Өдөр бүр хэмнэе - бидний туршлагаас





Өдөр бүр хэмнэе шилдэг туршлагын уралдааныг зохион байгуулж, өрнүүлсэн  "LEAD Mongolia-2020" хөтөлбөрийн "Байгаль орчин, хотжилт"-ын багаас зохион байгуулсан. 🖐👋👋
Та бүхний санал санаачлага, ажил үйлсэд гялайлаа. Бид урам авч, амьдралын туршлагаа бүтээл болгоход хичээсэндээ баяртай байна.

· “Корона” вирусын тархалтаас үүдэлтэй хөл хорионы үед болон өдөр тутмын амьдралдаа санхүүгийн хэмнэлт хийх замаар хог хаягдлын хэмжээгээ бууруулсан туршлагаа танилцуулсан байх, 
· Шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж хог хаягдлаа бууруулж байгаа бодит, шинэлэг, бүтээлч туршлагаа хуваалцсан байх
· Бүтээлдээ хэдий хэмжээний хэмнэлт гаргаж байгаа, хэдий хэмжээний хог хаягдлыг бууруулсан гэх мэт тооцооллыг тусгасан байх шаардлага нөхцөлийг хангасан байх

2 туршлагаа танилцуулан оролцож байна. 
 


Бидний сэдэв: Зуслангийн сүү, тараг
Оролцогч: Өвөр гүнтийн зуслан, ХоостАйл БийСоё

Яагаад бид зусланд гарах хэрэгтэй болдог вэ?

70 настай Долгорсүрэн эгч: Зусланд өрөм тараг байдаг гэж ирж байсан.
Сүүлийн 1-2 жил өрөм тараг зардаг, үнээ малтай айлуудыг зуслангаас нүүлгэчихсэн байна лээ.
Тэгээд би ач зээ нараа дагуулж ирээд, сүү тараг уудаг юмуу, агаар салхинд гардаг юмуу л гэж лагерт гарч ирж байгаа.

Бидний хамтын хэмнэлт 

Манайх Гүнтийн давааны цаад талд байдаг малчин айлуудтай танилцаж, 4,4 тонн сүүг 5,1 сая төгрөгөөр худалдан авсан. энэ нь малчин айлуудтайгаа хөдөлмөрөө хослуулж, сүүг хэрэглэгчид хүргэхэд нь хамтарч ажилласан, цаг хугацаа, хөдөлмөр хүч, гарах зардлын хэмнэлт болсон.

Сүүгээ хөөрүүлж, тараг бүрэж зуслангийн болон хотын 80 гаруй таньдаг айлууддаа захиалгаар хүргэсэн. Нийт 533л тараг, 143 шил өрөм, 2,4 тонн сүүг 5,9 сая төгрөгөөр түгээсэн байдаг.

Айлууддаа сүү таргаа хүргэж өгөхдөө тухайн айлынхаа сүүний сав, тарагны саванд нь юүлж хийж өгч байсан. Ингэснээр бид 2987ш гялгар уут,143ш хуванцар хүнсний сав нэг удаа хэрэглэгдэж, хог хаягдал үүсэхээс сэргийлсэн. Энэ бол бидний ухамсартай сонголт байсан.

Өрхийн санхүүдээ тусалсан хэмнэлт гэвэл
задгай сүү тарагны зах зээлийн үнээс сүү нь 200 төгрөг, тараг 500, өрөм 1000 төгрөгөөр хямд учраас 900275 төгрөгийн хамтын хэмнэлтийг бүтээсэн.

83 настай Дүүеэ эгч: энэ сайхан сүү цагаан идээгээ идэж өсөж өндийж, өдий болсон шүү дээ.
Энэ сайхан цагаан идээг борлуулаад явж байдаг дүүдээ баярлалаа.
Миний ач хүүгийн сүү таргыг ингээд сайхан борлуулаад явж байна гэдэг чинь бас л сайхан найз байхгүй юу, найзын хувьд л ингэж явж байгаа та нар.
Бидний заяагдмал хүнс сүү цагаан идээ чинь нандин, цэвэрхэн, шим тэжээллэг шүү дээ. Авч явахад гоё шүү дээ.

Зун, намрын сүү сааль элбэг цагт өрх бүхэн сүү цагаан идээгээ хүн бүрийнхээ хүч оролцоотойгоор боловсруулан, өвөл хаврынхаа хүнсийг бэлтгэх, өрхийн санхүүгээ хэмнэх, байгаль дэлхийгээ цэвэр, эрүүл байлгах боломжтойг танилцууллаа.
Ногооны хальс, цайны шаар зэргийг хатааж, цэвэр усны хуванцар савыг цуглуулж малчин найз айлдаа өгөх ёстойг ойлгож, хэрэгжүүлдэг болсон.
Бид хамтдаа хэмнэж чадсан, та нэгдээрэй.

