9 сарын 1 - сургуульд суралцсанаа эргэн санахад

Otgon bagshtai baga angi
Отгон багштай 4а анги, 1988 он


Өнөөдөр 2019.9.1 өдөр, би 43 настай залуу, 4 хүүхдийн аав болжээ.
Би бага насандаа юу үзэж, юу сонсож, юу бодож, яаж суралцаж байсан нь үнэхээрийн өнөөдрийн энэ өдөрт илрэн гарч, миний амьдралын бат суурь болж байгааг би бодож санаж, ээжээсээ асууж, хүмүүсийн хэлж байгаа үгийг эргэн бодож, яг тийм байна, иймд би тэгж өөрчлөгдөн сайжрая, би давуу талаа илүү ашиглая гэж бодоход хүргэсэн.

1984 онд
Сүхбаатар аймгийн 8 жилийн 2-р дунд сургуулийн 1а ангид 8 настайдаа элсэн суралцсан цагаас хойших сургуульд суралцсан байдлаа эргэн санахыг хичээлээ.
Мөн багш хүний ажил хөдөлмөрийн талаар эргэн бодож байна. Сургуульд хүүхэд бүхэн суралцах үүрэгтэй болж, хичээл зааж байгаа багш нарын хөдөлмөрт цалин олгож, хүүхэд болон багш нарын суралцаж, ажиллах орчин Сургуулийг улсаас бэлтгэж, удирдах, зохион байгуулах ажилтан сургуулийн захирал, боловсролын газар зэргийг байгуулсан энэ системийн талаар одоо л хүүхдүүдээ ЕБС-д суралцах энэ үед бодож тунгааж, санал бодлоо бичдэг болсон.

Өнөө цагт
"Багш нар сурагчидаа мөнгөө авчраач гэж шаардаж нэр хүндээ дордуулах бус, Сургууль хөгжлийн хандивын дансанд эцэг эхчүүд анги засвар, анги тохижуулалт болон бусад хураамж, хандив, дэмжлэг мөнгөө шилжүүлчихдэг, мөнгө нь шилжиж ирээгүй байгаа бол эцэг эх рүү нь сургуулийн Хандивын мэргэжилтэн шууд харилцдаг байгаасай."



Удахгүй хүүхдүүд
ЕБС-аа төгссөний дараа энэ чиглэлд анхаарлаа яаж хандуулахыг мэдэхгүй байна. ЕБС-ууд нь Улсын татварын мөнгөөр 100% санхүүждэг болсоноор Сургуулийн захиргаа, Багш нар, сурагчид зөвхөн сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн анхаарлаа хандуулна даа гэж бодох юм. Сурагчдын санаачлагаар, багш нарын чиглүүлэгтэйгээр дугуйлан, клуб сургууль дээрээ төлбөр хураамжгүй ажилладаг байхыг дэмжээсэй.

Миний хувьд бол тэртээ 1984-1994 онуудад
онц дүн авч суралцахыг л мэрийж байсан болохоос харилцааны ур чадвар, хүмүүсийг ойлгож хүндлэх талаар нойл байлаа.

Харин бага наснаас ээжийн авч өгсөн олон үндэстэний үлгэрийн ном, аавын авчирсан Монгол улсын баатрууд, Зөвлөлтийн баатруудын товхимол номуудтай нөхөрлөж, амьдралыг сайн үйлс, баатарлаг үйлсээр ойлгосон нь өнөөдөр миний амьдралыг нийтийн номын сан, дэлхийн аялагч иргэд - хүн ном, мөн дотоодын болон гадаадын сургалтууд чимж байдаг. 2012 оноос бид хүнсний шим тэжээл, хүний биеийн бүтэц зэрэгт анхаарч, өөрсдийн биед болон бусдад туслаж байна.

1-3-р анги буюу Бага ангийн багш Отгон

1-р ангид элсэн орохын тулд Бэлтгэл ангид суралцдаг байсан. 5-р сард байх бэлтгэл ангид орж 2, 3 сар хичээллэж, бичих дасгал хийдэг байсан.
Багшийн улаан балаар бичсэн зурлагыг дуурайж нүүр дүүртэл бичих, 4 төгрөгийн үнэтэй үзгэндээ (сурагч) черниль соруулдаг байсан. 1, 2 нүүр дүүртэл бичих даалгаврыг гэртээ хийдэг.

