Яс ба Аман наадгай

Асуух нурууны үг
(мөн зовлонт нуруу, эрдэнэт нуруу хэмээн нэрлэдэг)
Аман наадгай 

             Асуух нуруу : хонь, малын ууц ястай нийлж байгаа хэсэг
Асуух нуруу гэдэг сонин нэрийн учир нь хүндэт зочин ирж бүхэл шүүс ууц тавигаар дайлахад зочин гийчин нь асуух нурууг мөлжихдөө заавал асуух нурууны үг хэлэлцдэг заншилтай. Гийчин нь ахмад хүн бол “асуухыг нугалах уу” гэж гэрийн эзнээс асуун нугалаад үелэн мөлжилгүйгээр тавьдаг.Гэрийн эзэн нь ахмад хүнийг хүндэтгэхийн учир олон юм ярьдаггүй. Харин үе насны юмуу залуу хүн бол “нугал, нугал”, “нугал, нугасыг надад өг” гэж хэлдэг. Ийн зөвшөөрсний хойно нугалаад мөн мөлжилгүйгээр тавьдаг. 
              Харин үе тэнгийн юмуу наадаж наргих зорилгоор асуулгүй нугалж мөлжих тохиолдол байдаг. Гэрийн эзэн энэ надтай наадаж мэтгэх нь гэж ойлгоно. Тэгэхэд гэрийн эзэн зүүн гарын хомхой хуруу болон эрхий хуруугаар чимхэж баруун гартаа дэрс мод барьж (цагаан өвс болно) “энэ хаана байдаг ѐс вэ? та юунд асуулгүй нугалав” гэж асуухад нугалсан хүн хариулж хэлэлцэн сэц булаалдаж наадам наргиан үүсгэх ёс буй. Аль болох сэцэн хурц, алиа шог ярьж ой ухаан сэргэлэн, эрдэм дэлгэр, хэл мэргэн байхыг Асуух нуруунд сайн эрийн магнай, хан гарьдын жигүүр, алтан дөш эмээл, сайн авхайн суудал, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор зэрэг олон нэрс бүхий дүрс байх ба түүний утга учрыг оруулж хэлэлцдэг зэргээс асуух нуруу гэж нэрлэсэн.

