***
2026.2.19
Чүлтэм Батжаргал:
Шинийн 1 ны сар нартай хамт шингэнэ
Шинийн 2 ны сар нараа дагаад хальт харагдаад шингэнэ
Шинийн 3 ны сар нарны туяа тасартал харагдана
***
2026.1.26
☀️Нар бол аргын чанартай, галын хамгийн том төлөөлөл юм.
🔥Өглөө бүр мандаж буй нарыг ажиглан мэдрэх, наранд биеийг ээх, нар луу ширтэх нь 🪷санаа зовинол’ бууруулж, бодол эерэг’ болж, урам зориг’ нэмэгдэж, хоолны шингээлт’ сайжирч, биеийн дулаан’ нэмэгдэж, эрч хүчээр’ дүүрдэг.
🍏 Зөн тэжээхүйн ухааны төв- 7775 4040
🍏 Уламжлалт анагаах ухааны эмчид оношлуулан явдал мөр, идээ ундааны зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.
***
2025.12.29нд нэмэв
НАРНЫ ТУХАЙ
Нар бол энэ биений тань хийн галыг мөнхийн дүүрэн байлгаж, таны өөрийн гурван галыг тэтгэн эрчилж, бадрааж байдаг.
Нар мандаж байвал тив дэлхий амгалаан
Нар туяарч байвал түмэн амгалаан
Нар гэрэлтэж байвал дээдэс нь амгалаан
Нар мишээж байвал амьтай бүхэн амгалаан
Алтан шаргал нарыг мандан бадарч байхад
Ард олон минь амар амгалан тайван
Аадрын хур орж байхад
Алтан дэлхийд амьд бүхэн цэцэглэнэ ...
... Нар нь хүртэл инээсэн миний МОНГОЛ ...
Өглөө, оройны нарандаа гарч өөрийнхээ овог нэрийг хэлж өргөл ерөөлөө өргөж, өөрийгөө мөнхийн дүүрэн байлгаж хэмээн та эрчтэй хүчтэй, эрүүл саруул байна. Нартай яриад гуйгаад байхад эхлээд юм мэдэгддэггүй нүд хүртэл гялбаад харж чаддаггүй. Тэгээд аажуу харсаар байтал нарны чинь дунд хөндий нүх байдаг. Энэ хөндийг олоод харсан байхад тэрэн дээр ан амьтан араатан жигүүртэн гээд бүх л юм чинь гараад ирдэг болчихдог. Нүд аниад нээхэд дүрсүүд буугаад байдаг болчихно. Ягаан өнгөөр бодит юм шиг дүрсүүд чинь буугаад эхэлдэг. Оройн жаргах нар нь өглөөний тусах нарнаасаа илүү байдаг. Оройн жаргах нарыг харж сайн ярьж, хөөрөлдөж бай. Өглөөн нарнаас дүүргэчээд өдөртөө алдсан эрчимээ, нар жаргахаас өмнө дахиад дүүрэгчих хэрэгтэй. Гуйх юмаа нарнаас гуй ... .
Гэгээнтэний айлдвараас
#Dejidmaa_Dejidmaa
***
НАР ӨӨД ХАРААД НАСАА УРТАСГАСАН ӨВГӨН
Дорнын гүн ухаан, бясалгал гэдэг нэг аугаа юм энэ хорвоод байдаг. Энэ ухааны ид шидийг хүртсэн, эзэмшсэн хүмүүс Монголд цөөнгүй байх юм. Ийм нэгэн өвгөнтэй танилцсанаа дор өгүүлье.
Өвгөний нэрийг Шонхлой гэнэ. Тэрбээр өдгөө 81 насыг зооглож буйгаа алтан нарны илч энергийг өглөө бүр биеэрээ, судсаараа хүлээж авдагийн ач тус гэж ярьсан юм. Шонхлой гуай хар багаасаа бие муутай хүүхэд байжээ. Дээр нь залуугаасаа олон жил хүнд хүчир ажил хийсээр байгаад биегүй болчихсон хүн ажээ. Тийм учраас дөнгөж дөч хүрэв үү, үгүй юу бие эрүүл мэнд нь эрс доройтоод эхэлсэн байна. Эхнэр, таван хүүхдээ тэжээх гэж чамгүй зүтгэж багагүй мөнгө тэдэндээ өвлүүлсэн болохоор энэ мөнгөөр нь аавыгаа эмчлэн эдгээхийн тулд өөрт нь зориулжээ. Үнэтэй эм тариаг аптекаас авахаас эхлүүлээд мөнгө багагүй хэрэглэсэн нь ойлгомжтой. Шонхлой өвгөний энэ мөнгө дуусч, эрүүл мэнд нь дахиад муудаад эхэлсэн байна. Тэр үед гэрийнхэн нь мөнгөгүйн гачаалыг амсч эхлэв. Шонхлой өвгөнийг хүндэлж явдаг нэгэн хүн,
- Би таны бие муу байгааг чинь сонслоо. Таныг нэгэн сайн ламтай уулзуулъя (Социализмын тэр үед шашин хориотой байсан) гэжээ.
