Хөмүүл

Хөмүүл сайн ид. Гэхдээ бас анхаарах зүйл байна шүү...
  Хөмүүл хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой нь тодорхой гэж үзсэн
  “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцсан, 2019 оны төгсөгчид судалгааны ажлаа олон нийтэд танилцуулсан билээ. Тэдний нэг, Япон улсад зэргийн бус хөтөлбөрт хамрагдан суралцсан судлаач, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, докторант С.Энх-Ундраа хөмүүлийн биологийн идэвхт нэгдлийн судалгаа хийжээ. 
     - Монгол Улсын өмнөд хэсгийн нутгуудаар Цэрдийн галавын төгсгөл үед бүрдсэн унаган ургамлууд өнөөг хүртэл өөрчлөлтөд бага орсон, ургамал зүйн өвөрмөц тогтоцтой. Түүний нэг болох Хөмүүл нь Allium mongolicum буюу Монгол сонгино гэдэг нэртэй, Монгол нутгийн унаган ургамал юм. Сонгино, сармисны л төрлийн ургамал. Хүн төрөлхтөн эртнээс сонгино, сармисыг хүнсэндээ хэрэглэж, анагаах увдисынх нь тухай тэмдэглэж үлдээсэн байдагтай адил хөмүүлийг бас эмчилгээний ач холбогдлоор хэрэглэж ирсэн түүхтэй тул энэ ургамлын биологийн идэвхийг судлахаар сонгосон. Ерөнхийдөө 2013 оноос хойш хөмүүлийн биологийн идэвхийн судалгааг эхэлсэн.  
Өмнө нь хөмүүлийг ашигтай, шимтэй шинж чанарыг ашиглах үүднээс гурилан бүтээгдэхүүнд баяжуулах тухай судалгаа бол явж байсан. Биологийн идэвхт нэгдэл гэдэг бол сүүлд гарсан шинэ ойлголт. Бусад ургамал дээр биологийн идэвхт нэгдлийн судалгаанууд хийгдэж байсан ч хөмүүл дээр хийгдээгүй байсан. Биологийн идэвхи муу юм уу, ямар биологийн идэвхи юм бэ гэдэг судалгааг хийсэн. Хөмүүлд олон бүлэг нэгдлүүд байх магадлалтай. Ялангуяа, фенольт нэгдэл нь тэдгээрийн нэг том жишээ бөгөөд үүгээрээ хөмүүл хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой нь тодорхой гэж үзсэн.
Харин яаж вэ гэдгийг нь бид одоо судлаад явж байна. 
- Фенольт нэгдэл нь ургамлаа хэт ягаан туяанаас хамгаалах үүрэгтэй. Ургамал хөдөлгөөнгүй юм чинь сүүдэрт нуугдаж чадахгүй учраас нарнаас ирж байгаа хэт ягаан туяаны хортой нөлөөг бууруулахын тулд энэ фенольт нэгдлийг ялгаруулдаг. 
Ургамалд хэт ягаан туяанаас үүсэж байгаа хор хөнөөл нь хавдар үүсэхтэй төстэй гэж ойлгож болно. Ийм учраас фенольт нэгдэл нь ургамлын удамшлынх нь материалыг хамгаалах үүрэгтэй гэсэн үг. Тэр үйлчлэл нь хүнд яг ижил үүсэж байгаа. Тодруулбал, хавдар нь энгийн эс байж байгаад мутацийн нөлөөгөөр хавдрын эсэд хувирдаг. Эхэн үедээ хор уршиггүй, эсийн бөөгнөрөл маягтай байснаа тэр нь судас төлжих үйл явц буюу angiogenesis-ээр шим тэжээлтэй болонгуутаа цаашаа үйл ажиллагаа нь илүү хор уршигтай буюу хорт хавдар болдог.
Энгийн эсээс хавдрын эсэд хувирах явц нь ургамалд нарны хэт ягаан туяанаас үүссэн хортой нөлөөлөлтэй ерөнхийдөө төстэй гэж үзвэл тэр үйлчлэлээ хүнд үзүүлж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Иймд идэвх нь тэр зарчмаараа энгийн эсээс хавдрын эсэд хувирч байгаа үйл явцыг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа.
- Гараа зүсэхэд бидний гаран дээр шарх үүсдэг дээ. Тэр шарх хэсэг хугацааны дараа аньдаг. Тэр шарх аних үйл явцад шинэ судас үүсээд, тухайн эд эсээ шим тэжээлээр хангаад, нөхөн сэргээлт явагдаж байгаа гэсэн үг. Энэхүү шинээр судас төлжих үйл явцыг angiogenesis гэдэг. 
Хавдрын үед судас төлжих үйл явц өөрийн гэсэн өвөрмөц үүрэгтэй болж, хавдрын бөөгнөрлөө шим тэжээлээр хангаж эхэлдэг. Шинэ судастай болсон учраас хавдар улам томроод, үсэрхийлж тархах үйл явц бий болдог. Шинэ судас ургаж эхлэхэд дохио хэрэгтэй. Яг хаашаа чиглэж ургаж, юутай холбогдох вэ, хэр зайд явах гэх мэтчилэн дохио нь өөр. Анх дохио хаанаас ирсэн, яаж тэр зүг рүү чиглэж байгаа зэрэг үйл явцууд шинэ судас үүсэх, хавдрын эсийн бөөгнөрлийн үед өөр ч ерөнхийдөө төсөөт шинжээр нь төлөөлүүлээд судалж байгаа. Хавдрын үеийн angiogenesis буюу судас төлжих үйл явц дохиог илүү дарангуйлж байгаа эсэх талаас нь судалж байгаа. Судалгаагаа хийсээр л байна. 
