Гадаад зочдоосоо тэд ор буйдан дээр унтах, суух, тав тухтай байдалд дуртайг ажигласан. Ингээд би гутал, эд зүйлээ хийчихдэг хайрцаг доор нь байрладаг модон ор хийж, эсгий болон гудсаа дэлгэж хэрэглэж байгаа ч, эвхэгддэг ор, буйдантай болохыг хүссэн хэвээр.
Миний хүсдэг буйдан бол үндэсний түүхий эд, байгалийн гаралтай цөөн зүйлсээр бүтсэн (natural), зөөж хураахад авсаархан, аль болох олон зориулалттай (minimal), мөн засаж сэлбэхэд хялбархан (reuse), ашиглахгүй болсон хаягдал хэсэг нь байгальд ээлтэй байх гэж төсөөлдөг.
Ингээд буйдан орны стандартыг бий болгоход хүчин зүтгэсэн "Улаанбаатар буйдан хийц" компанийн үйлдвэр болон Мишээл экспо дотор байрлах үзэсгэлэн-худалдаатай нь очиж танилцлаа.
Монголынхоо модоор их биеийг бүтээж, Оросоос арьс, даавуун материалыг оруулж ирж, үйлдвэртээ бүх зүсэлт, оёдлоо өөрсдөө хийж бүтээдэг энэ хамт олны ажлын байр Мишээл Экспо-оос 1 буудлын цаана, Чингэсийн өргөн чөлөөний урдхан талд байдаг юм байна.
Бага насанд Оросын диван орыг дэлгээд урд талд нь сандал ивдэг байсан санагдлаа. Энэ буйдангийн модон нүүр нь татагдаад ивүүр болчихдог байдлаар хийжээ.
Диваны араар хөнжил, дэвсгэрийн үзүүр гулсаж унаад байдгийг тооцоолж, ор болгож дэлгэхээр гэрийн хананы дугуйрсан хэлбэртэй болдог гэж танилцуулсан. Энэ онцлогтой буйдан нь захиалгаар хийгддэг бололтой.
Байгальд болон хүний биед ээлгүй пролон, синтофон гэдэг материалууд буйданд хэрэглэгдсээр байгааг харлаа.
Орчин цагийн буйданг байгальд ээлтэй, Монгол гэрийн утга агуулгад бүрэн зориулсан хувилбараар бүтээхэд дараах 5 санаа төрлөө:
- буйдангийн пролоны оронд болдог бол монгол эсгий, ноос хийх. Ингэснээр үндэсний түүхий эдээ хэрэглэж Монгол хүнээ дэмжиж байна гэсэн санаа.
- буйдан нь модоороо байж дээр нь 1-2 давхар эсгий гудас тавьчихдаг, гудас нь гулсаж унахгүй уягдаж байж болох юм.
- пролон, синтофон материал нь хүний хөлс, биеийн дулааныг шингээхгүй, нэвтрүүлэхгүй учраас халууцуулах, хөлс чийг мэдрүүлэх таагүй байдаг бол, эсгий болон даавуун байгалийн материал нь агаарын нүхтэй учраас хүнд таатай байж, эрүүл байдлыг дэмжиж чадна.
- синтофон материалтай дэрний оронд 1-2ш жижиг эвхэгддэг модон дэр, эсвэл хуш модны зоргодос, эмийн ургамал дотор нь хийсэн даавуун дэртэй болгох
- буйдангийн толгой, хөлний хэсгийг битүү биш дээрээсээ онгойдог дотор тал руугаа жижиг хөндий, ном хэвлэл, нандин зүйлсээ хийдэг болговол орон зайн ашиглалт нэмэгдэнэ
- буйдан дээрээ хүүхэд нь авирч, тоглож байгаад араар нь уначихлаа гэдэг зүйл байдаг байсан, тэр зүйл бол шийдэгдээгүй бололтой, иймд буйдангийн түшлэгт гэрийн хана руу дугуйрсан нэмэлт хаалт, тавцан хийж өгөөсэй
- буйданг химийн үйлдвэрт боловсруулсан арьсан бүрээстэй хийж үнэ өртөг нэмэхгүйгээр, модоор нь байлгах, тэр байтугай байгалийн шороон будгаар өнгө оруулсан байх зэрэгт анхаарч, байгалийн өнгө төрх гэрт нэмбэл сайхан байх.
Comments