнх нь гэрт уригдаж очоод хулуу, бяслаг орсон их амттай, сонирхолтой хоол идэж үзсэн.
Гэртээ очоод энэ хоолыг хүүхдүүддээ хийж өгнө дөө гэж бодсон.
Мөн өндгийг 2 минут чанаад, халбагаар иддэг гэдгийг Омск мужийн Зотино тосгонд Сергейн гэрт сурсан.
Аяллынхаа явцад гадаадын гэр бүлүүд гэртээ хэрхэн хоол ундаа бэлтгэдгийг харж байсан. Ихэнх хүмүүс өндгийг удаан, магадгүй 5 мин буцалгаж, доторх шарыг нь бүрэн болгоод иддэг.
Оросын соёлд 2 минут чанаад, жижиг халбагаар иддэг нь маш амттай, сонирхолтой байсан.
Мөн гадаадын хоостайлуудаасаа суралцахын зэрэгцээ бид гэртээ хэрхэн хоол хийдгээ үзүүлж явлаа.
Манайх хуушуурыг тос хэрэглэхгүйгээр хайрдаг аргатай

Хөтлөгч:  Энэ боломжтой гэж үү? Их л ур чадвар шаардах байхдаа.

Зочид:  Мөн хуушуураа заавал махтай хийх гэлгүй янз бүрийн орц ногоотой хийдэг.
Бас гамбирыг ихэнх хүмүүс тосонд хайрч хийдэг байхад манайх тос хэрэглэхгүйгээр хийж иддэг.
Бид хоостайлдаа хоолны зарим орцоо дэлгүүрээс худалдаж авч ирээд бууз, хуурай гамбир, хуушуур, ногоотой шөл, гурилтай шөл зэргээ өөрсдийн аргаар хийж үзүүлдэг байсан.
Минск хотод гэртээ биднийг байлгасан Янинагаа өглөө бүр хоолоороо дайлж, түүнтэй хамтдаа дасгал хийдэг байсан. Түүнд бидний шим тэжээллэг хооллолт, дасгал хөдөлгөөн гээд эрүүл амьдралын хэвшил маань таалагдаж, эрч хүч мэдэрч байгаагаа бидэнд хэлж байсан.

Хөтлөгч:  Хоолоо хамт идэж, тоглоомоо зааж, уламжлалаа танилцуулж байсан нь хоостайлд очсоноос гадна тэдгээр гэр бүлүүд танайд бас зочилж байсан мэт санагдлаа.
Энэ бол гайхалтай.
Ямар айлд хамгийн олон хоносон вэ?

Зочид:  Бидний аяллын эцсийн цэг байсан учраас Минск хотод Янинагийн гэрт бид 7 хоног буюу хамгийн урт хугацаанд байсан. Москва хотод Грегорийн гэрт мөн бүтэн хоёр хоносон. Зотино тосгонд Сергейн гэрт 2 хонохдоо жинхэнэ тосгоны амьдрал болох ногоо тарьж, тахиа тэжээх болон сонгино хураах ажилд оролцож, тусалж амьдарсан.
Тэнд хүлэмжинд ногоо, жимсийг байгалийн эрүүл аргаар нь тариалж, ургуулж байгааг амталсан.
Энэхүү 55 хоногийн аяллын бүх өдрүүд бидэнд цоо шинэ өөр өөр байж чадсан. Казакстан улсад автобусны буудлаас эхлээд байшин барилга, хүмүүсийн хувцаслалт гээд бүх зүйл их өнгөлөг сайхан байсан.
Украйнд очиход гудамжинд, тосгонд гээд хаа сайгүй жимс ургасан байсаныг идэж үзсэн. Харин Беларусын Минск хот үнэхээр цэвэрхэн хот байв.
Бидний найз Янина хэлэхдээ, Минск хотын иргэд бид өөрсдөө сэтгэл хүслээрээ сайн төлөвлөж байгуулж байгаа гэсэн. Тэд модоо огтолдоггүй, ой модоо тойруулан хотоо байгуулдаг гэсэн.
Тэгээд Москвад бид очоод энэхүү эртний хот Монголын түүхтэй ямар их холбоотойг бодсон. Жишээлбэл "Москва" гэдэг үг нь мушгиа гол, "Кремль" гэдэг үг нь хэрэм бэхлэлт гэдэг Монгол үгнээс үүссэн зэргийг уншсанаа санасан.
Дараа нь Казань хотод очоод татар үндэстэн хүмүүстэй мөн л Монголын түүхийг ярилцахад сайхан байсан.
Харин Башкир Республикад ирэхэд тэд Чингэс хаан бидэнд энэ газар нутгийг үлдээсэн, байгалийг хайрлан хамгаалж, аз жаргалтай амьдраарай гэж ном сударт бичиж захиж үлдээснийг номын сангаасаа мэдсэн талаараа бидэнд ярьсан. Ийм чухал үгийг санаж, хэлж байсан нь бидэнд Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл төрүүлсэн.
Бүх л аяллын туршид мөн Оросын 8000 км гаруй урт замаар явж байхад нутаг нутгийн ус өөр өөр амттай байхаас гадна байгалийн өөр өнгө ч солигдон өөрчлөгдөж байсан.
Мөн бид тэндхийн хүмүүсийг байгалиа хэрхэн шүтэж амьдарч байгааг харж явлаа.

