Тал нутгийн экосистем, түүний тэнцвэрт байдал сэдэвт уралдаанд бүтээлээ илгээж оролцсон

эх сурвалж: https://www.facebook.com/greenmongolia.mn/photos/110532358001384


Бүтээлээ илгээхдээ бичсэн миний имэйл

Амар мэнд үү,
Та бүхний санаачилж, зохион байгуулж байгаа 
"Тал нутгийн экосистем, түүний тэнцвэрт байдал" сэдэвт гэрэл зураг болон шторкийн уралдаанд оролцож буйдаа талархаж байна.

2021 оны 3-р сард Хэнтий аймгийн Дархан сумын нутаг, Дархан хар уулын зүүн энгэрт отроор очиж хаваржсан малчин айл дээр төл хүлээн авах ажилд нь 1 сар туслаж ажиллах үедаа авсан зураг, бичлэгээ дээрх уралдаанд зориулан илгээлээ.

Их зохиолчийн шүлэглэж дүрсэлсэн "Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд" газар нутгийн бэлчээрийг хаврын улиралд хог хаягдлаас цэвэрлэхийг уриалж 7 зураг,

мөн малчин айл бэлчээрлүүлэн маллаж байгаа хонь ямааны тоогоо МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу гуайн сургаж зөвлөснөөр 5 хонь, 1 ямаа зохист харьцаатай байлгахыг сануулж 2 шторк  илгээлээ.



Зураг


Уралдааны дүн гарчээ

Бэлчээрийн үндэсний IV форумын хүрээнд Монгол орны тал нутгийн олон янзын өнгө төрх, хэв шинж, гайхамшгийг олон нийтэд таниулж байгалийн уран тансаг байдал, гайхамшиг, байгалийн тэнцвэрт байдлын үнэ цэнэ, ач холбогдлыг тодруулах зорилготой зохион байгуулагдсан “Тал нутгийн эко систем, түүний тэнцвэрт байдал” сэдэвт фото зургийн уралдаанд амжилттай оролцсон танд баяр хүргэе!


 


Дээрх уралдааны дүн гарч, манай илгээсэн фото зураг 5-р байранд шалгарсан.



Зургийн нэр: Хонио хариулахдаа бэлчээр дэх хогийг цэвэрлэе уриалга

2021 оны 3-р сард гэргий бид хоёр Хэнтий аймгийн Дархан суманд отор хийж яваа Баянхонгорын Баян-овоо сумын малчин айлд очиж мал төллөх ажилд туслан ажиллах үедээ бэлчээрт хог хаягдал байгааг цуглуулан зургийг авсан.
Дархан сумын баруун хойд талын Дархан хар уулын зүүн урд энгэрээр хонь ямаагаа тогтоон, явганаар хариулж байсан нь бэлчээрийн хогийг түүж цуглуулах, зураг авах боломжтой болгосон.

Дархан хар уул нь бүтэн тойроод ирэхэд 45км болох талбайг хамарсан, түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай, ховор ан амьтантай болохыг нутгийн хүмүүс бахархан ярихад нь сонсож мэдээд, шүтэж залбирч, хариулж байгаа хониныхоо бэлчээрийг цэвэрлэхэд анхаарч, 4 хэсэг газарт хаягдлыг цуглуулж, сүүлд нь малчин айлынхаа хүүтэй хамтран тэдний бонго машины тэвшээр дүүрэн ачиж, сумын хогийн цэгт асгасан.

Уулын нөмөр, хайлан урсах цас, агь нүдэлж байгаа бэлчээрийн гуу жалганд салхиар туугдан ирж цугларсан болон өвөлжөө нутгийн эргэн тойронд байгаа хэдэн арван жилд зэвэрч хүчилжсэн өвсний боодлын төмөр утас, төмрийн хаягдал, шилний хагархай, өнөө цагийн хуванцар савууд, тамхины иш зэргийг түүж цуглуулж, хэсэг хэсэг газруудад овоолж байхад нутгийн хүмүүс манай энэ дэнж дээгүүр "үүргэвчтэй, гүйдэг хар хүн" яваад байна, хэнийд ирээв гэж ярилцаж, би мөн өөрийн чихээр "хээрийн юм түүдэггүй", "байгаль өөрийгөө цэвэрлэдэг", "хог салхинд хийсээд алга болчихно", "хогийг цуглуулаад шатаачихна" гэх мэт "дэмий үгс" сонсож байсан ч миний байгаль хоггүй, байгалиараа байснаараа л хүн, малд өгөөжөө өгдөг шүү дээ гэдэг ухаарал хэвээр байсан.