Ингээд мөнөөх эр Шонхлой гуайг дагуулан ламынд очиход,
- Та олон жил хүнд хар ажил хийсээр биенийхээ хамаг сайн сайхан энергийг дуусгасан байна. Энэ энергийг Наран ээжээс нөхөж авах хэрэгтэй. Та өглөө болгон энэ дасгалыг хийх хэрэгтэй. Гэрээсээ гараад уулын толгойн цаанаас мандаж буй нар өөд хоёр нүдээрээ эгцлэн хар. Барагийн хүний нүд сохорчих гээд хэцүү байдаг юм даа. Төрөлхийн юм уу олдмол хараа муу биш л бол хэдхэн хормын дараа та нар нарны өөдөөс харж чадна. Тэгмэгц нар эхлээд алтран цацарч байснаа цэнхэртэж бас ногоорч нэг харагдана, тэр үед таны нүдээр дамжин нар энергиэ таны бие болон эрүүл мэнд рүү илгээнэ. Тэгэхэд таны бие маш сайхан ер бусын халууныг мэдрэх болно. Энэ бол танд үзүүлэх нарны бүх төрлийн эмчилгээ шүү гэж зөвлөсөн байна. Шонхлой гуай “Нар өөд харсан төдийд өвчин маань эдгээд байхдаа яадаг юм” гэж гайхсан байна. Юу ч болсон туршаад үзэхээр шийдэв. Урд шөнө нь шөнөжин шуурч салхилаад бие тэсэхийн аргагүй өвдөж хонов. Шонхлой гуай “Муу хүний үхэл үүрээр ирдэг юм гэсэн. Миний үхэх цаг болж дээ” гэж бодоод өөртөө гутран баахан хэвтэв. Шөнөжин улин шунгинасан шуурга үүрээр арайхийж намдлаа. Эхнэр нь гэрээсээ гараад “Өвгөөн, өнөөдөр их сайхан өдөр болох юм шиг байна. Нар ч сайхан мандах шинжтэй байна. Тэнгэр их сайхан цэлмэг байна” гэхэд Шонхлой өвгөн орноосоо өндийхөд тэнгэрт бүртийх ч үүл харагдсангүй. Төдөлгүй уулын цаанаас наран мандлаа. Шонхлой гуай нарны өөд харсанаа өнөөх ламын зөвлөснийг санаад гуч дөчим хором нарны хорыг гаргахаар жаахан суув. Тэгээд ламын зөвлөсний дагуу нар өөд харлаа. Ер бусын сайхан илч, халуун мэдрэмж биеэр нь гүйгээд ирэв. Нарны энэ илч, энергийг мэдэрсэн Шонхлой гуай хөл дээрээ тэнхлүүн боссондоо өөртөө гайхав. Тэр шөнө Шонхлой гуай маш сайхан унтаж амраад бие нь их хөнгөн босч ирсэн байна. Аливаа юмыг биеэрээ мэдэрсэн цагт хүн итгэдэг. Үүнийг Шонхлой гуай мэдэрсэн учраас маргааш өглөөнөөс эхлэн нарыг шүтэж, түүн рүү эгцлэн харж, 81 удаа тоолж маш сайхан илч, энерги авч биеэ сэргээсээр хүнд өвчнөө бараг дарж авсан гэдэг. Энэ тухайгаа Шонхлой гуай надад ярьж байхдаа,
- Би яагаад 81 гэсэн тоог сонгосон юм гэхээр би дөнгөж дөчин настай байхдаа үхэх магадлал өндөр байлаа. Тэгэхэд надад нэгэн ламтай уулзах хувь тохиож, түүний зөвлөгөөний дагуу давхилаа. Нарыг тойрсон 9 гариг, есөн ес 81 гэсэн тоог би билэгдсэн. Үнэн гэдгийг нь би биеэрээ мэдэрчихээд өнөөдөр чиний өмнө сууж байна. Би өглөө болгон нар өөд харан сууж залбирсаар дөч шахам жил болж байна. Энэ хугацаанд нар миний бүх өвчнийг надаас зайлуулсан. Тийм ч учраас би 81 насыг зооглоод байна. Дахиад би нар руу харсаар байгаад 108 насыг гуйж болох юм шүү дээ. Би ингэж даврахгүй гэж Шонхлой гуай надад ярьсан юм. Өдгөө энэ өвгөн миний мэдэхийн нас лавтайяа ерэн насыг зооглож буй. Эх нарантайгаа харьцсаар байгаад хүнд өвчнөөсөө ангижирсан Шонхлой өвгөн өнөөдөр ч нар өөд алгаа тоссоор, эрүүл мэндээ, ард нь үлдэж байгаа үр садуудаа Наран ээжид даатгуулсаар суугаа билээ. Энэхүү үнэн түүхийг Шонхлой өвгөнтэй хуучилсан сэтгүүлч миний бие өөрийн биеэр үзэглэн бичвэй. (Golden Time.MN)
***
“МОНГОЛ СУУ УХААН” номоос
САРАН-д овог нэрээ хэлээд, өргөл ерөөлөө айлдаж, өөртөө байгаа бүхий л муу муухай юмаа угааж цэвэрлээрэй
Сарыг сайн дээдэл, магт. Сар мөнхийн туршид хэний ч хардаггүй энэ гэрлэн бие, гэрийг чинь шөнөдөө угааж ариусгаж байдаг. Та саранд овог нэрээ хэлээд, өргөл ерөөлөө өргөн магтаж ерөөгөөд, өөртөө байгаа бүхий л шаналал, зовлон, уур уцаар, муу бодол, уйтгар, гуниг, айдас зэрэг сэтгэлийн таагүй зүйлээ угааж цэвэрлэж аваарай.
Сар бол таныг байгалиасаа угааж, цэвэрлэж хамгаалж манаж байдаг СЭЛЭМ юм. Үргэлжийн мөнхөд сайхан цагаан гэрлээр таныг бүтэн дүүрэн болгодог нь САР юм. Тиймээс Та өөрийнхөө дутаад буй бүхий л зүйлээ сарандаа хэлж өөрөө өөрийгөө засаж аваарай. Хүний бодол, сэтгэл цагаан байхад хүн хэзээ ч өвдөж шаналахгүй бас уруудаж доройтохгүй. Хүнтэй ярьж байгаа юм шиг сарандаа хэл ярь!
Сар туссан харзанд ордог ч учиртай!
/“Монгол суу ухаан” номноос/
***
Enhtvbshin Minjin
2ний сар бол удлаа гэхэд 10мин болно бас тээр доор гарна. 3ний бол дээр цаг гаран болнодоо
***
САР БА ЭХ
Сар нь ээж ба эхийг бэлэгддэг гариг юм. Хэрэв Сар хувь хүний зурлага дээр сул байх аваас тухайн эмэгтэй хүүхдүүдийг тэсч чаддаггүй, цухалдмал чанарыг харуулах болно. Тэрээр: “Эднээс болж бүр ядарч гүйцлээ” гэхмэтчилэн үглэнэ. Тэрээр хүүхдүүдийг өөрөөсөө аль болох холхон байлгахыг хичээх ба нэг бол өдөр өнжүүлэхэд, нэг бол хаа нэг тийш нь явуулж орхино. Өөрөөр хэлбэл тийм эмэгтэй нь нэг ч хүүхэдтэй эвтэйхэн байгаад байж чаддаггүй.
