UBn.mn ЮУ БАЙНА сайт: Дэлхийн олон гийчдэд монгол уламжлалаа түгээгч "Хоост айл"


Сэтгүүлч Э.Ууганбилэг, Б.Лхагвацэрэн нар бидний амьдарч байгаа Өвөр гүнтийн зусланд ирж, ярилцлага, бичлэг хийсэн.
Эх сурвалж: ubn.mn вэб



Дэлхийн олон гийчдэд монгол уламжлалаа түгээгч "Хоост айл"

Эгэл хүмүүсийн гайхалтай түүхийг өгүүлэх "Бидний НЭГ" булан үргэлжилсээр. Энэ удаагийн дугаартаа
бид гадны жуулчин гийчдийг гэртээ байлгах вэбсайтаар дамжуулан 70 гаруй орны 1000 гаруй зочныг гэртээ урьж, монгол ахуй соёлоо сурталчилдаг Ж.Бэгзсүрэнтэй ярилцлаа.

Улаанбаатар хотоос 20 км-ийн зайд Өвөр Гүнтийн бэлчирт эгэл жирийн монгол айл саяхан нүүж иржээ. Энэ айлын эзнийг Ж.Бэгзсүрэн гэдэг бөгөөд тэрээр эх орныхоо соёл, уламжлал, ахуй соёлыг дэлхийн олон улс орноос ирж буй зочид, гийчдэд түгээх хүсэлтэй нэгэн юм. 12 жилийн хугацаанд 60 гаруй улс орноос 1000 гаруй зочныг гэртээ хүлээн авч, эргээд ирэх өрнүүн бодол, сэтгэлтэй болгон үдсэн “Хоост Айл”-ыг танилцуулж байна. 

-БИ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БИШ. БИ ЗҮГЭЭР АХУЙГАА Л МЭДДЭГ ХҮН-

Хоост айл гэж юуг хэлээд байгаа талаар манай уншигчдад тайлбарлаач ? Хоост айлыг хэзээнээс эхлүүлсэн бэ? Анх санаагаа хэрхэн олсон түүхээсээ нь яриагаа эхэлье. 

-Д.Нацагдоржийн  номын санд компьютерийн инженерээр ажиллаж байхдаа ажлын шугамаар гадаадын олон  орон руу  явсан,  Тухайн улс оронд очоод ажлын хөтөлбөрөөр сургалтад хамрагдчихаад буцаад л Монголдоо ирдэг байсан. Тэр үед энэ улсын хүнтэй танилцах юмсан, энгийн иргэдийнх нь амьдрал, хэв маяг ямар байдаг бол гэж их боддог байсан. 

Тэгээд 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ажил дээрээ байж байхад манай нэг дүү надад хэлсэн. “Америкийн нэг залуу гэр хорооллын айлд очиж үзмээр байна гэнэ ээ, та гэртээ аваачиж чадах уу” гэж асуусан. Тухайн үед би ажлаар гадаад руу нэлээн явдаг байсан болохоор англи хэл гайгүй мэддэг байсан. Тэгээд над руу хандсан байх. 

Ингээд тэр америк залууг ажил дээрээ ирүүлээд, танилцаад уулзаж байхдаа аялагч хүмүүсийг тухайн улсын орон нутгийн иргэдтэй холбож өгдөг, үнэ төлбөргүй веб байдаг гэдгийг анх сонсож, мэдэж авсан. 

Тэр уулзалтаар “Сouchsurfing” вэбийн талаар мэддэг болж, тэр дор нь бүртгүүлж ашиглаж эхэлсэн. Энэ санаан дээрээс л  би гэртээ гадаад хүнийг авчирч болох юм байна, энэ вебийг ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Явцын дунд аялагч хүмүүсийг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг олон төрөл вэбүүд байдгийг мэдсэн. 

