Үндэсний шуудан сонин 2018-8-22 өдрийн дугаарт "Ж.Бэгзсүрэн: Аялдаг хүмүүс амьдралыг эерэг сайхнаар хүлээж авдаг шиг санагдлаа" нийтлэл


Үндэсний шуудан сонинд 2018-8-22 өдөр нийтлэгдсэн Ярилцлага
Сэтгүүлч Э.Оюунбадрах
Ж.БЭГЗСҮРЭН: АЯЛДАГ ХҮМҮҮС АМЬДРАЛЫГ ЭЕРЭГ САЙХНААР ХҮЛЭЭЖ АВДАГ ШИГ САНАГДЛАА

2018-08-22

Дэлхийн 50 гаруй орны 1000-аад аялагчийг гэртээ урьж, монгол ахуй соёлыг таниулсан Ж.Бэгзсүрэн гэргийн хамт Монгол Улсын иргэн визгүй зорчдог таван улсын 10 гаруй хот, тосгоноор аялаад иржээ. Тэд энэхүү аяллаа аялагчид гэртээ хүлээж авсны 10 жилийнхээ ойд зориулан зохион байгуулсан юм. БНХАУ, Казахстан, ОХУ, Украин, Беларусь зэрэг таван орны 10 гаруй хот тосгоноор амжилттай аялж, “Шагайтай үүргэвч” аяллаа өндөрлөөд буй Ж.Бэгзсүрэнтэй аяллын сонин сайхных нь талаар ярилцлаа.


-“Шагайтай үүргэвч” аяллаа амжилт дуусгаад ирсэнд баяр хүргэе. Хэд хоног аялаад ирэв ээ?

-Гэргий бид хоёр Монгол Улсын иргэн визгүй зорчдог таван улсын 10 гаруй хот, тосгоноор 55 хоногийн турш амжилттай аялаад ирлээ. “Шагайтай үүргэвч” өв соёл, амьдралын хэв маягийн аялал маань зургадугаар сарын 17-ноос наймдугаар сарын 10-ны хооронд  амжилттай болж өндөрлөлөө.

БНХАУ-ын Өрөмч, Казахстаны Астана, Оросын нилээн хэдэн хот, тосгон, Украины Чернигов, Беларусийн Минск хотоор аялахдаа төрөл бүрийн автобус, метро, хот тосгодын галт тэрэг, олон улсын унтлагын автобусаар аялсан. Аяллын турш 16 мянган километр зам тууллаа. Аялах хугацаандаа 144 автомашинд гар өргөн сууж, эзэдтэй нь танилцаж, энэ хүмүүсийн тусламжтайгаар аяллаа дуусгалаа.

-Анх төлөвлөж байснаасаа богино хугацаанд аялсан гэсэн. Аялал тань богиносох болсон шалтгаан юу байв?

-Аяллаа эхлүүлэхдээ зургадугаар сарын 17-ноос наймдугаар сарын 19-ныг дуустал 60 хоног аялна гэж төлөвлөсөн. Гэвч “Шагайтай үүргэвч” аялал маань хугацаанаасаа 10 хоногийн өмнө дууссан. Аялал богиносоход нөлөөлсөн хэд хэд шалтгаан байлаа. Жишээлбэл, Монгол орны хойд талын аймгуудаар бороо ус ихтэй байснаас үүдэн аяллын хугацаанд өөрчлөлт орсон. 

