2010 оноос хойш Цагаан сарын өдрүүдээр юуг анхаарч суралцав


Сар шинийн өдрүүдэд ахмад настаныхаа өргөө гэрт өрх бүлээрээ зочлон очиж, 
Амар мэндийг мэдэж золгон, 
бэлтгэн авч очсон бэлэг сэлтээ барьж, 
 тухлан сууж аваад, цай идээ хүртэж, бууз жигнүүлэн идэнгээ 
улиран одсон жилийнхээ амжилт бүтээлээс дуулгаж, 
хүүхэд багачуудаараа дуу хуур тоглуулж, бэлэг сэлт гардан авч тор уутандаа хийсээр, автобус унаагаар явсаар 4-5 айлд зочлон очдог байдал миний өрх бүлд 1999 оноос хойш давтагдсан хэдий ч,

Жил бүрийн цагаан сарыг ямар гарын бэлэгтэйгээр, хэрхэн өөрчлөгдөн сайжирсан байдалтайгаар настан буурлууд дээрээ очих вэ гэдэгт гэргий бид хоёр ихэд анхаарч, үргэлж шинэчлэл хийхийг зорьдог байсаныг илтгэх 2010 оноос хойших Цагаан сарын өдрүүдэд юу анхаарч суралцаж байсан тэмдэглэлээ хуваалцъя.

Цагаан сар - түмэн олны баяр цэнгэл болдогоороо болно. Тийм учраас бэлтгэлтэй, хүсэлтэй, биелэлтэй байх сайхан байдаг

2010 оны Цагаан сарын өдрүүдэд дараах бодол төрж билээ

- Ахмадуудынхаа сургаал үгийг алдалгүй хадгалж авч, дахин сонсож байхын тулд дууны бичлэг хийдэг төхөөрөмж -
DIGITAL AUDIO RECORDER бидэнд байх хэрэгтэйг ойлголоо.
- Цаг алдалгүй Ураг төрөл, удам судраа лавлан мэдэж, зурж тэмдэглэх, намтар түүхийг сонсож мэдэх хэрэгтэй юм даа, тэгэхгүй бол буурлууд маань нэг нэгээрээ бурхан болсоор, бидэнд өвөг дээдсийг ярьж танилцуулах хүмүүс минь цөөрсөөр байгааг мэдэрч эхэлсэн.
beesoy.blogspot.com/2013/02/2010.html


2012 онд төрсөн санаа

Амар байна уу хэмээн мэндлэн тохой өргөн золгох өдрүүд айсуй?
- гэр бүлийнхээ зургийг угаалгаж, золгохоор очих айл бүхэндээ өгье гэж бодож байгаа
- өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ургийн бичгээ http://www.myheritage.com/ вэбд онлайнаар эсвэл Family Tree Builder програмд http://www.myheritage.com/family-tree-builder оффлайнаар бэлтгэж, зочлох үедээ боломж гарвал зарим мэдээллийг засах, шинэ төрсөн болон оруулаагүй байсан хүмүүсийг оруулах
- настан буурлуудынхаа сургаал үг, ерөөлийг дуу бичлэгээр хурааж авах ухаалаг гар утас, диктафон гэх мэт төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, бэлтгэх
- энэ жилийн өнгө төрхийг хадгалж үлдээх зорилгоор зургийн аппарат, зураг авах төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, ТВ зэрэг шууд тоглуулах төхөөрөмж рүү холбох кабелиа марталгүй зэхэх
- өөрийн гараар хийсэн, Монгол үндэсний цоож түлхүүр, уяа гогцоо төрлийн төмөр утас, ясаар хийдэг тоглоомуудаасаа авч очиж, хүүхэд багачуудад бэлэглэж, яаж тоглодгийг үзүүлж харуулна. beesoy.blogspot.com/2012/02/blog-post_4703.html