Харин Сар хүчтэй бол тийм эмэгтэй гурав, дөрвөн хүүхдийг элбэгхэн арчлаад байж дөнгөнө. Би нэг эмэгтэйг таньдаг. Тэр эмэгтэй долоон хүүхэдтэй ч тэднийг айвуу тайвуухан зохицуулаад байж чаддаг. Сар нь амгалан тайван байдал болон анахата буюу зүрхний чакрын, сайхан сэтгэлийн үндсэн гариг юм.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс Boldsukh Badamsed
***
Шинийн 2-ны сар
Өчигдөр хайгаад олоогүй сар өнөөдөр гарав. Шар зурхайн тооллоор бол шинийн гурван. Төгсбуянтын зурхайгаар өчигдөр өнөөдөр шинийн хоёрон нь давтаж байна. Гэхдээ өнөөдрийн сар дүрээ хувиргасан. Шинийн сар анх харагдсанаас хойш жарган жаргатал нэг л хэвийн дүрээр байдаг бол зарим сар хэсэг хугацааны дараа тэс өмнөө болж үзэгддэг. Өнөөдөр анх гарахдаа нэлээд босоо маягтай, маш нарийхан туранхайн дээр өнгө зүс муутай гарсан бол 20 орчим минутын ардтайд өнгө зүс нь засраад тийм ч их босоо биш харагдав. Гэхдээ ер босоо талдаа гэсэн үг шүү! Босоо сарыг шуургатай л гэдэг. Гэхдээ шууд тэгж дүгнэх нь бас учир дутагдалтай. Ердөө саран үзэгдсэнээс хойш шингэтэл эргэн тойрноо ажиглан шинждэг заншилтай. Үүнийг мэддэг, ажигладаг хүн нэн ховордсон юм билээ л.. Уламжлалт их өв соёл ёс заншлаа умартах тусам та бид зүдэрч мэднэ шүү. Үүнээ сэргээн тунхаглах тусам онгод тэнгэр ивээж оюун ухаан ундарна гэж ойлгоорой.. Цаг их өөр болно, шинэ хуудас нээгдэхэд машид ойртож буй за!
Сар гарах үед зарим нутгаараа ялимгүй салхи хөдөлж жавар илэрхий мэдэгдсэн байж магадгүй. Тийм байсан бол эхний хагастаа жавартай, салхи шуургатай байна. Тэгээд сар жаргах мөч хүртэл салхи намдаж, сарны жавар үл ялиг уядах шинж мэдэгдвэл сарын сүүл рүүгээ зөөлөн гэж үзнэ. Зарим нутагт ялимгүй бурдаслах гэхүү, жавар нь чийгтэй юм шиг байдал хацар нүүрэнд мэдэгдвэл цан хүүрэг их буухын шинж. Өвлийн дунд сарын ерөнхий байдал намуухан талдаа байх болов уу. Өчигдөр "Хөх хулгана " өдрөө ихэнх нутгаар тэнгэр тогтуун байв. Монголчуудын хойд сараа шинждэг билгийн тооллын хуучны 27, 28-ндаа тэнгэр машид таатай сайхан өнгөрсөн бол мөн л цаг агаарын байдлыг шинждэг хөх хулгана өдрөө тогтуухан байлаа. Одоо харин 60 хоногоо шинждэг цагаан морь, цагаагчин хонь өдрүүд их юм өгүүлнэ. Тэр өдрүүд маань шинийн 7, шинийн 8-ндаа таарч байна. За тэгээд маргааш нөгөөдрийн аль нэгэнд сар, үдшийн гялгар одтой тохиох тохиолгоор хэрхэх нь энэ сарын тэнгэрийн байдлыг тодорхойлход машид ихийг хэлэх болно.
Жилдээ ганцхан тохиодог "Гар одны тохиолго" гээч тохиолгоор бүтэн жилийг шинждэг. Тэр тохиолго өвлийн дунд сарынхаа 25-нд буюу үүр шөнийн заагаар сартай тохиосон байх учиртай. Тэр тохиолгыг харж чадаагүйдээ харамсаж байна. Тэр өдөр улаагчин могой өдөр лусын буулттай өдөр таарсан тул жилдээ лус сэрэнгэ ба лусын хатуу хамгаалалтай жил байх бөгөөд лусын эзэн могой зэрэг амьтнаас болгоомжлох учиртай гэж үздэг байжээ. Ийм тохиол нэн ховор. Хэрэв зээ лус савдгаа баярлуулж чадвал заяа тавиланд сайны ерөөл учирдаг гээд лусын буулттай, тэгээд дээр нь могой өдөр гар одны тохиолго тохиовол машид сайн. Иймд лусын хорлолоос зэгсэн сэрэмжилцгээх ёстой.
Шинэ сарны дээд үзүүрийг нарийн дурандан харвал ялимгүй салаалсан юм шиг харагдана. Дээд үзүүр салаалж гарч ирэхэд аливаа амьд бодьгалууд хямралтайн дээр төр улс цумралтай гэж тайлдаг байв. Тэнгэрт гардаг, байж л байдаг сарны ямар гарах нь бидэнд ер ямар хамаатай юм, битгий хуц! Битгий мухар сүсэглэ, гэж хэлдэг хүмүүс маш олширчээ. Ингэж хэлэх нь амны алдас шүү та минь ээ! Урт үг толгой орооно, урт дээл хөл орооно гэж мэргэн ардын минь зүйр цэцэн үг бий. Зүйр цэцэн үгсийн цаана асар их гүн гүнзгий ухаан оршиж байдаг. Энэ хорвоо даэрх бүх л юмс үзэгдэл өөр хоорондоо нарийн торгон сэжмээр харилцаа хамааралтай. Буддын гүн ухааны номлолд бол харилцан шүтэн барилдлагатай хэмээдэг билээ.
За тэгээд шинэ сарын шинжээг тайлж гүйцээгүйг дахин хэлье! Сар үдшийн гялайнтай тохиох тохиолго, 60 хоногийн ерөнхийг илтгэдэг цагаан морь, цагаагчин хонь өдрүүдийн цаг агаар болоод ямарваа амьтдын зан үйлээс ихээхэн зүйл хамаарна. Ээж маань хэлэхдээ сүргийн манлай хуц ухна болон түрүүч мал бэлчээртээ хэрхэн идээшлэх, шөнө хэвтрээ хэд солихыг хүртэл шинждэг гэдэг сэн. Дамаа түрүүч малыг монголчууд барагтаа бол идшинд хэрэглэж, зарж үрдэггүй. Мал дагуулдаг түрүүч мал бол малчин айл болгоны хотонд байдаг. Бас сүүлч мал гэж бий. Түүнээ "Сүргийн буяны уяа" гээд бас л мөн шинжиж хайрладаг. Сүүлч мал, зожиг мал бол дийлэнхдээ эм мал байдаг. Түрүүч сүүлч, зожиг малынхаа зан үйлээр тэнгэр шинжих ухаан гэж байна аа.
