Шагай
Бог малын шаант яс (арын хөлөнд байдаг)-ны үзүүрт байх жижиг цул ясыг шагай гэж нэрлэдэг.
Шагай ясыг Дэлхийн хүн төрөлхтөн, Ази, Европ, Америк, Австрали тивд хэдэн мянган жилийн өмнөөс тоглоом наадгай, бусад зүйлд хэрэглэж байсаныг археологийн судалгаануудаар илрүүлж, музейн үзмэр болгосоныг интернэтээс харсан.
Үйлдвэржилт гэж нэрлэгддэг 200-аадхан жилийн өмнөх үйл явцаар малын мах, ясыг үйлдвэрийн аргаар боловсруулж, худалдаалдаг болсон нь шагай болон бусад ясыг бодит хэмжээ, хэлбэрээр нь харах, хэрэглэх боломжийг багасгажээ гэж дүгнэж болно.
Монголчууд бэлчээрийн мал аж ахуйтай нүүдэлчин ахуй соёлтой байгаагийн хувьд шагай ясыг өнөө цагт хүртэл хэрэглэж, уламжлан ирсэн шагайгаар тоглодог 60 орчим тоглоом наадгайгаа сэргээн хэрэглэх бүрэн боломжтой.
Хүн төрөлхтөн шагай хэмээх энэ жижигхэн цул ясны хэлбэр дүрс, шимт тос эрдэс, эрчим энергийг таньж мэдсэнээр хэрэглээ бий болгож, өвлөн уламжлуулжээ.
Шагайг их буцалган чанадаггүй, амандаа үмхдэггүй, мал төллөх үеэр тоглодоггүй, эсгий уут саванд хадгалдаг гэх мэт хорио цээр байдгийг анхаарна уу.
Бид 2008 оноос гэртээ гадаадын аялагч #айлчин найзуудаа ирүүлдэг болсоноор, шагайн тоглоомоо эргэн харан, зааж үзүүлэн, уншиж мэдэхийн төлөө байснаар
4 шагайгаар 20 орчим тоглоом тоглож болохыг цуврал бичлэгээр YouTube-д байрлуулж таниулж байгаа.
Шагайг Монгол хүн хэрхэн ойлгож, хэрэглэж байсаны үлгэр жишээ бол Төмөрбаатар ах
Хөлөгт тоглоом
Хөлөг дээр тоглодог 100 гаруй тоглоомыг бүртгэж, эмхтгэн Намжилдорж "Монголын хөлөгт тоглоом" 1966 онд хэвлүүлсэн 2 боть номтой бид 2006 оноос найзалж байна.
Монгол ардын хөлөгт тоглоомуудаас хамгийн түрүүнд сурах 3 тоглоом:
1. Чүү чамай (нэг хүн тоглодог)
2. Тооно (хоёр хүн тоглодог)
3. Олон санаа (гурван хүн тоглодог)
Монгол ардын хөлөгт тоглоомыг хүүхэд, дүү нар, ач гучтайгаа тогтмол тоглож байхыг уриалж, тоглоомын хөлөгтэй бүтээлүүдийг бид оёж, зурж байна.
Монголын хөлөгт тоглоомуудаас танилцуулсан даавуун уут, богц, сургалтын хэрэглэгдэхүүнийг оёмол, зурмал байдлаар бүтээж, танилцуулж байгаа жагсаалт
Шатар
Шатар хэмээх хөлөгт тоглоомын хүү, тэрэг, морь, тэмээ, бэрс, ноён дүрсүүдийг шагайгаар төлөөлүүлэн тоглодог байсан гэнэ.
Монголчууд шатрын дүрсүүдийг шагайгаар тоглодог байсаныг
Зөв үү Тав уу подкаст
(88. Хөлөгт тоглоомын соёл)-аас олж мэдэж, уг подкастыг сийрүүлэн бичсэн.