2013 онд Цагаан сараар

Жил жилийн цагаан сарын өдрүүдэд тэнгэр хангай тогтуун сайхан байж, ах дүүс аав ээжийнхээ гэрт цуглаж, өвөө эмээдээ зорин очиж, ерөөлийн үгс, ураг төрлийн хэлхээ, өнгөрч буй жилийн сайн сайхан бүхнээ дурсан ярилцаж, ирж буй жилдээ сайн бүхний билэгдэн ерөөж өнгөрүүлж байна.
- Гэр бүлээрээ авахуулсан зургийнхаа ард талд овог нэр, төрсөн өдөр, шинэ төрсөн хүү, охиноо танилцуулж, тухайн жилийн онцлох амжилт, дурсамж, холбоо барих утас, имэйл зэргээ бичиж, Настан буурлындаа бэлэглэж, үлдээвэл их л бахархалтай.
- Настан буурлуудын зургийг зөвхөн шинэ төрсөн ач, зээ, гучтай нь хамтад нь авч, ерөөлийн үгийг нь дуун бичлэг хийж авах.
- Аавын ээжийн талын настан буурал болгоны гэрээр очиж, золгох учиртайг дахин ойлголоо. Ингэснээр ураг төрлийн холбоог батжуулж, эргэн сануулж, ач зээ нартай нь танилцах боломжоо бүү орхигдуулаарай.
- Цагаан сарын бэлэг сэлтээ базаахдаа, аль болох өөрсдийн, ах дүүгийн бэлтгэж чадах сүү цагаан идээ, боов, оёж урласан хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг худалдан авах, захиалан хийлгэх.
- Хамгийн чухал нэг зүйл бол, цагаан сарын идээ будаа, хоол цайг бэлтгэхдээ аль болох эрүүл хүнс, чанартай хоол бэлтгэх арга технологийг харилцан солилцож, ядаж л нийслэл салатыг хэрхэн зөв бэлтгэх ёстойг Монгол ТВ НД-ээр битүүний орой гарсан Нүүдэл нэвтрүүлгийн Монголчуудын идээ ундааны уламжлал шинэчлэл сэдэвт ярилцлагаас мэдэж, ойлгож авав гэх мэт.
beesoy.blogspot.com/2013/02/blog-post_14.html


2014 онд Цагаан сараар


Цагаан сарын бэлэг сэлтэнд өөрийн гараар орц найрлагыг хольж, боловсруулж бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн, хүнс байхаар тооцоолж Зун, Намар, Өвлийн улиралд хүнс, хоолоо бэлтгэцгээе.

- Гэргий бид хоёр хүүхдүүдээ л дуулуулж, бүжиглүүлж, морин хуур тоглуулдаг байсан бол энэ жилээс эхлэн өөрсдөө ая дууны бэлэг барьж "12 жил", "Наран мандах нутаг", "Миний ардын сэтгэл цагаан" гурван дууг дуулж, бид хэдийгээр насанд хүрсэн ч, та бүгдийнхээ хувьд бага балчир үр чинь шүү дээ гэдгээ харуулахыг хичээсэн
- Арвайн гурил эсвэл хуурсан гурил, шар тосоор зул барьж, золголтын бэлгэндээ оруулсан минь, айл болгоны бурхан тахилын дэргэд бадамлан асаж, дараа нь хуваан идэж болдог нь сайхан санагдаж байсан.
- 2013 оны цагаан сар, эсвэл дараа нь зочлон очих үеийн фото зургийг угаалгаж, бэлгэндээ оруулсан.
- Цахим харилцааны хэрэгсэлд ах дүүс, хамаатан садны хүмүүсийг багтаасан нууц бүлгийг үүсгэж, ах дүүсээ онлайн орчинд холбож, сар шинийн зургуудаа хамтдаа онлайнд байрлуулж үзэж, харилцсаар байна.
- Зөвхөн цагаан сарын өдрүүдээр л бие биенээ мэдэж, уулзаж ярилцдаг байхаас илүү улирал тутамд ах дүүс, ураг төрлийн уулзалтыг бага зардлаар хийхээр шийдэж, Бэгзсүрэнгийн гэр бүлийн өдөрлөгийг 4-р сард хийсэн


2015 оны сар шинийн өмнөхөн надад дараах бодлууд төрж байна

Өөрийн аяга, халбагаа даалин уутандаа хийгээд өвөртөлж явъя, золгон очсон айлдаа аягандаа хоолоо идэж, цайгаа ууж, долоож цэвэрлээд, уут савандаа хийж өвөртөлцгөөе?

