Монголын Радиогийн Өглөөний сурвалжилга. Монгол тоглоом наадгай



2024.2.6
Нэвтрүүлгийн нэр: Өглөө хөтөлбөрийн Өглөөний сурвалжилга
Бэлтгэсэн сэтгүүлч: Батсүмбэр-Уул


Энэ өглөөний сурвалжилгаа бэлтгэхээр Өвөр гүнтийн зусланд байрлах монгол тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэгч Бэгзсүрэнгийн сургалтын гэрт ирсэн байна.

Өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу та?

- Өглөөний мэнд хүргэе, Монголын радиог сонсогч та бүхэн сайхан амрав уу?

Энэ 7 хоногийн өглөө хөтөлбөрийн сурвалжилгаараа Монгол тоглоом наадгайг онцлон хүргэж байгаа. Энэ гэр бол Бэгзсүрэнгийн сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулдаг, 10 ханатай гэр байна. 


Хэзээнээс Монгол тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа эхэлсэн вэ?

- Намайг Жамсранжавын Бэгзсүрэн гэдэг. Сүхбаатар аймгийн уугуул хүн. Улаанбаатар хотод ирж компьютерын мэргэжлээр суралцаад, Нацагдоржийн номын санд ажилд орсон байгаа.

Намжилдорж зохиогчтой Монголын хөлөгт тоглоом нэртэй 2 боть номтой 2006 онд танилцаж байлаа. Номын сангийнхаа фондонд ийм ном байгааг мэдэж, Монголчууд яасан олон хөлөгт тоглоомоор тоглодог байж вэ гэдгийг олж хараад гайхаж байсан.

Тэр жилдээ номын сан дээрээ Оюун цэнгээх тоглоомын үйлчилгээг  ажиллуулж, 1-2 жил ийм тоглоомууд байна гэдгийг номын сангийн уншигч, үйлчлүүлэгчдэд танилцуулсан.

Үүнээс өмнө бага насанд, манай өвөөгийн гэрт паж гэдэг нэртэй, даавуун дээр оёсон хөлөгт тоглоом байсаныг бүдэгхэн санаж байдаг, яаж тоглодог дүрмийг нь санахгүй байсан.
Дурдсан номонд тухайн тоглоом байсан болохоор илүү их сонирхож, үзсэн түүхтэй.

Өнөөдрийг хүртлэх 20 орчим жилийн хугацаанд Монгол ардын хөлөгт тоглоомуудтай танилцаж, суралцаж, тоглож байна.
Аль тоглоомоос нь эхэлж сурах хэрэгтэй вэ гэдэгт анхаарлаа хандуулж, хөл хорионы үеэр илүү анхаарал тавьж, 9 хөлөгийг сонгож, анхны бүтээлээ хийсэн.
Монгол ардын хөлөгт тоглоомоос сурах, тоглох
9 ДАВАА БОГЦ

Би Монгол хүн гэж өөрийгөө илэрхийлэх, би Монгол хүн гэж омогшил төрөх, Монгол ухаанаа таньж мэдэхдээ хөлөгт тоглоомыг хэрэглэх нь зөв гэж баттай итгэсэн.
Учир нь тоглоом наадхай нь амьдралаас ургаж бий болсон, буцаагаад үр ач, бидэнд амьдрал гэж юу байдаг, Монгол хүний амьдралын онцлогийг харуулж таниулж, мэдрүүлдэг учраас ач холбогдол өгсөн.

Иймээс 100 гаруй хөлөгт тоглоомоос, бид 9 хөлөг сонгож, илүү их судалж, ажиллаж байна.

- Энэ өглөөний сурвалжлагаа бэлтгэж байгаа, сургалт үйл ажиллагааны 10 ханатай гэрийн үүдээр орж ирэхэд, маш том гэр, яг л Монгол ахуйг дүрсэлж, тохижуулж, соёлыг таниулахаар эд хэрэглэлээр тохижуулан, олон төрлийн тоглоомуудыг дэлгэжээ.

Энэ гэрийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн вэ? Энэ гэрт Монгол тоглоом наадгайн хэдэн төрөл дэлгэгдсэн байна вэ?