"Couchsurfing", "Work Away", "Warmshowers", "Air Bnb", тухайн айлдаа мөнгө төлөөд аялдаг, эсвэл тус айлын яаж хоол хийж байгааг үзээд өөрөө гар бие оролцоод хоол идчихээд явдаг "Traveling Spoon" вэбүүдийг манайх хэрэглэж байна. Энэ болгоныг ирсэн зочдоосоо мэдэж аваад бүртгүүлж хэрэглэж, ач тусыг нь хүртсээр байдаг.

Хоост айл гэдэг нь гадаадын аялагч хүмүүсийг гэртээ ирүүлэх илүү мэргэшсэн байдлыг хэлж байгаа. Гэхдээ энэ нь ашгийн төлөө биш. Тухайн ирэх гэж байгаа хүмүүс санамсаргүйгээр ирдэггүйгээрээ давуу талтай. Тухайлбал, эхлээд тэр хүн вэб-д байгаа манай мэдээллийг уншина. Манайд имэйл бичнэ. Бид ирсэн имэйлийг уншаад эргээд тэр хүний мэдээлэл, манайхыг сонгож ирэх гэж байгаа хүсэл зорилгыг уншиж мэднэ. Тэгээд харилцан бие биенээ ойлгож, тодорхой хэмжээнд мэдэрч байж гэртээ ирэхийг зөвшөөрдөг.

Тухайн хүний мэдье, үзье гэсэн зүйлсийг мэдээд бид орчноо бэлдэх, тайлбарлаж өгөхийн тулд өөрсдөө илүү ихийг уншиж мэдэхийн төлөө байх ёстой.


Би аялал зохион байгуулагч биш, тийм мэргэжилтэн огт биш. Би зөвхөн амьдарч байгаа орчны ахуйгаа л мэддэг хүн. Гэр доторх амьдрал, гэрийн гаднах жаахан амьдралаа л мэддэг хүн. Энэ хооронд монгол ахуй шингэсэн байгаа. Тэрнээс Тэрхийн цагаан нуурын орчинд амьдардаг монгол айлын ахуйг би мэдэхгүй. 

Хоост гэдэг нь эзэн гэсэн үг. Эзэн айл буюу амьдрал ахуйдаа эзэн болсон, аль болох хийж байгаа зүйлсээ өөрсдөө сайн ойлгож мэддэг, амьдран суугаа орон зайдаа эзэн байхыг, эзний ёсоор хандахын тулд сурч мэдэх, ойлгож танихын төлөө мэрийдэг байхыг хэлнэ.



Гадаадын хүмүүсийг гэртээ анх авчирч байхад юу нь хамгийн сонин байсан бэ?

-Гэртээ гадаад хүнийг авчрахад эхний өдрөөсөө юуг ойлгосон гэхээр надаас нээх илүү зардал гардаггүй юм байна. Тухайн хүн манай гэр бүл, амьдралыг ойлгож хүндэтгэх ёстой юм байна. Түүнээс би танайд ирсэн зочин гээд дураараа байдаггүй юм байна. Би ч гэсэн өөрөө гадаадад аялахдаа ийм шугамаар айлд очиж хүнтэй танилцаж болох юм байна гэдгийг ойлгож авсан. 

12 жилийн хугацаанд  яаж гадаад хүнийг ойлгох уу, өөрсдийгөө яаж гадаад хүмүүст ойлгуулах уу, монгол хүн ингэж амьдардаг гэдгээ яаж зөвөөр харуулах уу гээд бодсон тунгаасан зүйл их бий. Тэр үүднээсээ монгол хүн монгол ахуй соёлоо дэлхийн хүмүүст таниулах үүрэгтэйг мэдэрсэн. 

Монголд амьдардаг Америк хүн америк найзууддаа Монголын тухай ярих нэг өөр хэрэг. Гадна талаас нь үзүүлж байгаа гэсэн үг. Харин монгол айл өөрсдөө өөрсдийнхөө  ахуй соёлын талаар тайлбарлаж ярих өөр хэрэг. Тухайлбал сүүтэй цайг ийм улиралд ингэж чанадаг, хүүхдэд сүүтэй цай бага уулгаад хярам уулгадаг гэх мэтээр ярих нь өөр хэрэг шүү дээ. 