Түрүүч мал шинийн сар гарах өдөр болоод тэр шөнөө, мөн маргааш өдөртөө бэлчээртээ ямар янзтай байх нь вэ гэдгийг ажиглана. Тэд маань сэтгэл өег идээшилж ирээд шөнөдөө хэвтэр солихгүй намбагар тайван хоновол тухайн сардаа тэнгэр тогтуун сайхан байх нь ээ гэдэг. Заримдаа өвстэй хэр нь ээ бүр илэрхий тогтвор алдаж мал дагуулдаг. Тэгээд шөнө хэвтрээ хэд дахин солих, урд хоёр хөлөөрөө байн байн газар малтах, хажуу хавирганд хэвтэх ижил сүргээ мөргөж сэжлэх, чихийг нь хазах зэрэг ааш авир гаргана. Өглөө эрт захалж идэш ууш хөөцөлдөнө. Өдөржин идэж ирсэн атлаа орой хотоо дайраад цаашаа явах, мал хотлох болчихсон байхад хотны захаар үүгээр түүгээр шавьтналдах, дээр нь нүдний харц тогтворгүй өлөн зэлмэн шинж мэдэгдэг билээ. Иймэрхүү байдал мэдэгдвэл хойшдоо цас их орж хавьд тэнгэр онгойж гийхгүй удна гэсэн үг. Мөн хонин сүрэг шөнөдөө байн байн шилгээгээд байвал цас зуд болдог. Малчид маань чухам эдгээр шинжээг шинждэг эсэхийг мэдэхгүй юм. Хэрэв зээ шинждэг бол надтай утас чатаар холбогдоорой. Малын зан үйлээр болон ан амьтдын зан үйлээр тэнгэр шинжих өндөр дээд өвгөд эмгэдийн ухаанаас "Тунамал оршихуй" цуврал номууддаа бичсэн байгаа.
Хумбагарын Батмэнд. 2025. 12. 22.
***
Өнөөдөр 2026 оны 02-р сарын 18-нд Гал морин жилийн шинийн 2-ны сар гардгаараа гарлаа. Их доор гарлаа. Ёстой л өнөө, шинийн хоёрны саран шил дээр гараад шингэлээ дээ хө, гэдэг шиг шил дээо гараад л шингэж дээ. NASA-гийн тооллоор угаасаа өнөөдөр шинийн 02 юм байна. Шинийн хоёрны сар угаасаа л уддаггүй шүү дээ. Энэ зургийг Өмнөговь аймгаас явуулав. Харин маргаашийн сар бол нэлээн дээр хөөрч гарна, гуравны сар учраас тэр. Сарны хувьд гэвэл машид туранхай бөгөөд зэгсэн өеө сар юм. Цастай л гэдэг дээ. Шинжээгээ хоёр хоногийн дараа үдшийн гялаан одтой тохиож байр үед сайтар харж шинжээд өнөөдрийн сартай харьцуулаад хоёр хоног хэрхэх өндийв, эсвэл баахан хэвтэх нь үү, нэгэн бол яг энэ хэвээр байх нь үү, гэдгийг шинжээ тайлбар бичье ээ! Та бүхэн сайхан шинэлээрэй. Манайхан айл хэссээр л.
Хумбагарын Батмэнд
***
2026.2.19
Batmend Khumbagar
Яах аргагүй шинийн 03-ны сар гарчээ. Энд хоёр янзын зураг орууллаа. Өчигдөр орой үдшийн гялаан одтойгоо тохиочихсон санж. Тэр зургийг нисэгч залуу тэнгэрээс татаж авч явуулсан. Одтой хамт буй зураг бол өчигдрийнх. Өчигдөр орой 2-ны сар их доор гараад удалгүй шингэсэн, шинийн 02-ны сар угаасаа уддаггүйг та бүхэн мэднэ дээ. Удлаа гэхэд 20 минут л болдог. Харин өнөө оройн сар бол цаг гаран болж байж шингэхээр шинжтэй дэгээ. Тэгж харагдаж байна шүү дээ! За тэгээд энэ хавар яггүй хавар болох нь дээ, та минь ээ! Хамгийн гол нь саран авхай тас гэдэргээ хараад хэвтэх шахжээ. Ийм сарыг зудтай л гэдэг! Дээр нь хариугүй туранхай, хоёр үзүүр машид шөвх юм. Үзүүр шөвх байх нь хэл ам хэрүүл тэмцэл ихтэйн дээр ямарваа амьтдын зүй зохицолд тааруу гэж үзнэ. Туранхай байхыг бол ямарваа бодгалиудын унд хоол хомсдохын дохио гэж шинждэг. Маргаашаас эхлээд тохиолгоо угаана. Гэхдээ аажимдаа сар маань хэдий хэр өөрчлөгдөж дүүрэх вэ гэдэг бас их чухал. Чухлаас чухал зүйл гэвэл төдхөн тохиох сар мичдийн тохиолго ихийг өгүүлнэм зэ! За тэгээд хэрүүл хийгээд байлгүй шиг, хүлээн зөвшөөрхөө зөвшөөрөөд, ойлгох зүйлээ ойлгоод эргэцүүлэхээ эргэцүүлээд явчихвал их сайн! Та нөхөд минь сайхан шинэлээрэй! Эвтэй байхыг хичээгтүн!
***
Гал морин жилийн хаврын тэргүүн сарны шинж! Од эрхсийн зан байдлаас орчлон ертөнцийн жам, байгалийн хууль хэрхэх тухай, тэрхүү хуулин доорх хүрээлэн буй орчин, алив бодгалиудын аж амьдралыг шинждэг нь агуу их Монгол суу ухаан мөн. Монголчууд бүхий л өдөр хоног цаг улирлыг алдалгүй үргэлжид нарийвчлан шинжихдээ, нэн тэргүүнд шинийн сарны байдлыг гярхай торгон ухааны ураар ажиглаад ямарваа зам мөр аж амьдралаа тохируулж зэхдэг заншилтай. Тэгш дөрвөн улирлын дундаас хавартаа тэнгэр хэрхэхийг өвлийнхөөс илүү анхаардаг. Мал төллөх цаг үе болоод малын тэнхээ тамир өвлийнхөөс дордох үе учраас зэгсэн болгоомжилдог. Хаврын эхэн сарын шинийн 02-ны сар үдшийн гялаан одтойгоо тохиогоод хамт шингэсэн. Сар гялгарын тохиолго бол тун эвтэйхэн тохиолго байв. Сарныхаа зүүн доод биерүү янзтай тохиогоод яг янзаараа хамт жаргасан.