<<
ШАТАР
1. Хаад, дээдсүүд 144 хөлөгтэй шатраар нааддаг. Түүнд нь язгуур өвгөдийн оньс байдаг. Түүнийгээ Тэнгэрийн нууцтай их шатар гэж нэрлэдэг. Тэр шатарт суралцагчид ухаан тэлүүн, оюу билигт нэгэн болж өсдөг байжээ.
2. Түмэн ардын оюуг тэлдэг 64 хөлөгтэй шатар. Газрын сахиустай бага шатар хэмээн нэрийднэ.
3. Дайт эрсийн дайн суу заль боловсруулдаг 100 хөлөгтэй шатар. Түүнийг Дайны сүлдтэй бүтэн шатар нэрийднэ. Ийм 3 төрлийн шатраар Монголчууд нааддаг байжээ.
Хөх нууц судраас
Эх сурвалж: Вандандоржийн Эрдэнэсувд.
>>
Ишт шатар
Манайхан “Зуун буудалт шатар” гээд шууд ойлгоорой. 100-н буудалт даам гэж бий. Үнэндээ даам хөлгийхөө тал хувь дээр нь тоглодог. Ишт шатар нь бүх нүд буудлуудыг бүрэн дүүрэн ашигладаг үнэхээр оюун ухааны гайхамшигт тоглоом мөн. Бусад хөлөгт тоглоомыг нэг, хоёр хүн тоглож болно. Харин Ишт шатарыг хоёр хүн тоглох бас багаар (нийлж, хавсайдаж) тоглож болдог онцлогтой. Тоглолтод олон хүний оюун ухаан оролцоно. Ишт шатар тоглоход нэг хүний оюуны чадавх багтаамж хүрэлцэхгүй тохиолдол байдаг.
- Ишт шатарын хөлөг 10×10 зуун буудалтай (нүдтэй) байна. Ишт шатарын хөлөгийг "бялдар" гэж нэрлэдэг.
-Ишт гэдэг үг нь: Иш үндэс, \үндэсэн\ уг гарвал, \уламжилалт\ анхдагч гэсэн үг. Бас ид шидтэй, гайхамшигтай, оюунлаг, хязгааргүй , их.. гэсэн хураангуй хэллэг юм уу даа.
-Ишт шатар тоглогч нэг тал нь арван хүүтэй \гөлөг гэнэ\ байна. Хүү эгц уршаа өрсөлдөгч рүүгээ довтолж нүүнэ. Ташуу хоёр талын аль нэг нүдэнд нэг л иднэ. (Тэмээ шиг хол идэхгүй, даам шиг олон идэхгүй ). Эхлэж нүүхдээ 1.2.3-н нүдээр сонголттойгоор (дүрэмээр) нүүнэ. Төвийн дөрвөн хүү давуу эрхтэй анх гуравн нүдээр нүүх боломжтой. Хүү гурван нүдээр нүүхийг "туу" гэнэ (анч нохойгоор ан хийхэд хэлдэг үг). Хүү хэрэв 3-н нүдээр анх нүүсэн бол тэр хүү (дараагийн нүүдэл дээ) нэг удаа нэг нүдээр ухарч нүүх, боломжтой. Хүү ухарч нүүхийг "урьх дахь" гэнэ. (Урьх гэж ан агнуурын хэрэгсэл). Бусад хүү ухарч нүүхгүй. Хоёр захын гурав гурав зургаан хүү эхлэж хоёр нүүх боломжтой. Хүү хоёр нүдээр нүүхийг "түрэх" гэнэ. Эхлэж нүүхдээ нэг, хоёр, гурван нүдээр нүүвэл дараагийн нүүдэлдээ нэг л нүүнэ. Хүү нэг нүдээр нүүхийг "түлхэх" гэнэ. Хүү довтолсоор эсрэг талын бодны өрөлтийн байрлалд хүрвэл \Бод гарвал\ тухайн байрлалын бод болно. Бод гэдэгт бэрс,тэмээ, морь,тэрэг орно. Төвийн дөрвөн нүдэн (буудал) дээр хүү очвол бэрс болно \Бэрс гарна\. Бод, бэрс гарах нь тоглолтын ур чадвар бөгөөд олон бэрс гарахаас хамгаалсан хамгаалалт юм.
