Шаардлагатай мөнгийг эцэг эхтэй нь шууд ярилцая

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ойд

Хүүхдийн эрхийн тухай конвенцийг амьдралд хэрэгжүүлэх:
Хүүхэд бүхэнд ижил нөхцөл олгох ТББ + Багш + Сурагч

Дэлхийн Хүүхдийн өдөр - 11 сарын 20
Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталжээ.
Хүүхэд ялгаварлан гадуурхагдахгүй байх, Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй байх, тийм ч учраас дараах 3 санал шийдлийг дэвшүүлье:

1. СӨБ, ЕБС-ийн багш нар сурагчтайгаа мөнгө ярьдаггүй байя.

Сурган хүмүүжүүлэгч багш таниас сурагч тань айдаг, ичдэг, мөнгөө авчраагүй гэж хичээлээ тасладаг тохиолдол хааяа ч гэсэн гардаг болохыг, аав ээж нь өгөөд явуулсан юм шигээр хэн нэгэнд худлаа хэлж авсан мөнгөө, ямар нэг аргаар олж ирсэн мөнгөө Багш танд өгдөгийг
та мэдэх үү?
Иймд багш та хүүхдээр дамжуулалгүй шууд эцэг эхтэй нь утас, интернэт, ангийн онлайн бүлэг, хурлаараа тэр авах ёстой мөнгөө ярилцацгаая.
Сэтгэл судлалын мэргэжилтэн судлаач, ахлах ангийн сурагчид та бүхэн сургуулийн орчинд мөнгө, хураамж, сурагчийн айдас, сургуулийн талаарх бодол, багш сурагчийн харилцаатай холбоотой судалгаа хийж, нийгмийн хөгжлийг зүгшрүүлэхийг хүсье.

2. Анги, сургуулийн тохижилт зэрэгт хурааж авч, зарцуулдаг мөнгөө тухайн сургуулийг дэмжих ашгийн бус ТББ, сангаар дамжуулцгаая

Эцэг эхчүүд бид хүүхдээ бодоод, ангид тийм ч юм хэрэгтэй, ийм ч зүйл дутуу байна гэхлээр нь эцэг эхийн зөвлөлөөр дамжуулж мөнгө хураалгаж, дутууг нөхөж байдгаа албан ёсны ажил ТББ, санг байгуулан, оруулсан хөрөнгө оруулалтаа тайлан мэдээ, цалин хөлс, хяналт үнэлгээтэй болгож амжилт дүүрэн амьдарч, ажиллацгаая.
Сургуулиас эцэг эхчүүдийн дунд бооцоотой волейболын тэмцээнийг спорт зааландаа зохион байгуулж, бооцооны мөнгөөс сургуулийнхаа шалны хулдаасыг солиход зарцуулна гэсэн бодого төлөвлөгөөтэйгээр хийж байсан жишээ байдаг. Энэ мэт ажил нь сургууль нуусан хаасан байдлаар ийм зүйлийг хийх бус сургууль дэмжих ТББ, сангийн оролцоо, хяналттай, тайлантай болдог бол бусдад сайн үлгэр жишээ болж нийгмээ гэгээрүүлнэ.

3. Хичээлээс гадуурх спорт, урлаг, сургалт хүмүүжлийн ажилд зарцуулах зардлыг зохион байгуулагч нь бүрэн хариуцъя.

Сурагч бүрийг сонирхол хүслээр нь ижил тэгш оролцуулахын тулд аливаа зардал мөнгийг сурагч, эцэг эхээс гаргуулах бус зохион байгуулагчид хөрөнгө босгох, эсвэл дээр дурдсан сургууль хөгжлийг дэмжих сан, ТББ-аасаа бүрэн дэмжлэг авч байх системийг бий болгоцгооё.


Эцэг эхчүүд бид Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан энэ өдөр хүү, охин минь бид чиний анги хамт олон доторх инээд хөөр, сурах мэдэх эрмэлзлэл, хөдөлмөрийг тань тасалдуулах, хязгаарлах МӨНГӨний тухай санаашрал, дарамтанд өртүүлэхгүйн арга замаа бид олж хэрэгжүүлнэ.
Монгол эх орондоо төрж өсөж байгаа хүүхэд бүхэн дээрх боломжоор хангагдаж Монгол хүн болж төлөвшөөсэй.

Та үүнийг мэдэх үү?
Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан дараах үүргийг өдөр тутам хэрэгжүүлнэ.
5.1 Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна.
5.2.Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
5.3.Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу үзүүлнэ.
5.4.Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ.


#хүүхдээбүүичээ #хүүхдээбүүзагна #багштабагшхэвээр #тбб #сайнаавээж

18 нас хүртлэх хүүхдэд Музей хураамжгүй үйлчилдэг болсон

2020-9-1 өдрөөс эхлэн 18 хүртэлх насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчлэх тухай Соёлын сайдын тушаал гарчээ.

Монгол улсын Соёлын сайдын 2020-8-31 өдрийн А/03 тушаал Музейн төлбөрөөс чөлөөлөх тухай 

хүүхэд музейн төлбөрөөс чөлөөлөгдсөн тушаал



Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох авьяас, ур чадвараа хөгжүүлэхэд нь музейн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Номын сан хүүхдэд хураамжгүй үйлчилдэг үү?

Монгол улсын 330 гаруй сум, 21 аймаг, 1 нийслэл хотын 9 дүүрэгт нийтийн номын сангууд ажиллаж байгаа.
Би ахлах ангидаа Сүхбаатар аймгийн Нийтийн төв номын санд очиж, хичээлийнхээ сэдвийг гүнзгийрүүлэн физик, математикийн номууд үзэж байсанаа санаж байна.

Номын санд уншигчаар бүртгүүлж карт нээлгэхэд хураамжгүй, мөн гэрээр ном авч уншихад хураамжгүй байхыг дэмждэг. Хүүхдээс мөнгө хураамж авахгүй байх нь хүүхэд өөрийгөө бие хүн болж байгааг мэдрэх, эх орон нь түүнд сурч боловсрох тэгш эрхийг олгож байсаныг хожим ухаарч ойлгон, талархаж баярлах, амьдралын мөн чанарыг ойлгоход маш тустай гэж үздэг.

Сум, аймаг, дүүрэг, хотын нийтийн номын сангуудад Хүүхдээс бүхий л төрлийн мөнгөн хураамж авахыг хориглож, зөрчил дутагдалд мөнгөн торгууль ноогдуулсан тохиолдолд зөвхөн эцэг эх, асран хамгаалагчтай нь холбогдож харилцахыг үүрэгдээсэй.


Comments