- Бид энэ 10 ханатай гэрээ Их өргөө гэж нэрлэсэн. ЧД-ийн 26-р хорооны нутаг, Өвөр гүнтийн зусланд, байгалийн сайхан Билгүүн хайрханы энгэрт байшин барилгын оронд Монгол гэр, мөн их өргөөгөө бариад 2 намар болж байна. 
Энэ өргөөгөө гэр бүлийн сэдэвтэй уран зураг зурдаг Зураач Ундраагийн бүтээлээр тохижуулж, олон улсад хэрэглэгддэг сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомуудыг хийж бүтээж байрлуулж, хүүхдүүд аав ээжтэйгээ ирж тоглох боломжийг бүрдүүлсэн.

Байгууллага, хамт олон захиалгаар ирж, 1 өдрийн хөтөлбөрт хамрагддаг болсон.
Таны анзаарсан зөв, Монголчуудын сандал, ширээ, ор болгож 3 байдлаар хэрэглэдэг тэвш гэж нэрлэгддэг модон тавилга байна, жижиг сандал нь эвхэгддэг, хувцсаа өлгөх өлгүүрийг ац модоор хийсэн, хонь, ямааны элдсэн арьсыг дэвсгэр болгож суух, аав ээжээс өвлөж ирсэн ширмэл олмог, ширдэг гэх мэт зочлон ирсэн хүмүүс хараад баярладаг орчин болгож, санаа авах олон зүйлс байна.






Монголчуудын хөлөгт тоглоомыг сургалтанд ашиглахдаа баримталж байгаа зарчим бол, энэ тоглоомыг ингэж тоглодог гэж үйлдлийг нь заахаас илүү, тоглоом нь яагаад олон янз байдаг, гэр бүл, найз нөхөд, үр ачтайгаа тоглох үедээ юуг анхаарах вэ гэх мэт арга зүйгээс таниулахыг зорьдог.

Энэ том модон тавцан, ширээн дээр олон тоглоомыг дэлгэжээ. Эдгээрээс танилцуулна уу

- Бидний сонгож авсан 9 хөлөг байна. Хөлөгт тоглоом гэдэг нь газар дээр ч юмуу, чулуу, мод дээр зурсан, мөн эртний цагтаа авдарны тагны дотор талд хөлгийг зураад бэлдсэн байдаг гэдэг.
Тэр зурсан хөлөгт тоглоомоо аль цаг улиралд, хэнтэй, ямар зорилгоор тоглохоо уламжлалаараа, ёс заншлаараа мэдэж байдаг, тэрийгээ цаг тухайд нь хэрэглэдэг байсан гэдэг.

Өнөө цагт бид сонгож авсан хөлгөө даавуун дээр оёх юмуу зурах гэсэн 2 хувилбараар бүтээж байгаа. Ингэснээр эвхээд аваад явдаг, хөнгөн болсон. Мөн үр хүүхдийнхээ зурах, оёх ур дүйг хөгжүүлэх үндсэн алхам болгож болно. 
Хөлөгт тоглоомын энэ олон дүрсийг, таван хошуу, дөрвөлжин, дугуй, морины чөдөр хэлбэртэй, шатар даамны хөлөг шиг хэлбэртэй, үхрийн эвэр шиг, дөрвөн зүгт дэлгэгдсэн хэлбэр дүрстэй хөлгийг зурж бүтээнэ, гоёлын оёдол, өнгө будаг ялган бүтээснээр өрх гэрт хөөр баяр авчирах, хүүхдийн бүтээлч байдал хөгжинө.

Өмнө танилцуулсанаар, 1966 оны үед Намжилдорж гэдэг хүн Монгол орныхоо өнцөг булан бүхэнд зочилж, хүн ардтай ярилцаж, Монголчууд ямар хөлөгт тоглоомоор тоглодог байсаныг асууж, тэмдэглэж, цуглуулсан байна. 
Номын 2-р ботины дунд хэсэгт Чүү чамай гэдэг тоглоомыг бичсэн бий. Тэр тоглоом нь таван хошуу хэлбэртэй хөлөг дээр, сонирхолтой нь гэвэл ганцаараа тоглодог онцлогтой.

Монголчууд хөлөгт тоглоомоо тоглож эхлэхэд энэ тоглоомыг эхлээд сураарай, энэ анхны давааг даваарай гэдэг утга санаагаар 1-р хөлөгт тоглоом болгож Чүү чамайг тоглоомыг сонгосон. 
Дараа нь 2 хүний тоглодог Тооно, Үүд, Тулга, 3 хүний тоглодог, чөдөр хэлбэртэй хөлөгтэй Олон санаа тоглоом, 4 хүний тоглодог Паж, Буудал гэх мэт хөлөгт тоглоомуудыг сонгож "9 даваа богц" бүтээлийг бий болгосон.
9 давааг давж, Монголчуудын хөлөгт тоглоомын олон төрөлтэй танилцан, оюуны аварга болохыг билэгдсэн.