-Маршрутад хэр өөрчлөлт орсон бэ. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Ховд аймгийн Булган сумын хил хүртэл тав хоног аялсан. Үүний дараа БНХАУ-ын Өрөмч хот руу очсон. Энд 4-5 хонох төлөвлөгөөтэй байсан ч хятад хэлээр хэл нэвтрэлцэхгүй байсан учир очсоныхоо маргааш нь шууд олон улсын унтлагын автобусаар Казахстанд ирсэн. БНХАУ-ын энэ хотод орос, англиар ярьдаг хүнтэй огт тааралдаагүй. Бас Өрөмч хотод уулзахаар төлөвлөсөн хүмүүстэйгээ холбоо барьж чадаагүй. Зочид буудалд байрлая гэхээр гадны хүмүүст зориулсан зочид буудлууд дэндүү үнэтэй байсан. Хямдхан зочид буудлууд байсан ч зөвхөн БНХАУ-ын иргэд орох боломжтой, өвөрмөц онцлогтой юм билээ. Тиймээс очсоныхоо маргааш Казахстаны Жаркент гээд хилийн хот руу явсан. Жаркентаас цааш Алмата, Астанагаар дамжаад Казахстаныг урдаас нь хойш тав хоног туулсан. Энд нэг зүйлийг сануулахад, Казахстан Улсад хэдий визгүй зорчих боломжтой ч Цагаачлалын алба юм уу Элчин сайдын яамандаа бүртгүүлэх ёстой юм билээ. Бүртгэл хийлгэсэн тохиолдолд Казахстан Улсаар 90 хоног аялах боломжтой. Хэрвээ бүртгэл хийлгээгүй бол торгуультай байдаг.



Бидний хувьд тав хоногийн турш Казахстанаар аялаад хил гарсан учир ямар нэгэн асуудал үүсээгүй л дээ. ОХУ-ын зургаан хотоор 2000 гаруй километр аялсан. ОХУ-ын нефть олборлодог хотуудаар аялж байхад уснаас нь нефть амтагдаж байсан нь сонин санагдсан. Үүний дараа Украины Чернигов хотод хоёр хоносон. Бидэнтэй адил аялж буй хүмүүсийг гэртээ байлгадаг Миша гээд залуугийнд зочилсон. Дараа нь Беларусийн Минск хотод долоо хоноод ОХУ-ыг зорьсон. Москвад очих айлдаа зочлоод Улаанталбай үзчихээд төд удалгүй хөдөлсөн. Өртөг өндөртэй хот учир нэг их удаагүй. Харин Москвагаас Монгол хүртэлх 4-5 мянган километрийн турш зургаан хотын зургаан айлд очиж, ахуй соёлтой нь танилцан, ямар олон үндэстэн ОХУ-д амьдардгийг мэдэж авсан. ОХУ-аас нааш Баян-Өлгий аймгийн хилээр орж ирж, Ховд-Говь-Алтай, Баянхонгор-Өвөрхангай гэсэн маршрутаар буцаж ирсэн.

-“Та аялалд гарахынхаа өмнө ямар нэгэн байгууллага, аяллын компаниар дамжуулахгүйгээр эдгээр улсаар хэрхэн аялах вэ, монголчууд визгүй аялдаг гэх орнуудад монгол хүн гадаад паспортоо үзүүлээд үнэхээр аялах боломжтой юу гэдгийг туршиж үзэх гэж байна” гэж байсан. Тэгвэл таны аялсан энэ таван оронд монголчууд гадаад паспортоо харуулаад аялах боломж байна уу?

-Бидний аялсан таван оронд Монгол Улсын иргэн визгүй зорчих эрхтэй. Гэхдээ Украин Улсад сунгалт хийдэггүй паспорттой байхыг шаардаж байна лээ. Харин Беларусь Улс аяллын даатгал хийлгэсэн эсэхийг хил дээрээ шалгаж байсан. Бидний хувьд Монголоос гарахдаа даатгал хийлгээд явсан учир хүндрэл гараагүй. Монголдоо даатгалаа хийлгээд явсан байхад асуудалгүй юм билээ. Нэг ёсондоо Монголын даатгалын системийг тэнд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг л дээ. Хэрвээ аялахаар шийдсэн бол Элчин сайдын яам, тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, мөн Гадаад харилцааны яамны консулын албатай харилцаж зөвлөгөө авах нь чухал. Миний хувьд зөвлөгөө авч, маш сайн мэдээлэлтэй явсан учир ямар нэгэн гадаад харилцааны асуудал тулгараагүй.

