Дуудах нэрийг минь өвөө маань хүний нэрний судар номоо дэлгэн, бясалгаж, ачдаа нэр хайрласан нь иргэний бүртгэлийн баримт бичгүүдэд бичигдэж, регистрийн дугаараар баталгаажин өнөөдрийг хүрсэн байна.
Ааваараа овоглосон дуудах нэр маань ургийн овог сэргээгдэн хэрэглэгдэх болсон цагаас дахин баяжсан байдаг.
Нэрний талаар юу ч бодолгүй гэр бүл, үр хүүхэдтэй болж, өөрийн бодлоор амьдралаа болгоод явж байгаа өрхийн тэргүүн би тэр цагаас угийн бичиг, ураг удмын тухай бодож эхэлсэн төдийгүй, мөн хүмүүсийн намтар түүхийг гаднаа дуурсах нэртэй нь холбож боддог хэвээр тул,
дуудах нэр минь урт болсон ч, дуурсах нэрийг өөрөө олно гэдэг учраас сурлага, ажил хөдөлмөртөө л амжилт гаргая гэж шийдэж, цаг нарыг умартан, хийж бүтээж буйдаа ах дүүс, найз нөхөд, танилуудын үнэлсэн хуурай магтаалын үгс, ажил дүгнэсэн уралдаан шалгаруулалтын хэдэн төгрөгөөр урамшин ажилласаар 20 гаруй жил өнгөрөөд, азаар амьдралаа эргэн харахаар тоормозлон зогсож чадвал, дуурсах нэрийг өөрөөсөө гадна талдаа бүтээсэн ч, гэр бүлдээ танигдсан "нэр" сөрөг талдаа нилээн урт болсоныг сонсож мэддэг.
Жинхэнэ дотоод "нэр"-ийг хэлж буй тэр мөчид тэвчин сонсоход яг л үнэнийг минь хэлж, ухаарч амьдрах цаг болсоныг анзаарч байгаа ч, муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэдэг шиг яаж сайн "нэр"-ийг гэр бүлээсээ авах нь бас л хэцүү бодлого хэвээр үлдсэн.
Ингэж амьдралаа эргэн харах, дуудах нэр, дуурсах нэр, гэр бүлийн гишүүдээс өгсөн "нэр"-тэй амьдардагаа хүн бүр нэг бодолцож, удам угсааг залгамжлах үр хүүхэд тань таныг чимээгүйхэн дотроо дууддаг "нэр"-тэй хүнийг харж зан авир, хэлдэг үгс, хийдэг үйлдлийг дууриан өссөн үр хойчдоо бурууг өгөлгүй, "дотоод" нэрээ эрхэмлэсэн амьдралыг мөрөөдөж, хүсэж, төлөвлөж, мөн дуудуулж амьдарцгаая.
Comments