"Орчны бохирдол - миний шийдэл" бичвэрийн уралдаанд илгээсэн бидний бичвэр

МИНИЙ ямар сонголт, ямар үйлдэл БАЙГАЛЬ ОРЧИНД ямар нөлөө үзүүлж байгааг та хэлээд өгөөрэй!

"Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй" (зүйр цэцэн үг)     
"Өөрийн алдас гэмийг бусдаас асуун мэдтүгэй
Төр засах ёсонг сэцдээс асуун суртугай" (Их эзэн Чингэс хааны сургааль)



Манайх улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэгээс хойшоо 4км, Дарь эхд гэр барьж амьдралд 23 жил болсон. 

Энэ бүсэд үнээ малладаг байсан болохоор зуны улиралд Сэлбэ голын ногоон ширэг, намар Дарь эхийн уулсын өнгө, өвөл, хавар нь Ганц худгийн хорихын ойролцоох жалга, дов, уулын энгэр байгаль яаж өнгөө засаж, ямар ургамал ногоо ургаж, хаана борооны ус тогтож орчноо тэтгэдэг байсаныг мэднэ.










Сэлбэ гол дагуу, Ганцын хорих орчимд хашаа хатгаж, айл бууж эхэлснээр, мөн хот орчмын ногоон бүсэд мал маллахыг хориглосон шийдвэр хэрэгжиж, бид үнээгээ зарж, бэлчээр нутаг маань сууршлын бүс болж хувирсан.

Урьдчилан төлөвлөсөн гудамж, замгүй, цахилгаанд холбогдоогүй, хог хаягдлыг ялган цуглуулах дэд бүтэцгүй шинэ хороонд айлууд нүүж ирсээр, хотын гэр хороолол энэ хэрээр тэлж, бидний хүсээгүй, байгаль ингэж талхлагдана гэдгийг бодох сөхөөгүй амьдрал хөөж байгаа.

Машин тэрэгний тос, бензины үнэр, утаа, нүүрсний үнс, утаа, нарийн ширхэгт тоос шороотой холилдсон эрүүл байх боломжгүй агаараар амьсгалж, хувцас, гар нүүрээ угаасан саван, угаалгын нунтагтай ус, нүхэн жорлонгоор бохирдсон газрын хөрс дээр нөгөө шарилж, лууль ургамал ургаж сэргэх цаг болсоныг харуулж, өдөр тутмын ахуйн хэрэглээнээс гарсан гялгар уут, ундааны сав, элдэв шил, барилгын материалын хог хаягдал нь энд тэндгүй овоорч, салхинд хийсч хүрээлэн буй орчинг бохирдуулж байгааг цэвэрлэж ачаад хогийн цэгт булаагүй хог тээврийн үйлчилгээний ажил албанд бурууг өгсөөр амьдарч байна.


Гарц шийдлийг хөнгөнөөр бодоход, гэр хорооллын айлын тоо ихэссэнээс болоод дээрх бохирдол бий болсон, иймд гэр хорооллыг орон сууцжуулах  хэрэгтэй, эсвэл төвлөрлийг сааруулж өөр газарт шилжүүлэн нүүлгэхэд болно гэхэд болмоор юм шиг боловч мөн л хөдөө орон нутагт малчин айл, аялал жуулчлалын бааз, хөдөөний зам дагуух дэлгүүр, үйлчилгээний ойролцоо овоорсон, салхинд хийсч, дэрс, жалганд тогтсон хог, тамхины иш, ундаа, архины шил, гялгар уут зэргийг харахаар бас л шийдэл биш бололтой.

экологийн ул мөр танилцуулга
https://www.slideshare.net/jbegzsuren/ecological-footprint-91494510

Хүмүүс бид хаана ч амьдарсан хүрээлэн байгаа орчны мэдлэг дулимаг, бүртгэл тооцоогүй хэрэглээ нь байгалийн нөхөгдөхгүй нөөцийг улам их хэрэглэж, нөхөгдөх нөөцийг үл анзаарсан, орчны бохирдол ихээр үүсгэх шалтгаан болоод байгааг бид таньсан.

