өөх шаргааж тос бэлтгэх |
Малынхаа өөхийг боловсруулж мэдэхгүй болохоор хог шиг хаядаг, шөлний тосоо зөв ашиглаж мэдэхгүй болохоор галдаа хийж галаа асаадаг хүмүүс олон бий.
Эрдэнэ мэт үнэлэх малын ашиг шим өөх, тосоо хурааж, боловсруулж, хэрэглэж сурахын тулд дараах мэдээллийг цуглуулж, туршиж байна.
1. Малын дотор өөхийг шаргааж тос ("өөхөн тос") гаргаж, түүгээрээ юуг хийж болохыг эргэцүүлцгээх үү?
2. Монгол ёс уламжлал, язгуур өв соёл фасебуук бүлэгт Batmend Khumbagar: өөхөн тос гаргаж авах
3. Модны үнсээс шүлт гаргаж, өөх тосоор саван хийж байгаа Дашнямын охин Энхтүвшин -ээс өөхийг усанд буцалгаж тос гаргаад, шүүж, дахин усанд буцалгаж цэвэр тос гаргахыг сурлаа
1. Малын дотор өөхийг шаргааж тос ("өөхөн тос") гаргаж, түүгээрээ юуг хийж болохыг эргэцүүлцгээх үү?
- жижиглэн хэрчиж,
- усанд базаж улаан шүүсгүй болгоод,
- зөөлөн галаар хайлуулж тос гаргана.
Ялгарсан тосыг царцааж хадгалж, шимэлдэгийг гал асаахдаа хэрэглэдэг.
Тосыг юунд хэрэглэхийг, боорцог, хуушуураа хайрах, сур тослох, саван, гал асаагч гэх мэт яаж хэрэглэдэг талаар таны туршлага, мэдлэгийг 99861326 утсаар сонсож, түгээе.
2. Монгол ёс уламжлал, язгуур өв соёл бүлэгт Batmend Khumbagar нийтлэл: Өөхөн тос гаргаж авах
Үүнийг манай нутагт боовны хорго, боовны тос, өөхөн тос гэдэг. Зарим нутагт боовны "хашин" гэж нэрлэх аж. Манайхан бол бүр хуучирч түлэгдээд шарлачихсан тосыг "хашин" гэдэг.
Тийм даамай хуучирсан хашин тосонд хайрсан боорцог ходоодонд муу. Дээр үед бол түүнээ техникийн тос хэмээх үйлдхүүний даалгаварт өгчихдөг сөн. Социалист нийгмийн үед монгол улсад савангийн үйлдвэртэй тул тийш нь нийлүүлдэг байсан юм биз дээ. Тэр ч байтугай яс нэрж тосыг нь тушаадаг байж билээ.
Ээж маань байсхийгээд л яс нэрж байгаа нь энэ гээд л хуучирсан хөнгөн цагаан тогооныхоо оёорыг шүүрийн шанага шиг цоочоод гадаа тулга татаад тогоо дүүрэн ясан дундаа гал түлчихдэг. Тэгээд тулганыхаа голдоо сав тосчихно. Тос нь дусагнаад л хэзээ дүүрнэ дээ гэж байтал нэг мэдэхэд л дүүрчихсэн л байдаг сан. Түүнийг яг сахиж манаж байх хэрэгтэй. Мал амьтан очоод унагачихна. Эсвэл ингэж яс нэрхийнхээ оронд малынхаа ясыг бас тушаадаг байв. Нэг айл төдий хэмжээний яс гээд заачихсан байдаг.
Боовны хорго гэснээс цагаан сар дөхөөд ирэхээр өвлийн гаргаж идсэн малынхаа уринд хатаасан өөхийг нүднэ. Ямааны арьсан дэлгэц гэж бий. Илгэ болтол илдээд үс ноосгүй илгэн арьсаа "дэлгэц" гэж нэрлэнэ. Үхрийн ширээр тийн хийснийг нь "хөм" гэнэ. Мод ховортой манай нутагт бол дээр үед ааруулаа зүсээд түүн дээрээ бас дэлгэчихдэг байсан санж. Тэгээд цагаалах дөхөхөөр жимбийтэл эвхээд далдын далд хямгадсан дэлгэцээ гаргаж дэлгээд хатсан өөхөө дээр нь асгаад нүдүүрээр нүднэ. Бүр ямар ч ширхэггүй болтол бялдаж нүдээд байхаар нүдүүрийн тавганд бөөнөөрөө зузаан гэгч наалдаад ирэнгүүт том ширмэн тогоондоо хийгээд хайлна. Аль сайн нүднэ, шимэлдэг бага гарна. Заримдаа шинээр нь нүдчихээр хорогдол бага гардаг гэх нь ч бий. Бас хүйтэн усанд өөхөө базчихаар цэвэрхэн цагаан тос гардаг. Хонин тогоо гэж томоос том тогоо байж билээ. Өнөө тогоо маань цагааны өмнө хэдэн өдрийн турш гал дээр байх нь тэр. Гэрээр дүүрэн өег нүнжиг бүхий тас ханх тавиад л мөн ч сайхан даа. Хавийн айл амьтны өөх хайлах бөөн ажил болно. Учир нь тэр залуу айлуудын өөхийг бас бэлдэж өгдөг учир тэр. Төдхөн мал төллөөд нөр их ажил удаан өрнөх үе тул хаврын боорцогны тосоо бас бэлдээд авчихна. Өнөөх хоргоо уутанд хийгээд давхар ширэн болон биржээхэн тулманд хийчихнэ. Тосноос гарсан шимэлдгээр сур болон сураар хийсэн морины хэрэглэл зэрэг юмсаа тослоно. Заримыг нь бас уут савванд хийгээд нарны тусгалаас ангид хадгалчихна. Тэгээд л нэг өдөр тавгийн идээний боов шоовоо хийнэ дээ.
Өөхөн тосоо гэж. Ямаа үхрээс дотор өөх их гарна. Хониноос бол харин ямаа шиг дотор өөх арвитай гарах нь үгүй. Ямаа "гуяараа гутааж сэмжээрээ сэргээнэ" гэдэг тул сэмж бөөрний өөх сайтай. Эдгээр ажлуудыг үйлдэхэд монгол хүний нарийн мэдрэмж ихээхэн нөлөөлнө. Жишээ нь зарим айлын тос хар хүрэн юм л харагдах. Тухайн айлын ээж хэрхэн арчаатайгаас хамаараад тэр. Тосыг шинэ дээр нь ширүүн галаар түлчихвэл ямар олиг байхав дээ. Аливаад галыг нь тааруулж тохируулах гэж нэг юм бий дээ. Ай, миний буурлуудын ахуйн соёл гэж сайхан даа.
Comments