Нутаг орныхоо Бүтээлч хүмүүсийг номын сан ямар үйлчилгээгээр дэмжих боломжтой вэ?
Монгол орны өнцөг булан бүрт бүтээлч, урлаач хүмүүс цаг тутамд шинийг санаачлан юмханаар юм хийх, нутаг орныхоо түүхий эд материалыг ашиглан, олон түмэндээ тустай урлал, бүтээл хийж, танилцуулж мэдүүлэхийг зорьж байдаг.
Энэ үйл ажиллагааг гар урлал, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл гэх мэтээр үйлдвэрлэлийн цар хүрээгээр нь нэрлэн Монгол улсын нийт иргэдэд үндэсний бахархал, хэрэглээг бий болгохоор Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Эх оронч худалдан авалт, Оюуны уурхайгаа олборлоё, Бүтээлч Монголчуудын нэгдэл зэрэг санаачлага өрнөж байдаг.
Нөгөө талаас нийтийн номын сан бүхэн мэдээллийн үйлчилгээгээ иргэддээ ойртуулъя, нутаг орныхоо мэдээллийн төв болъё, өсвөр үе хүүхдүүддээ ахуй соёлоо танилцуулъя, иргэдийнхээ насан туршийн боловсролыг дэмжих орчин болъё гээд соёл танин мэдэхүйн олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж
байдаг.
Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон улсын байгууллага ч гэсэн улс орны боловсрол, соёлын бодлогын хүрээнд уулзалт, сургалт, төсөл хөтөлбөрийг олон нийтийг мэдээлэлжүүлэх, соёлжуулах үйл явдлыг зохион байгуулсаар байгаа.
Намайг Ж.Бэгзсүрэн гэдэг, Улаанбаатар хотын нийтийн төв номын санд
1998-2012 онуудад компьютер, мэдээллийн технологи хариуцан ажиллахдаа 10 гаруй удаа гадаадын улсуудын номын сангуудад ажлаар очиж туршлага судлаж, дадлага хийсэн, мөн 2006 оноос хойш гэр бүл, хувийн аяллыг Монгол улс, гадаад улсуудад хийх үедээ очсон хот, суурингийнхаа номын сантай танилцаж мэдээ, мэдээллийг авдаг болсон. Энэ хугацаанд номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн техник технологи талаас төдийгүй үйл ажиллагаагаа хэрхэн компани, байгууллага, олон нийтийн хүч оролцоотойгоор хамтран явуулдаг болохыг ажиглаж, асууж, лавлаж, журам дүрэмтэй танилцаж, хамтын ажиллагааг нь бахархаж дуурайх, хэрхэн хамтран ажилладаг арга барилыг олж эзэмшихийг хичээж ирсэн. Ингээд би өөрийгөө "номын сангаар аялагч" гэж нэрлэх дуртай.
Хотын нийтийн төв номын сан дээрх Хөтөлбөрийн өрөө буюу соёл танин мэдэхүйн уулзалт, сургалт, үзэсгэлэн тогтмол явагддаг тохижилт, тоног төхөөрөмж суурилагдсан танхимыг АНУ-ын Төрийн департментаас санхүүжүүлэн байгуулах үед EIFL байгууллагаас Словен улсад зохион байгуулсан EIFL-PLIP (Public Library Innovation Program) сургалт, АНУ-ын Засгийн газраас Тайвань улсад 2011 онд зохион байгуулсан сургалт зэргээс нарийвлан суралцсан байсан тул олон нийтэд зориулсан үйл явдлын тусгай танхим байгуулагдаж ажиллахад итгэл дүүрэн, сэтгэл, гар бие оролцсон.
Өнөөдөр номын санч, мэдээллийн ажилтан, ялангуяа номын сангийнхаа шийдвэр гаргагч захиргаа, удирдлагын ажилтан танд нутаг орныхоо ардын авъяастан, урлаач, бүтээлч хүмүүсийн урлаж бүтээж байгаа бүхнийг цуглуулан, дэлгэн тогтмол танилцуулсан, тэдгээр хүмүүсийнхээ ур чадвар, авъяасыг уулзалт, сургалтын аргаар түгээн дэлгэрүүлэн иргэдийн урам зориг, бахархалыг бий болгодог, мөн байгууллага, олон нийтээс өмнөх зорилго чиглэлээр зохион байгуулах аливаа үйл явдлыг хамтран явуулах боломжийг олгосон "Бүтээлч нэгдэл" танхимыг санаачлан бий болгохыг уриалж, зөвлөе.
Нийтийн номын сангийн 20-60 м2 талбай бүхий өрөөг Бүтээлч нэгдэл танхим
болгохоор шийдэх, аль болох гадаадын бэлэн тавиур, сандал ширээг худалдан авахгүйгээр, орон нутгийн мужаан хүмүүстэй хамтран тавиур, ширээтэй болгох, үүний тулд өрөөнийхөө аль хананд, аль талд орон нутгийн ямар брэнд бүтээгдэхүүн хэрхэн байрлаж танилцуулагдахыг төсөөлж, хэдэн оролцогчтой уулзалт, сургалтын үед ширээгүйгээр сандалууд хэрэглэх, ширээтэй сандал хэрэглэх зэргээ тооцоолж, ямар нэг агуулах, өөр өрөө руу юуг ч шилжүүлж зөөдөггүйгээр, тухайн Бүтээлч танхим өрөөндөө бүгд шингэдэг, зохицдог, олон талт байдлаар ашиглагддаг зэргийг бодолцож загвар дизайнаа гаргаарай.
