"НЭГ ДЭЛХИЙ - КАУЧСӨРФИНГ"
КАУЧСӨРФИНГИЙН ТҮҮХ
АНУ-ын Casey Fenton гэх залуу 1999 онд Бостон хотоос Исланд руу нисэх хямд тийз аваад, Исландад хямд нийтийн байр олох зорилгоор санаандгүй шахуу Исландийн их сургуулийн 1500 оюутанд хямд байр хайж байгаа тухай имэйл бичтэл, 50 гаруй хариу хүлээн авсан нь түүнд тусалсан ажээ.
Исландаас Бостон руу буцаж нисэх замдаа тэрбээр Каучсөрфингийн санаагаа анх боловсруулсан гэдэг. Улмаар Dan Hoffer, Sebastien Le Tuan, Leonardo Silveira нарын тусламжтайгаар анхны вэб сайтаа 2003 оны 1 сард ажиллуулж, 1 жилийн дараа олон нийтэд нээлттэй ашиглуулж эхэлсэн. 2004 оны сүүл гэхэд 6000 орчим гишүүдтэй байсан бол 2005 онд 45000 бүртгэлтэй хэрэглэгчтэй болжээ.
Тэгвэл өдгөө Дэлхийн 238 орны 77075 хотын 2 сая гаруй хүмүүс каучсөрфэр болж
энэхүү вэб сайтыг ашиглаж байна.
2009 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Олон улсын Каучсөрфингийн өдөр хэмээн нэрлэж, Дэлхий даяар олон талт танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
КАУЧСӨРФИНГИЙН АЛСЫН ХАРАА
Дэлхийн өнцөг булан бүрт хүн бүхэнд хүрэх, ингэхийн тулд очих газар орон, нутгийн хүмүүстэй нь гүн гүнзгий холбоо тогтоох
Каучсөрфингийн үндсэн зарчмууд
Каучсөрфинг нь аялагч нарыг орон нутгийн иргэдтэй холбож өгөх зорилготой ашгийн бус, олон улсын сүлжээ. Аялагч гэдэг нь заавал гадаад хүн байх албагүйг онцлон тэмдэглэе.
Каучсөрфинг нь ямар нэг эд хөрөнгө биш, мөн дэлхий даяар байгаа төлбөргүй хоноглох байр ч биш, харин дэлхийн иргэдийн нөхөрлөл, танилуудын холбоог бий болгох сүлжээ юм.
Каучсөрфэр гишүүд нь бие биедээ нөхөрсөг, зочломтогой хандаж тусалдаг. Жишээлбэл, улс орныхоо тухай сүүлийн үеийн бодит мэдээллийг бичих, ойлгож мэдэхийг хүссэн асуултанд нь хариулт өгч туслах, улмаар галт тэрэг, нисэх буудлаас тосч авах, уулзаж ярилцах, бүр цаашилбал гэртээ үнэ төлбөргүй хонуулах, мэдлэг мэргэжил, туршлагаа харилцан солилцох, найз нөхөд болох, улмаар та хожим нэг өдөр найзындаа зочлон очиход тэр айлын хаалга таны өмнө нээлттэй байх юм.
Тэд дэлхийгээ өөрсдийн амьдрал, өөрсдийн зүрх сэтгэл, өөрсдийн гэрийн хаалгаа бусдад дэлгэсэн сайн сайхан ертөнц байлгахыг хүсч энэ сүлжээнд нэгддэг. Тэд чөлөөтэй ярилцаж, соёл, ёс заншлаа харилцан ойлгуулж, тив дэлхийг хэрсэн өөрсдийн нөхөрлөлийн холбоог үүсгэхийг хүсдэг.
Каучсөрфингийн вэб сайтад гишүүн болж бүртгүүлснээр та жинхэнэ каучсөрфэр болохгүй юм. Харин өөрийнхөө бүртгэл мэдээлэл /profile/-ийг үнэн зөв, бүрэн бүтэн бичиж, орон нутгийн каучсөрфэрүүдийн уулзалтанд очиж санал бодлоо солилцон, туршлага хуримтлуулах хэрэгтэй. И-мэйл илгээсэн гадаад дотоодын каучсөрфэрийн бүртгэл мэдээллийг уншиж ойлгох, тэр хүний тухай бусад каучсөрфэрүүд юу гэж бичсэн /reference/-ийг уншиж, тэр хүний найз нөхөд /friends/-ийн холбоосыг харж, бусад хүмүүс түүнд бүрэн итгэсэн эсэх /vouch/-ийг мэдэж харилцах, улмаар уулзах, гэртээ хонуулах зэргээ шийдвэрлэх нь зүйтэй.
Уулзсан каучсөрфэрдээ тусалсныхаа төлөө түүнээс элдэв төлбөр нэхэх мөн таньтай уулзаж байгаа каучсөрфэр нь танд бэлэг авч ирэх, хоолныхоо мөнгийг танаар төлүүлэх, танаас элдэв төрлийн биелүүлж чадамгүй тусламж шаардах нь каучсөрфэнгийн зарчимд нийцэхгүй.
КАУЧСӨРФИНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Энэхүү www.couchsurfing.org вэб сайтыг ашиглахын тулд та англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Тэгж байж өөрийн танилцуулга, мэдээллээ вэб сайтад үнэн зөв оруулах, бусад каучсөрфэр гишүүдтэй захидлаар бие биеэ ойлгон харилцах боломжтой юм.
Гишүүнээр нь төлбөргүй бүртгүүлж, өөрийн ажил мэргэжил, сонирхол болон бусад мэдээллийг бүрэн дэлгэрэнгүй бөглөж, улмаар зургаа оруулах боломжтой. Зарим тохиолдолд сайн дурын гишүүд нь таны хаяг, мэдээллийг шалгаж, таны тухай тодорхойлолт /reference/ бичдэг.
Хоноглох газар хайж байгаа каучсөрфэр гишүүнээс танд ирсэн захианд шууд хариу бичих гэж яаралгүй, харин түүнд итгэж болох эсэхээ судлан үзэх хэрэгтэйг зөвлөе. Түүний тухай судлахын тулд имэйл илгээсэн каучсөрфэр гишүүн нь хэзээ бүртгүүлснийг харж, үндсэн мэдээлэл /profile/-ийг уншиж, түүний тухай бусад хүмүүс ямар тодорхойлолт /reference/ бичсэн, тэр хэр олон найз /friend/-уудтай, тэр үнэхээр итгэлтэй гишүүн /vouch/ гэж тодорхойлогдсон эсэхийг шалгаж нягтлах нь зүйтэй. Ямар шийдвэр гаргахаа та л өөрөө шийднэ. Үгүй, боломжгүй гэж хэлэхэд санаа зовох зүйл огт байхгүй. Энэ бол таны, танай гэр бүлийн аюулгүй байдалтай нэг талаараа шууд холбоотой зүйл шүү дээ. Та хэнд итгэл үзүүлэх, эс үзүүлэхээ өөрөө л шийдэх хэрэгтэй.
КАУЧСӨРФИНГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Манай гэр бүлийн гишүүдийн хувьд өнгөрсөн 2 жилийн каучсөрфэргийн туршлагаас харахад 3 настай охин Мөнгөлөн толинд харж байгаад өөрийнхөө нэр, насыг англиар хэлж танилцуулж байгаа мэт тоглодог, ах эгч нар нь англи хэл сурахад төвөггүй гэдгийг ойлгож ухаарч алдаатай ярихаас огтхон ч санаа зовдоггүй болсон нь бахархалтай байдаг.
Мөн бид Монгол орныхоо тухай, Монгол ёс заншил, хэл соёл, тоглоом наадгайг хүнд танилцуулах, хүний асуултанд үнэн, зөв хариулт өгөхийг хичээх болсноор Монголынхоо тухай ихийг мэдэхийг хичээн мэдлэг, мэдээллийн хүрээгээ байнга тэлж, нягталж шалгадаг болсон.
Гадаадын каучсөрфэр найз нөхдийн явуулсан болон авчирсан тоглоомуудаар тоглож сурна, тэдний соёл зан заншил, амьдрал ахуйн сонирхолтой мэдээллийг авч, газарзүйн мэдлэгээ нэмэгдүүлэгтээ үргэлж баяртай байдаг. Би энэ Дэлхийн халуун зүрхтэй иргэн гэдгээ батлан харуулахын тулд
www.couchsurfing.org
www.hospitalityclub.org, дугуйтай аялагчдын www.warmshowers.org гэх мэт аялагч нартай холбож өгдөг вэб сайтуудад гишүүнээр бүртгүүлж, Монгол хүний найрсаг, тусархаг зан чанарыг харуулахыг хичээн зүтгэж байна.
Бусад улс оронд зорчилгүйгээр гадаад хүнтэй уулзаж харилцах, соёл зан заншлыг нь суралцах, улмаар найзлаж нөхөрлөх боломжийг бидэнд олгодог байхад зочин хүнд миний өдөр тутмын бодит амьдралд оролцох, суралцах боломжийг олгодог нь каучсөрфинг-ийн гол онцлог ач тус. Та гэртээ баримталдаг ёс заншил, амьдралын онцгой хэв маягаа каучсөрфэр гишүүндээ зөвөөр ойлгуулж, гэр бүлийн гишүүддээ гэртээ хонох гадаад хүнээ зөв танилцуулж, ярилцаж, нөхөрлөж, харилцан бие биедээ туслах нь бас нэг сэтгэлийн буян гэж боддог.
Каучсөрфингийн Улаанбаатар хотын Элчин сайд Ж.Бэгзсүрэн
Гэртээ гадаад, дотоодын аялагчдыг ирүүлдэг #ХоостАйл
Монгол ахуй соёлдоо эзэн нь байхыг эрхэмлэж, аялан ирсэн зочиддоо ахуй, соёлоо таниулдаг айлын талаар бидний блогийн ХоостАйл цэсээс үзээрэй.
Comments