аавыгаа хөдөөлүүлэх үед хэлсэн үг - бидний амлалт

Оршуулах ёслол (хөдөөлүүлэх)-д хэлсэн үг  - бидний амлалт

Миний аав 1953 оны 9 сарын 3-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч гэдэг газар Хар үхэрт Дулмаагийн ууган хүү болж мэндэлсэн.

1961 онд Омск хотод трактор, комбайнчны мэргэжлийг эзэмшиж, Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчинаар ажиллаж байгаад 1978 онд мэргэжил дээшлүүлэх механик инженерийн курсыг төгсөж ТАА-даа механикчаар ажиллаж 1975 оноос 5,7-р таван жилийн гавшгайч, байгууллагын
Хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтан залуу Алтан медаль, ХАА яамны хүндэт жуух бичиг зэрэг шагналуудыг авч байсан ч,

Энэ бүх шагналаас хэд дахин илүүд тооцогдох нэгэн шагнал бол хүн бүхний хайр хүндэтгэлийг хүлээж, эгэлгүй дотно санагдах Онгороо Жаамаа хэмээх алдар билээ.

Тэр хүн хэзээ ч өөрийн төлөө амьдарч байгаагүй бөгөөд таньдаг таньдаггүй хүн бүрийн тусын тулд амьдарч өөрийн нэгэн биеийн амьдрал, бие сэтгэлээ зориулжээ.

Бие сэтгэл элэгдэн доройтож 2001 оноос хүнд өвчинд нэрвэгдэж 7 жилийн тур өвдөн шаналж байх хугацаандаа сар бүр эргэж тойрч байсан 9 дүү, тэр дундаа барилгын ажил хийсэн мөнгөөрөө сүү бариад ирж байсан Ганжуурбаатарт, мөн мөр зэрэгцэн ууж наргиж явсан журмын нөхдөд нь зүрх сэтгэлийн гүнээс баярлаж буйгаа илэрхийлье.

Миний аав үр хүүхэд бидэндээ насаараа хураасан эд хөрөнгө, техникээ өвлөн үлдээгээгүй ч
ямар ч эд хөрөнгө, мөнгөөс 1000 дахин илүүгээр үнэлэгдэх зориг тэвчээрт зан чанар, хүнийг хайрлах энэрэнгүй нинжин сэтгэлийг өвлөн үлдээсэн нь тэр хүнийг эд мөнгөний боол биш, оюун ухааны эзэн хүн гэдгийг батлан харуулах буй за.

Та минь үр хүүхэд ураг садан биднийхээ зовлонг хугаслан, бэрхийг үүрэн дээд тэнгэртээ одсон ч мөнх хөх тэнгэртэй хамт дээрээс тольдон биднийгээ ивээж буй билээ.

Түмэн жилийн настай мод наран өөд тэмүүлэн ургадгийн адил өвөг дээдсээс үндэслэн аав таниар минь улбаалан цэцэглэсэн ураг төрлийн саглагар модны үр жимс, салаа мөчир нь болсон 5 хүү, 6 ач зээ, 9 дүү нар чинь залгамжлан цэцэглүүлж тэрхүү модны суу алдрыг тэнгэрт хүргэхийн тулд эв эеийг хичээж оюун билгийг эрхэмлэн, ажил хөдөлмөрийг дээдлэнэ гэдгээ гэгээн мэлмийн тань өмнө амлаж байна.

Аав минь та бидний дэргэд байхгүй хэдий ч ариун сүнс тань бид бүгдийн яг хажууд байж

Амьддаан бие биеэ хайрлаж
Архи тамхи, муу зуршлаас ангид байж
Эрүүл бие саруул ухаан, амгалан сэтгэлийг цогцлоож
Залхуурал айдсыг ялан дийлж
Ажил үйлсийг шүтэн
Хүн төрөлхтөний сайн сайханы төлөө санаа зорилгоо чиглүүлж байхыг сургаалан захих байсан.

Хүү Ж.Бэгзсүрэн
Хүү Ж.Ганжуурдалай
Охин Ж.Хорлоо
Хүү Ж.Лувсандорж /оршуулах ёслолд хэлсэн үгийг бэлтгэсэн/
Хүү Ж.Дамдиндорж

Comments

Anonymous said…
ум мани бадми хум. хэрэгтэй юм бичжээ. ахыхаа оршуулганы үгийг бичихдээ санаа авлаа. баярлалаа.