ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сан, түүний “Эрх зүйн боловсрол” академи, Экологийн цагдаагийн алба, МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтран
Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо нарын баримтат бичвэр.
Намайг Бэгзсүрэн, миний гэргийг Мөнгөнсоёмбо гэдэг. Манайх Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Дарь эхд амьдардаг.
Бид анх удаагаа малчин айлд очиж, мал төллүүлэх ажилд туслаж ажиллах үедээ санаачлага гаргаж 2 өвөлжөө, жалга гүвээ дагуух хог хаягдлыг цуглуулж, хөрс бэлчээрийн бохирдлыг цэвэрлэж, орон нутгийн иргэд, хүмүүст ярих үлгэр жишээ болсоноо "Хүн бүр байгаль хамгаалагч" баримтат бичвэрийн уралдаанд илгээе.
Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг, Яруу найрагч Р.Чойном агсаны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дархан сумын 2-р багийн нутаг Дархан хайрханы зүүн урд энгэрийн өвөлжөөнд оторлон очсон, 200 орчим адуу, 600 сувай, 200 орчим төллөх хонь, ямаатай малчин айлд 2021 оны хавар 3-р сарын 11 өдөр бид хоёр очиж, төл хүлээн авах ажилд суралцаж, туслаж 1 сар ажиллахдаа мал маллагааны арга зүйгээс олж мэдэж, мөн байгаль эхээ цэвэрлэсэндээ бахархдаг.
Очсоны маргааш өглөөнөөс эхлэн сувай хонийг гэрээс 2-3км алсад хариулах замд, төллөх 200 хонийг гэрээс холгүй 1-2км газар уулын нөмөрт тогтоож хариулахдаа, цас нь хайлж байгаа энгэр газар, жалга хонхорт тааралдсан болон өвөлжөөний эргэн тойрны хог хаягдлыг цуглуулсан.
Цасны доор тогтож үлдсэн, салхиар жалганд цугларсан, хялмаалсан цасны дундаас бараантаж харагдах хог хаягдлыг түүж, дараа олоход хялбар, хүмүүст ил харагдах байдал, өвс ургамалгүй халцарсан газрыг сонгон 5 хэсэг овоолж цуглуулж, дахивар болгож ашиглаж чадалгүй, эцэст нь өвөлжөөнөөс нүүж, ойрхон хаваржаанд буух үед малчин айлын хүүтэй хамжиж өндөрлөгөөтэй бонго ачааны машинаар дүүрэн ачиж сумын хогийн цэгт буулгахаас өөр арга олдоогүй.
Бэлчээрийг доройтуулдаг, өвс ургамал ургах гэрэл, чийгийг хаадаг, газрыг илжрүүлж хөгцрүүлж байгаа, цаашилбал мал амьтны биеийг гэмтээдэг, байгалийг муухай харагдуулж байгаа хүний бүтээсэн, хаягдал болоод хэвтэж байгаа эд зүйлс бүхнийг таньж, орон нутагт амьдарч, аялж байгаа хэн бүхэн цуглуулж, цэвэрлэснээр бид эрүүл, сайхан эх нутагтай байж амьдрах болохоор өдөр бүр хонио хариулахдаа Их зохиолч Д.Нацагдоржийн Миний нутаг шүлгэнд илэрхийлсэн “хангай, говийн хооронд халхын уудам нутаг, хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд”-аа бага ч гэсэн цэвэрлэе, сэтгэлээ гаргая, сайхан байгальд талархах, хаана байна, тэр орчноо гэмтээхээс эмээдэг Монгол уламжлалдээ эзэн байх ухаан, хэвшил бидэнд байдаг.
Төмөр утасны хаягдал их байх юм гэж айлынхаа хүнтэй ярилцахад, дээр үед хадлангийн өвсийг төмөр утсаар боодог байсан, зах зээлээс хойш мяндас утсаар ороодог, одоо бүр зарим ногоон тэжээлийг нимгэн гялгар уутаар олон ороож багладаг болсон “хөгжил”-ийг мэдлээ.
70, 80-аад оны үеийн прессний төмөр утас болон машин мотоциклийн төмөр эд анги, төмөр зуух, гэрийн яндангийн нимгэн төмөр, хашаа хорооны хадаас, газын төмөр лааз гэхчилэн өнөөг хүртэл өвөлжөө, хаваржааны газарт зэврэн хэвтсээр байгаа төмрийн хаягдлыг түүж аваад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаах хэрэгтэй байна.