Энэ жилийн шинийн 02-ны сар бол нэлээд доор хэр нь эрт шингэсэн. Тэгээд маргааш нь шинийн 03-ндаа цас ороод тохиолгоо угаачихсан. Доорх хоёр хар зураг болохтойгоо зэрэг сар мичид хоёрын тохиож буй зураг. Эхний зураг нь шинийн долооны үдшийнх. Дараагийн зураг бол маргааш оройны буюу шинийн наймны зураг. Гэхдээ шар зурхайн тооллоор шүү! Төвийн бүс нутгаар сарныхаа дээгүүр зөрөх шинжтэй байсан. Гэтэл маргаашийн зураг нь сарныхаа доогуур нь зөрсөн юм шиг харагдах. Хоёр хоног дараалан ийнхүү ойрхон үзэгдэж тохиохыг хууччуул шинжихдээ, "Хоргодож тохиох, хонож тохиох" зэргээр хэлдэг. Хэрэв сараа тойрох янзаар хоёр хоног дараалж ойрхон үзэгдвэл сайнгүй гэдэг. Дамаа хаврын сардаа ийн тохиохыг зудархаг байхын дохио гэж үзнэ. Бас тийм ч элбэг үзэгдэл биш. Аль болох холуур зөрөхийг алсдаа гэм багатай гэдэг. Дашрамд хэлэхэд манай орон уужуу учраас бүр онцгой тохиолдол биш л бол зарим газартаа гантай, зудтай, зарим газартаа зунтай өнтэй байдаг. Ийм учир нарийвчлан өдөр өнжилгүй тэнгэр хангай, үүл ус, салхи шуурганы хөдөлгөөнийг давтагдах цаг хугацаатай нь, түүнээ дагасан ямарваа амьтдын зан байдлыг ажигладаг учир зэгсэн гярхай ухаан шаардагдана.
Хаврын тэргүүн сарны хэв зэгсэн гэдэргээ өеө сар гарсан. Бараг тас гэдэргээ хараад хэвтчихсэн шахуу сар байв. Ийм сарыг цастай байх нь ээ, цасархаг сар болох нь хэмээн шинждэг. Нөгөөтэй малын хээл хүндрэх хаврын тэргүүн сарыг даамай их босоо байхыг ер таашааж үздэггүй. Шинэ төлд муу гэж үзнэ. Нээрээ л малын хээл дөхсөн шинийн сар босоо гарвал хээл хүндрэх ба, мал төллөхдөө ядардаг нь үнэн байдаг. Босоо сар гарсан бол үргэлжилсэн шуурга салхитай хүйтэн хавсаргатай байдаг учраас хаврын малд ээлгүй гэсэн үг. Тэгээд эх мал ядарч төллөсөн тул жилбэ муутайн улмаас төлөө цатгахгүй, төл хорогдох нь их. Тэгвэл морин жилийн хаврын тэргүүн бар сар маань нэлээн зэгсэн өеө сар гарсан учраас төл сайн авах нь ээ. Ер хаврын тэргүүн сар даамай ягнайсан бол тухай сардаа байг гэхэд хаврын сардаа хуртай, хавартаа байг гэхэд жилдээ хуртай байхын шинж. Тэгш дөрвөн улирлын хамгийн ах улирал нь өвөл. Хамгийн дүү улиралыг намар гэдэг.
"Өвлөө дагаж хавар" гэдгийн цаад утга учир их нарийн. Өвлөөс хаварт шилжих цагт ихэвчлэн хээлтэй малаар шинждэг. Өвлөөс хаварт шилжих үест мал их ховдоглоод хотонд орж өгөхгүй, бэлчээрт хэчнээн өвстэй ч цаанаа л нэг өлөрхөг шинж мэдэгдвэл хавартаа хэцүү байхын дохио! Хээлтэй мал газрын өөд явахыг халгаад аль болох нам доор газрыг бариад байх аваас хавар хүндхэн болохын шинж. Төрөх дөхсөн ямарваа эх амьтан өөрийн зөнгөөрөө мэдрээд тэнхээ тамираа нөөдөг санж. Зарим жил хээл нь томорсон ч гэлээ эр сувай малтай арцаж газрын дээд тал барьж бэлчээд байх нь бий. Тэр нь хавартаа тэнгэр тогтуун, малын идэш ууш шим сайтай тамир тэнхээ сайн байхыг илтгэнэ. Энэ жил чухам хээлтэй мал бэлчээртээ гарахдаа ямархан байгаа юм бол, түүнийг малчид л анзаарах ёстой.
Шинийн гурванд хөх хулгана өдөр байсан, тэр өдөр ихэнх нутгаар цасан шуургатай байсан. Хөх хулгана өдрийн тэнгэр хэрхэх нь тухайн сараа шинждэг шинжээнүүдийн нэгэнд багтдаг. 60 хоногоо шинждэг өчигдөр, өнөөдөр цагаан морь, цагаагчин хонь өдрүүд байлаа. Улаанбаатар хот орчмоор цагаан мориндоо хүйтэн сэвэлзүүр салхины амьсгаатай байсан бол цагаагчин хониндоо арай уядсан ч гэлээ бас ялимгүй жавартай байлаа. Нөгөөдөр харагчин харагчин тахиа өдөр. Харагчин тахиа өдрийг бас шинждэг учир тэр өдрийн цаг агаарыг бас л ажих нь ээ.. Харин хойт сараа шинждэг хуучны 27, 28-ндаа тэнгэр ердийн байсан. За ингээд олон олон шинжээг хольж сүлээд ерөнхий дүнгээр гэвэл хавартаа ихэнх нутгаар хавсаргатай байх болов уу. Говь тал хээрийн бүс нутгаар ойрын өдрүүдэд салхи нь урдаасаа хойшоо эргэж салхилаад байж магадгүй. Хэрэв тийм бол хавьд урин дулаан болж өгөхгүй, хохилзсон хүйтэн шуурга салхи үргэлжлэх нигууртай.. Ер нь хүйтэн шуурга л малын хүч тэнхээ барчихдаг гэмтэй. Иймд салхи багатай байх болтухай гэж залбирах минь! Монголчууд бид цаг хугацаа орон зайнаас үл хамааран бэлчээрийн мал аж ахуйгаа л хайрлан хамгаалах хэрэгтэй. Малаа хайрлахын тулд малчид маань эх орныхоо цаг агаарыг өөрийн нутагладаг газрынхаа онцлогтой уяж сайтар шинжиж судалж сурах, тэгэхийн тулд байгал эхээ, газар орноо нүдний цөцгий мэт гамнан хайрлах ёстой. Энэ нь зөвхөн малчдын үүрэг төдийгүй Монгол хүн бүхний үүрэг хариуцлага мөнөөс мөн! Дээр нь нэмж хэлэхэд шинийн саран туранхай өнгө үзэмж тааруухан, хоёр үзүүр шөвх учир хүн амьтны сэтгэл санаа амаргүй. Төр улсын хэрэг хурц, хэл ам хэрүүл тэмцэл ихтэйг илтгэнэ. Ер нь энэ жил бол том агуулгаараа машид сайн жил гарч байгааг хүн бүхэн анхаарах учиртай! Сайн гэдэг нь болбоос тэнгэрийн жам ертөнцийн хууль үйлчилж бусармаг үйл явдалтанд халгаатай, үнэн зөв сэтгэл зүтгэлтэнд ээлтэй жил байх бий вий! За тэгээд учир утгыг нь ойлгож ухаарахгүй, элдэвлэж доромжлоод л, үгүйсгэж няцаах гээд байлгүй сайтар тунгааж уншигтун!
