Миний сурч байгаа 5 дахь хэл бол Солонгос хэл

Эх хэл - Монгол хэл

Нялх балчир наснаасаа ээж, аав, эргэн тойрны хүмүүсийнхээ хэлж байгаа сайн, муу үг бүрийг сонсож, цээжилж төрөлх монгол хэлээрээ ярьж хэлд орсон.
8 настайдаа 1-р ангид орж Отгон багшаар цагаан толгойн үсэг заалгаж, уншиж, бичиж сурч байжээ.
Эх хэлээ үг, үсэг, дүрмийн алдаагүй, зөв цэгцтэй бодож, уншиж, бичиж сурахын тулд 10 жил ном, сурах бичгийн хуудас эргүүлж, монгол хэл, уран зохиолын багш нараар заалгаж,
гэрийн даалгавар, дүн авахад шахагдсаар энэхүү бодож, бичиж байгаа хэмжээнд сурч мэджээ.

Сурсан байдал: Үг, үсгийн алдаагүй бичдэг. 1 минутанд ... үг уншдаг.
Сонсох: маш сайн  Унших: маш сайн  Ярих: маш сайн  Бичих: маш сайн

Аугаа улсын хэл - Орос хэл

10 жилийн сургуулийн 4-10-р ангиудад Орос хэлийг Энхтагтаа багшаар заалгаж, Радуга сурах бичгийг өнгө өнгөөр нь цуглуулан хичээл хийж байсанаар хожим их сургуульд орос хэл дээр сурах бичиг унших, Орос улсад аялах үедээ хэл сурсны ач тусыг мэдэрч байсан. Орос хэлийг бага хэрэглэж байгаа хэдий ч аргагүй тархинд бичигдсэн, сурсан үг өгүүлбэр хэрэгтэй үед урсан гарч ирдэг юм байна гэдгийг 2016 онд ОХУ-ын Новосибирск хот руу замын машинаар аялаад ирэхдээ уулзсан орос хүмүүстэй харилцахдаа ойлгосон.

Сурсан байдал: Харилцааны хэмжээнд ойлголцох, унших чадвартай, үгсийн сан муу.
Сонсох: дунд  Унших: маш сайн  Ярих: дунд  Бичих: сайн

Олон улсын хэл - Англи хэл

10-р ангид сурч байхад 1993-1994 онд Монголын үндэсний ТВ-ээр англи хэлний Muzzy хичээл заагдаж, улмаар орос хэлний багш Энхтагтаа сургууль дээр дугуйлан ажиллуулж, англи хэлний цагаан толгойг зааж эхлүүлж байсан нь их сургуулийн 4 жил компьютерийн програм хангамжийн мэргэжлээр суралцахдаа англи хэлээр бичих, унших үндэс болж чадсан.
Хотын төв номын санд 1998 онд ажилд орсоны дараа жил Соросын сан буюу Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгийн тэтгэлэгээр Монголын номын санчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх 3 сарын эрчимт сургалт ESPI сургалтын төвд явагдаж, яриа, дүрмийн дадлага сайн хийж pre-intermediate түвшинд суралцаж байсан.
Ингэж сурсан, мэрийсэн нь номын сангийн ажлаараа 12 удаа гадаадын 8 улсад сургалт, дадлагаар явж суралцаж, сонсож ирэхэд болон, 2008 оноос хойш  олон орны хүмүүсийг гэртээ ирүүлж, харилцахад байнга хэрэглэж байна.

Сурсан байдал: Харилцаанд өргөн ашигладаг, бичих, унших чадвартай.
Сонсох: сайн  Унших: маш сайн  Ярих: сайн  Бичих: сайн

Дуудлагаар нь заалгасан - Япон хэл

МИДАС байгууллагын санаачлагаар, Мэдээллийн технологийн япон хэлний ICT-Japanese сургалт МТҮПарк дээр явагдаж, ЖАЙКА байгууллагын сайн дурын 2 гишүүн бидэнд япон хэлний яриаг зааж, би суралцсан хичээлээр вэб хийж байршуулж байсан түүх үлджээ.

Сурсан байдал: Үсэг мэдэхгүй, зөвхөн ярианы хэлэнд суралцсан. Одоо бараг ашигладаггүй.
Сонсох: муу  Унших: муу  Ярих: дунд  Бичих: муу

Шинэ боломж - Солонгос хэл

2017 оны 5-р сард Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгууллагаас зохион байгуулсан уулзалт, сургалтын үеэр MKIT сургалтын төвтэй хамтран ажиллаж байгааг нь мэдэж, улмаар 10-р сараас ЖАВА програмчлалын хэлний сургалтанд үнэ төлбөргүй суралцаж эхэлсэн.
Энэ сургалтын төвийн сургалтуудад хамрагдаж байгаа залуус Солонгосын мэдээллийн технологийн компаниуд, Солонгос хүмүүстэй харилцахад нь туслаж хэлний сургалтыг нэмэлтээр, үнэ төлбөргүй сурах боломжийг олгодог юм байна.
Ингээд Бэгзсүрэн би Дэлхийд ярьж байгаа хүний тоогоороо 20-д багтдаг Солонгос хэлийг Содболор багшаар заалгаж байна.

Сурсан байдал: Эхлэлийн түвшинд, дөнгөж цагаан толгой, үелэж унших хэмжээнд байна.

Comments