Хөтлөгч:  Олон хоногоор урт замд аялж явахдаа эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай тулгарав уу? Та хоёр эрүүл байхын тулд дасгал хийдэг, шим тэжээллэг хооллодог талаараа түрүүн ярьсан.
Энэ урт аялалдаа эрүүл, амар мэнд явахын тулд өөр ямар хэвшилүүдийг хэрэгжүүлж байв?

Зочид:  Бид аяллынхаа өдөр бүрийг төлөвлөж чадсан учраас азтай сайхан яваад ирсэн. Хэдийгээр тухайн улсуудад визгүйгээр аялах эрхтэй ч бид ямар хилийн боомтоор орж, гарах эсвэл аль хотоор дайрч өнгөрөх зэргээ 6 сар гаруйн хугацаанд төлөвлөсөн байсан.
Ингэж төлөвлөөд 2 сар орчим аялахдаа эрүүл чийрэг явж ирсэн мөн аялж ирээд ядраагүй байх нь хамгийн чухал шүү дээ.
Зарим хүмүүс нэг өдрийн эсвэл богино хугацааны аялалд явахдаа эсвэл хэдхэн цагийн ууланд алхаад ирэхдээ их ядарлаа гэдэг шүү дээ.
Харин бид урт аяллынхаа дараа ядарсан мэдрэмжтэй байхыг хүсээгүй, тиймээс ямар хоол унд идэхээ, өдрөө яаж өнгөрүүлэхээ,  өглөө бүр багадаа 3, 5км замыг алхаж байх гээд бүх зүйлийг сайн төлөвлөж чадсан учраас ядраагүй.

Ядраагүйн бас нэг шалтгаан бол бид их сайн гутал өмсөж явсан юм. Үнэхээр гутал маань ихээхэн дэм болсон.

Хөтлөгч:  Ямар гутал өмсөж явав?

Зочид:  Монгол арьсан гутал, бид захиалгаар хийлгэсэн. Бид аяллаа төлөвлөж байх үедээ гутлын хувийн компанитай холбогдож захиалгаар хийлгэсэн маань их зөв санаа байсан.
Бидний аян замдаа хэрэглэсэн малгай, морин хуур, шагай, аяга, гутал хувцас гээд бүх зүйлээ бид урьдчилан төлөвлөсөн байсан. Бид аяллынхаа тухай телевиз, хэвлэлд ярилцлага өгөхөд дуртай байдаг учир нь хүн бүр амьдралынхаа богино эсвэл урт хугацааг төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлж чаддаг яагаад гэвэл та бүтнэ гэж итгэж бодсон шүү дээ гэдгийг хүмүүст хэлэхийг хүсдэг.

Хөтлөгч:  Ийм нарийн үлгэрчилсэн төлөвлөгөө гаргаад аялна гэдэг гайхалтай. Олон сар төлөвлөөд хоёр сарын турш аялаад гэртээ эргэн ирэхэд ямаршуухан байв?

Зочид:  Миний хувьд гэртээ хоол хийхээ их санасан байсан.

Хөтлөгч:  Та гал тогоогоо их санасан гэж ойлгож болох уу?

Зочид:  Тийм ээ. Бид хүүхдүүдтэйгээ интернэтээр байнга холбоотой байсан болохоор санаа зовоогүй.

Хөтлөгч:  Би энэ талаар яг асуух гэж байлаа. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ замын туршид хэрхэн   холбоо тогтоож байв? Тэд та нарын аялалд санаа их зовсон байж таарна.

Зочид:  Миний хүүхдүүд бүгд өсвөр насанд хүрсэн. Тэд одоо өөр айлуудын хүүхдүүдэд туслах цаг нь болсон байна. Хүүхдүүд маань бидний эзгүйд цагийг сайхан өнгөрүүлж дажгүй байсан боловч хүүхэд л юм болохоороо биднийг их санасан байсан. Нэг охин маань бүр биднийг хараад тэвэрч баярласандаа уйлаад л байсан,  мартагдахааргүй гайхалтай мөч.

Хөтлөгч:  Та бүхэн ингэж аялсан болохоор одоо бусад аялагчдад арай өөрөөр хандах болов уу? Гадаадын жуулчдыг гэртээ  үргэлжлүүлэн хүлээн авсаар байх юм байна. Одоо тэднийг хүлээн авах арга барилаа арай өөрчилье гэж бодож байна уу?