- Золголтоор явахдаа хүн бүр өөрийн аяга, халбага, савхаа аяганы уутанд хийж, өвөртөлж очиж, цай хоолоо идчихээд, долоогоод л өвөртөлнө, зочлон очсон айлдаа илүү аяга угаах цэвэрлэх болон яаруу сандруу дутуу цэвэрлэгдсэн аяга халбага хэрэглэж ам, шүлс, бохир гараар дамжих аливаа эрсдлээс сэргийлнэ ээ
- Гэргийн хамт өмнөх жилд дуулсан дуугаа дуулахын зэрэгцээ, Ерөөл цээжилж хэлнэ
- Хонин жил гарч буй тул хонь хэлбэртэй амттай талх боов хийж бэлгэндээ багтаана
- Ямар нэг байдлаар сургаал үгс бичигдсэн, өрх бүлийн фото зураг, гишүүдийн жин, өндөр бичигдсэн зургийг бэлгэндээ багтаана гэж бодож байна?
- Хүүхэд багачуудад ах дүүсээс бэлэн мөнгө төгрөг, чихэр боов бэлэглэдэгийг болиулж, хичээл сургуульд нь хэрэглэгдэх харандаа, бал, хичээлийн дэвтэр, зургийн дэвтэр зэргийг бэлэглээсэй хэмээн хүсэж байна. Учир нь хүүхдүүд өөрсдөд нь өгсөн бэлгийг хэнээр ч заалгахгүйгээр өөрөө захиран зарцуулахаар шийддэг, уурладаг тул зарим тохиолдолд бэлэн мөнгө төгрөг нь сургуулийн орчны дэлгүүр, пс тоглоомын газар зэргээр чөлөөтэй үйлчлүүлэх, мөн хэдэн өдрийн турш  хоол унднаас гарч, нэг доор чихэрлэг хүнс их идэж бага насныхаа маажуурыг сэдрээх, биеэ эсийн түвшинд гэмтээх дутагдалтай талуудтай байна.

эцэст нь бодлоо нэмж бичихэд, Цагаан сар нь өнгөрсөн жилдээ өрх бүлдээ юу бодож сэтгэж, бүтээж чадсанаа настан буурлуудаараа дамжуулан ах дүүсдээ үзүүлж танилцуулах, бахархалаа хуваалцах баяр.

2016 онд

Уриалга: Бичин жилээр Настан буурлаасаа "бяцхан" бэлэг гардацгаая


Цагаан сарын баяр - Үндэсний уламжлалт, хүндэтгэл, хайрын баяраараа дараах уриалгыг дэвшүүлж байгааг түмэн олон тунгаан болгооно уу?

Эмээ өвөө, аав ээж, ах эгчийнхээ сэтгэлээс нь ургаж, ухаанаар нь эмхтгэгдэж, гараар нь бичигдсэн "дурсамж яриа, түүх намтарыг захидал" буюу бяцхан бэлгийг цагаан сарын бэлгэнд гардан авцгаая!

Энэхүү уриалгыг хүлээн авч, уншиж байгаа эрхэм та цааш нь түгээн,
зөв ойлгуулж, дэмжиж туслаарай, захидалаа дугтуйлаад, хүүхдүүд дүү нарын чимэглэж, бэлтгэсэн бэлгийн уут, хайрцагт хийж гардуулбал бүр янзтай байх?

Дурсамж яриа, түүх намтарын захидалд дараах санаанууд багтаж болох байх:

- Азай буурлаасаа олон жилийн өмнө цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг байсан дурсамж
- Ахмад настанаасаа хүүхэд насны нь дурсамж яриа
- Ахмад үеэсээ залуу насны нь ололт амжилтын түүх
- Ах эгчээсээ та намайг жоохон байхад яаж асардаг байсан
- Аавын ээжийн хөөрхөн дүү нартаа амжилттай хүмүүсийн түүх намтараас
- Ах дүүс, аав ээж, өвөө эмээгийн амжилт бүтээл, алдаа онооны сургамж, ухаарал


2018 онд

Хэдхэн хоногийн дараа Монголчууд бид сарны тооллоороо өвлийн адаг сарын битүүндээ битүүлж, хаврын тэргүүн сарын шинийн нэгэндээ золгохоор бэлтгэж байна.

Хүн бүр, ялангуяа ахмад настангууд маань ач зээгээ үнэрлэн, сургаал, ерөөлөө хайрлаж, гарын алгыг нь дээш харуулан, сэтгэлд нь баяр үүсгэхээр дор бүрнээ хүнс хоол, бэлэг сэлтээ бэлтгэж байгаа энэ цагт нэгэн санааг түгээе:

- Хүүхэд багачууд нь ямар дуу шүлэг цээжлэн, эмээ өвөө, ах дүүсдээ дуулж, шүлэглэхээ аав ээжтэйгээ ярилцаарай

- Мөн залуус бидэнд ерөөл, магтаал цээжлэх цаг хугацаа нь байна шүү.

Цагаан сарын Ерөөл магтаалыг ахмад буурлаасаа асууж, интернэтээс хайж (энд нэг байна), сураглаарай.