Гэртээ гадаад хүн ирүүлж эхэлснээр өөрсдөө монгол ахуйгаа судлах болсон. Гадаад хүмүүст өөрсдийнхөө соёлыг үнэн зөвөөр тайлбарлах хэрэгтэй учраас. 

12 жилийн өмнөөс гадаад хүмүүсийг гэртээ авчирсан юм байна. Энэ хугацаанд хэдий хэмжээний зочин хүлээж авсан бэ? 

- 12 жилийн хугацаанд  дэлхийн 60 гаруй орноос 1000 орчим зочдыг хүлээн авсан байна. Энэ 1000 гаруй аялагчид ганцаараа, гэр бүлээрээ, найзуудаараа гээд янз бүрийн тоотой хүмүүс байна. 

Шинэ Зеландаас нэгэн гэр бүл  8 хүүхэд, ээж аав, өвөө нийлээд 11-үүлээ аялж байгаа хүмүүс манайд ирж байсан. Ингээд манай гэр бүлийн 6 ам бүлтэй нийлээд 17 хүн нэг гэрт баяр хөөртэйгээр 2 хонож байлаа.

Гадаадын аялагчдад Монгол орон, ахуй соёлын юу нь хамгийн их таалагддаг вэ?

- Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас "Хариуцлагатай аялцгаая" уриалга өрнөж буй. Түүний санаа нь юу гэхээр та очиж байгаа улс орныхоо соёлыг хүндэтгээрэй, хүн ардыг нь ойлгоорой гэсэн үг юм билээ. Нөгөө талаасаа хог тарихгүй байх гэх мэт зүйлүүд байгаа байх. 

Манайд ирж байгаа хүмүүсийг харахад жинхэнэ бодит байдлыг мэдэрч, мэдэхийг хүссэн хүмүүс ирдэг гэдэг нь мэдрэгдсэн. Тэд нарт манай соёл ахуй  таалагдах эсэх нь чухал биш. Хамгийн гол нь бодит байдал дээр монгол ахуй, соёл ямар байдгийг үзье Мянга сонсохоос нэг үз гэдэг шиг. Тэдний хувьд кино, зурган дээрээс Монгол гэр гэдэг зүйлийг харж байснаа өөрсдөө бодит амьдрал дээр гэрт цөөн хоног ч гэсэн амьдарч үзэх нь бахархмаар байдаг юм билээ.

Ер нь тэгээд ирж буй дийлэнх гадаад хүмүүс монголчуудыг их мах иддэг гэсэн ойлголттой байсан. Тэгэхээр нь мах идэхгүй хонож болдог, сүүн хоол байдаг гэх мэтээр тайлбарлаж өгнө. Тэр үед  “миний уншсан харсан зүйлээс өөр байна” гэх мэтээр гайхдаг. Тэгэхээр нь уламжлалаа яриад өгнө. Монголчууд зун мах идмээр байвал борцноосоо иднэ. Харин хүн төрөх, төрөл бүрийн шалтгаанаар шинэ шөл уух шаардлага гарвал малаа гаргадаг гэх мэтээр. 

Монголыг 13-р зууны Чингис хааны мэдээллээр л төсөөлдөг .Ямар сайндаа Чингис хаан нисэх буудалд буусан Сингапур залуучууд бид талд буух ёстой биз дээ. Энэ чинь хот байна шүү дээ гэсэн гэж байгаа юм. Монголыг тал л гэж төсөөлсөн юм шиг байгаа юм.