Хөлөг дээр тоглоход чулуу, яс, модоор хүү гэдэг зүйл хийж хэрэглэдэг. Бид шагай цул ясаа хүү болгож хэрэглэдэг. Модоор хийсэн, бог малын шийрний хэлбэр дүрстэй жижиг ясыг хүү болгож хэрэглэж болохыг мөн танилцуулж байгаа. Ингэснээр хүү, хөлөгт тоглоомын цаад талд Монгол ахуй амьдралаас бий болж байгаа гарын доорхи эд зүйлс, байгальд ээлтэй амьдарч ирсэн, энгийн байдлаар аливаа зүйлийг бүтээж, түүнийхээ үр шимийг нь хүртэж байсаны үлгэр болдог.


Монгол ардын хөлөгт тоглоомын "9 даваа богц"-ийн 1-р хөлөгт тоглоом Чүү чамайг танилцуулъя.

Энэ бол таван хошуу хэлбэртэй хөлөг. Таван хошууныхаа өнцөг болон огтлолцолыг буудал гэж нэрлэдэг. Ингээд 10 буудалтай хөлөг дээрээ 9ш хүүгээр тоглоно. Шагай хүүг морь, хонь, ямаа аль ч амьтанаар тавьж болно. Тэгэхээр 1 буудал хүүгүй үлдэж байгаа.
Хүү тавигдаагүй буудлыг хоосон буудал гэж нэрлэхгүй, хүү байрлаагүй, хүүгүй буудал гэж нэрлэнэ.
Тоглоомын зорилго бол хөлөг дээр 1 хүү үлдээх юм. Тоглох журам нь хөлөг дээрх 9 хүү бие биенээ буюу хажууд байгаа хүүгээ давж, давсан хүүгээ хөлгөөс аваад байна. 
Хэрвээ 2 хүү дундаа буудлын зайтай бол давж идэхгүй. Шулуун зураасны дагууд давж иддэг. 

Тоглож байгаа хүн 1 хүү үлдээсэн бол, зорилгодоо хүрсэнд баяр хүргээд, анх аль буудал хүүгүй байхад эхэлж, одоо сүүлийн хүү хаана үлдэж байгааг сануулан ярьж, дахин давтаж тоглохыг хүснэ.
Ингэж учир холбогдол, зүй тогтлыг олж танихын төлөө энэ тоглоом зориулагдсан нь харагдана.
Энэ тоглоомыг Чүү чамай гэж нэрлэсний утга нь харагдана, арай гэж учрыг оллоо, зүй тогтлыг мэдлээ гэж хэлдэг.

1960-аад онд Намжилдорж гэдэг хүн Монгол орны өнцөг булан бүрд очоод сурвалжилж байхад энэ тоглоомыг Сэлэнгэ аймгийнхан Таван хошуу гэж нэрлэдэг, Ховд аймгийн Булган сумынхан Чүү чамай гэдэг, зарим нутагт Есөн эрдэнэ гэж нэрлээд 9 хувилбараар тоглодог гэж хэлж тэмдэглүүлсэн байдаг. 
Радио сонсогчиддоо 1 хувилбарыг нь түрүүнд таниулсан, 2 дах хувилбар нь энэ ном дээр бичигдсэн байгаа. Бусад тоглох хувилбар нь ном дээр бичигдээгүй тул тоглож байгаа хүмүүс бид бусад 7 тоглох хувилбарыг нээж олж болох нь надад урам өгсөн.

Энэ Чүү чамай тоглоомыг 1-р даваа болгож, Монгол ардын хөлөгт тоглоомыг сурах, тоглоход зориулагдсан Есөн даваа богцдоо багтаасан.