- Ишт шатар тоглогч нэг тал хоёр тэрэгтэй, хоёр морьтой, хоёр тэмээтэй, хоёр бэрстэй байна. Бод нь гол довтлогчид бөгөөд харилцан нарийн бэхлэлт хамгаалалтыг үүсгэдэг. Бод нэг ба хоёр нүдээр нүүхийг "урамгүй" нүүх гэнэ. Бод олон нүдээр нүүхийг "урамтай"нүүх гэнэ.
- Тэрэг урд хойт зүүн баруун дөрвөн зүгт нүүнэ. Тэрэг \ханхай гэнэ\ тэгш өнцөгт дөрвөн зүгт, чөлөөтэй нүүдэлд нүүнэ. Давж нүүхгүй. Нүүдэлийг нь хаасан аль нэг талдаа нэг л иднэ. Шатар анх үүсэж байхад үхэр дүрстэй байснаа үхэр тэрэг болж өөрчлөгдөөд одоо тэрэг гэх болжээ. Зөв байрлал эзэлсэн тэрэг давамгайлал ихтэй байдаг учир “Ханхай” гэх болсон.
- Морь найман чигт өрөөлдөж нүүж иднэ. Шатарт морь давж нүүдэг, иддэг. Нэг байрлалаас найман чигт хяналтаа тогтоож чаддаг хурдан гавшгай бод. Байрлал муутай бол “Чөдөртэй морь” гэж цоллуулна.
-Тэмээ ташуу өнцөгт дөрвөн зүгт (баруун урд, зүүн урд, зүүн хойт баруун хойт) нүүнэ, иднэ. Хар хөлийн тэмээ хар нүдээ, цагаан хөлийн тэмээ цагаан нүдээ дагна. Төвд байрлал сайтай тэмээг “Хатгай” гэх нь бий. Зормол шатрын толгой шовгор үзүүртэй байдаг нь үүнээс үүдэлтэй.
-Бэрс мориноос бусад дүрсийн нүүдэлээр нүүж болдог давамгай эрхтэй гол довтлогч. Хар цагаан хөл гэж хязгарладдахгүй. Монгол шатарт арслан , барын дүрстэй байна” Асар, басар” гэж нэрийдэг байсан. Зөв давамгай байрлалтай үед нь “Бэрс” ”Бэрс” гэсээр байгаад нэршил нь” Бэрс “болсон. Шатар сайн тоголдог тоглогч нэг бэрсээ хасаж тоголдог байснаас улбаалан 64-н нүдтэй нэг бэрстэй нийтийн шатар үүссэн түүхтэй.
-Ишт шатарт баатар (хиа хуяг, бамбай гэх нь бий) \ одоо бол хамгаалагч гэж болно\ ноёныхоо баруун гар талд байна. Гол үүрэг нь ноёноо хамгаалах. Өөрийн байрлалаас дөрвөн зүг найман зовхоист нэг нэг нүдээр нүүнэ, иднэ. Хүчэрхэг довтологчийн шалаа дулаанаас ноёноо хамгаалж завсараар нь орох нь гол нүүдэл нь боловч бусад дүрсүүдийг хамгаалах,бас хамгаалуулах нь элбэг. Баатар буюу хиа хуягийг хүүгээр идэхгүй заавал бодоор иднэ. Довтологч бод биш учираас эсрэг тал бодоор солих нь тэр бүр ашиггүй. Тоглолтын төгөсгөлд ноёнтой хоёулханаа үлдсэн тохиолдолд шууд бэрс болдог давуу талтай.