Японд судалгаагаа хийхдээ бид Хамарын хийд орчмоос зургаадугаар сарын дундуур түүж бэлтгэсэн хөмүүлийн дээжнээс метанолын ханд бэлтгэн туршилтандаа ашигласан. Ингэхдээ цусны урсгалаас үүсэх шүргэх даралт /shear stress/ -ыг лабораторийн нөхцөлд бий болгох боломжтой, тусгайлан бэлтгэсэн шингэний урсгалын аппаратыг ашиглан шинэ судас үүсэх явцын эндотель эсийн физиологийн хариу урвалд хөмүүлийн метанолын хандны нөлөөллийг судалсан.
Үр дүнд нь хөмүүл шинээр судас төлжих үйл явцад эсийн гаднаас ирэх молекул дохиог саатуулах нөлөө үзүүлснээр angiogenesis буюу шинээр судас төлжих үйл явцыг дарангуйлж байсан. Гэхдээ үүнийг шууд хүний бие дээр авч ойлгох хараахан болоогүй. Учир нь бид судасны төлжилтөд чухал үүрэгтэй эндотель эсийг петрийн аяган дээр ургуулсныгаа хувааж үзээд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг нь хиймэл нөхцөлд үзсэн юм. Тэгэхээр тодорхой бус гэсэн үг.
  Хөмүүл нь эмийн биш ч биологийн идэвхт нэгдлүүдтэй хүнсний ургамал тул хүнс-эмийн гэсэн нэршилтэй ургамал. Биологийн идэвхт нэгдлийг эм гээд ойлгоход учир дутагдалтай. Тиймээс эм хийх бус, харин урьдчилан сэргийлэх  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Хөмүүлэнд ихэнхи хүмүүс дуртай байдаг,гэхдээ зөв зохистой хэрэглэх тухай бяцхан зөвлөмж тавья.
( Хөмүүлийг бүх төрлийн ногоо, гурилан бүтээгдхүүн, архитай хамт хэрэглэж болохгүй нь )
💚 Голчлон даршилж иддэг. Хоолны дуршил сайжруулж, ходоодны ханын нимгэрэл, улаан хоолойн гэмтэл, урагдал зэрэгт сайн нөлөөтэй, хоол боловсруулах эрхтнийг эдгээгч ургамал юм. ЗӨВХӨН МАХТАЙ Л ХОЛЬЖ ИДЭЖ БОЛНО. Бүх төрлийн ногоотой хольж идэж болохгүй учир нь бусад ногоо руугаа ялзмагшил явуулдаг дан ноёрхолт ногоо юм.
Хамт идсэн ногоо мууддаг тул биед үйлчилгээ байхгүй болдог. Адуу, тэмээ зэрэг бод малын махтай хольж идвэл эмчилгээтэй. Талхан дээр тавьж идэх, боорцгонд хольж идэх хориотой. Учир нь шууд өмхий хоол болдог. Нэг дор гурван том халбаганаас илүүг идэж болохгүй ба манарна. Элэгний ус гадагшилна, бөөр цуцна, шартана. АРХИТАЙ БОЛ БҮР Ч ХОЛЬЖ БОЛОХГҮЙ. (Монгол домчийн судар)
       💚Шим тэжээл:
Хөмөл /Allium  mongolicum Regel/. Уураг, амин дэм, фитонцидээр баялаг. Чийг бамаас сэргийлэх үйлдэлтэй.
       💚 Хэрэглээ:
Маш шүүслэг тул хавар эрт ургаж 7-8 дугаар сард цэцэглээд, намар эрт ганддаг онцлогтой. Намрын эхэн сард цэцэглэсний дараа хөмлийг гараар зулгаан түүж цагаан, улаан идээтэй хамтатган олон төрлийн хүнс идээ бэлтгэнэ. Жишээлбэл: давслах, зоодойлох*, айраглах, банш хийх, будаанд хийх, хуурах, хүйтнээр зууш болгох зэргээр хэрэглэдэг. 
       💚 ДАВСАЛЖ ДАРАХ:  
Хөмлийн хэрчин давсалж дараад өвөл хавар төрөл бүрийн хоолонд амтлагч хольц болгон хэрэглэнэ. Түүсний дараа хүйтэн усанд хэдэн удаа сайтар угааж 1 см хүртэл жижиглэн хэрчээд шил, ваар, паалантай юмуу, модон торхонд 1 кг хөмөлд 220-250 гр давс үелүүлэн цацаж модон хутгуураар хутган чигжиж дарна.  
        💚 ЗООДОЙ ХИЙХ:  Жижиглэн хэрчсэн хөмлийг давстай сайтар хольж хутгаад, 2 см зузаантайгаар хэвлэж, сүүдэр газар 2 хонуулаад эргүүлж дахин 1 хонуулаад биежихээр нь утсанд хэлхэн өлгөж хатаана. 100 гр хөмөлд 2-3 гр давс холино.
         💚 ААРЦТАЙ ХӨМӨЛ:  100 гр жижиглэсэн хөмөл тутамд 15-20 гр аарц нэмж аарцтай зоодой бэлтгэнэ. Нүдэж нунтаглаад хоол амтална. Мөн хөмлийг аарц, хурууд, тос зэрэгт хольж хатаагаад өвөл хаварт үрж нунтаглан шөлтэй хоол амталдаг.

Comments