Шар сүүтэй холбоотой нийтлэл, мэдээллийг энэ постдоо цуглууллаа.
Манайх 2025 оны 3-р сараас БЗД Хонхор нуурын хөндийд малчин айлаар Хөх Отогийн залуустай нэгдэж, хамтын хариуцлагыг хэрэгжүүлж эхэлсэн. Малын хотонд ирж, аргал хомоол түүн, сүү цагаан идээ хүртэж, шар сүүгээр биеэ шавших боломжийг манай өдрийн аялал олгоно.
Шар сүү хэрэглэдэг хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн. Удтал эм тариа хийлгэсэн хүний биеийн хор тайлах Монгол арга их энгийн. Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна.
Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн 7 хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг. Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж.
Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна. Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог. Ер нь ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар багахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүд ярьдаг сан. Зун болохоор л муу ээж минь,
-Хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Залуу насны ааг омгоор тэгс, ингэсгэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргэж бодоод их л харамсах юм даа. Намайг бүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ. Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог.
Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.
Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг.
Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа. Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөн, татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана. Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг. Хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг бор хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж дуулдаагүй. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор бүгд сайхан амьдарч байгаа даа.
Шар сүүгээр ган хийнэ.
Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг ээ, мөн сайхан даа.
***
ШАР СҮҮНИЙ ТАВАН ЧУХАЛ АЧ ТУС
Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж, ахуйдаа хэрэглэх боломжтой болсон. Шар сүүтэй бүтээгдэхүүний дараахи 5 давуу талтай танилцая.
💛1. Шар сүү нь кальцийн агууламжтай тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Сүүлийн үед залуучууд газтай ундаа маш их хэрэглэх болсонтой холбоотойгоор ясны сийрэгжилттэй залуучуудын тоо ч эрс нэмэгдэж байна. Тиймээс газтай ундаа хэрэглэхээс татгалзаж, кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр урьдчилан сэргийлэх юм.
💛2. Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ
Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ нь илүүдэл жинтэй байх, идэвхигүй амьдралын хэв маягтай байх, зохисгүй хооллох, нас ахих зэрэг шалтгаанаас болж ихэсдэг байна. Холестерины хэмжээг тэнцвэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
💛3. Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлнэ.
Хоолны шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол эх үүсвэр болдог. Тиймээс хоолны шингэцээ сайжруулахын тулд мөн л идэвхтэй хөдөлгөөнтэй байх шаардлагатай төдийгүй шар сүүтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр таны ходоод илүү хөнгөн, жаргалтай байх болно.
💛4. Шар сүүний уураг нь булчингийн массыг дэмжинэ.
Тамирчид болон дасгал хөдөлгөөн идэвхитэй хийдэг, фитнессээр хичээллэдэг хүмүүс ихэвчлэн whey protein буюу шар сүүний нунтаг уураг хэрэглэдэг ба энэ нь булчингийн массыг дэмждэг байна. Харин байнгын дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд уургаа хоол хүнсээрээ нөхөх шаардлагатай ба биеийн арьсаа чангалах зорилгоор шар сүүтэй бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.
💛5. Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна.
Сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гормоныг ялгаруулдаг байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын уураг агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх явцдаа арьсны доод өөхийг задалдаг.
***
Манай хөдөөнийхөн ааруул, аарц, бяслаг хийхдээ шар сүүгээ битгий асгаж байгаасай.
Монголчууд бас шар сүүг сайн хэрэглэж сураасай!
Шар сүүг тараг сүүнээс хямд, олон литрээр нь зарж болно.
Шар сүү С, калиум, кальци, B1, B2, иодоор баялаг бөгөөд калори багатай, сайн чанарын уураг агуулсан байдаг.
Шар сүү нь турахад маш тохиромжтой, витаминлаг ундаа юм.
Шар сүү сайн уувал элэг, судас цэвэрлэнэ, бие дэх ус, хаван хөөнө.
Шар сүүгээр биеэ шавшиж, наранд ээвэл С, D, B витаминууд хамгийн ихээр уягддаг.
Монголчууд дээр үеэс л хүүхдүүдээ зунжин шар сүүгээр угаадаг байсан.
Ханиад хэзээ ч хүрэхгүй гэсэн үг.
Шар сүүгээр биеэ угаавал арьсны ашигт бактериуд тогтворжиж, харшилтай болохоос хамгаална.
Шар сүүг гадаадад нунтаг болгож wheyprotein буюу галбиржуулах (shape), булчин нэмэх уураг болгож уудаг.
Шар сүүг жимс, ногоотой миксердэж shake хийхэд маш тохиромжтой.
Өөрсдийнхөө оригинал баялагийг хаячихаад гадаад хогийг үнэтэй авч тэнэглэхээ болимоор байна.

Comments