2-р даваа бол дугуй хэлбэртэй хөлөгтэй, 24 буудалтай тоглоом юм.
Манай ГүнТийн Отог дээр ирсэн гэр бүл, хамт олноос би энэ дугуй хэлбэртэй хөлөг юу шиг харагдаж байна вэ, энэ тоглоомыг юу гэж нэрлэмээр байна вэ гэж асуудаг.
Тооно гэдэг нэртэй энэ тоглоомыг 2 тоглогч 6, 6 хүүгээр тоглодог. Өөрийн 6 хүүг, нөгөө тоглогчийн 6 хүүгийн байранд түрүүлж аваачих зорилготой. Ингээд тоглоомын зорилго нь байр сэлгэх, мөн тоглох нүүх журмыг хэлж тоглуулдаг. Энэ тоглоомд хожсон, хожигдсон гэж ярих боломжгүй, ихэнхдээ тэнцдэг, мөн хэдэн нүүдлээр түрүүлснээр нь дүгнэж ярилцдаг онцлогыг тоглож үзсэнээр мэднэ. 

Энэ тоглоомыг тоглосноор цаад мөн чанар, амин чанарыг илүү таньж, өдөр шөнө мэт төсөөлж, өдөр сайн, шөнө муу гэж ярих арга байхгүйг таньж, ерөөлийн үг хэлж, биесээ уучилж өршөөх зангаа гаргаж тоглодог.

Тоглох болгонд өөр бодол, ухаан гаргаж, өөр нөхцөлд нүүдэл хийдэг учраас тоглолт нүүдэл нь давтагддаггүй гэж үздэг. Өнөө цагт тоглоом наадгайн энэ мэт ач тус, мэдээллийг хүргэж ирсэн Намжилдорж, Түмэн-Өлзий, ахмад настан, аав ээждээ талархаж байна.

Ямар цаг улирал, нөхцөлд аль тоглоомоор хэнтэй тоглох вэ гэдгийг таньж мэдэж, тухайн цаг үедээ тоглож амждаг. 3 настай, 4 настайд нь ямар тоглоомоор тоглож ямар үг яриаг үрс балчирт дуулгах вэ гэдэг их чухал.

Миний анхаарал татаж байгаа, богтос ясаар хийсэн энэ тоглоомыг тайлбарлаж өгнө үү?

Монголчууд олон төрлийн тоглоомоор тоглож иржээ. Хөлөгт тоглоом бол 100 гаруй тоглоом байдаг.

Уяа гогцоо төрөл, ээдрээ гогцоог тайлдаг төрлийн тоглоомын нэг нь энэ Уран бэрийн гогцоо гэдэг. Нутаг нутагт унага услах, бөгж нийлүүлэх гэж өөрөөр нэрлэдэг. 

2 гогцоонд байгаа ясыг нийлүүлж тоглодог. Уран бэрийн гогцоо тоглоод 2ш шагайг цоолж хийдгийг нь бид өөрчилж, борви яс, чөмөгний ясыг хөрөөдөж цагираган хэлбэртэй болгож ашигласан.  
Богтос яс бог малын аль мөчөнд байдаг талаар хүүхэддээ сануулж хэлэхээс яриа эхэлж, энэ ясны байгалиасаа байдаг нүхийг хэрэглэж, нэмж нүх гаргахгүйгээр утас уяагаа оруулж уяж бүтээдэг.

Энэ тоглоомыг шууд л бие биедээ заах нь ач тусгүй байна. 
Хонинд явах хүүхэддээ энэ тоглоомыг өгч явуулж, хүүхэд учрыг нь өөрөө олох боломжийг өгдөг байж. Хүүхэд өөрөө учрыг олохгүй байсан ч бэлчээр дээр уулзсан хэн нэгэнтэй ярилцаж харилцах боломжийг олгож байжээ. Тэр хүн энэ тоглоомыг мэддэг бол, шууд зааж өгөхгүйгээр жаахан дөхүүлж өгч, 5 үйлдлээс нь 1-ийг зааж өгч урамшуулах зэргээр олон хүнтэй харилцах боломжийг олгодог ухаантай байж.
Эцэстээ энэ тоглоом нь хүүхэд хүнтэй харилцах хэрэгслэл болж байна.

Энэ тоглоомын өөр нэг домог яриа бол, 
бэрийнхээ оюуныг сорьдог тоглоом гэдэг. 5 үйлдлийг мэддэг эмэгтэй хүн уран ухаантай болчихож байгаа юм уу гэж бодож үзэхэд, боломжгүй харагдах зүйлийг боломжтой гэдгийг тоглоомын аргаар сургадаг ухаан юм. Уран ухаанаар шийдэж байгаа чанар нь бэр болсон эмэгтэй хүн амьдралд тохиох аливаа бэрхшээл саадыг ханьтайгаа бага зэрэг харилцаа үүсгээд үр дүнд хүрч болно гэдэг ойлголтыг харуулдаг.