Угтан золгож буй XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ Очсон газартаа олон болж Байгаа газартаа баян болж Сэдсэн ажил тань урагштай Сансан хэрэг тань бүтэмжтэй Буян чинь булхаж Бяр чинь багтаж Будаа цагаа нь бялхаж Эрчүүд нь түшигтэй Эхнэрүүд нь халамжтай Хөвүүд нь цэцэн Охид нь уран Өтгөс нь тэнхлүүн Нялхас нь жаргалтай Төр нь төвшин Түшмэд нь төлөв Түмэн олон аз жаргалаар дүүрэн Тал нутагт амар амгалан оршин байхын ӨЛЗИЙтэй ерөөлийг өргөн дэвшүүлэе. Дүүрэн жаргалтай Түвшин амгалан Сарын шинэдээ сайхан шинэлээрэй.

Золгон очиж байгаа айлдаа аягаа өвөртлөн очих, угийн бичгээ ярилцах, гэр бүлийн зургаа бэлэглэх, ардын, зохиолын дуунаас дуулж байсан өмнөх жилүүдийн түүх манай гэр бүлд бий.

2019 онд Цагаан сар



Амар байна уу, Сар шинэдээ сайхан шинэлэв үү?
Гахай жилийн цагаан сарын өдрүүдэд танд ямар бодол санаа төрсөн вэ?

Өвлийн цэнгэг агаар

Цэнгэг агаартай байлгахын тулд бидний түлсэн нүүрс, машины утаанаас бохирдсон агаарыг хөөж туусан салхи та хүйтэн байсан ч удамт Монголчууд дулаан хувцас чихээ дардаг малгай, үстэй дээл, эсгий улавчтай гутлаа эртнээс бэлтгэж, ур ухаанаараа гоёж, шинийн өдрүүдэд ахмад буурлууд, аав ээж, ах дүүсдээ золгож шинэллээ. Баярлалаа, Биднийг ивээсэн Хөх тэнгэр, Дэлхий ээжээ.
Харин тэр нүүрсний утаа бохирдол салхиар туугдан явсаар хаа нэг газрын ус, хөрсөнд шингэж байгаа гэж та боддог болсон уу?


Гэр бүлд зориулсан бэлэг бэлтгэж, золголоо

"Эрхэм баян эрдэм ном
Удаах баян үр хүүхэд
Адаг баян эд хөрөнгө" гэдэг сургаал үгийг уншиж, сонсож, бодож өссөн олон хүн байдаг байх. Өрх гэрийн аав, ээж, хүүхэд, өсвөр үе тус бүрт нь ямар эрдэм ном сурах, ямар үйл явдалд оролцох боломж байгааг зааж чиглүүлж өгсөн жагсаалт бүхий хавтасыг бэлтгэж бэлэг бэлгийн дээд болгон гардуулсан.
Сонирхсон сургалт, үйл явдалдаа явах уу, яах уу гэдгээ асууж ярилцах 4 бэрх шагайг хавтсандаа байрлуулж, лавлах утас хаягийг бичсэн номын хавчуургыг мөн багтаасан.
Цагаан сарын бэлэг нь мөнгөөр худалдаж авч болдоггүй, бэлэглэж байгаа хүнийхээ гараар бүтсэн зүйл байгаасай гэж би хүсдэг. Ахмадын сургаал алт гэдэг тул бидэнд сургаалиа, ерөөлөө хайрлаасай гэж хүсдэг.

Суудлын бүрээсээ угааж, тоогоо нэмэгдүүлсэн нийтийн тээврийн автобусаа хөлөглөсөн

Автобуснууд өнгөлөг цэвэрхэн суудлын бүрээс, шил толио өнгөлж цэвэрлэсэн байсан. Мөн нэмэгдэл автобусаар хүн тээврийн үйлчилгээ зохион байгуулагдаж байгааг дэмжиж, мөн замын ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэхгүй, өөртөө жолоо мушгих гэдэг ачаалал нэмэхгүйгээр золгож болохыг мэдэрлээ.


Ээж, ааваасаа сурсан зүйлээ үр хойчдоо өвлүүлэхийн тухайд

Олон жил л бид ээжийнхээ эгч дээр очиж золгож байна. Харин энэ жил эгч маань аав ээжээсээ сурч мэдсэн идээний боов, бурханы боовоо өөрөө орц найрлагыг тааруулж, өөрөө тосонд буцалгаж бэлтгэдэг энэ арга технологи, ажлаа би бурхан болтлоо хийх болно гэж хэлж байгааг сонсож мэдлээ. Энэ жил энэ эгчдээ эртхэн хэлж байгаад гэр бүлээрээ очиж, идээний боовоо хайрч бэлтгэхийг нь өвлөж авахаар суралцана, оролцоно гэж дотроо шийдлээ.