Одоо л багшаасаа дурсамж яриулъя гэж бодож байна.

Ариунболдын зохиосон шүлэг байх
Э.Ариунболд анд ингэж шүлэглэсэн байдаг

4-8-р анги буюу дунд ангийн багш Одончимэг

Энэ багш маань газар зүйн хичээл заадаг байсан ба биднийг 8-р анги төгстөл ангийн багшаар ажилласан.
4-р ангийн сурагч байхдаа Найрамдал зуслангийн өвлийн ээлжинд, Сонор бүлэгт орж, 45 хоног суралцсан.
(2019-8-31 өдөр бага ангийн анд Э.Ариунболдтайгаа уулзаж ярилцаж байхад, би Найрамдал зуслангаас ирээд ангийнхандаа "Дэлхийн хүүхдүүд дуулж байна" дууг зааж өгч байсан гэнэ)

Анх 4-р ангид Радуга 1 сурах бичгээр орос хэл орж эхэлсэн ба 10-р анги төгсөхөд Радуга 7 сурах бичгийг үзэж дуусаад, Орос хэлээр улсын шалгалт өгч байсан. Улсын шалгалт дээрх даалгавруудаас для залгавар орсон өгүүлбэр зохиох дээр тетрадь для русского языка -аас өөр өгүүлбэр зохиож чадахгүй сандарч байсан.

Орос хэлний хичээл анх үзэж эхэлсэн 9 сарын эхээр ээжтэйгээ хамт 2-р цэцэрлэгийн урдуур алхаж байхдаа Здраствуйте - хэлэхэд хэцүү үгийг хэлж сурах гээд ээжээр давтаж хэлүүлж байсан бүдэг санагддаг.

Бодвол дунд ангид суралцаж байхад байх, зуны амралтаараа хөдөө явж, хонь хариулах, тугал татах, үхрийн баас дэлгэх, хонь ноослох, айраг бүлэх, тогоо нэрэх, тэмээн тэргээр усанд явах, хурдны морь уяа ажилд нь оролцох гэх мэтийг Сүхбаатар аймгийн Наран суманд очиж Борчулуун ахын хийж амраад, намар нь цагаан идээ, хонь малаар урамшуулагдаж байсан нь хөдөлмөрлөх урам зориг, амьдралыг таньсан сайхан зүйлс болсон байх.

Бага ангид байхад нэг зун Дорнод аймгийн Матад суманд ахынд очиж, шатар заалгаж байсан, ногооны талбай руу мөлхөж байсан, гэрт зуухны ард барьсан буриад талхны амт санагддаг.

Дунд ангид байхдаа хүүхдүүдтэй мөнгө тоглох ханадах, пэ-дэх, тонших гэх мэт тоглодог байсан нь харин яаж больсон юм бол доо. Ээж минь л үг хэлсэн байх. Хүүхдүүд хичээл номдоо анхаарахгүй, мөнгө тоглох нь хэтэрсэн нь цөөнгүй байгаа байх.

8-р анги төгсөхөд сургуулийн нийт төгсөгчдийг шалгалтын оноо, үнэлгээгээр жагсааж, 9-р ангид элсэн суралцах эрхтэй эсэхийг тогтоодог байсан.

Дунд ангид сурч байхдаа хичээл тараад аавын бага дүүтэй хамт аймгийн рестораны тэрүүхэн хавиас шилтэй ундаа авч уугаад, бодвол өөр юм идсэн байх, гэртээ очиход аав хичээл тарсаны дараа юу хийгээд хаагуур яваад оройтож ирэв гэхэд нь ундаа уусан зэргээ хэлэхэд, шил нь хаана байна гэж асууж, хана руу чулуудаад хагалсаныг аавын дүү үнэнээр нь хэлээд, аавд би зодуулж, улмаар "өөрийнхөө хийж чадахгүй зүйлийг битгий эвдэж бай" гэсэн аавын үгийг сонсож, мартахгүй болсон.