Хүрээлэн байгаа орчин, хог хаягдал, амьдралын хэв маягийг судлаач, олон нийтийн байгууллага, сургагч багш нарын таниулж, зөвлөж байгаа 5R (refuse, reduce, reuse, recycle, rot - илүү хэрэглээнээс татгалзах, сонголтоо өөрчлөх, үргэлжлүүлэн хэрэглэх, дахиварыг хэрэглэх, ялзмаг болгох) гэсэн ойлголт мэдлэг Дэлхий даяар түгэж, цөөн биш хүмүүс суралцаж, ахуй соёлдоо нэвтрүүлж, эерэг үр дүнг мэдэрч эхэлсэнийг та бид анзаарч байгаа.

Мөн байгалийн нөөц зарцуулалт, хүний хэрэглээний тоо баримт, байгалийн нөхөн сэргэх хугацааг харьцуулан эрдэмтэн судлаачид "экологийн ул мөр / ecological footprint" гэдэг ойлголт, тайлбар мэдээллийг түгээж, таниулж байгаатай цаг алдалгүй танилцаарай.

Дээрх хоёр чухал зөвлөмж, мэдээллээс суралцаж 6 ам бүлтэй манай өрх гэрт дараах өөрчлөлт, шийдлүүд хийгдэж, экологийн ул мөрийн тооцоолол (footprintcalculator.org)-оор үнэлгээгээ ахиулсан.


1. Зуны улиралд сүү цагаан идээн хүнсийг ахиу хүртэж, гэдэс дотроо цайлгадаг уламжлалын цаадах учир шалтгааныг ойлгосноор манай гэрийн махны хэрэглээ багассан. Өөрсдөө үнээ малгүй боловч, үнээ малтай айлтай танилцаж, сүүг 20-30л-ээр нь худалдан авч сүүгээ хөөрүүлж өрөм тосыг авч хурааж, тослог багатай болсон сүүгээр тараг бүрж, аарцаар нь ааруул хийж хатааж хадгалдаг болоод байгаа.
1кг ногоо ургуулахад 300л ус зарцуулдаг байхад 1кг махыг 10000л ус зарцуулж малыг тэжээж бий болгодог гэдэг тооцоолол байдаг. Мөн зун, намрын улиралд ходоод гэдэс нь махыг боловсруулж шингээх чадал муутай, өвөл, хаварт махыг боловсруулахд бохирдож ядарсан эд эрхтэнээ нөхөн сэргээх хүнсний ногоо ургамал, сүүн хүнсээр эрүүл мэндээ дэмждэг.
Хаврын халгай, зуны гишүүнэ ургамал, намрын таана хөмүүлийг хүнсэндээ хэрэглэхийг зорино.


2. Сав, баглаа боодолтой, хагас боловсруулсан хүнс, 320км-ээс хол нутаг орноос тээвэрлэж ирсэн хүнсийг бага хэрэглэхэд анхаарч, тээвэрлэлт, хадгалалтын их өртөг зардал шингэсэн, чанар нь илүү муудаж ихэнх хэсэг нь хүнсний хорогдол, хаягдал болдог байдлыг ойлгож, өөрсдөө талх боорцогоо хийх, хоол хүнсээ аль болох дотоодын орц найрлагаар бэлтгэхийг хичээдэг.
Даавуун уутыг тогтмол хэрэглэх, хуванцар савтай бэлэн ус, жүүсний оронд өөрсдийн уух шингэн хүнсийг бор цай, хярам, ургамлын ханд бэлтгэж хэвших, хүнсийг хадгалах зардлыг багасгадаг хатаах аргыг сонгох болсон.