Ж.Бэгзсүрэн
Өвөр гүнтийн зуслан. Автобусны 5-р буудал.
Утас 99861326, 90861326


👉 Уралдааны 3 минутын видео бичлэг



Өдөр бүр хэмнэе
шилдэг туршлагын уралдаанд өөр нэг бүтээл
Сэдэв: Сарын тэмдгийн 2 дах аягаа хэрэглэж байна


Сайн байцгаана уу?
 Намайг Бүрнээбаатарын Мөнгөнсоёмбо гэдэг. 
44 настай. 4 хүүхэд төрүүлсэн.

Сарын тэмдгийн 2 дах аягаа хэрэглэж байна

Энэ аягыг хэрэглэх дуртай, яагаад гэвэл
нэг удаа худалдаж аваад олон удаа хэрэглэж болдог!

иймд дараах давуу талтай

1. өрхийн санхүүд хэмнэлттэй. Жил бүр ариун цэврийн хэрэглэлийн үнэ өссөөр байдаг. Би худалдаж авдаггүй.

2.  хог хаягдал гардаггүй тул байгальд ээлтэй. 
Баглаа боодлын гялгар уут, хэрэглээний хаягдал гардаггүй.

3. дэлгүүр явж ариун цэврийн хэрэглэл худалдаж авахад сонголт, харьцуулалт хийдэг цаг хугацаагаа хэмнэж чаддаг

тийм учраас сарын тэмдгийн аягыг хэрэглэх дуртай.  Эхний аягаа 10 жил хэрэглэсэн, энэ тухайгаа яръя.

2009 оны 5-р сард Францаас 2 найз маань манайд ирж, 23 өдөр хамтдаа амьдарсан.
Энэ хугацаанд Лаура маань нэг удаа хөнгөн цагаан биш, никель сав байна уу, би юм буцалгаж хэрэглэчихээд өгье гэж асуусан.

ингээд ажиглаж байхад, даавуун жижигхэн уут нээж, дотроос нь резинэн, бронк маягийн 

жижиг зүйлийг гаргаж ирээд, савтай ус руу хийж буцалгаад, түүнийгээ аваад, мөн цэвэр ус авч гарч биеэ зассан

би орж ирэхлээр нь Найзаа гэдэс чинь өвдөөгүй биз? гэж асуусан, Лаура инээгээд, үгүй ээ үгүй

тэгвэл яасан юм вэ гэж лавлаж асуухад, Би ийм сарын тэмдгийн аяга хэрэглэдэг. Чи үүнийг мэдэх үү, гэж асуухлаар нь би мэдэхгүй гэдгээ хэлсэн.

энэ бол эмэгтэй хүнд маш хэрэгтэй, бас санхүүд ашигтай, байгальд ээлтэй, сарын тэмдгийнхээ үед хэрэглэдэг аяга гэж хэлсэн.
явахынхаа өмнө Би чамд бэлэг өгье гээд цүнхээ уудлаад, шинэ даавуун ууттай сарын тэмдгийн аягыг бэлэглэж байсан.

Лаурагийнхаа өгсөн сарын тэмдгийн аягаа 10 жил хэрэглэхэд надад таатай, ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй, сэтгэл санаа сайхан байдаг.

Би сарын тэмдгийн аягыг 12 жилийн өмнө мэдэж, хэрэглэж хэвшсэндээ баярлаж амьдардаг.

Үсний сэв болон цустай зүйлээ ил хаяж болохгүй гэж эмээ, ээж нар маань зөвлөдөг байсан болохоор, хэрэглэсэн ариун цэврийн хэрэгслэлээ шатаадаг байсан. Харин одоо бол сарын тэмдгийн аяганд цугларсан биений юмыг шороонд асгаж булж далдалдаг.

20-50 насныхаа 25 жилд нь сарын тэмдгийн аяга хэрэглэн хэмнэсэн мөнгөөрөө аялаарай, мөн хог хаягдал гаргахгүй амьдардаг зорилго, туршлагаараа олон хүмүүст урам зориг, итгэл өгөөрэй.


👉 Уралдааны 3 минутын видео бичлэг




Өдөр бүр хэмнэе шилдэг туршлагын уралдааны  зорилго, удирдамж
эргэн харах зорилгоор мэдээллийг https://www.facebook.com/udurburhemnelt хуудаснаас хуулбарлав:

Бид уралдааны шагналын сангаас мөнгө хүртвэл, Алимны модны суулгац худалдан авч Өвөр гүнтийн зуслангийн байгальд олон түмэндээ зориулан тарина гэж шийдсэн.