-БИД ХООСТ АЙЛ БОЛООГҮЙ БАЙСАН БОЛ ӨДӨР БҮР НАЙМАН ЦАГ АЖИЛЛААД, АЖИЛ, ГЭР ГЭЭД ЯВЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Хоост айл болсноор танай гэр бүлийн хувьд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

- Анх гадаад хүн ирж байхад манай хамгийн отгон хүүхэд хоёр настай,  ууган хүүхэд 6 настай сургуульд орох гэж байсан. Энэ хугацаанд хүүхдүүд долоо хоногт нэг гадаад хүнтэй байж байсан гэсэн үг. Янз бүрийн хүн ирнэ. Олон жилийн дараа эргээд харахад хүүхдүүд дэндүү их бие даасан болдог юм байна. Аялаж байгаа хүмүүсийг хараад ч гэх юм уу ямар ч байсан эцэг эхээсээ нээх хараат биш бие даасан болсон байна. Гадаад хэлний хувьд ч айхгүй, харилцаан дээр нээлттэй чөлөөтэй болсон шинж ажиглагдаж байгаа. 

Үүнээс гадна ирж байгаа зочидтойгоо бид  хоолны тухай, дасгал хөдөлгөөн, ахуй соёл, байгаль орчин гээд олон зүйлийг ярьдаг. Үүнээс санаа аваад манай гэр бүлийн хүн бид хоёр хооллолтдоо өөрчлөлт оруулж, дээр нь бид өөрсдөө Шагайтай үүргэвч нэртэйгээр аялдаг болсон. 



Манай гэр бүлийн хүн бид хоёр яг хамтдаа хоёр удаа аялсан. Замдаа энэ вебүүдээ ашиглаад гадаадын айлуудад очсон. Тухайлбал, Украин айлд хоёр хоносон, Беларусь айлд бас очиж байсан. Нэгэнт ийм систем байгаа учраас бид хэрэглэж үзсэн. Дэлхийн улс орнуудад аялахад энэ системээ ашиглахаас гадна монгол ахуй соёлоо сурталчлах морин хуур, шагайгаа авч явж нөгөө айлдаа тоглож үзүүлнэ.Энэ нь монгол ахуй соёлоо очсон айлдаа танилцуулж байна гэсэн үг. 

Бид хэрвээ гэртээ гадаад хүн ирүүлдэггүй байсан бол өдөр бүр 8 цагийн ажил хийгээд, ажил гэр гээд л амьдарч байж байх магадлалтай. Өнөөдрийг хүртэл гэртээ гадаад хүн авчирдаг энэ хэв маягаараа амьдарч байгаадаа бид бахархаж байгаа. 

Гаднаас зочин ирэхэд тэд ядаж л өөр газрын сонин, содон  ярих юмтай ирж байгаа.


Бид хэдийгээр малчин айл биш ч гэсэн малчин айлын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг гэртээ эхнээсээ хийж байна. Тарагаа бүрээд ууж байна, байгалийн гишүүн ургамлын ишээр чанамал бэлтгэж, сүүгээ хөөрүүлээд өрөм загсааж, гэртээ барьсан талх, боовтойгоо идэж байна. Өөрсдийн амьдралдаа олон эерэг өөрчлөлтүүдийг хийж байна. 

Манай хүү ирсэн зочдод морин хуур тоглож үзүүлдэг. Гаднаас зочид байнга ирдэг болохоор хөгжмөө хэлүүлэлтгүй өөрөө мэдээд давтчихаж байгаа юм. Хүнд үзүүлэх учраас өөрийг бэлдэж байгаа нь тэр.  Хэрвээ зочин ирэхгүй бол давтахгүй байхыг үгүйсгэхгүй. 

Нөгөө талаасаа гадаад хүн ирснээр өөрсдийн зан аашаа илүү сайн ойлгож мэдэрч, хүнийг угтах, үдэх эрдэмд хүртэл суралцаж байна. 



Энэ бүхэн аялал жуулчлалыг үнэгүй болгох?