Зочид:  Гэргий бид хоёр үргэлж л ирэх 5, 10 жилийн хугацаанд яг ямар байдлаар зочдоо хүлээн авахаа ярилцдаг юм. Англи "host", монгол "айл" гэсэн хоёр үгийг нийлүүлэн "ХоостАйл" гэдэг нэршил, ойлголтыг ярьж, зааж эхлэхээр шийдсэн. Ямар айлыг, юу хийдэг айлыг хоостайл гэх вэ?  Монгол соёлоо хадгалаад зогсохгүй өдөр бүрийн амьдралдаа өв соёлоо хэрэгжүүлдэг, илүү гэр барихгүйгээр өөрийн амьдардаг гэртээ гадаад аялагчийг ирүүлдэг байх талаараа илүү их  бодож, тунгааж байгаа.
Мөн бид шагайн музей эсвэл шагайн сургалтын өрөө байгуулахыг маш их хүсэж байгаа. Шагайн 80 орчим тоглоомыг сурахыг хүссэн хүн бүрт нээлттэй,  үнэ төлбөргүйгээр зааж болох тусгай газар хэрэгтэй байна. Эхлээд хүмүүс ач тусыг нь ойлгоод, дараа нь сурахыг хүсэл юм бол тэр боломжийг нь олгосон өрөөг бид амьдарч байгаа хороо, хотдоо бий болгоё гэж бодсон.
Бидний амьдарч байгаа газарт шагайн музейнээс гадна эрүүл амьдралын хэв маягийн өрөө хэрэгтэй байгаа.
Бид их олон өдрийн урт аялал гэлтгүй, өдөр бүр л аялал хийж байдгийг та мэднэ. Аялна гэхээр заавал хол явдаг биш харин ажил гэр хоёрынхоо хооронд ирж очих нь хүртэл богино аялал болдог.
Тиймээс аялал бүхэндээ эерэг бодол тээж, идэвхитэй, эрүүл  байх нь биднийг амьдралын аз жаргалаа бүтээхэд чухал үүрэгтэй гэж гэргий маань хэлэхийг хүслээ.

Хөтлөгч:  Өдөр бүхэндээ талархаж, хүмүүстэй хамт байж, амьдралын жирийн өдрийн хэмнэлээ аялал болгоно гэсэн тань амьдралыг арай өөрөөр харсан сонирхолтой санаа байна.
Та хоёр энэ аяллаасаа олон эерэг бодол, санаануудыг олж мэджээ.

Зочид:  Питерээ, аяллын нэр маань "Шагайтай үүргэвч" гэдгийг би танд хэлсэн. Мөнгө муутай хүмүүс л үүргэвч үүрээд, алхаад эсвэл замын унаанд суугаад аялдаг гэж зарим хүмүүс боддог байх гэж би тааж байна.
Гэхдээ хэрвээ таны зам дээр хэн нэгэн зогсож байвал та зогсоод тэр хүнээс асуугаад ярилцах хэрэгтэй гэж би зөвлөмөөр байна. Энэ хүнтэй тааралдсан нь таны амьдралыг илүү эерэгээр өөрчилж магадгүй шүү.
Учир нь тэр хүн гэртээ сууж байгаа хүнээс хавь илүү байдаг. Энэ бол Монгол ардын зүйр сэцэн үг.
Шийдвэр бүхэн маань, эерэг бодол бүр бидний амьдралыг өөрчилж байдаг.

Хөтлөгч:  Та хоёр маань ямар ажил хөдөлмөр эрхэлдэг билээ? Аяллынхаа дараа Монголдоо ирээд юу хийж бүтээе гэсэн бодолтой байна?

Зочид:  Би 14 жилийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд, харин гэргий маань 9 жил гадаад найзууд, хүүхдүүдтэйгээ үнээ маллаж ажиллаж амьдарсан байна. Бид одоо юу хийж байгаа вэ? гэвэл бид өөрсдийн олж мэдсэн туршлагаасаа хүмүүстэй хуваалцаж тэдэнд тусалж байгаа бид хоёт их таалагдаж байгаа. Бид одоо аль хэдийн 40 гарсан тул, өөрсдийн эрүүл энх байдал, аз жаргалтай амьдралаа хадгалж, үүнийгээ үр хүүхдүүд, ач зээдээ хэрхэн хүргэх вэ? гэдэг нь амьдралын минь чухал сэдэв болсон.
Манай гэрт ирж байсан нэг аялагч найз маань "аялсан нэг өдөр нь энгийн таван өдөртэй тэнцдэг" гэж манай зочны дэвтэрт бичсэн байсан.
Мөн Шинэ Зеланд найзууд маань сургуульд сурсанаас илүүг аялах замдаа, гэртээ суралцдаг гэж ярьцгааж байсан.
Тэдний хэлсэн эдгээр үгийг  бодоод бид аялагч найзуудаасаа амьдралын тухай юу сурч мэдсэн мэдээллээ, уламжлалаасаа юуг олж харсанаа бусад Монголчууддаа хэлье, түгээе гэж шийдсэн.
Зөвхөн хэлээд, яриад орхих биш, эрүүл, идэвхитэй амьдрахад суралцах, өөрийгөө илүү сайжруулах хүсэлтэй хүнд багшлах, хувийн дасгалжуулагч нь болж ажиллах нь бидний нэгэн хүсэл.