Хумбагарын Батмэнд. 2026. 02. 26.
***
2026.1.3нд нэмэв
Шинийн 15-нд хэрхэх вэ! Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 15.
Өнөө орой дүүрэн тэргэл сартай үдэш. Тэргэл сартай шөнө бусдыг өршөөж уучилдаг, үл ойлголцож явсан, өс хонзон санаж явсан бол түүнээ цайруулж сүү сааль өргөдөг, арц хүж аргал хомоолын утаагаар гэр орноо болоод хүрээлэн буй орчноо ариулдаг ёстой. Дүүрэн тэргэл саран адил харанхуйг гийгүүлж гэрэлтүүлэх чин эрмэлзэл тээж явбаас таны үйлс бүтэж зам мөр тэгширдэг хэмээн үзжээ. Анд нөхөр бололцох, алс замд явах зэрэгт 15-ны өдөр маш сайн. Эрт дээр үедээ сар дүүрсэн 15-нд цагаалж шинэлдэг, тэнгэр газраа аргаддаг байсан гэх яриа ч бий. Сарны тоололтой үндэстэн улс сараа их шинжинэ. Саран саруулд сэтгэл зүрх сүнс сүлд нь ер бусаар сэргэдэг ажээ. Ер нь бол 15-ны шөнө мордоод давхичихмаар, хангитал дуулмаар, тэнгэр ширтэн таг чимээгүй болж бясалгамаар ч юм шиг, аниргүйн гүнд гав ганцаараа баймаар гэхчлэн сэтгэлийн утас янз бүр болж хөвөрдөг. Хүн байтугай ямарваа амьтад хүртэл тийн баясдаг. Чоно яагаад саран өөд, бүр тэргэл саран өөд хошуугаа өлийлгөн байж уянгалан ульдаг вэ! Саваагүй нохой саранд хуцна гэдэг үгний чинад агуулга юу вэ, гэхчлэн юмс үзэгдлийн харилцааны зангилаа ончроог тайлах л болж таарна даа.
Дээр дурдсанаар 15-нд цагаалж шинэлдэг байсан гэх үнэн худал үл мэдэгдэх зүйлсийг эргэцүүлбэл Монголчууд хүнтэй малтайгаа, чонотой нохойтойгоо бүхий л амьтад ер 15-ны тэнгэрийн дор, ертөнцийн оршихуйн их гэрэлд хамаг баяраа хуваалцдаг байсан юм биш болов уу. Цагаалж шинэлэхээ байг гэхэд ямар ч гэлээ хүн амьтны сэтгэл засдаг байжээ. Таг харанхуйг асгарсан сарны тэр их гэрэл гэгээнд алив сайхны ерөөл хурайлан оршихуйгаа ариулж байсан шигээ. Билгийн тооллын арван таван хүртэл "Шинийн" гэж нэрлэнэ. 16-наас хойшихыг болбоос хуучны тэдэн эдэн гэж тоолдог. Орчин үед бүхнийг шинийн гэж дуудах гээд байх болж. Жишээ нь "Намрын дунд сарын шинийн 17-н" ч гэх шиг.. Тэгж ярьдаггүй юм аа! Зүгээр л хуучны 17 гэвэл зохино. Сар хуучрах гэж хэлцдэг. Яагаад хуучрах болов гэдэг үг нь хүртэл ардаа далд агуулгатай. Болж өгвөл сар хуучирсан үед биш, сарын шинэдээр андгай тангараг тавьдаг, бүр сар дүүрсэн шөнө бол маш сайн хэмээжээ. Монголчууд 15-нд бусдын сэтгэл засдаг заншилтай. Монгол хүмүүн та бид ер сардаа нэг удаа ч гэлээ хар буруу санаж үл ойлголцож явсан хүнээ уучилж өршөөж сурах хэрэгтэй. Тэр нь 15-нд юм. Тэгэж байж таны болоод эргэн тойрны хайртай хүндтэй хэн бүхэн элэг зүрх цэвэр ариун оршдог. Орчин цагт бид ямар гээч аймшигтай их өвчилж цаг бусын хагацал үзнэм бэ! Ердөө билэг чанарыг умартаж аргад хэтийдсэнийх. Арга ухаан даамай ихсэхээр амиа үрж хаячих гээд, уул усаа ухаж хаяад ус рашаанаа ширгээж орхиод байгал ертөнцийн оршихуйн жам ёсны их хуулийг зөрчдөг. Тэр үйлийн үрээрээ үргэлж бусдад садаа болдог. Балгаар үйлийн үр нь яаж зузаардаг гэж санана! "Аймаар, аягүй, гайтай, лайтай, үхлээ хатлаа" гэж өөрийн ухаа мэдрэлгүй үргэлж дуудаад болохыг алдарсан амны алдсаараа муу муухайгаа урин залаад ёр нь чинь биелэлээ олжээ гэсэн үг! Өөрөөр хэлбэл муу муухай бүхний хар гай цугларч бөөгнөөд хар эрчсийн ид шид нь тийн хүч нь эрчилснээр таны эргэн тойрны хэнийг ч гэлээ өвчин зовлон үхэл хагацалд хүргэдэг аюултай! Иймд бид одоо одоо ч юмны учир утгыг тунгаах нь ус агаар мэт чухал...!