-Энийг олон талаас нь бодох хэрэгтэй. Аялал жуулчлалын дэлхийн чиг хандлага юу болсон гэхээр соёлын аялал жуулчлал гэдэг рүү орсон. Ажил хэргийн аялал жуулчлал гэх зүйл байна л даа. Шангри-Лад буугаад ажил хэргээр уулзаад буцаад явчих. Гэвч тэр хүнд ямар хүсэл байна вэ гэхээр малчин айлд очоод сүүгээ хөөрүүлж байгааг нь харчих юмсан, нум сумаар харвачих юмсан гэсэн хүсэл байдаг.  Энийг нь гүйцэлдүүлэх гэж хоост айл байгаа юм. Түүнээс биш хоост айл гэдэг нь Улаанбаатар эсвэл Монголд байх 30, 15 хоногийг бүрэн хариуцаж, манайд бай гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн аялал жуулчлалын хариуцлага хүлээхгүй. Тэр хүн анхнаасаа аяллаа төлөвлөчихсөн байгаа. Тэр төлөвлөгөөнийх нь нэг эсвэл хоёр хоногт нь монгол ахуй соёлыг үзье, мэдье гэдэг хэсэг дээр нь хоост айл байгаа. 

Хүмүүс ер нь манайд ирдэг хүмүүсийг үүргэвчтэй аялагчид л байдаг гэж төсөөлдөг. Гэтэл манай зочны дэвтрийг үзвэл маш олон төрлийн аялагчид байгаа. 

Та сая зочны дэвтэр гэлээ. Зочны дэвтрийнхээ талаар тайлбарлаач? 

Энэ дэвтрийг манай Франц залуучууд нээж өгсөн. Энэ дэвтрийг 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай дөрөв дэх зочид Нарантуул захаас энэ дэвтрийг авчраад “бид танайд их гоё байснаа биччихлээ” гээд өгсөн дэвтэр. Тэрнээс хойш ирсэн зочдоороо сэтгэгдлийг нь бичүүлдэг болсон. Энэ дэвтэрт юу бичих вэ гэж? 



Хэн гэдэг хүн, хэзээ Монголд ирсэн, яагаад Монголд ирсэн, Монголд ирээд юу үзэв гээд би хэдэн асуулт асуучихсан байгаа. Тэгээд хүмүүс их гоё гоёор сэтгэж бичнэ. Нэрийн хуудсаа үлдээнэ, авахуулсан зургаа үлдээнэ, зураг зурна, улс орныхоо талаар бичнэ. Одоо 8 дахь дэвтэр үргэлжилж байна.  Зочны дэвтэр надад ийм сайхан баримт, мэдээлэл болж үлдэж байгаа зүйл. 

Манайд ирж байсан Испани залуучууд мод тарьдаг хүмүүс байсан. Тэгээд сэтгэгдлийн дэвтэр дээр өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг мод тарих аргын талаар бичээд, зураад үлдээсэн байсан. Энэ мэтчилэн олон сонирхолтой мэдээллийг агуулсан нандин дэвтэр. 

-МОНГОЛЫНХОО СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН ТАЛААР МЭДДЭГГҮЙ ХОТЫН ХҮҮХЭД ГАДААД ХҮНЭЭС ЯЛГААГҮЙ-

Та Есөн даваа тоглоомын богц, шагай тоглоомын талаар тайлбар бичлэг оруулсан байсан. Өөрөө зохиосон юмуу ?  Монгол тоглоомын ач тус нь юу вэ? 

Зарим хүмүүс тоглоом гэдэг зүйлийг хүүхэд насандаа тоглох ёстой гэж боддог. Гэхдээ хүн тоглоомыг насан туршдаа тоглож байх учиртайг бид ойлгож авсан. Тоглож л байхгүй бол оюун ухаан муудаад л байна. Тоглоом тоглодог хүний ухаан санаа зөнөдөггүй, хөгширдөггүй гэдэг. Манай Монголын (хөлөгт) тоглоом бол жинхэнэ ард түмнийхээ аж байдал, ажил хөдөлмөр, амьдрал тэмцлийг тусгаснаараа өвөрмөц байдалтай, тоглох арга барил ихтэй, хүмүүжлийн болоод оюун билгийн талаар утга санаа учир холбогдолтой эрхэм нандин тоглоом юм. Монгол тоглоом гэхээр зөвхөн оньсон тоглоомыг л бодоод байдаг. Гэвч өөр зөндөөн тоглоом байдаг юм байна.