3. Амьдрах орон байрны төрөл, жил бүрийн засвар үйлчилгээ, түүнээс гарах барилгын хог хаягдлыг тооцсон байдаг учраас орон сууцанд амьдрах уу, Монгол гэрт амьдрах уу гэдэг сонголт маань хүртэл хүрээлэн байгаа орчины бохирдолд нөлөөлдөг болохыг ойлгож, аль болох байгальд ээлтэй, ашиглалтын зардал багатай Монгол гэрт амьдарч байгаа. Орон сууцанд амьдардаг ах дүүсийнхээ байранд очихдоо цонхыг нь нээж агаар оруулах, усанд орсон усаар зарим нэг хувцсаа угааж усыг дахин ашигладаг. Байранд бие засахад жорлонд нь цэвэр ус 5, 10л-ээр урсаж, гэрэл асааж, цэвэрлэгээний бодис, агааржуулалтын бодис хэрэглэдэг нь зардал мөнгийг өсгөөд зогсохгүй орчны бохирдлыг нэмэгдүүлдэг гэж ойлгодог болсон.
Монгол гэрт нэмэлтээр орж ирсэн дотор даавуун биш хөшиг, 3 сар хэрэглээд хаядаг бороо усны хамгаалалт гялгар уут, тоононы хаалт гялгар уут, бусад химийн орц найрлага, материалтай эд хэрэгслэлээс татгалзаж сурч байна.

4. Машин унах уу, мотоцикль унах уу, түлш бензин зарцуулалт ямар байдаг, өдөрт хэдэн км унадаг вэ, боломжит зайнд унадаг дугуй унах уу гээд бидний сонголт нь агаар, орчныг бохирдуулах хэмжээ, байгалийн нөөцийн зарцуулалттай холбоотой байдгийг мөн ойлгож, манайх машин худалдаж аваагүй. Бүр жолооны сургалтанд суугаагүй. Харин унадаг дугуй, нийтийн тээвэр, зам нийлсэн хүмүүсийн машинд дайгдаж сууж хол замыг туулдаг болсон. Эхнэр бид хоёр гурван ширхэг автобусны билет хэрэглэн хот орчимд автобусанд сууж, хотод унадаг дугуйгаа унадаг.

5. Хавар, намартаа мод тарих үндэсний хөдөлгөөн, санаачлагыг ойлгож, 4-р сард улиасны мөчир тайрах үед цуглуулж авчирч усанд байлгаж байгаад 5-р сард хашааныхаа гадна талд, зуслангийн газарт нэмж тарьдаг болсон. 6-р сарын эхээр хайлаас модны үр, 7-р сарын сүүлээр шар хуайс модны үр боловсрохоор нь түүж цуглуулж, дараа хавар нь үрслүүлж тарьж сурч байгаа. Манай хашаанд болон гадна талд 2 том хайлаас, 21 улиас мод, зусланд 20 улиас мод сайхан ургаж байна.
50 гаруй настай 1 мод нь 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгчийг ялгаруулдаг, хөрсний эвдрэлийг хамгаалж, 46 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, 75 сая төгрөгөөр үнэлэгдэх цэвэршүүлэх экологийн үйлчилгээг үзүүлдэг гэдэг.
Замын тоосгүй, цэвэр орчинд жимсний мод бутыг тарьж ургуулаад, намар, өвөлдөө жимс хурааж хэрэглэдэг болж байгалийн онцлогийг таних, үр шимийг хүртэж гэр бүлийн баяр болгож байхыг зөвлөе.

6. Өдөр цагаар бие, ухаан нь өсдөг үр хүүхэд, ач зээгийнхээ шинэ тоглоомыг хэдхэн хоног тоглоод тоохоо больдог, эвдрээд хаягддаг хуванцар тоглоомын онцлогийг бид санаж сэрээд, "Тоглоом бол амьдралаас урган бий болж, Эргээд амьдралыг хүнд заадаг хэрэгслэл, Тоглоомоор 8-80 настай хүн бүр тоглодог байх учиртай" гэж зааж сургадаг Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий гуайн үгийг тоож, амархан эвдэрдэг, байгальд хог болдог материалаар хийгдсэн тоглоомыг худалдаж авахгүй байх, нэг хүүхдэд зориулсан бус аль болох гэр бүлийн харилцаа, хөгжлийг дэмжсэн тоглоом авч, тоглож үр дүнг гаргадаг байгаасай гэж бид 4 шагайгаар ямар 20 тоглоомыг тоглож болохыг танилцуулсан бичлэгүүд, Монголын уламжлалт 100 орчим хөлөгт тоглоомоос 12-ийг нь гэр бүлээрээ тойрч суугаад тоглоход зориулагдсан "Есөн даваа богц"-ийг 2020-2021 оны хөл хорионы үеэр бүтээж танилцуулж байгаа.