Хуучин цагт 15-ны шөнө хаа нэгтэйгээс дайлан богцондоо жаал зугаа юмс хийгээд ганзагалсан хүн ирэх тохиол байдаг байж. Тэгээд,
- Би өөрийг чинь жаахан буруу зөрүү бодож явжээ. Танд баахан гомдож явлаа. Одоо ингээд цайрцгаая. Миний зөв байсан ч би эхэлж өршөөл хүсье! Арван тавны сарны дор Арван хар нүглийг цэвэрлэн цэгцлэхээр ирлээ. Ариун сайхан чанарыг нэмэн сэргээхээр Алс хэтийн зам харгуйгаа бодсоор ирлээ гэх зэргийг өчөөд бэлэг сэлт барих, сэтгэл засах ямарваа үйлсийг эхлүүлдэг байжээ.
15-ны тэнгэр дор засаж цайруулдаг үйлс бишгүй. Тэдний нэг бол зуны улиралд "Цүү хаях" Тэнгэр хилгэнүүлж, газраа орноо дошгируулсан, гол ус бузарласан бол арван тавны сартай шөнө цүү хаяж үүгээр түүгээр шуугилдан хөөцөлдөж инээд хөөр болцгоовол лус савдаг ихэд баясдаг учиртай. Чоно хотонд эргээд бүр болохгүй шиг бол цагаан мод хаяж шуугилдаж тоглоод л зүгээр болчихдог. Тэр бол амьдрал дээр батлагдсан зүйл. Арван тавны сартай шөнө архи бага шиг хүртэж сайхан найрлавал хүн зоны тангараг дамцаг сэлбэдэг. Тийм учраас зуны саруудын шинийн 15-н болон намрын эхэн дунд саруудын дүүрэн тэргэл сартайд голчлон найрчид айл хунараар орж гараад аяга тагш шимийн архи хүртэж амны билэг мэдэн ерөөл билгийн үгсийг харамгүй айлдацгааж, уртын дуу, ардын дуугаа хоолой мэдэн дуулцгааж найрлан цэнгэдэг заншилтай.
Заавал айл хэсэхгүй ч гэсэн саранд санал хүслээ шивнээд сүү цагаа өргөөд цээж хөндүүрлэн тээглээд байсан ямарваа муу эрчис, гомдол цөхрөлөө тайлж хаявал зохилтой! Урьдын панзчин наймаачид наймаа худалдаа хийхдээ хэн нэгнийг илэрхий хожсон гэхүү, хожоотой наймаагаар цаадах хүнийхээ сэтгэлд сэв суулгаж наймаа панз хийчихсэн, цаадах нь жаахан харамсалтай энэ тэр байгааг зөн билгээрээ мэдрээд 15-ны сартайд зориуд хүрч очин наймааны хортоо тайлдаг заншилтай байсан гэдэг. Ер нь ямарваа наймаа худалдаа хийдэг хэн ч гэлээ 15-нд наймааны болоод мөнгөний хортоо тайлна гээч юм хийдэг ёстой.
Ер наймаачин гэлтгүй өнөөгийн нийхэмд нэгэндээ өс хонзон санах гэнүүр гомдол тээх явдал бишгүй. Хэрэв тийм юм байгаа бол 15-ндаа заавал нэг утсаар ярих, тус хүргэх гэхчлэн санаа сэтгэлийг нь тэнийлгэж чадвал өөрийн буянд маш сайн юм гэнэ билээ. Бусдыг гомдоож хохироох, мөн бусдад гомдол тээж явах алс хэтдээ маш муу! Өрөөлд атаа хорсол зангидаж занаж зүхэж явдаг хүн бол хэзээ ч өөдөлдөггүй юмсанж. Тиймээс эрхэм та нөхөд минь өнөөдөр биш ч гэлээ хойт сарын шинийн 15-ндаа, ер аль ч сарын 15-нд чин сэтгэлийн угаас уучлал хүсэх ба өршөөж сэтгэлээ цэвэрлэвэл танд өөрт чинь л сайн. 15-ны тэргэл саран адил харанхуйг гэрэлтүүлж явцгаая та минь ээ! Өөрийгөө хянаж өрөөл бусдыг хайрлацгаая. Тэгэхийн тулд зүгээр л цаад хүнээ сайн сайхнаар бодоод ерөөцгөөе! Би лав өнөөдөр сэтгэлээ цэвэрлээд бүхнийг уучилчихлаа....!
Хумбагарын Батмэнд. 2026. 01. 03.
***
Өвлийн сүүл сарын шинийн 2 ба 5ны сар
Шинийн сарны тухай хоёрхон өгүүлбэр тавья. Өвлийн адаг сар машид туранхай жаахан өеөдүү сар гарлаа. Өчигдөр орой шинийн 05-ндаа саран, үдшийн гялаан одтой тохиов. Тохиолын үеэрээ Тосонцэнгэлд лав тэнгэр тогтуун байв. Мэдээж хүйтэн жаавартай. Сар маань алсаараа жаахан өеө юм. Харин гялгар нь доогуур зөрж тохиох нь сайн тохиолго. Өвлийн адаг сарын сүүл рүү буюу хаврын эхэн сартай золгох малын хээл хүндрэх үедээ ээлтэй тохиолго, төлд сайн гэдэг байлаа. Зарим тохиолго төллөх эх мал болоод төлд харш нь ч бий. Өвлийн адаг сар ялимгүй цастай, бас хүйтэвтэр байх болов уу. Дунд сарын тохиолгын шинжээг хэлэхдээ цас багатай ч их хүйтэрнэ гэж бичсэн, тэр маань яг л таарч байх юм. Харин өвлийн адаг сардаа хүн зоны сэтгэл санаа хямралтай, өө бүр ялимгүй цумралтай ч байж мэднэ. Хоорондоо эвтэй байхгүй бол их ард олны их хямрал цумрал хэцүү шүү! За тэгээд тохиолгоо хэрхэн яаж угаахыг харж байя даа. Хэдхэн хоногийн ардтаа сар мичдийн тохиолго бас хэрхэхийг шинжинэ. Ер нь бол өвлийн адаг сар тийм их дулаарч уярах нь юу л бол. Алсаараа хүйтэн жавар нь зуунгдуухан байх бий вий...
Хумбагарын Батмэнд. 2026. 01. 24.
***
Өчигдөр үдэш сар мичидтэй тохиожээ.
Сарныхаа доогуур зөрж тохиосон харагдана. Хэдхэн хоногийн өмнө сар үдшийн гялаан одтой тохиоход мөн л сарныхаа доогуур зөрсөн. Угтаа бол яг ингэж доогуур нь зөрж тохиодог жамтай. Сүүлийн 30 гаруй жилүүдэд тохиолго болгоноор шахуу сарныхаа дээгүүр зөрөөд байсан юм. Одод сартай тохиохдоо дээгүүр нь гарахыг "Саран дээрээ сарьчихлаа" саарахын дохио хэмээнэ. Хүн амьтны зан суртахуун муудаж, тангараг дамцаг доройтож аливаа юмсын дэс дараалал, эрэмбэ дараалал алдагддаг гэж үздэг байжээ. Дээр үед бол хааяа нэг тийн саран дээрээ сарьж тохиож үзэгдэхээс үргэлж үзэгдэх үзэгдэл биш юм байх аа.