-Хил гаалиар гарахдаа юуг хамгийн их анхаармаар санагдсан бэ?

-Казахстанаас ОХУ руу явганаар хил гарч болдог юм билээ. Заавал хил гаргах автобус, унаанд мөнгө төлөх шаардлагагүй гэсэн үг. Харин хил гарсны дараа янз бүрийн автобус унаа байж байдаг юм билээ. Зөвхөн Казахстан Оросын хил дээр бус ОХУ-Украин, Украин-Беларусь орох хилээр ч мөн адил явган зорчих боломжтой юм билээ.   
-Аяллын тань нэг зорилго улс орны номын сангуудтай танилцах байсан. Энэ зорилгоо биелүүлж чадав уу?

-Казахстаны Астана хотод Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит номын сантай танилцсан. Зорилго маань эндээс эхэлж биелсэн гэсэн үг. Энэ номын сан нь гэрээр ном олгодоггүй ба уншигчийн карт нээлгэхэд үнэ төлбөргүй юм билээ. Эхнэр маань Казахстанаар аялсны дурсгал болгож, энэ номын санд карт нээлгэсэн.  ОХУ-аар аялахдаа хоёр гурван ч номын сангаар аялсан. Хот, район, тосгоны номын сангуудад зочилсон. Энд үнэ төлбөргүй гэрээр ном олгож, уншигчийн карт нээдэг юм билээ.

-Монгол хүн гэхээр хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ихэнх нь монгол хүнтэй анх удаа таарч байгаа учир гайхаж хүлээж авсан. ОХУ-д их дотно хүлээн авч байсан. Жишээлбэл, Пашкир, татар үндэстнүүд “Чингис хаан бидэнд энэ газар нутгийг үлдээсэн юм. Түүний ачаар бид амьдрах газар оронтой байгаа” гэж бахархаж хүлээж авч байсан. 

-Аяллаа дуусгасны дараа аялахын ач холбогдлыг та юу гэж ойлгосон бэ?

-Таван улсыг хамарсан 16 мянган километр туулсан энэ аяллаас ойлгосон зүйл маш их байлаа. Хүн чанар гэж юу болох, хүн хүндээ тустай амьдрахын ач тус юу вэ, хүний тусч чанар хаана илэрдэг вэ гэсэн олон асуултын хариуг эндээс олж авлаа. Аяллын турш нийт 144 хүн зам дээр зогсож бидэнд тусалсан. Энэ хүмүүс дотор 17, 18-тай залуу жаахан хүүхэд ч бий, гавьяаныхаа амралтад гарсан настай хүмүүс ч байсан. Эндээс анзаарахад аялдаг хүмүүс амьдралыг эерэг сайхнаар хүлээж авдаг шиг санагдлаа. Аялах тусмаа улам л “хүн болж” төлөвшиж байдаг шиг санагдсан. 



-Аяллын нэр “Шагайтай үүргэвч”. Шагайн соёлыг таниулахаар ямар ажил хийсэн бэ?

-Очсон газар бүртээ шагайг танилцуулж, шагайны талаар ярилцсан. Казах хүмүүсээс бусад нь шагайг мэдэхгүй байсан. Олдоц муутай учир тоглох боломжгүй юм байна гэсэн хандлагатай байлаа. 

-“Шагайтай үүргэвч” аялалдаа зориулж, морин хуураар таван ая сайхан тоглодог болоод явахыг хичээж байна” гэж байсан. Зорилгоо биелүүлж чадсан уу?