Ийнхүү нутаг орныхоо бүтээлч хүмүүст дараах загвараар танилцуулга мэдээлэл, хамтран бүтээлчээр ажиллах саналыг бичиг, цахимаар явуулж, энэ танхимын үйл ажиллагааг ахлах номын санч ерөнхийд нь хариуцаж, сайн дурын дэмжигч гишүүдэд цагаар ажиллан, үйл ажиллагааны орлогоос урамшуулал тэтгэмж авах боломжийг олгоно.
Танилцуулга мэдээлэл, хамтран бүтээлчээр ажиллах саналдаа номын сан нь
татвар төлөгч, бүтээгч иргэний таны улс, нутаг орондоо тушаасан татвараар цалинжиж, үйл ажиллагааны орчиноо бүрдүүлж, хэвийн ажиллаж байдгаа илэрхийлж, номын сангийн эрхэм зорилго нь тийм тийм байдаг тул, орон нутгийн иргэд төдийгүй манай орон нутагт аялан ирж байгаа хүмүүст Даваа-Ням гарагт 7:00-21:00 цагт хүн бүхэнд хураамж төлбөргүй байнга нээлттэй ажиллан, нэг доороос нутаг орныхоо онцлог мэдээллүүд, бүтээлч хүмүүсийн намтар түүх, өнөөгийн ажил үйлсийг урлаж бүтээсэн бүтээгдэхүүнүүдийг нь дэлгэн танилцуулж, хүссэн хүмүүс бүтээгдэхүүн хүлээн авсан падаан дээр бичигдсэн үнээр худалдан авах боломжийг олгох, Урлаач бүтээлч хүмүүстэйгээ байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу бүтээгдэхүүнээ хүлээлцэх, сургалт, уулзалтаа хэрхэн явуулах 2 талдаа үүрэг, хариуцлага тодорхой байж, борлуулсан бүтээгдэхүүн бүрээс Номын сангаа хөгжүүлэх сандаа хандив төвлөрүүлэн, Бүтээлч танхимын үйл ажиллагаандаа зарцуулах гэх мэт анхнаасаа зорилго, үйл ажиллагааг тодорхой болгож ажиллана.
Энэ бүхэнд суралцаж мэдэх боломж Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээрх Хөтөлбөрийн өрөөний ажиллах журам, өнөөгийн болон цаашид ажиллах арга барилтай танилцах, мөн 2019 оны 1-р сарын 9 өдрөөс Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-ийн үйл ажиллагаа, Бүтээлч танхим аяныг хэрхэн өрнүүлж ТББ-ууд болон Бийрийн бичлэг, Морин хуур, Англи хэлний бүтээлч, судлаач багш нартайгаа хамтран ажиллаж байгаа туршлага байна.
Энэхүү нийтлэлийг бичих бодол хүсэл нь СУИС Соёлын сургуулийн Т.Хайдав багшийн хүсэлтээр 2019 оны 4-р сард тус сургуулийн номын сан, аялал жуулчлалын мэргэжлийн багш, оюутануудад "Агуулга бүтээгч Мэдээллийн ажилтан (Content Librarian)" сэдвээр лекц уулзалт хийж, Дэлхийн улсуудад өрнөж байгаа content librarian, social media content зэргийг товч танилцуулан, цаашид номын сан дээр Агуулгыг дэмжих Түрээсгүй танхим нээж ажиллуулах шаардлага, нөхцөл, ач холбогдлыг танилцуулахыг хичээсэн.
Орон нутгийнхаа бүтээлч агуулга, бүтээлч хүмүүсийг дэмжих Түрээсгүй буюу Бүтээлч танхимыг ижил загвар, удирдамжаар бий болгох нь Номын сангийн нийгмийн үнэлэмж, бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо хэрхэн өсөх боломжтойг бид хамтдаа төлөвлөж, үр дүнг харуулж чадна.
Бүтээлч урлан Creative Gallery хэрхэн ажиллаж байсан танилцуулга
2019-7-4
Номын сангуудын нэгдсэн БҮТЭЭЛЧ ТАНХИМ хуудас нээж, тэр хуудсаараа Монгол орны өнцөг булан бүрээс номын санч-мэдээллийн ажилтанууд Бүтээлч танхимын үйл ажиллагаагаа ШУУД БИЧЛЭГ-ээр дамжуулж эхлэх саналтай байна.
Бидэнд энэ Бүтээлч танхим гэдэг нэгдсэн ойлголт, Лайв хийх нэгдсэн компанит ажлыг бий болгоход ямар ч саад алга гэж Бэгзсүрэн би бодож байна.
Нэгдэж ажиллах хүсэлтэй бол, асууж лавлах, харилцахад би бэлэн, 99861326, 96070315 утас нээлттэй.
2021.11.19
Library Update 2021 номын санч-мэдээллийн ажилтаны Улсын 8-р зөвлөгөөнд оролцож,
Түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хэлэлцүүлгийн хэсэгт оролцож
Бүтээлч танхим байгуулж ажиллахыг уриалж, дараах санал дэвшүүлсэн.
Comments