- Ноён шатрын гол дүрс. Анх хүн гэгдэж байсан хожим ноён гэж өргөмжилсөн. Баатарын зүүн талд өрөгдөнө. Дөрвөн зүг найман зовихост нэг нүдэнд нүүж, идэх чадвартай. Тоглолтын явцад зэрэгцээ байрлалаас баатартайгаа нэг удаа байрлалаа сольж болдог. Ноён байрлал солихийг (хорьх орох) гэнэ. Одоо бол сэлгээ гэнэ. Хоёр ноён харилцан нэг нэгнээ идэх нүүдэл дээр хэзээ ч орохгүй хориотой. Тоглогчийн ноён ээлжит нүүдэл дээрээ шалаа, дулаа, цодын аль нэг нүдэн дээр хамгаалалтгүй нүүдэлгүй болвол хожигдолд ордог. Өөрөөр хэлбэл эсрэг талын ноёныг нүүдэлгүй болгож хожил авдаг.
Монгол шатарт маш олон уран гоё гараа, мад \хожил\ байдаг. Энгийн монгол шатар, нийтийн шатар, ишт шатар гуравын гараа ба төгсгөл (хожил) нь бараг ижил. Харин өрнөл (шатарын дунд үе) өөр байна.
Нийтийн шатар дэлхий дахинаа тоглогдож спортын нэгэн төрөл болон хөгжсөн. Нийтийн шатарын онол хөгжил оргилдоо хүрээд байна. Хиймэл оюун ухаан нийтийн шатарыг маш сайн тоглож байна.
Механикжуулалт, цахилгаанжуулалт, автоматжуулалт, цахимжуулалт, шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил, харилцаа холбоо, интернэт, хиймэл оюун хөгжиж буй нь сайн боловч бас муу тал сөрөг нөлөөлөл их. Өнөөдөр дээрх бүхнийг хүмүүс бид хийж удирдаж байна. Цаашдаа яах вэ? Хүмүүс бид өөрийн төрөлх оюун ухааныг хөгжүүлэхгүй бол, хиймэл оюун ухаан биднийг удирдан чиглүүлэх цаг ойрхон байна. Хүн төрөлхтөн оюуны дархлаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Бид бүгдийн сайн мэддэг тоглодог нийтийн шатар маань одоо миний бичээд байгаа ишт шатарын хялбаршуулсан хувилбар юм. Ишт шатарын (зуун буудалт) орон зай эрэлт хэрэгцээ бий болж байна. Алсын Америк, арлын Японд; Ишт шатарыг сонирхон судлаж шамдан сурч байна. Монголчууд бид нийтийн шатартайгаа л зууралдсаар суух уу?
Нийт иргэн, залуу үе, хүүхдүүд Ишт шатараа тоглон сурж хөгжүүлэн дэлгэрүүлээсэй. Төрийн бодлого ч хэрэгтэй байна. Аливаа улс үндэстэн өөрийн гэсэн онцлог түүх, өв соёлын ялгаа дархлаатай байдаг. Сайтар мартагдсан Ишт шатараа ШИНЭ шатар болгоё. Би, та, бид чадна. Зориглон бичлээ би.
Зориглон унш та.
Зорилого болгон сур Ишт шатараа.
Эх сурвалж: Дэлхийн зуун буудалт шатрын холбооны хүндэт гишүүн, 100 буудалт шатрын Өв тээгч В. Төмөрбаатар фасебуук
Шатар судлаач
100 буудалт шатар, Хүннүгийн тамгатай хөлөгт шатрын Зохиогчийн эрх, загварын патент эзэмшигч А. Батзориг
100 буудалт шатрын зохиогчийн эрх, шатрын тамгатай хөлөг загварын патент, монгол шатрын туульс зэргийн түүхэн судалгааг хийж оюуны өмчийн эрхийг эзэмшигч А. Батзориг. утас 9917 6906.
Comments