2021 онд бид юуг хийх хүсэлтэй байгааг
та уншиж мэдээд, санал бодлоо солилцоорой.
- Монгол үндэстэний түүх, Үндэсний бичиг соёлыг илэрхийлсэн ULUS тоглоомын төсөлд оролцож, энэ тоглоомыг сурч, танилцуулна
- гадаадын ямар нэг орц найрлага хэрэглэхгүйгээр, өөхөн тос (tallow), модны үнсээс бэлтгэсэн шүлтлэгээр (lye) саван хийж, хэрэглэнэ
- модны нүүрсээр (charcoal) ус шүүгч хийж хэрэглэнэ
- өмнөх онд эсгэж бэлтгэсэн байгаа 50 орчим даавуун уутнуудаа оёж, эздэд нь хүргэнэ
- өөрсдийн өмсөх дээлээ оёж өмсөнө
- онлайнаар соёл, ахуйгаа танилцуулсан үйлчилгээг traveling spoon, free birds co болон бусад вэб системүүдээр хийнэ
- Хоост Айлд зочлох хөтөлбөрөө нийтэд танилцуулан, гэртээ 24 Монгол өрх гэрийг ирүүлж, үндэсний хүнсээ бэлтгэх, тоглоомоо таниж сурахыг дэмжинэ
- Монголын хөлөгт болон шагайн тоглоомд суралцах хэрэгсэл Есөн даваа тоглоомын богцоо 12ш-ийг оёх, төмөр утсаар хийдэг цоож тоглоомууд, богтос ясаар хийдэг уяа тоглоомыг танилцуулна
- онлайнаар Эрүүл амьдралын хэв маягийн клуб, зөвлөгөө мэдээллээ түгээж 12 гишүүн өрхтэйгээр ажиллуулна
- хайлаасны үр, шар хуайсны үр хадгалж авсанаа соёолуулж, ургуулна
- Хамтын хариуцлагын тогтолцоот малчин төсөлд оролцоно
- биеийн хэвийн бүтцээ хадгалж, сэтгэлийн бие, сүнсэн бие, махан биеэ тэтгэнэ
2020 онд манайх дараах ажил үйлсэд тэмүүлжээ
- 10 улсаас 20 айлчин найзуудыг гэртээ хүлээн авч Монгол ахуй соёлоо танилцуулжээ.
- 2008 оноос манайд ирсэн гадаад найзуудынхаа бодол сэтгэгдлийг танилцуулсан #MongoliaFriend нийтлэлийг бичиж эхэлсэн.
Манай гэрт хадгалагдаж байгаа Зочдын сэтгэгдийн дэвтрийн хуудсыг цахим орчинд нийтлэх нь Монгол өрх айлаар дамжин Монгол улсыг танилцуулах мэдээлэл байна гэж Луна багшийн зөвлөгөө байсан.
- Гэргий бид хоёр 2006 онд даавуун дээр хөлөгт тоглоом оёж байсанаа эргэн дурсаж, Монголын хөлөгт тоглоомуудаа зааж сургахад тэмүүлсээр, Зураач Ундраа дүүтэйгээ ярилцаж байгаад, Есөн даваа тоглоомын богцыг бүтээлээ.
- Гэртээ гадаад айлчин найзуудаа ирүүлдэг туршлагаа Тэсийн гол дагуу амьдардаг Малчин өрхийн төлөөлөлд мөн TEDxChinggisCity2020 үйл явдалд танилцууллаа.
- Байгалийн аргаар нь дэмжиж ургуулсан хүнсний ногоотой танилцах, Ургац хураалтын үеэр хүн бүрийн хүч оролцоо хэрэгтэй болдогийг санаж, Сэлба хүнс компанийн ургуулсан байцааг агуулахад хайрцаглаж хийх ажилд гар бие оролцсон
- Бэлчээрийн үнээний сүүг таньж мэдэх, ашиг тусыг нь хүртэх, сүүн хүнсээ боловсруулдаг өрх айлыг дэмжсэн үйл ажиллагааг өрнүүлсэн
- Дотоодын аялал жуулчлал, нэг өдөр, хагас өдрийн бүтээлч аялал жуулчлалд бүтээгдэхүүн бий болгож, Хоост Айлд зочлох хөтөлбөрийг бий болгож танилцуулж, нэг өрх гэрийг хүлээн авсан.
- Битүү шөл, ороомог буузаа хэрхэн бэлтгэдэг арга технологийг таниулж, Монгол хоол заах онлайн сургалтыг traveling spoon вэбээр явуулж эхэлсэн
- Өвөр гүнтийн зусланд 30 гаруй улиас модыг мөчрөөр нь тарих ажилд оролцлоо
- Шагайтай үүргэвч 2020 аялал гэж төсөөлж Өвөр гүнтийн зуслан руу гэрээ нүүлгэж, зуслангийн бүсэд амьдарч, энэ бүсийн 80 гаруй өрх гэртэй танилцаж, нөхөрлөлөө.
- 4 шагайгаар тоглож болох Шагайн тоглоомуудыг танилцуулж бичлэг хийсэн
- Аялал жуучлалын бүтээмжийн Шийдэл төвөөс хуурай жорлон хүлээн авч, хэрэглэж байна.
- Монгол гэрт төслийн гэдэг Өлзий зуух хэрэглэх, нүүрс түлж гэрээ дулаан байлгах ёстой гээд бодчихсон зүйлсээ өөрчилж, гэртээ шавар зуух, 2 тогооны хосолмол зуухыг хэрэглэж эхэллээ.
Гэр бүлийн бүтээлч аялал
Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.
Comments