Гэтэл 1990-ээд оны эхнээс хойших тохиолго үргэлж шахуу сарныхаа дээгүүр зөрж тохиогоод, хойт сарынхаа тохиолгоор тохиох, эсвэл тэгш тоондоо тохиогоод байх болчихжээ. "Цаг их муудах нь дээ, бурхан минь" хэмээн хууччуул ярилцдаг байв. Дараалан жил хэртээ, нэгээс хоёр жилийн турш тохиох хугацаанд жамаараа тохиогоод сарныхаа доогуур зөрдөг жам эрэмбээрээ тохиогоод явчихвал сайн цаг наашилж муу муухай юмс байр байрандаа очиж ус тосоороо ялгарах учмртай юм гэдэг. Энэ жилийн тохиолго хойт сарынхаа тохиолгоор тохиогоод яваа. Өчигдөр өвлийн тэргүүн сарын 09-ндөө тохиолоо. Уг нь бол хаврын тэргүүн сарын шинийн 09-нд сар мичдийн тохиолго тохиодог. Энэ сар 11-ндээ тохиох ёстой байв. Монгол шар зурхайгаар бол өчингдөр шинийн 10 юм билээ.
Од эрхсийн тохиолгын жам алдагдах тусам, эмэгтэй хүний сарын тэмдгийн хугацаа алдагдаж сэтгэл санаа хямардаг гэж үзжээ. Үерийн усанд урсаж живдэггүй, сөрж сэлдэг. Тэр хэрээрээ эрүүл энх амьд мэнд гардаг шиг цаг муудах тусам анхааралтай явахыг сургадаг. Байгал ертөнц бүхий л бодь галуудаас шалгалт авдаг санж. Тэр шалгуурыг ухааны цараар давбал заяа тэнгэр нь ивээдэг. Хүн хэдий чинээ ухаа сэхээтэй оршино, мал болоод бусад бүхий л амьтад даган дуурайдаг гэж үгтэй. Тийм болохоор хүнд илүү оюун ухаан, илүү урт нас хайрласан. Гэтэл хүн төрөлхтөн бид хүнээ байчихлаа. Хүнээ байхын хэрээр зовлон үргэлжид сүүдэр мэт дагадаг. Тэнгэр од эрхсийн зан үйл жам алдагдах тусам бид сэрэмжтэй явах учиртай. Энэ бол шалгуур давж гарах хууль юм. Өдгөө ухамсар дорой хүмүүс машид ихэссэн нь шалгуурт унажээ гэсэн үг.
Ер нь од эрхэс шинийн сарны хэв шинж, цаашлаад саран тэргэл болтлоо хэрхэн яаж дүүрэв, хөмөрч дүүрэх нь үү, гэдийж дүүрэх нь үү, анх шинийн 02-ндоо үзэгдсэн шиг хэвээрээ хоног хоногоор нэмэн нэмэн дүүрэх нь үү, сар хэд дэх хоногтоо ямархан өнгө засав, эсвэл өнгө алдаж бүрсгэр үзэгдэнэ үү гэх зэргээр нарийн торгон шинжээ их бий. Тэр үеэр үеэр хүн мал амьтны зан байдал хэрхэв гэдгийг ажиглана. Өвлийн дунд сар таван бямбатай сар байсан бол энэ сар таван даваатай юм. Таван даваа, таван бямбатай сарыг яггүй сар гэдэг. Өмнөх сар машид хүйтэрсэн бол энэ сар дулаараад нэг их гийхгүй хэр нь хүн мал их зутарна. Иймд бие сэтгэлээ анхаарвал зохино. Малынхаа хашаа хороогоо дулаалж яс, шимэлдэг зэргийн түлж хиншүү хярвасаар утвал сайн. Малчин айлууд нүүрс зэрэг уламжлалт бус түлээ түлш түлэх цээртэй. Орой мал хотлох өглөө мал бэлчихийн өмнө аргал хөрзөн түлж хоттой малынхаа сэтгэл санааг сэргээдэг заншилтай. Ер нь од эрхсийн тохиолго тохиох үесээр мал амьтны зан харилцаа, бэлчээрлэх хөдөлгөөн, хэвтэр, нүд зэргийг машид сайн ажиглана. Мал амьтад биднээс илүү ухаалаг байх явдал өчнөөн. "Таван хошуу мал чинь бидэнд хичээл заадаг, бидний багш юм" гэж Н.Жанцанноров багш хэлж байсан санагдана. Тэр бол агуу ухаалаг хүний үг мөнөөс мөн. Бид юм ажиглаж анзаарахыг байчихсан. Юм анзаарахгүй байхын хэрээр хувь заяанд сэв суудаг. Сүүлийн үеийн хүн зон, мал, араатан амьтдын зан машид эвдэрсэн. Түүнийг анзаарсан бол дагаж эвдэрч үл болно! Монгол хүн бол сайн сайханд аль болох манлайлж явах ёстой. Байгалийн хууль, ертөнцийн жам ёсыг сахин хамгаалж зан араншин аж амьдралаа тэрхүү хуулин дор тааруулж захирагдах үүрэгтэй. Хүн төрөлхтний өмнө, хорвоо ертөнцийн өмнө монголчууд бид машид том үүрэг хариуцлага хүлээсэн улс гэдгээ ямагт санаж явах ёстой. Эс бөгөөс заяа тэнгэр нь хаядаг гэмтэй шүү та минь ээ!
Хумбагарын Батмэнд. 2026. 01.28.
***
2026.3.4
🔴 Сарны бүтэн хиртэлт. Баруунд улаан өнгөнөөс нь болоод "blood moon" гэдэг бололтой. Сарны дараагийн ийм хиртэлт 2028 онд л тохиох гэнэ.
~ Хуучин цагт сар хиртэхэд уншсан нэг тарни нэг түм болно гэдэг учраас ном тарнидаа их шамддаг байжээ. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн 15-тай дохиож буй нь улам их ерөөл бэлгэ зохилдлого таарч байна.
❤️ Ум Аа Хум Базар Гүрү Бадма Сиди Хум 🙏.
***
Comments