9, 10-р анги буюу ахлах ангийн багшаар математикийн багш Энхцэцэг

Бусад 8-р ангиас сурагчид, математикийн сонгоны анги гэх 9Б ангид нийлж нэг анги болон суралцсан.
10-анги төгсөх жилийн хавар нь Орос хэлний багш Энхтагтаа нь англи хэлний дугуйлан ажиллуулж, тэр үед Монголын Үндэсний телевизээр гарч байсан Muzzy англи хэлний хичээлийг дугуйлангийн сурагчиддаа зааж, бид англи хэлний анхан шатны мэдлэгээ олж авсан. 

10-р ангиа төгсөхдөө Улсын шалгалтын оноо болон нийт үнэлгээгээр сурагчдыг жагсааж, их дээд сургуулийн ямар мэргэжлүүдээр суралцаж болохыг жагсаасан "ирсэн хуваариас" дуртайгаа сонгодог байлаа. Би МУИС-ийн Математик компьютерийн сургуулийг сонгож ирсэн.

1994-1998 МУИС-ийн ангийн багш Отгонбаяр, 

Улаанбаатар хотод ирээд, МУИС-ын МКС-ийн сургалтын албаны өрөө, деканы нарийн бичиг Бурмаа  эгчид суралцах эрхийн бичгээ өгч, Математик, Програм хангамж, Хэрэглээний математик ангиас сонгож болно гэхэд нь аав надад миний хүү өөрөө мэдээд сонго гэхэд нь програм хангамжийг нь сонгож байсан.
8 сарын 25 гэхэд ангиа сонгосон байсан тул, хичээл эхэлтэл би Нацагдоржийн номын санд уншигчаар бүртгүүлж, 700 төгрөгөөр Б зааланд уншигчийн картыг энэ зааланд ажиллаж байсан Дэлгэрцэцэг номын санчаар нээлгэж, А зааланд хавсралт 100 төгрөгөөр нээлгэж байсан байх.

Сүхбаатар аймгаас 7-р сарын сүүлээр аав, би, дүү Ганжуурдалай нар чиргүүлтэй трактортай хөдөлж, замдаа нэг рашаанд хэд хоноод, Бэрхийн уурхайн сууринд дүү маань хоцорч, бас чиргүүлээ үлдээж, аав бид хоёр галт тэргээр хотод ирсэн.
Оюутан болж ирэхэд, сургалтын төлбөр шаардагдахад 1-р курс (37000 төг), 2-р курс (70000 төг) -ийн төлбөрийг аав, ээж маань зохицуулж, нэг жил нь юмз-75 трактораа Дэнжийн 1000 зах дээр 70000 орчим төгрөгөөр зарж, их сургуулийн төлбөрийг төлж дэмжсэн гэж санаж байна.
3-р курсын дундаас архиктектур, зураг төслийн ӨРХ компанийн дэргэдэх компьютерийн сургалтын төвд багшилж, энэ компани миний 3, 4-р курсийн төлбөрийг төлж, дэмжсэн.
Аав хотод ирээд, буцахад нь би тээврийн товчоон дээр аавыг хүргэж өгөөд, буцаад хотын төв рүү явах замдаа Төрийн өмчийн 5-р байр гэж нэрлэгддэг Барилгын зургийн институт руу орж, сонирхон явж байхдаа хаалга дээрх компьютерийн сургалтын төв гэсэн бичгийг харж, нээж харсан байх. Тэр өрөөний цаад талд шилэн хаалтны цаана компьютерын сургалт явагдаж байсан байх Энхбат ах надтай ярилцаж, би багшлаж болох уу гэж асуусан байх. Намайг ямар програмууд мэдэх вэ, хаана сурдаг вэ гэсэн байх.

МУИС-аа Ю.Намсрай багшийн удирдлага доор "RAISE method, Объект тодорхойлох RSL хэл" сэдвээр дипломын ажлаа бичиж, 1998 оны 5-р сард төгсөөд 9-р сарын 1-ээс нь Хотын нийтийн төв номын санд компьютерийн инженер ажилтанаар орж 2012 оны 7-р сар хүртэл ажилласан түүхтэй.

Comments