7. Хувцас үйлдвэрлэл, гутал, хувцасны олон төрөл загвар нь нялх балчир хүүхдээс эхлээд бүх насныханы хүсэл хэрэглээ болсон энэ цагт манайх шинэ хувцас худалдан авахаас зайлсхийж аль болох ах дүүсийн багадсан, сольсон хувцасыг авч өмсөж байгаа. Мөн нэг дээлийг хэдэн жилдээ, хэд хэдэн цагаан сараар өмсөж гангарч байна. Айл болгонд багадсан, өмсөхгүй хувцас ихээр бий болж, түүнийгээ магадгүй шатааж алга болгож байгаа нь даавуу үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэлийн хүч хөдөлмөрийг үр ашиггүй болгохын зэрэгцээ шатаах үйлдэл нь агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж байдаг.

8. 2008 онд танилцаж байсан АНУ-ын иргэн Андрью надад баяр ёслолын үйл ажиллагааг хог хаягдал багатай зохион байгуулах талаарх өөрийнхөө судалгаа, шинжилгээний ажлыг үзүүлж ярилцаж байсаныг эргэн санаж, өнөө цагт бид Цагаан сар, Наадмын баяр, бусад тэмдэглэлт өдрүүдээр нэг удаагийн аяга, халбагаас эхлээд ундаа, усны хуванцар, хоол хүнсний хаягдал, хэтрүүлсэн хэрэглээгээ таньж, уламжлалт Монгол ахуй соёлыг эргэн санаж, өөр өөрийнхөө аяга халбагыг ууталж, өвөртөлж очиж зочилдог болсон.

9. Цахим орчинд Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн, Зураач В.Ундраагийн ЭкоАРТ даавуун уут, Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын төв ТББ, "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежемент төсөл, шилний бүх төрлийн хаягдлыг боловсруулах Шинэ шил компани, Зөв үү Тав уу подкаст, Бортот брэнд, Монгол уламжлал, байгаль, ахуй соёлдоо эзэн нь байх ХоостАйл, БүтээлчАйл зэрэг хуудас, мэдээллийн сувгаас мэдээлэл авч эргэцүүлэн бодож, суралцаж байна.


Цаашид Монгол улсын засгийн газраас 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн зорилтондоо иргэн бүхэн ашиглаж эхэлж байгаа и-баримт, и-монгол цахим үйлчилгээ, хэрэглээний бүртгэлүүдэд худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний хог хаягдлын хэмжээний мэдээлэл, дахивар болгох боломж, сар, улирлын нийлбэр дээр экологийн ул мөрийн тооцоолол харуулж, иргэдийн хийх дараагийн худалдан авалт, хэрэглээг илүү байгальд ээлтэй болгоход чиглэсэн алхамууд хийнэ гэж найдаж байна.

Үүний үндэс суурь болгож, айл өрхөд зориулсан хэрэглээний чанарын бүртгэл, тооцооллын компьютерын програмыг зохиоход залуусыг уриалж, чиглүүлж, зөвлөж ярилцах хүсэл дүүрэн байна.

Манайх 2007-2013 онуудад өрхийн мөнгөн орлого, зарцуулалтын бүртгэл тооцооны Өсөх өрх программыг зохиож хэрэглэж байсан туршлага дээрээ үндэслэн, бараа бүтээгдэхүүн бүрийн баглаа боодол, орц найрлага, шинэ хүнс эсэх дээр тулгуурлан хог хаягдлын хэмжээ, дахивар болох байдал, дараагийн сонголтыг санал болгож, дахивар цуглуулах, хүлээн авах цэг, хог хаягдлын байгальд шингэх хугацаа гэх мэт холбогдох мэдээллийг харуулж, боловсролыг дэмжинэ гэсэн төсөөлөл, зорилготойгоор программыг зохионо.