Манай энэ Гүнтийн Отог дээр зорин ирсэн гэр бүл, хамт олон тоглож наадахын зэрэгцээ өөрсдөө тэмээний ноосоор утас ээрч, ясыг цэвэрлээд тоглоом наадгайгаа хийгээд авдаг байх нь хүний бодох санахыг өргөн дэлгэр болгоно гэж итгэж байна.


Энд дэлгэгдсэн өөр нэг тоглоом бол, Хүннүгийн үе буюу 3000-5000 жилийн өмнөх археологийн олдвороос гарсан Шамбалын түлхүүр байна.
Энэ тоглоом нь Оюун түлхүүр, Есөн түлхүүр, Монгол түлхүүр гэх мэтээр нутаг нутагт өөр нэртэй.
Монголын оюун ухааны академиас энэ тоглоомын хийцийг оюун ухааны спортын сургалтанд зориулж өөрчилсөн, гүйцэтгэлээ минут секундын амжилтаар хэмждэг болсон байсан.

Хүний авъяас чадвар гэдэг бол юмыг аль талаас нь яаж хийвэл илүү сайхан бүтэмжтэй болох вэ гэдэг ур ухаан юм. 

Монгол орны газар нутаг дээр оюун ухаант хүн амьдарч байсан он цаг бол 900000 жилээр тоологдож байгаа. Баянхонгор аймгийн нутаг дахь Цагаан агуйгаас олдсон археологийн олдворын шинжилгээгээр дор хаяж 750000 жил, цаашилбал 1200000 жилийн өмнө хүн амьдарч байсаныг баталгаажуулсан байдаг.
Энэ нь оюун ухаант хүн үр ач нараа өсгөж хүмүүжүүлэхдээ бидний алдсаныг бүү давтаасай, оносоныг давтаасай гэж бодно. Тэрхүү олон үеийн амьдралаар батлагдсан онолоо тоглоом наадгайдаа шингээсэн байгаа. Монголын радио, телевизийн эртний нэвтрүүлэг, аман зохиолоос тоглоом наадгайн мэдээллийг олж үзэж, таниасай гэж хүсэж байна.

Гадаадын жуулчдад танайх Монгол тоглоомоо яаж таниулдаг вэ?

Монгол орныг зорин ирж байгаа гадаадын аялагчид байгалийн сайханыг үзэхээс гадна Монгол гэртээ яаж амьдардаг юм, өрх гэрийн доторх ахуй, соёлтой танилцахаар ирдэг. 
Манай гэрт ирж байгаа гадаадын найзуудтайгаа бид хоолны дараа, оройн цагаар шагайн тоглоом, уяа гогцоо, хөлөгт тоглоом зэргийг хамт тоглож, бодитоор үзүүлдэг. Үүний дараа шагайгаар 60 гаруй тоглоом тоглодог гэж зочиндоо хэлэхэд Монголчууд нэг зүйлийг олон байдлаар хэрэглэдэг онцлогийг мэдэрч, үнэлдэг байгаа.


Хэн нэгэн зааж хэлж, үзүүлж харуулах орчин хэрэгтэй учраас бид зорьж амьдарч байна. 16 жилийн хугацаанд 60 гаруй орноос 1200 гаруй аялагч зочин ирж танилцсан. Тэдгээр хүмүүс манай сэтгэгдлийн дэвтэрт олон сайхан сэтгэгдлээ бахархан бичсэн байдаг.

- Монгол өв соёл, тоглоом наадгайгаа түгээн дэлгэрүүлж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Цаашдын нь ажилд өндөр амжилт хүсье.

Монголын радиогийн сонсогчид маань бидний ярьж таниулж байгаа мэдээллийг дамжуулж байгаад нь баярлалаа. Азтай сонсогчид маань цахим орчинд үр ачаараа Есөн даваа богц гэсэн үгээр хайлт хийлгэж, өөр өөрийн хэмжээгээр хүлээн авч, дэлгэрүүлэн үзэж, хэрэглэж үр дүнг  хүртээрэй.


Гүнтийн Отог дах Өдрийн хөтөлбөртэй аялал

Гэр бүл, анги хамт олон, байгууллагын сургалт, үйл ажиллагааны ГүнТийн Отогтой танилцаарай.





Comments