               Тоглоомын дүрэм: Нэгдүгээр хувилбар1
Хэн нэгэн хүн гэрийн эзэн юм уу, хойморын хүндтэй зочноос “Асуух нуруу”-г аятайхан нугалах уу гэж асуувал:
- Нугал, нугал, нугасыг нь надад өгөөрэй!” гэнэ. Харин “Асуух нуруу”-г асуулгүй нугалбал:
- “Асуух нуруу”-г асуулгүй яагаад нугалав. Алив хоёулаа хэлэлцье. Шинж байдлыг нь тодруулъя. Сайн сайхан үгээр мэтгэлцье гээд тоглоом эхэлнэ.
- Энэ юу вэ?(6)
- Сайн эрийн сайхан магнай.
- Хэн гэгч сайн эрийн сайхан магнай вэ?
- Дайн тулаанд явахдаа түмэн цэргийнхээ түрүүнд нь явж атаат дайснаа амжин дардаг, буцахдаа буман цэргийнхээ ард нь үлдэн мөрдөн дагагсдыг мөргүй болгодог Өөлдийн Улаан мэргэн баатрын учиртай сайхан Магнай билээ. 
- Энэ юу вэ?(1)
- Хүчит хангардийн хос жигүүр 
- Яагаад хангардийн хос жигүүр гэсэн юм бэ?
- Салхи хөдөллөө гээд сэнсэрдэггүй, хур орлоо гээд хулмайдаггүй учраас  тэгсэн юм. 
- Энэ юу вэ? (6)
- Ахас ихсийн алтан эмээл.
- Яагаад ахас ихсийн алтан эмээл гэсэн юм бэ?
- Дээл тохлоо гээд нимгэддэггүй, дээвэр тохлоо гээд зузааддаггүй, олом жирэмгүй атлаа ооноо гүйцдэг, хударгагүй атлаа хулан гүйцдэг учраас ахас ихсийн алтан эмээл гэж хэлсэн юм.
- Энэ юу вэ?(7)
- Сайхан эхнэрийн сээр.
- Яагаад сайхан эхнэрийн сээр гэсэн юм бэ?
- Артай торго, алттай магнагийг хайчгүй эсгэн ханцуй дотроо шагладаг, амаржихдаа Ар Монголд гавьяатай хөвгүүн төрүүлдэг, үйлэнд уран, үгэнд цэцэн, дайнд баатар, далайд усч болохоор нь сайхан эхнэрийн сээр гэсэн юм. 
- Энэ юу вэ?(2)
- Хөглөгөр Алтайн ар, өвөр.
- Яагаад Хөглөгөр Алтайн ар, өвөр гэсэн юм бэ?
- Араар нь өвөлжсөн хүмүүс айраг таргаар бялхаж, өврөөр нь өвөлжсөн хүмүүс өөх тосоор бялхдаг болохоор нь Хөглөгөр Алтайн ар, өвөр гэсэн юм.
- Энэ юу вэ?(8)
- Хон хэрээний хоншоор 
- Яагаад Хон хэрээний хоншоор гэсэн юм бэ?
- Уул нэвт харж улай үздэг, даваа давуулан турсага хардаг болохоор нь Хон хэрээний хоншоор гэсэн юм.
- Энэ юу бэ? (3)
- Сайн морины соёо.
-  Яагаад сайн морины соёо гэсэн юм бэ?
-  Хөөснөө холдуулдаггүй, хөөгдсөндөө гүйцэгддэггүй, далай тойровч эцдэггүй, дайнд оровч түүртдэггүй болохоор нь сайн морины соёо гэсэн юм. 
- Үгүй, үгүй. Би эндүүрч байна. Энэ чинь хоточ банхрын хоёр чих.
- Яагаад хоточ банхрын хоёр чих гэсэн юм бэ?
- Уулын үнэгийг удаан харайлгадаггүй, талын үнэгийг тав алхуулдаггүй гүйцдэг болохоор нь хоточ банхрын хоёр чих гэсэн юм. 
- Энэ юу бэ? (4)
- Уран хүний ухаан.
- Яагаад Уран хүний ухаан гэсэн юм бэ?
- Урд голын модоор өөгүй сайхан эмээл хийдэг, хойд голын модоор хосгүй сайхан таваг сийлдэг, чийгтэй мод гэж чамладаггүй, хуурай мод гэж халирдаггүй болохоор нь уран хүний ухаан гэсэн юм. 
- Энэ юу бэ? (5)
- Ховд нутгийн хар ус нуур.
- Яагаад Ховд нутгийн Хар- ус нуур гэсэн юм бэ?
- Түмэн адуу уславч түлхэлцдэггүй ундаалдаг, буман адуу уславч булаацалдалгүй ус уудаг болохоор Ховд нутгийн Хар- ус нуур гэсэн юм.
- За зөв зүйтэй ухаалаг хариуллаа. Танд талархал илэрхийлье!
- Нэгтгээд энэ ясыг юу гэж нэрлэдэг вэ? 
- Өвсний дээдийг сорчилж
- Усны тунгалгийг уусан
- Шилмэл сүргийн манлай
- Шар халзан иргийн минь
- Хорин зургаан нурууны
- Хойд хэсэг дэх
- Хондлой ясны өмнөх
- Хүндтэй хүндээ тавьдаг
- Хажуугийн хүндээ шилжүүлдэг
- Харцага шувуу хэлбэртэй
- Хурдан онгоцны төрхтэй
- Хэвтээ зааны хэлбэртэй
- Ховорхон суудлын төрхтэй
- Хүндтэй зочин зооглодог 
- Хүүхэд багачууд мөлждөг
- Хаалганы цаана шиддэг
- Халтар нохой хэмлэдэг
- Олон хүний ухаан сорьсон “Асуух нурууны яс” болой.
- Яриа хөөрөө сайхан боллоо.
- Ижил нь мянга хүрэх болтугай 
- Эзэн нь зуу наслах болтугай хэмээн төгсгөдөг байна. 
Энэхүү аман наадгай нь монголчуудын хоол хүнс, идээ ундаа, нүүдэлчин амьдрал, дөрвөн улирлын хэв, мал ахуйтай холбогдсон ёс заншлуудтай нягт нарийн холбоотой. Хоол хүнс, идээ ундааны ёс заншил бол дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах монголчуудын гол онцлогийн нэг бөгөөд ялангуяа дайлах, цайлах, зочломтхой зангаараа харийнхны анхаарал сонирхлыг татдаг, шагшин хэлэлцдэг гол сэдвийн нэг байдаг билээ2. 
---------------------------------------------------------------------------
Эх сурвалж

1 Аман наадгай 7, хуудас 211-214, 2015 он, Мон-судар, Монголын хэл соёлын хүрээлэн
2  http://smill.blog.gogo.mn/read/entry365924

Comments