Өрхийн гишүүн бүр худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнээ мэдээллийн сангаас сонгож бүртгэснээр сар, улирал, жилийн хэрэглээний нийлбэрийг автоматаар тооцуулж, дараагийн худалдан авалтаа дүгнэлт мэдээлэлтэйгээр хийснээр хүрээлэн байгаа орчноо дэмжиж тэтгэдэг, бидний үргэлжлэл болсон үр хүүхэддээ хэрэглээний шинэ хэвшил өвлүүлэхэд туслана гэж итгэж, зорьж байна.

Хүн бүрийн өнөөдрийн худалдан авалт, хэрэглээний сонголт нь маргаашийн хүрээлэн буй орчин ямар байх суурь болж байгааг үргэлж  мэдэхтүн, хичээхтүн!

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21-р хороо. Бага Дарь эх 8-1395 оршин суугч
Ж.Бэгзсүрэн

Уралдааны зарлал

@HSFMongolia  · Non-profit organisation

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба болон МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран иргэдийн дунд зарласан 
"Орчны бохирдол-Миний шийдэл" бичвэрийн уралдаан


Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, шийдэл гаргахад уриалах, тэдний шинэ санаа, санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд нийт 76 бүтээл ирснээс нийт 8 бүтээлийг шалгаруулж, шагнал гардууллаа. Энэ жилийн уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд идэвхтэй оролцсон бөгөөд бичвэрийн сэдвийн хамрах хүрээ агаар, ус, хөрсний бохирдол болон хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдол, түүнийг шийдэх санал санаачилгыг түлхүү дэвшүүлснээрээ онцлог байлаа.
Уралдаанд байр эзэлсэн оролцогчид:
🥇Нэгдүгээр байр: 
Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс оролцогч Д.Галсан, 
 🥈Хоёрдугаар байр:
“Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс оролцогч Ж.Бэгзсүрэн,
 🥉Гуравдугаар байр:
“Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс оролцогч Б.Мөнхцэцэг,
 🏅Тусгай байр /5 оролцогч/: 
• “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Хөвсгөл аймгаас оролцогч Б.Дэлгэрмөрөн,
• “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос оролцогч С.Жадыра,
• “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас оролцогч Б.Сувд-Эрдэнэ
• “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас оролцогч А.Үүрийнтуяа
• “Орчны бохирдол-Миний шийдэл” бичвэрээр Улаанбаатар хотоос оролцогч Э.Тэргэл

2022.6.20 шагнал гардаж авсан


Экологийн цагдаагийн газрын дарга миний шагналыг гардууллаа


2021 онд зохион байгуулагдсан
“Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт баримтат бичвэрийн уралдаан

Гэргий бид хоёр энэхүү баримтат бичвэрийн уралдааны зарлалыг хараад, тус тусдаа баримтат бичвэрээ илгээж оролцсон.

Бид анх удаагаа малчин айлд очиж, мал төллүүлэх ажилд туслаж ажиллах үедээ санаачлага гаргаж 2 өвөлжөө, жалга гүвээ дагуух хог хаягдлыг цуглуулж, хөрс бэлчээрийн бохирдлыг цэвэрлэж, орон нутгийн иргэд, хүмүүст ярих үлгэр жишээ болсоноо бичиж оролцсон.

Надад амь өгдөг амьсгалах агаар, ундаалах ус, эрч энергийг үнэгүй өгдөг байгаль эхийг хэвээр байлгахад өдөр бүр анхаарал тавьж, ач холбогдол өгөх ёстойгоо ухаарсан.
Манайх наадмын дараагаас зусландаа байнга амьдарч, Улаанбаатар хотын гэр хорооллын амьдралаасаа нэг сар хөндийрсөн. Энэ хугацаанд зуслангийн ногоон бүс, байгалиа хамгаалахад гэр бүлийн хувь нэмрээ оруулсан.

Гэр бүлийн бүтээлч аялал

Энэхүү 1 өдрийн аяллаар эрхэм таны гэр бүл дээр дурдагдсан 9 чиглэлд гарсан үр дүнгүүдтэй танилцаж, гэр бүлийнхээ ололт амжилтыг ярилцаж дэлгэрүүлэн түгээгээрэй.

гэр бүлийн бүтээлч аялал



Comments