Хөтлөгч:  Нэг ёсны амьдралын дасгалжуулагч байх нь. Сурч мэргэшээд албаны журмаар ажиллах уу эсвэл албан бусаар зааж сургаад явах уу?

Зочид:  Албан бусаар юм даа. Энэ бол том сэдэв. Гэргий маань хүнс хоол бэлтгэх, үйлчилгээ зохион байгуулах талаар, харин би компьютерийн шинжлэх ухаанаар суралцсан.
Тиймээс бид хэрхэн технологийг ашиглан хүмүүстэй харилцаж, яаж тэр хүмүүст хоол хүнсээр дамжуулан үйлчлэх вэ? гээд мэргэжлүүдээ хамтад нь хослуулж ашигласан тийм бизнес ажлыг хэрхэн бий болгож болох вэ? гэдэг талаар сайн бодсон. Бидний хэрхэн амьдарч, юу хийж байгаа маань бидний ажил хөдөлмөр болоосой гэж бид боддог.
Монгол гэрт амьдрах нь музей дотор амьдарч байгаа мэт санагддаг. Тэгж бодсон учраас гэр маань ажлын байр болж, хүн ажил эхлэх цагт өглөө бүр ирдэг шиг бид тогтмол цагт босч, өдөр тутмын амьдралаа ажил шигээ бодон хийдэг.

Хөтлөгч:  Тийм шүү, ингэж амьдрах нь нэн чухал. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсан та хоёрт маш их баярлалаа.
Та хоёртой ярилцахад таатай сайхан байлаа.

Зочид:  Баярлалаа. Би энэхүү ярилцлагаа аяллын үеэр сурсан шинэ зүйлсээсээ нэрлээд өндөрлөе гэж бодож байна. Би өмнө нь хэрэглэдэггүй байсан "WhatsApp" аппликейшны ашиг тусыг замдаа мэдэж авлаа.
Мөн "maps.me" аппликейшныг ашиглаж сурсан. Үүгээрээ би өнөөгийн техник, технологийг өдөр тутмын амьдралдаа зохистой хэрэглэснээр илүү үр дүнтэй, ашиг тустай амьдарч болдог гэдгийг хэлмээр байна.
Уламжлалт соёл ахуйгаа технологийн дэвшилтэй хослуулан хэрэглэж сурч ашигласан жишээ бол хоостайл бизнесийн загварыг хэлж болно.

Хөтлөгч:  Сайн ойлголоо. Дахин талархалаа илэрхийлье. Та хоёртой уулзахад таатай байлаа.

"Talk With Me" нэвтрүүлэг өнөөдөр энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн манай зочдоор Төв Азийн улсуудаар 2 сар гаруй аялаад ирсэн Бэгзсүрэн болон түүний гэргий Мөнгөнсоёмбо нар оролцлоо.
Би хөтлөгч Питер Биттнер байна. Та бүхэн манай Talk With Me - Star TV Mongolia гэсэн хаягаар бидэнтэй холбогдох боломжтой бөгөөд STARTVHDOFFICIAL гэсэн YouTube сувгаар манай бүх нэвтрүүлгүүдийг үзэх мөн боломжтой.
Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн долоо хоногт дахин уулзана гэж итгэж байна. Thank you and good bye!


Энэ нэвтрүүлгийн бичлэг




Монгол орон, БНХАУ-ын Өрөмч, Казакстан, ОХУ, Украйн, Беларус улсын нутгаар дамжсан
Шагайтай үүргэвч 2018 аяллын тэмдэглэл 
- бидэнтэй уулзаж, хамт аялсан 150 гаруй хүмүүсийн жагсаалт, сэтгэгдэл

Өмнөх аялал

2006 он



2014 оны 11-р сар
Star HD TV Talk with me нэвтрүүлэг
Нэвтрүүлгийн хөтлөгч Аллисон


Аялахад
Эрүүл бие,
Саруул ухаан,
Эх соёлын мэдлэг,
Сонирхол хүсэл хэрэгтэй.
Аль алийг нь тэнцүүлэх боломж #ХоостАйл

ТВ, хэвлэлд нийтлэгдсэн


Comments