Бидний өвөг дээдэс хойч үеийнхэндээ харьцангуй онгон тансаг байгалийг өвлүүлэн үлдээсэн нь унаган байгаль, уул усаа хайрлан хамгаалж ирсэн манай ардын энэхүү уламжлалтай холбоотой юм.
Монголчууд аливаа рашаан ус, булаг шанд, гол мөрнөө өөрийн гэсэн эзэн сахиустай хэмээн шүтэн бишрэхийн зэрэгцээ газар усны савдаг, лусын эзэн, ус хурын эзэн, ган зудын эзэн тэнгэр бүгд усан дотор оршдог гэж ихэд сүслэн дээдэлдэг ажээ.
Усыг амьдралын эх үндэс гэж үзэн элдэв зүйлээр бохирдуулахыг цээрлэн, үргэлжид ариун тунгалаг байлгахын тулд гол, горхи, булаг шанд, нуурыг ихэд хүндэтгэлтэйгээр бэлэгшээн нэрлэж, Орхон голд "Түшээ гүн", Туул голд
"Хатан Туул" цол өргөмжилж байсан баримт түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Рашаан булгийн эхэнд буудаггүй, буусан ч саахалтын орчимд гэр бараагаа барьж, үнс хогоо усны эхээс хол асгаж, нүүхдээ бууриа цэвэрлэж, гадас шонгийн нүхээ хүртэл булдаг уламжлалтай. Мөн гол усны ойролцоо малын сэг зэм хаях, талийгаачийг хөдөөлүүлэх, гол горхи руу аливаа улай, цагаа дусаахыг хатуу цээрлэдэг. Бид худаг ус, гол мөрөн, горхи булаг шанд, нуур цөөрмийг ухаж төнхөх, тэр ч байтугай худаг усны дэргэд хэрүүл маргаан, зодоон нүдээн сэдээх зэрэг элдэв зохисгүй ааш авир гаргахыг цээрлэн, цэвэр тунгалаг, ариун усаа харамгүй тахилын дээд хэмээн усанд ихээхэн хүндэтгэлтэй хандаж ирсэн баялаг уламжлалтай.
Голын усыг гараараа самарч, алгаараа хутгаж ууж болохгүй. Заавал аяга саваар урсгалыг нь дагуулан хутгаж уу гэж үр хүүхдэдээ захиж сургадаг. Булгийн эхэнд бүү хэл голын усанд хиртэй хувцас, хэрэглэлээ бүү угаа. Лус савдгийн хорлол болно. Тусгай саванд гол горхиноос хол угааж бай гэж хойч үе, үр хүүхдэдээ бага балчраас нь үргэлж захиж, ойлгуулж, хатуу чанд сахиулж байсан. Голын эх, түүний ай саваас мод огтолж, хад чулууг ховхолж болохгүй. Хэрвээ ингэвэл лус хилэгнэж, ус ширгэнэ. Зайлшгүй шаардлага гарвал ховхолсон чулууныхаа ормыг шороогоор дүүргэж тэгшил. Огтолсон модныхоо хожуулыг нойтон шавраар хучиж бай гэж сургаж, мөрдөж иржээ. Түүнчлэн рашаан усны элдэв могой, гүрвэл, мэлхий, загас, жараахай, шувууг егүүтгэж устгахыг цээрлэж, эдгээр амьтад нь рашаан усны эзэд, албат төдийгүй усны шимийг тэтгэгч лусын хаан ч хэмээн үздэг байжээ. Эдгээр нь эх болсон байгаль дэлхий, нутаг усаа хамгаалахтай холбоотой бичигдээгүй хууль болон үеийн үед уламжлагдан ирсэн бөгөөд байгаль экологийн тэнцэл алдагдаж байгаа өнөө үед улам бүр ач холбогдолтой болж байна.
Уул усны тахилга нь цаг хугацааны хувьд өнө эртнээс эдүгээ хүртэл уламжилж ирсэн, нийт монгол туургатан төдийгүй ахуй соёлын хэв шинжээр монголчуудтай ойролцоо бусад олон угсаатны дунд өргөн тархсан зан үйлийн нэг хэлбэр юм. Эдгээр бүх уламжлал, ёс заншил бол усыг дээдлэн, түүнийг бохирдуулалгүй ариун чанарыг хадгалах, эх ундаргыг нь хөндөж ширгээлгүй амьдрал ахуйдаа зөв зүйтэй хэрэглэх, хамгаалах гэсэн ардын мэргэн ухаан байжээ.