Одоогийн байдлаар дөрвөн шагайгаар 10-аад тоглоом тоглох боломжтой гэдгийг олсон. Тус тоглоомуудыг яаж тоглох талаарх аргыг тайлбарлаад бичлэг болгон оруулж байгаа. 
Монголын хөлөгт тоглоомуудыг үе шаттайгаар сурахад дөхөм болгож, нэгтгээд “Есөн даваа тоглоомын богц”-ыг бид хийсэн. Ийш тийшээ аяллаар авч явахад авсаархан, тоглоомоо дэлгэж тоглочихоод буцаагаад хумиж хураахад хялбархан болгочихсон байгаа. Энэ тоглоомын талаарх тайлбар, дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудас руу ороод авч болно. 

Бид гадаад хүмүүсийг ирэхэд шагай, хөлөгт, уяа гогцоо, оньсон тоглоомуудаараа тоглоно.
Гэхдээ аль болох шагайн талаарх түүхийг ярьж өгөхийг хичээдэг. 

1966 онд  нэгэн судалгааны баг Монголчууд ямар хөлөгт тоглоомуудаар тоглодог байсныг аман яриагаар судалж, мэдээлэл цуглуулаад 2 боть ном гаргачихсан байсан. Би тус номыг хэрэглэж,  2006 онд номын санд ажиллаж байхдаа “Яруус оюуны тоглоомын үйлчилгээ” гэдэг зүйлийг Яруу сэтгэгч сонины залуустай хамтарч бий болгож байсан. 

Өнөөдөр хотод төрж өссөн хүүхдүүд өөрсдөө гадаад хүн болчхоод байгаа юм. Яагаад гэхээр монгол соёлынхоо талаар маш бага мэддэг. 

Энэ 12 жилийн хугацаанд сэтгэлд нь  хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээсэн аялагчдынхаа талаар яриач?

- Манай эхнэр л их сайн мэдэж байгаа. Надад бол бүгд л адилхан санагддаг. Энэ талаар манай эхнэр ярина. 

Эхнэр Б.Мөнгөнсоёмбо: Энэ 12 жилийн хугацаанд нэлээн олон зочин ирж байсан. Тэр дундаас Франц хоёр хүн хамгийн их сэтгэгдэл үлдээсэн. 



Манайд ирсэн хамгийн анхны цагаан хоолтон гэр бүл байсан. Нөхөр нь Хятадын Тачи гэдэг хийн дасгал хийдэг.Эхнэр нь өөрийнхөө биеийг бүрэн мэдэрдэг. Ямар ч химийн гаралтай зүйл хэрэглэдэггүй, эко менежер.  Тэр хоёр байгалийн амьдралыг сонирхож явсаар байгаад Монголд ирсэн. Тэд бид нартай 27 хоног хамт байсан. 

Энэ хугацаанд хамтдаа хүнсээ цуглуулна, хамтдаа хоолоо хийнэ. Тэр эмэгтэй хоол хийхийн нарийн ширийн зүйлийг аягүй сайн мэддэг хүн байсан. Тэр хүн хоол хийхдээ арай өөр технологиор хийгээд байсан.Тэгээд хоол хийж дуусахад ширээн дээр өнгө өнгийн хоол. Бид өмнө нь хэдхэн л төрлийн хоол хийдэг байсан. Тийм болохоор их шинэлэг санагдаж байсан. 

Би өөрөө хоолны чиглэлийн мэргэжилтэй. Тийм болохоор надад тэр хүмүүс илүү сэтгэгдэл төрүүлсэн байх. Тэд нар бол хэзээ ч мартагдахгүй. Тэр хүмүүсийн ачаар би өөрийн мэргэжлээрээ илүү мэргэших, цаашаа сурах хэрэгтэй юм байна,  гэр бүлээрээ зөв хооллох ёстой юм байна гэдгийг ойлгосон. 

Ирээд явсан зочидтойгоо хэр холбоотой байдаг вэ? нэг ирж байсан зочид дахин ирж байсан тохиолдол хэр их байна вэ? 