Сумын төвд төмөр, хуванцар, шил зэрэг дахиварыг бага үнээр худалдан авдаг үйлчилгээ байдаггүй гэж малчин айлын хүүг хэлэхэд сумын баг болгоноос 1-2 айлууд нэгдэж, ярилцаж, санаачлага гаргаж баг, засаг захиргаандаа хүсэлт гарган, дахиварыг төрөлжүүлэн цуглуулдаг байнгын цэгийг бэлчээр дээр бий болгож, дахивар авч бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдэд тушааж ажиллах санаачлагатай нэгэнтэй хамтарч ажиллая гэж хүссэн.
Төллөсөн эх малын судас, хот хороонд бохирдож үлдсэн ноос үс, өвлын цас, хаврын салхинаар бээрч, өлдөж үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж байхдаа, эдгээрийг аюулгүй болгох уламжлалт арга, орчин цагийн техник технологийг сум, орон нутгийн хэмжээнд амьдран суугаа иргэн бүхэнд ойлгуулж хэрэгжүүлэхгүй бол энэ төрлийн хаягдал нь хогийн цэг дээр овоорч, агаар, ус, хөрсийг бохирдуулан дамжиж хүн, малын өвчин болох аюулын шалтгаан нөхцөл мэт.
Өдөр тутмын гэр доторх зохисгүй хэрэглээнээс бий болж байгаа элдэв чихэр, шоколад, хүний биеийг бохирдуулж, хордуулж байдаг шим тэжээлгүй хогон хүнсний цаас, гялгар уут, ус, ундааны хуванцар сав, архи, виноны шил, шилний хагархай, тамхины хайрцаг, иш, элдэв батарей, цахилгаан барааны эвдэрхий, дутуу шатсан гутал, хувцасны хаягдал нь гуу жалганы элс шороонд он удаанаар хадгалагдан эргэн тойрноо бохирдуулж, уул усны савдаг эздээс хүүдээ гомдсон сэтгэл гарч байдгийг кино урлаг, уран бүтээлээр цахим орчинд нь үзүүлж харуулах цаг нэгэнт болсон.
Ирэх улирал, жилээ мал, газар, тэнгэрийн өнгөөр урьдчилан мэдэж, “муулуулаагүй” үлдсэн, тарга тэвээрэгтэй эх сүрэгтээ 10, 11-р сард хуц, ухнаа тавьсанаас таван сарын дараах нэг сар орчмын хугацаанд “төлөөр баяжиж, шөлөөр цаддаг” энэ малчин айлын ахуй, амьдралын нэг хэсэг болж амьдарч, ажиллахдаа өвөлжөө, хаваржаагаа засаж сэлбэдэг, цэвэрлэдэг уламжлал, малаа нүдэлж, зүсэлж малладаг болохыг зах зухаас нь суралцсандаа баярладаг.
Байгалийг дархалж, онголж, жил бүр сэргээгдэх нөөцийг цаг улиралд нь нийцүүлэн ашиглаж, үр шимээр нь өнөөг хүргэсэн өвөг дээдсийнхээ ачаар өнөөдрийн байгаль бидэнд үлдсэн байгааг ухаарч, “хээрийн хог түүдэггүй”, “байгаль өөрөө цэвэрлэчихдэг” гэсэн дутуу дулимаг бодол, үгийг тунгааж буй байгальдаа эзэн хүний ёсоор хандаагүйн улмаас нөөлөг, хуй салхиар туугдаж ирсэн, “явуулын” хүний хайрлах сэтгэлгүй үлдээсэн бүхнийг цэвэрлэлгүй орхих нь хүүхэд багачууд, залууст хэвийн байдал мэт сэтгэгдэл төрүүлж, ахуй соёлд сөргөөр нөлөөлнө.
Мөн малчин айлд очих бол, морио унаж малаа хариулдаг жинхэнэ Монгол малчин айлын хот хороо, бэлчээрт хог болж үлдэх эд зүйлсийг авч очихгүй байх, хог түүж хийх уут шуудайг марталгүй авч очоорой. Мөн хонь, ямаа, үхрийг мориор, явганаар хариулах үед л бэлчээр дэх хогийг цэвэрлэх боломж гардаг шүү.