Бидний өвөг дээдэс усыг "Чандмань эрдэнэ" хэмээн шүтэн дээдэлж, арга билгийн ухаанаар cap, yc, бүсгүй хүмүүн гурвыг билгийн чанартай гэж үзэж, эмэгтэй хүнийг "лусын дагина" хэмээн зүйрлэж ирсэн. Эмэгтэй хүн бусдаасаа онцлог, гол усны эх, булаг шанд, рашаан нуурын өмнө этгээдэд овоо босгоод тэргэл саран гарах лусын буулттай шөнөөр овоогоо нар буруу тойрон гороо хийж өмнө нь усныхаа чигт харан лусын тахилга, залбирал үйлддэг, харин эрэгтэй хүн арга чаргатай хэмээн уг зан үйлд оролцдоггүй байжээ. Энэ нь усаа дээдлэн амьдчилан үзэх шүтлэг бишрэл, бэлгэдлийн зан үйлийн нэгэн юм.
Ус долоон гайхамшигт шинж чанартай бөгөөд түүний нэг нь бусад эрдэс баялагтай адил өөр ямар нэгэн эрдсээр орлуулах буюу зохиомлоор хийж болдоггүй гэнэ. Монголчууд усны шинж чанарыг "Усны шастир" хэмээх судартаа онч мэргэнээр дүрсэлж бичсэн нь бий. "Ургаж буй арц нэг ариун, уугиж буй хүж нэг ариун, урсч буй ус нэг ариун" гэсэн ардын сайхан үг байдаг.
Түшээт хан, Сэцэн хан аймгийн чуулган дарга нар улсын хэргийг ерөнхийлөн захирах яаманд "...Орхон голын зэрэг таван газар алтны орд нээхийг зогсоож шийтгэх явдлыг айлтгасан нугалбар бичиг" өргөн барьж байсан бөгөөд энэхүү бичигт Орхон, Хараа, Ерөө зэрэг голуудын сав газар алтны уурхай ... тухайн голуудын ус татарч, орчны хөрс эвдэрч, бэлчээр доройтох тул хориглосугай" гэсэн нь нутаг усаа алтнаас илүүд үзэн хайрлан хамгаалах бодлогыг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байсныг гэрчилж байгаа юм.
Монгол орон эмчилгээний чанартай рашаан усаар элбэг. Ус хэмээгч энэ эрдэнэ нь зөвхөн хүн амьтны ундны хэрэгцээг хангаад зогсохгүй адис рашаан болж, арьс махны завсраар эм тан болж элдэв эмгэг өвчнийг илааршуулан эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Хан Хэнтийн артайгаас эх авсан Онон, Минж, Ерөөгийн халуун рашааныг XIII зууны үед ашиглаж байсан бөгөөд хожим өндөр Гэгээн Занабазар сэргээн тохижуулж, түүнийг түшиглэн жижиг сүм байгуулж, рашааны эх ундарга бүрийнх нь эмчилгээний шинж чанар, онцлогт тохируулан хэрэглэх жор бичиж, өргөн олны хүртээл болгосон нь нутгийн ард тэндээс рашаан хүртэн өвчин эмгэгээсээ салах нэгэн буянтай үйлс болсон гэдэг. Одоогийн өвөрхангай аймгийн нутаг дахь "Хужиртын" рашааныг үе мөчний өвчинд гаргууд сайн гэдгийг бид бүхэн мэднэ. Энэхүү рашааныг урьд цагт эмчилгээний эрхэм чанартай гэж нутгийн ардууд мэддэггүй, жирийн нэг булаг л гэж боддог байсан бөгөөд үүнтэй холбоотой нэгэн домгийг энд өгүүлье. Энэ булгийн усанд нэгэн доголон гөрөөс өглөө болгон ирж хөлөө дүрэн хэвтдэг байжээ. Сүүлдээ өнөө доголон хөл нь бүрмөсөн эдгэрснийг нь тэр хавиар нутагладаг Шунхлай гэдэг хүн анх ажиглаж, нутаг усныхандаа хэлснээр нутгийн хүмүүс үе мөчний өвчинг анагаах увидастайг нь мэдэж тэр цагаас хойш "Шунхлайн рашаан" хэмээн нэрлэж ахуй амьдралдаа хэрэглэж иржээ. Хожим нь оршин байгаа газраар нь "Хужирт"-ын рашаан хэмээн алдаршиж, эдүгээ ч олон түмэнд ач тусаа өгсөөр байна.
"Халх журам"-ын 173 дугаар зүйлд "Мэдсээр байж шоглож ус бохирдуулбал шүдлэн морь, үхэр хоёр ав, үзсэн гэрчид үхэр өг", "Хүний шинэ ухсан, зассан усыг булаацалдан маргавал нэг хязаалан морь ав. өөрийн малыг усалж дуусаад усаа эс өгвөөс мөн нэг морь ав" хэмээн ил задгай ус ховортой тал хээр, говь нутагт булаг шанд зэрэг элбэг биш ундрагатай ус, бэлчээрийг малчин ардууд тэгш эрхтэйгээр, ариг гамтай ашиглах, усыг хайрлаж хамгаалах, зохистойгоор хамтарч ашиглах журам болж, анх удаа хуульчилж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой болжээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Бэлчээрийн тогтвортой менежмент" төслийн хүрээнд өвөрхангай аймгийн Сант, Төгрөг сумын ус ховортой нутагт бэлчээрийн болон хөдөөгийн хүн амын унд ахуйн усны хангамжийг сайжруулах зорилгоор хуурай сайр дээр хаврын хайлсан ус, зуны борооны ус цуглуулах "Хөв" байгуулах ажлыг 2005 оны найм, есдүгээр сард хийж гүйцэтгэсэн юм.
