Төлбөргүй, нэмээд урамшуулал олгодог Жава програмчлалын сургалтын боломжийг атгасан, тэмүүлэлтэй хүмүүсийн нэг

mkit.mn вэб хуудаснаас хуулбарлав

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ) нь Монгол Солонгосын мэдээллийн технологийн сургалтын төв (МКIT)-тэй хамтран КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр төлбөр хураамжгүй компьютерийн анхан шат болон вэб програмчлал, дизайн мөн Жава програмчлалын сургалтууд явуулж байгааг

2017 оны 5-р сард анх Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан Аялалын хөтөч-тайлбарлагчийн мэдлэг олгох төлбөргүй сургалтанд очихдоо анзаарч мэдээд,

Жава програмчлалын сургалтанд бүртгүүлснээр 8-р сард элсэх шалгалтыг өгч суралцах эрхээ авсан.



Дараа нь ярилцлаганд орж
1998 онд сурч төгссөн програм хангамжийн инженер мэргэжлээ дээшлүүлэх, Жава програмчлалын хэл сурах хүсэл сонирхолоо илэрхийлж, сургалтанд тавигдах шаардлагыг зөвшөөрч, хичээл эхлэхийг хүлээсэн.

3 сар үргэлжлэх сургалт тул идэвхийг сайн байлгах, ирцийг хадгалах зорилгоор 200000 төгрөгийг барьцаа болгон шилжүүлэх, улмаар ирцийг 70%-иас багагүй хангасан тохиолдолд энэ барьцаагаа буцаан авах, чадаагүй тохиолдолд буцаан олгохгүй болохыг хараад аргагүй л IQ шалгалт авч тэнцсэн хүмүүс олон байгаа, мөн дундаас нь сургалтаа болих нь өөр нэгэн залуу хүний сурах боломжийг цаг хугацаагаар хоцруулж байгаа гэдгээрээ ойлгомжтой байсан.

Мөн эхний 2 сард тус бүр бусдыгаа тэргүүлэн суралцсан 3 хүнийг И-Март дэлгүүрээр үйлчлүүлэх 50000 төгрөгийн эрхийн бичгээр урамшуулах,

төгсөлтийн 3-р сард нийт суралцсан байдлаараа тэргүүлсэн 3 суралцагч, гэхдээ явцын шалгалт, идэвхит байдлаар авах ёстой нийт онооны 70%-иас дээш оноонд хүрсэн байх шалгуурыг хангавал 100000 төгрөгөөр урамшуулдаг нь залуусыг идэвхижүүлж байсан байх.



Миний хувьд ангийн залуусаа манлайлсан 3 суралцагийн нэг нь байж, эхний сард 50000 болон хамгийн сүүлд нийт үнэлгээгээрээ 100000 төгрөгийн урамшуулал авсандаа баяртай байгаа.

10-р сарын 2-нд хичээл эхлэж, шахуу хөтөлбөрөөр Жава програмчлалын хэлийг түүхээс нь Eclipse Spring MVC вэб програм бичих хүртэл 7 хоногт 3 удаа 10:00-12:30 цагт суралцсаар, 2018 оны 1-р сарын 5нд сургалтыг амжилттай дүүргэсэн гэрчилгээгээ гардан авсан.

Хүсэж байсан Жава програмчлалд КОЙКА-ийн тэтгэлэг, НЗХГ, МКАйТи сургалтын төвийн хамтын ажиллагааны үр дүнд суралцаж төгсөж байгаадаа талархан 41 насандаа Жава програмчлалын хэлийг сурч байна нийтлэлийг бичсэн.

 
Зургийг https://www.facebook.com/mkitcenter/ хуудаснаас авсан


Энэ хугацаанд анги хамт олон бүрэлдэхэд анхаарч сагсны тэмцээнийг зохион байгуулж, эхний 3 байрыг И-Март дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнаж, Солонгос хэлийг төлбөр хураамжгүй сурах боломжийг мөн хүртсэн.

Одоо манай Жава ангийн төгсөлтөөс 3 суралцагч үргэлжлүүлэн тус сургалтын төвийн Инкубаторт 3-12 сар дадлагажих эрхийг мөн шат дараалсан хүсэлтээ гаргаж, ярилцлаганд орох замаар авч, сар бүр унаа, хоолны 440000 төгрөгийн тэтгэлэг авах гэрээгээ байгуулан 2-р сарын 1-ээс эхлээд байгаа.

ulaanbaatar.mn вэбээс хуулбарлав




Энэхүү төлбөргүй, нэмээд урамшуулал олгож хүсэл зорилго, тэмүүлэлтэй залуусыг дэмжиж мэдээллийн технологийн мэдлэг, чадвар эзэмших, ахиулах боломжийг хүртэж байгаа нь надад харьцуулж бодох олон зүйлсийг санууллаа:

- ЕБС-д суралцаж байгаа өнөөгийн хүүхэд багачууд нь

ангийн эцэг эхийн хурал, зөвлөлийн хамтын шийдвэр гэх нэрээр ангийн хуримтлал гээд сар бүр 3000-аас багагүй мөнгийг нийлүүлж, түүгээрээ ангиа угаах угаалгын нунтаг, хувин сав, цаашилбал бүр энүүхэн сургуулийнхаа олимпиадад орох мандатны хураамж, улсын шалгалт авч байгаа багш нарт цай хоол өгөхөд зарцуулах гээд тухайн сурагчийн нэрээр цугларах ёстой мөнгөнд сурагч хүн бодолд орж, аав ээжээсээ аваад байх нь заримдаа ч ядаргаатай санагдаж, эмээ өвөө, ах дүү гээд бусад хүнээс царайчилахад хүргэдэг энэ арга ажиллагааг үндсээр нь таслан зогсоомоор байдаг. Хэний ч хүүхэд мөнгө бодохгүйгээр дунд, бүрэн дунд боловсролоо эзэмшээсэй. Би Монголын сурагчдын холбоонд санал бодлоо бичиж байсан.


- Хотын нийтийн төв номын санд ажиллах хугацаандаа

2005, 2010 онд АНУ-ын номын сангуудтай танилцаж, мөн 2009 онд БНХАУ, 2010 онд Словен улсын нийтийн номын сангууд нь татвар төлөгч иргэд, хүүхэд багачуудынхаа эх хэлээрээ унших, мэдээлэл авах эрхийг нь тэгш эдлүүлэхийн тулд улсын төсвөөсөө санхүүжилтээ авч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн дурынханы хүчийг татан оролцуулах зэрэг удирдлага, зохион байгуулалтын арга нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн, бараг түрүүлж явдаг болохыг мэдсэн цагаас
Нийтийн номын сангийн үйлчилгээнд уншигчаар бүртгүүлэхэд, гэрээр ном авахад хоног тутамд ном бүрээр хураамж авдагийг өөрчлөх гэж хэд хэдэн санаачлагууд гаргаж байсан нь 1-3 ангийн сурагчид төлбөр хураамжгүйгээр тодорхой хоногоор гэрээр ном олгодог, уншигчаар бүртгүүлэхдээ хураамжгүй болгож чадсанаар өндөрлөсөн. Хүмүүс бид яах гэж татвар төлдөг юм вэ, тэртээ 1800-аад онд Англи, АНУ-д бий болсон нийтийн номын сангаар дамжуулан нийт татвар төлөгч нь насан туршийн боловсролоо ахиулах хэрэгцээ, мэдээлэл олж авах тэгш эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

- КОЙКА байгууллагаас сайн дурын номын санч мэргэжилтэн Хей Ён манай номын санд бидний хүсэлтээр ирж 2010-2012 онд ажиллаж, номын сангийн каталогийн цахим сан нь зөвхөн дотоод сүлжээнд, мөн ариал мон үсгийн форматаар хадгалагдаж байсаныг өөрчлөхөөр КОЙКА байгууллагад төсөл бичиж, сервер компьютер, ном хайх компьютерууд мөн хамгийн гол нь koha гэдэг нээлттэй програм хангамжийг нэвтрүүлэн өгөгдлийн сан ариал фонттой юникод орчинд, интернэтээр номын каталогоос ном хайх, бусад боломжуудыг бий болгоход бүрэн дэмжлэг, туслалцааг авсан маань санаанд дахин буулаа.

КОЙКА байгууллагын санхүүжилт, туслалцаа нь хүмүүст ижил тэгш нөхцлийг бий болгохын төлөө байж, үүнийг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа НЗХГ, МКАйТи сургалтын төвийнхөнд баярласанаа илэрхийлж, 2019 он дуусталх энэхүү сургалтын хөтөлбөрт олон залуус хамрагдаасай гэж хүсье.

Сурч мэдэхийн төлөө мэрийж чармайх үедээ уураг тархи, бие эрхтэнээ ус, шим тэжээл, дасгал хөдөлгөөн, эерэг бодлоор бүрэн хангаж, гэрээсээ чанартай хоол хүнсээ бэлтгэж чадсанаар таны зорилго биелэх тэр мөчид та инээд хөөр, аз жаргал дүүрэн байх болно, мөн бусдыг сайн сайханд уриалж чадна гэдгийг мөн нэмж бичье.

Сайн үйлс гэж нийтийн төлөө гэсэн үйлсийг хэлнэ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Нэмэлт

2018.3.23 Жава сонирхогч, хэрэглэгчийн бүлгийн 3-р уулзалт боллоо
2018-3-9 Жава сонирхогч, хэрэглэгчийн 2-р уулзалт-сургалтаас тэмдэглэл
2018.02.23 Жава хэрэглэгчийн бүлгийн анхны уулзалтаас тэмдэглэл

Comments