Хүний хэрээс хэтэрсэн тооны мал ахуй, машин техниктэй, хэрэгцээт зүйлсээ хотлоороо бүтээхгүй, дэлгүүрээс мөнгөөр худалдаж авч амьдардаг болсон малчин айл сэтгэл санааны болон ажил хөдөлмөрийн зохисгүй ачаалалд орж, байгальд ээлгүй хэв маягаар амьдарч, түүндээ түүртэн, аливаа санал санаачлагатай танилцах, бодол үйлдлээ эргэцүүлэн дүгнэх, хүч хөдөлмөр, өөрчлөлт шийдвэр гаргахаас хойш суусаар байхыг дэмжиж амьдрах уу, бид?
Бэлчээр дээр ирж мэнд мэдэж, “луугийн толгой”, “луугийн сүүл” гэж юуг хэлцдэг, нутаг орноо танилцуулж, ярилцсан Ганболдын Батэрдэнэ, Энхсайхан, хонины толгой, өвчүү авчирч өгсөн Хишигсайхан, бидний очиж тусалсан Баянхонгорын Баяновоо сумаас оторлож яваа малчин айлын эзэд, тэднийд ирсэн нутгийн удирдлага Дархан сумын засаг даргын орлогч, газрын алба, 2-р багийн дарга, танилууд өнөөдөр бидний энэ баримтат бичвэрийг уншвал, “малын хөлийн бус машины дугуйны тоогоор татвартай болцгооё” сэдэв, хамтын хариуцлагатай мал ахуй, эрүүл амьдралын хэв маягийн талаар хэлэлцэн, ярилцах дуртай гэдгээ уламжилъя.
Гэр бүл, хот айл, сум аймгаараа нэгдэн биднийг амьдралыг хамгаалж, тэтгэдэг ариун агаар, өвс ургамалтай дархан хар уулс, тунгалаг уст булаг шанд, шимт хөрс шороотой эх байгалиа хэвээр хадгалан, үр шимийг нь хүртэн амьдрахын тулд “Хүн бүр байгаль хамгаалагч” үүргээ биелүүлэхэд саад болж байгаа бүхнийг гээж орхиж, дэмжиж байгаа бүхэнд нэгдэцгээе.
Жамсранжавын Бэгзсүрэн
#БүтээлчАйл, #ХоостАйл санаачлагч, зөвлөх багш
2022 онд "Орчны бохирдол - миний шийдэл" бичвэрийн уралдаанд илгээсэн бидний бичвэр
Манайх улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэгээс хойшоо 4км, Дарь эхд гэр барьж амьдраад 23 жил болж байгаа ба энэ орчинд хэрхэн хүрээлэн байгаа орчны өөрчлөлт явагдаж байгааг жишээ татан, хүмүүс бид хэрэглээгээ ухамсарлахгүй байгаа шалтгааныг дурдсан.
Цаашид Монгол улсын засгийн газраас 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн зорилтондоо иргэн бүхэн ашиглаж эхэлж байгаа и-баримт, и-монгол цахим үйлчилгээ, хэрэглээний бүртгэлүүдэд худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний хог хаягдлын хэмжээний мэдээлэл, дахивар болгох боломж, сар, улирлын нийлбэр дээр экологийн ул мөрийн тооцоолол харуулж, иргэдийн хийх дараагийн худалдан авалт, хэрэглээг илүү байгальд ээлтэй болгоход чиглэсэн алхамууд хийнэ гэж найдаж байна гэж санал дэвшүүлсэн.
Энэ уралдааны танилцуулга мэдээллийн бичвэрийг текстээр нь унших
МИНИЙ ямар сонголт, ямар үйлдэл БАЙГАЛЬ ОРЧИНД ямар нөлөө үзүүлж байгааг та хэлээд өгөөрэй!
"Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй" (зүйр цэцэн үг)
"Өөрийн алдас гэмийг бусдаас асуун мэдтүгэй
Төр засах ёсонг сэцдээс асуун суртугай" (Их эзэн Чингэс хааны сургааль)
"Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй" (зүйр цэцэн үг)
"Өөрийн алдас гэмийг бусдаас асуун мэдтүгэй
Төр засах ёсонг сэцдээс асуун суртугай" (Их эзэн Чингэс хааны сургааль)
Comments