Урьдчилсан судалгааг 2004 онд Шинжлэх ухааны Академийн геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэмтэн, судлаачид бид гүйцэтгэж "Хөв" байгуулах газрыг сонгон, зураг төсөл боловсруулсан бөгөөд 2005 онд уг төслийг хэрэгжүүлэхээр "Ургамал-Дарви" компани, мэргэжлийн хүмүүсийн хамт хүрэлцэн ирж, газар дээр нь шав тавин ажлаа эхэлсэн юм. Нутгийн иргэдээс авсан аман судалгаагаар "Хөв" байгуулахаар төлөвлөсөн "Зараа хад"-ны сайр нь сүүлийн 20 гаруй жил ус ирээгүй, хуурай сайр байсан хэдий ч усны мэргэжлийн байгууллагын эрдэмтэн, судлаачид өөрсдийн хийсэн урьдчилсан хайгуул судалгаа, тооцоон дээр үндэслэн энэ сайраар хаврын шар усны болон зуны хур борооны үерийн ус орж ирэх магадлалтай хэмээн үзэж зориг гарган зураг төсөл боловсруулсан билээ. Олон жил хуурай байсан энэ сайраар ус орж ирж, бидний зорьсон, зориглосон ажил үйлс бүтэж "Зараа хадны Хөв" байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, тэр орчмын нутгийн малчид унд ахуйдаа хэрэглэх, малаа услах устай болсонд бид бүхэн, мөн нутгийн иргэд үнэхээр их баярласан даа. "Зараа хад"-ныхтай ижил төстэй бас нэгэн "Хөв"-ийг мөн төслийн хүрээнд өнгөрсөн онд Төгрөг сумын нутагт "Могой гол"-ын сайран дээр барьж ашиглалтад оруулснаар тухайн газрын ойр орчмоор нутагладаг хориод айлын 2500 гаруй мал зун намрын улиралд усны гачаалаас гарсан байна.
"Эмийн дээд буцалсан ус" гэж манай ард түмэн эрхэмлэн дээдэлж, өдөр тутмынхаа ахуй амьдралд өргөнөөр хэрэглэж ирсэн нь ус хэчнээн их үнэ цэнтэй, ач холбогдолтой болохыг гэрчилнэ. Аливааг төлжүүлэн уялдуулж өсгөх үйлдэлтэй усны мөн чанар, ач тусыг монголчууд бэлгэшээн "усны дөрвөн эрдэм" хэмээн онцлон магтдаг байна. үүнд:
-Усыг хутгаар зүссэн ч ором үлддэггүй, түүнийг ямар ч хэлбэртэй саванд агуулсан тэр хэлбэрийг олдог тийм уян зөөлөн чанартай тул түүнийг "усны баатар эрдэм" гэнэ.
-Ус ямар ч тохиолдолд дээрээс доош урсдаг, дээд хэсгээ дүүргэн цааш урсдаг тэгш чанартай төдийгүй хаа хурах ёстой газраа хүрэхийг эрмэлзэн алгуур аажим боловч урагшилдаг чанартай. үүнийг нь "усны мэргэн эрдэм" гэнэ.
-Ус нь аливаа бохирыг үзэн ядаж, хир буртгийг цэвэрлэх, ариутган угаах чанартай тул түүнийг "усны ариун эрдэм" гэнэ.
-Ус нь хаа байгаа хэнд ч хишгээ хүртээж, амьтан бүхнийг ундаалдаг тул үүнийг нь "усны хайрлах эрдэм" гэдэг байна.
Энэ бүхнээс үзэхэд манай ард түмэн үнэхээр усыг ямар ч үнэт баялаг, бурхан шүтээнээс илүүд дээдэлдэг нь бахархууштай бөгөөд энэ эрхэм уламжлал, ёс заншлаа үеийн үед өвлөн, улам баяжуулж явах нь хатаж ширгэж байгаа олон гол горхи, рашаан булгаа аварч хамгаалахад чухал ач холбогдолтой болно.
Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хуурайшмал хэсэгт байршилтай, хур тунадас багатай, ууршилт ихтэй, усны нөөцөөр хязгаарлагдмал, байгаа нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд туйлын жигд бус тархалттай, чанар найрлага нь тэр бүр эрүүл ахуйн шаардлага хангадаггүй Монгол орны хувьд усныхаа нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, түүний экологийн тэнцлийг хадгалах нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх асуудал төр, засгийн бодлогод стратегийн нэн чухал зорилт юм.
Монгол улсын зөвлөх инженер, Туул голын сав газрын дарга асан, доктор Г.Долгорсүрэн
Comments