Их зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэж дүрсэлсэн "Хангай говийн хооронд халхын уудам нутаг, Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд" газар нутгийнхаа бэлчээрийг хаврын улиралд хог хаягдлаас цэвэрлэж, зуны анхны бороонд хөрс чийглэгдэх, ургамал ургах боломжийг олгох нь ухаант хүн бүхэн хонио явганаар, мориор хариулах үедээ хийх ёстой ажил болжээ.

Уудам амьсгалт тал нутгийн 4 улирлын өнгийг гадаад, дотоодын хэн бүхэн харж сэтгэлийн баясал авахдаа эзэн нь байж, эзний ёсоор хандаж чадсан нутгийн зон олон танд ихээр талархах болно.


Фото зургийн ОНЛАЙН үзэсгэлэн

2021 оны 9-р сарын 9, 10
Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөл
Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жил


2021/09/09-09/10-нд болсон Бэлчээрийн үндэсний IV форум  болон “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн хаалтын виртуаль арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл www.responsiblenomads.mn вэбсайт болон Green Gold – Ногоон алт (www.facebook.com/greenmongolia.mn) Фэйсбүүк хуудсаар нийтлэгджээ. 


Шагналын мөнгөн урамшууллыг хүлээн авлаа
2021.9.20 өдөр хувийн дансаараа мөнгөн урамшуулал 900000 төг-ийг хүлээн авлаа. Хувь хүний орлогын албан татварт 100000 төг-ийг уралдаан зохион байгуулагч байгууллага тушаасан байх.



Гэргий бид хоёр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг, Дархан хар уулын зүүн энгэрт хаваржиж, малаа төллүүлж байгаа Баянхонгор аймгаас отор хийж ирсэн малчин айлд 2021 оны 3-р сард очиж 1 сар хонь хариулах ажилд туслаж, ажилласан 
өдрийн тэмдэглэл бидний блогт нийтлэгдсэнтэй танилцаарай.

Бид аливаа ажил үйлсээ байгальд ээлтэй эсэх, хүний хүнлэг чанарыг хадгалж дэмжихэд тустай эсэх, Монгол ахуй соёлыг өвлүүлж байгаа эсэхийг харж сонгож хийдэг болсон.


Энэ уралдааны зарлал ямар байсан вэ
“Тал нутгийн экосистем, түүний тэнцвэрт байдал” сэдэвт #гэрэлзураг болон #видео #уралдаан-ны зарлал.
#Монгол орны тал нутгийн экосистемийн онцлог, тэнцвэрт байдлыг хадгалахыг уриалсан видео шторк болон гэрэл зургийн бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго:
#Монгол орны тал нутгийн олон янзын өнгө төрх, хэв шинж, гайхамшгийг гэрэл зургийн агшинд болон видео дүрсэнд буулгах замаар олон нийтэд байгалийн уран тансаг байдал, гайхамшиг, байгалийн тэнцвэрт байдлын үнэ цэнэ, ач холбогдлыг тодруулах, тухайлбал:
• Монгол орны тал хээрийн экосистемийн экологийн ач холбогдол;
• Тал хээрийн эдийн засгийн ач холбогдол
• Монгол орны тал хээрийн нийгмийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах.

📍 Оролцогчдын бүтээлийг 2021/09/01 хүртэл info@greengold.mn хаягаар хүлээн авах ба 2021/09/08 хүртэл Green Gold фэйсбүүк хуудас дээр байршуулж хамгийн их лайк, шэйр, сэтгэгдэл авсан болон шүүгчдийн өгсөн оноогоор эрэмбэлэн 2021/09/09-ний өдөр болох “Монгол орны бэлчээрийн үндэсний дөрөвдүгээр форум”-ын үеэр шагналыг гардуулна. Ирсэн бүтээлүүдийг олон нийтэд цахимаар танилцуулах үзэсгэлэн форумын үеэр болно.
🏆 Шагналын сан: 13,000,000 төгрөг
🏆 Шилдэг шторк (1): 4,000,000 төгрөг
Шилдэг гэрэл зураг:
🥇🥇🥇 1-р байр /1/: 2,000,000 төгрөг
🥈🥈🥈 2-р байр /2/: 1,500,000 төгрөг
🥉🥉🥉 3-р байр /4/: 1,000,000 төгрөг

#ResponsibleNomads #ХариуцлагатайНүүдэлчид #БэлчээрБидэндХамаатай #WeShouldWeCare

Swiss Cooperation in Mongolia


Шагналын мөнгөнөөсөө
алимны модны бортоготой суулгацыг Ногоон гараг компаниас авч, 
2021.10.27 өдөр Өвөр гүнтийн зусландаа суулгалаа.


Бидний мод тарьсан туршлагууд

Comments