- 10 жилийн өмнө ирж байсан Япон хос өнөөдрийг хүртэл байнгын харилцаатай байдаг. Тэд анх залуу хосууд байсан бол одоо гурван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон. Энэ хугацаанд үргэлж л холбоотой байсан. Гэр бүлийн найзууд болчихсон гэсэн үг. Өөр нэг Япон хос дахин ирсэн төдийгүй хамтарч зургийн үзэсгэлэн гаргаж байсан. 

Мөн Голланд хорин хэдхэн настай эмэгтэй хүүхэд эхлээд ганцаараа ирж байсан. Дараа нь найз залуутайгаа, аав ээжтэйгээ ирсэн. Бид алтан үст охин гэж нэрлэдэг.

Гэхдээ дахин ирсэн 10 хүрэхгүй тохиолдол байна. Миний зочдын дэвтэр дээр Монголд дахин ирнэ ээ гэж бичсэн маш олон хүний сэтгэгдэл бий. Гэвч ирсэн хүн  цөөхөн. Хүмүүсийг дахин дахин Монголд ирүүлээд байх албатай биш л дээ. Гэхдээ нэг удаа ирэхэд нь Монголд дахин дахин ирмээр сэтгэгдлийг төрүүлж үлдээхийг хүсдэг. Дахин буцаж ирэхэд нь Монголд ирж байсан мэдрэмжийг нь дахин төрүүлэх нь чухал. Тэрнээс тэр хүмүүс монгол өөрчлөгдөж үү гэж бол ирэхгүй байх. 



Тэд “Монголд миний мэдэхгүй маш олон амьдралын нууц байгаа”  гэж бодож л ирдэг байх. 

Монгол руу дахиж аялна гэдэг гадаадын хүмүүст их том шийдвэр байдаг юм билээ. Монгол газарзүйн байршлын хувьд алслагдмал. ОХУ, Хятад гэдэг том гүрнээр зааглагдаж байна. БНСУ-аас хоёр, гурван цагийн  шууд нислэгтэй тулдаа л  гайгүй байна гэж хааяа боддог. Төмөр замаар Москвагаас 5 хоног явж ирнэ. Ингээд харахаар олон цагийн бэрхшээлийг даваад ирнэ гэдэг бас тэсвэр тэвчээр шүү дээ. 

Э.УУГАНБИЛЭГ, Б.ЛХАГВАЦЭРЭН
 
 

ГЭР БҮЛээрээ хөгжөөнт, танин мэдэхүйн аялал

Бэгзсүрэн, Мөнгөнсоёмбо бид гэр бүлийн харилцаа хандлага, гэр бүл хамтдаа байх цаг хугацааг бүтээлчээр нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж,
Бүтээлч хотхон Creative Camp дээрх дотоод, гадаад орчны харилцааны тоглоом, хэрэглэгдэхүүнийг хэрэглэсэн Өдрийн бүтээлч аяллыг зохион байгуулж байна.


creative camp family creative day trip

#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргая

Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцол, хүндлэлээ илүү нэмэгдүүлэх, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.

Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүллээ.

Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.

ХЭЗЭЭ: Ням гараг бүхэнд (мөн бидэнтэй ярилцан аль ч өдрийг урьдчилан захиалж болно)

ТӨЛБӨР: Гэр бүлээрээ 50K (Хүүхдүүдийн хамт)
ДАНС: Хас банк 5000610049 Бэгзсүрэн (Төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина)

“Аялал биднийг нэгтгэж, сорилт биднийг нээдэг”

ЛАВЛАХ УТАС / БҮРТГҮҮЛЭХ: 89811326, 99861326



Хөгжөөнт тоглоом, тоноглол


Байршил

7 буудлаас хойшоо зуслангийн замаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, чигээрээ Гүнт гэсэн замаар 3.5км яваад хүрнэ.

Замын зүүн гар талд том чулуун хашаа дөнгөж өнгөрөөд автобусны буудал дээр тосч, машинаа хаана байрлуулах, яаж алхаж очих зэрэгт туслана.


Comments