Монгол хүнс - Өрмөөр зуурсан арвайн гурил - Замбай

Эх сурвалж: Баасангийн Наминчимэд
Naminchimid Baasan

Traveling Spoon Mongolian cooking class


АЛТАЙН ХӨХ АРВАЙ БУЮУ ЗАМБАЙ
Миний бага нас замбайн гурил дунд л өссөн. Өглөөд аав аягандаа шар тостой замбай зуурч, атгаж хэвлээд өгдөгсөн. Үнэр, амт нь нэг л өөр. Багадаа л сардаа нэг удаа модон ууранд хөх тариа цогнуулаад суулгачихна. Суганыхаа булчирхайг цочтол тээрэмдэнэ. "Барзан гараад байна, сайн дар" гэнэ, эсвэл "Жийгчихлээ, хөнгөл" гэнэ. Гарцыг нь тааруулах гэж бөөн юм болдогсон. Өнөө нутагт хэлэхээр "Замбай" буюу "Алтайн хөх арвай", "Бөгтөр арвай" гээд нэлээд эрэлт хэрэгцээтэй байх шиг байна. Харамсалтай нь өнөөгийн Алтайн хөх арвай гэсэн шошготой болгоныг шахам авчраад задлаад үзэхээр тэр багаас мэдэх үнэр, амт тэр бүр мэдрэгдэхгүй юм. Хэд хэдэн нөхцөл, шалтгаан байж магадгүй.
Нэгд үрийн фонд. Хуучин үрийн фондоо хадгалж чадсан эсэхийг мэдэхгүй юм. Нэлээд эргэлздэг. Учир нь арвайг цогноод чанахад ишиг, хурганы хоргол шиг томордог, зажлихад пир пир гээд, ам дүүрдэг байлаа. Хөц чанах гэнэ. 2 цаг орчим чанаж байж болдог байж. Одоо энэ арвайг чанахаар 20 минут буцалгаад л болчих юм. Томрох ч юм алга. Хуураад цогносон тариан дээр жаахан ямааны өрөм хийгээд идэхэд янзтай.
Хоёрт, уламжлалт гар аргаар цогнож, сэрвээж, сэвж, элсэнд аргалын галаар хуурч, гар тээрмээр татахгүй, цахилгаанаар хийж, цахилгаан тээрмээр нижигнүүлчихээд байх шиг. Гараар татсан, цахилгаанаар татсан хоёр гурилийн амт эрс ялгардаг.
Гуравт, тариалалт нь хэрхэн яваад байгааг нь бас мэдэхгүй байна. Хуучин тариалалт нь газрын аль шимтэйг олж тарьдаг. Долоон тогооны, хоёр тогооны газар гээд бий. Тэр нь талбайн хэмжээг зааж байгаа хэрэг. Хоёр тогооны газар гэвэл хоёр тогоо тариа тарих хэмжээний талбай гэсэн үг. Бас гучин гурвын газар гэнэ. Энэ нь нэг тогоо тариад 33 тогоог авдаг үржил шимтэй газар. Шинэ Усны гол л их шимтэй байсан гэлцдэг байв. Шинэ Усны голд 70 тогооны газар гэж байдаг гэлцдэг байлаа. Хаана нь тийм шимтэй газар байсныг мэдэх юм алга.
Тарьснаас хойш сар хагас болоод “Хар шороо усалгаа” хийдэг, түүнээс дахин хагас сар болоод “Гэзэг усалгаа”, түүнээс сарын дараа “Булжин усалгаа”, намарт харин ургацаа харан байж “Хадуур усалгаа” хийдэг байжээ. Усалгааг дандаа уяж хийдэг. За тэгээд хураах, цан цохих энэ тэр гээд бас бус юм байдаг санагдана. Мартаж ээ. Сайн чанарын арвайн гурил гаргаж авна гэдэг үрээс эхлээд тариалалт, хураалт, эцсийн бүтээгдхүүн гурил болгох хүртэл олон үе шаттай, бас хөөрхөн нарийн мэдлэг технологитой бүхэл бүтэн үйлдвэрлэлийн цикль мануфактур байж дээ.
Хуучин цагт тогоо тариа арилжааны нэг нэгж болж байсан гэдэг. Мөн тарианы үр хүүлдэг ч байж. Цагаан голын Шанд орчимд шар шавар амбаарт тариа хадгалдаг, түүнээсээ хаврын тариалалтаар айлд түрээслэнэ. Нэг тогоо өгөөд намарт хоёр тогоо болгож авдаг гэх мэт.
Нутагт яг гараар тарианы гурил хийж байгаа нэг гэр бүлийн ах эгч байна. Захиалга ихтэй, арав арван килээр нь хүмүүс авчихдаг бололтой юм билээ. Ирэх жил эртхэн захиалж байгаад олж авна даа.
Алтайгаас Хатгал руу жин тээдэг байхад зам зуурын Завханы айлууд Алтайн жинчдийг хүлээдэг байж. Жинчдийн тэмээнд жаахан өвс тавьж, амруулж, хоол цайгаар дайлна. Хариуд нь жинчид жаахан бондгор замбай хайрлана. За, тэр бол ховорхон сайхан хүнс байдаг байсан тухай Цагаанхайрханы хөгшин дурсаж байсныг санаж байна.


ХоостАйл-ын жор

Халтар арвайн гурил, өрөм, үзэм, няцалсан будаа - геркулес бэлэн орцыг ногорн цайгаараа зуурч, базмал хэлбэртэй бэлтгэж тавганд цагаан идээний хажууд тавьдаг.

Гадаадын жуулчдад зориулсан Mongolian cooking class + meal үйлчилгээг манайх Traveling Spoon вэбд 2019 онд бүртгүүлж, захиалга авдаг.


Comments