-Аль ч улсын соёлын өв дотор дуу хөгжим голлох байр суурьтай. Тийм учраас морин хуураараа 4-5 ая тоглодог болоод аялалдаа авч явсан. Энэхүү өв соёлын аялалдаа морин хуураа авч явсан нь их дэм болсон. Дараа дараагийн аялалдаа морин хуураа авч явна. Хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл дээр онцгой анхаарах ёстой гэдгийг ойлгож авлаа. Бидний хувьд аялалд гарахдаа морин хуураас гадна монгол соёлын төлөөлөл болгож шагай, мөнгөн аяга авч явсан. Үүгээрээ юуг харуулахыг хүссэн бэ гэхээр өв соёл бидний амьдралд өдөр тутам оршдог гэдгийг таниулах байсан юм.

-Сонирхоод асуухад таны аялсан орнуудын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ Монголынхоос хэр зөрүүтэй байна вэ?

-Украин, ОХУ, Беларусь, Казахстаны талх тариа, хүнсний бүтээгдэхүүний үнэ  болоод бараа таваарын үнэ ерөнхийдөө Монголынхтой ойролцоо. Гэхдээ манайхыг бодвол мах нь хэд дахин өндөр үнэтэй. Гэвч ямар ч амт шимтгүй. Ферм, үржүүлгээсээ хамааран амт нь тийм юм шиг билээ. Аялж буй орнуудынхаа хүмүүсээс цалинг нь асуугаагүй ч, ярианаас нь анзаарахад манайхаас өндөр болох нь анзаарагдсан.

-Аяллын туршид эмзэглэмээр санагдсан зүйл байсан уу?

-Дээрх аялсан улсуудад усны асуудал тун эмзэг юм билээ. Шүүж хэрэглэхгүй л бол ус нь элдэв янзын амт, хлораминтай байсан. 



-“Шагайтай үүргэвч” аяллаа уламжлал болгох уу?

-“Шагайтай үүргэвч” аяллаа 2-3 жилийн давтамжтай, хамгийн багадаа 10 мянган километр туулах маршрут гарган аялъя гэж бодож байгаа. Дараагийнхаа аяллыг Ази руу хийнэ гэсэн бодолтой байгаа. Мөн Монгол орноороо өв соёлын аялал хийхээр зорьж байна.

-Дэлхийн 50 гаруй орны 1000-аад аялагчийг та гэртээ урьжээ. 10 жилийнхээ ойд зориулж, энэ аяллыг зохион байгууллаа. Аялагчдыг гэртээ хүлээж авсаар байна гэсэн. Дараагийн 10 жилд юу хийхээ төлөвлөсөн үү?

-Дараагийн 10 жилийн төлөвлөгөөгөө гаргаж байна. Хамгийн түрүүнд манай гэрт зочилсон хүмүүсээс сурах, мэдэх зүйл байвал түүнийг авч үлдэхийг хичээж байна. Зөвхөн манай гэр бүл тэднээс суралцаад үлдэх биш, биднээс гадна олон хүнд суралцах боломжийг олгож буй юм. Тиймээс эхний ээлжид манайд айлчилсан зочдоо видео дүрсэнд буулгаж үлдээж байгаа. Гадны хүмүүсийг гэртээ урьдаг маш олон системүүдийг ашиглахаар зорьж байна. Жишээлбэл, энэ жилдээ багтаж, монгол хоолыг монгол айлд хийж, хамтдаа зоог барихыг хүссэн хүмүүсийг урих гэж байна. 

-Аялах хугацаандаа танай гэр бүлтэй адил аялагчдыг гэртээ хүлээж авдаг айлуудад хоносон гэсэн. Суралцах зүйл юу байв?

-Украин, Минск, Казан, Новосибирск, Москва хотуудад гадны зочин хүлээж авдаг айлуудад хоносон. Ихэнх нь залуу гэр бүлүүд байсан. Айлчид хүлээж аваад удаагүй, шинэ айлууд байсан. Тэд биднээс маш олон зүйл асууж байсан.

Эх сурвалж: http://www.npost.mn/a/159673


Comments