Насаараа л архи уусан хүн гэж байхгүй, харин бид тийм болгож ярьдаг

Хүнийг амьдралын буруу дадлаас нь зөв хэвшилд татан оруулах үүрэг хэнд байдаг вэ, ээж, аавд нь уу, эхнэр, хүүхдэд нь үү эсвэл өөрт нь үү?
Хүнийг өөрөө мэдэрч, ухаарч, сонголт хийхэд нь чиглэсэн арга зам руу нь байнга чиглүүлж байгаарай. Заримдаа хөтлөөд, өөрчлөгдөж байгаа хүмүүсийн дунд авч очих нь зөв сонголт байдаг.
Харин би л ах дүү, аав ээж нь гээд дутагдлыг нь засч чадна гэж бодоод хэлж, загнаж, учирлаж хамаг нас, олон жилээ өнгөрүүлсэн ч, тэр хүн бахь байдгаараа л байсаар байдгийг анзаарсан.
Буруу дадлыг нь дэмжсэн үйл ажиллагааг сануулж хэрэггүй.
Энэ цагаан сараар малын сүүний охь шим нь шингэсэн шимийн архийг идээнийхээ дэргэд залсан айлд золгож бахархсан.

Биеийн бүтцээ хэмжиж, хянаж байгаа

Цагаан сар болохоос бүр өмнө эхлүүлсэн Биеийн бүтцээ 365 өдөр хэмжих өөртөө тавьсан шинэлэг зорилт маань шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд хүртэл хэрэгжсэн.
Сүүтэй цайгаа уухгүй, буузаа идэхгүй цагаан сар гэж хаана байх билээ гээд бодчихоор идэх хүсэл оргилж, улмаар биеийн бүтцэд хурдан өөрчлөлтүүд гарсан.
Бие зөв бүтэцтэй, илүүдэл өөхгүй, дутуу булчингүй байхад эрүүл, эрч хүчтэй байдгийг мэдэрсэн сүүлийн 6 жилээ 60 жил, 80 жил, 90 жил болтол нь үргэлжлүүлэх хүсэл маань намайг хөтөлсөөр байгаа. Олон жилийн цагаан сарын их баярыг үзэж, олон хүмүүст зөв бүхний үлгэр дууриалал болохыг хичээнэ ээ, би.


Цагаан сарын хүнс хоол

Цагаан идээгээрээ идээ засаж, цагаа идээгээ зооглодог цагаан сарыг хийцгээе.
Тостой боов, өөхтэй махтай цагаан сарыг Намар хийцгээе!

Мөн өмнөх 2010-2018 онуудын цагаан сараа хэрхэн тэмдэглэж байсан, бодол, санаанууд тай танилцахыг уръя.

2020 онд Хулгана жилийн Цахим золголт


"Өмсөж буй дээл шигээ ганган сайхан харилцаатай
Барьж буй гар утас шигээ өөрийгөө хөгжүүлж шинэчилж
Унаж яваа машиндаа анхаарал хандуулж байгаа шигээ эрүүл мэнддээ анхаарал хандуулж,
Бусдад тавьж буй шаардлага шигээ өөрөө амьдарч
Гар утсандаа зарцуулж буй цаг шигээ цаг хугацааг гэр бүлдээ зориулж
Эрүүл урт удаан амьдарч олон сайхан өдрийг үзэхийн тулд маскаа хэрэглэж хэвшиж, гараа тогтмол угааж, айл хэсэхгүй байж
Хэлж буй ерөөлийн үг шигээ амьдарч, бусдад хандаж чадвал олон хүн цугласан газар очиж заавал засал хийлгэх шаардлагагүй аз жаргал дүүрэн сайхан жил өнгөрөх болно.

Санаа зөв бол, заяа зөв.
Гэр гэртээ хайртай бүхнийхээ хамт сайхан шинэлээрэй"    Emi Enji-ээс сopy


2024 он 2.10 Цагаан сар. Луу жил гарч байна.

Угийн зураглал бичиж, ах дүүсдээ үзүүлж харуулахаар зэхлээ





- - - - - - - - -

Эрхэм та цагаан сарын өдрүүдийг хэрхэн бүтээлч, уламжлал шинэчлэлийг хослуулан тэмдэглэн өнгөрүүлдэг туршлагаа сэтгэгдэлд бичих, [mcl_begee et yahoo.com] хаяг руу имэйл бичин хуваалцаж, ухаалаг худалдан авалтаар амьдралаа хэмнэхэд нь хэн нэгэнд туслаарай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Comments