“ӨДӨР БҮР ХЭМНЭЕ”
ШИЛДЭГ ТУРШЛАГЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорионы үед болон өдөр тутмын амьдралдаа шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж, хэмнэлттэй худалдан авалт хийх арга замаар хог хаягдлын хэмжээг бууруулсан шилдэг санаа, туршлагуудыг олон нийтэд түгээх болно.

ХАМРАХ ХҮРЭЭ: Шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж эдийн засагтаа хэмнэлт гаргахын зэрэгцээ хог хаягдлаа бууруулахыг эрмэлздэг хүн бүрт нээлттэй. Уралдаанд оюутан сурагчид, гэр бүл, байгууллага хамт олон (клуб, СӨХ, компани, холбоо), ганцаарчилсан зэрэг хэлбэрээр оролцож болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:
 Видео
 Гэрэл зураг
 Постер

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
a) Корона вирусын тархалтаас үүдэлтэй хөл хорионы үед болон өдөр тутмын амьдралдаа санхүүгийн хэмнэлт хийх замаар хог хаягдлын хэмжээгээ бууруулсан туршлагаа танилцуулсан байх
b) Шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж хог хаягдлаа бууруулж байгаа бодит, шинэлэг, бүтээлч туршлагаа хуваалцсан байх
c) Бүтээлдээ хэдий хэмжээний хэмнэлт гаргаж байгаа, хэдий хэмжээний хог хаягдлыг ямар хугацаанд бууруулсан гэх мэт тооцооллыг тусгасан байх
d) Уралдаанд тухайлан зориулж (видео, зураг, постер аль нэгийг сонгон) бүтээсэн байх
e) Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
f) Оролцогчийн нэр, хаяг, холбоо барих утсаа тодорхой бичсэн байх

Бүтээлийн төрлөөс хамаарч тавигдах шаардлага:
1. Видео:
a) Mp.4 өргөтгөлтэй
b) Үргэлжлэх хугацаа: 3 минут хүртэлх
c) Дуу дүрсний шаардлага хангасан
d) Тэгш хүртээмжийг хангахыг эрмэлзсэн байх

2. Гэрэл зураг:
a) Өмнө нь нийтлэгдээгүй
b) 200 хүртэлх үгэнд багтсан тайлбартай (нэр, үндсэн санаа)
c) Нягтрал сайтай

ШАЛГАРУУЛАЛТ: Нийт онооны 50%-ийг салбар бүрийн нөлөөллөөс бүрдсэн мэргэжлийн шүүгчдийн саналаар дүгнэнэ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дууссаны дараа бүх бүтээлийг төслийн албан ёсны пэйж дээр нэгэн зэрэг оруулна. Бүтээлийг цацсанаас 7 хоногийн хугацаанд оролцогчид өөрийн бүтээлд like, share, comment цуглуулах боломжтой. Үлдсэн 50%-ийн оноог тухайн оролцогчийн бүтээлд олон нийтийн зүгээс өгсөн like, share, comment-ны тоогоор үнэлж нийт оноог тооцон шалгаруулна (Like - 1 оноо, comment - 2 оноо, share - 3 оноо). Нэг фейсбүүк хаягнаас хэдэн ч удаа share хийж болох бөгөөд 1 хаягнаас зөвхөн 1 comment-ийг оноонд тооцно.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2021 оны 2 дугаар сарын 5-аас 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл everyday.mn20@gmail.com хаягаар болон төслийн Өдөр бүр хэмнэе нэртэй пэйж хуудсаар дамжуулан хүлээн авна. Утас: 99031483, 88027259, 88608386

ШАГНАЛ:
 Нэгдүгээр байр - 1 хүн: Өргөмжлөл, 1,000,000 төгрөг, 200,000 төгрөгийн үнэ бүхий зүйл
 Хоёрдугаар байр - 1 хүн: Өргөмжлөл, 600,000 төгрөг, 200,000 төгрөгийн үнэ бүхий зүйл
 Гуравдугаар байр - 1 хүн: Өргөмжлөл, 300,000 төгрөг, 200,000 төгрөгийн үнэ бүхий зүйл
 Тусгай байр - 10 хүн: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл




2021.5.14 Шагналаа гардаж авлаа
Хөл хорио тавигдахаар, шуудангаар явуулъя гэж байсан шагналыг очоод авчихна гэснээрээ ХААИС дээр очиж, зохион байгуулагчдаас шагналаа гардан авлаа.





Comments